Бид олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлаар яригдсан зүйлсийг уншигчдадаа ойлгомжтой, дэлгэрэнгүй хүргэх зорилгоор “LP Transcript” буюу хурлын тэмдэглэлийн контент гаргаж байгаа билээ. LP Transcript-н ээлжит дугаараар Газар Шим Үйлдвэр ХК (GAZR)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу!
📅 2024 оны 4 сарын 27
⏲ 11:00 минут
📍 The Corporate Hotel Улаанбаатар танхим
Хувьцаа эзэмшигчдийн хурлыг Газар шим үйлдвэр ХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Алтанбагана нээв.
ТУЗ-ИЙН ДАРГА Ш.АЛТАНБАГАНА
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. Газар шим үйлдвэр компани ХК болсноос хойш жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулсны дараа анхны хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулагдаж төлөвлөгдсөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Нийт хүрэлцэн ирсэн хувьцаа эзэмшигч, хамтран ажиллагчид та бүхэнд ТУЗ-ийн зүгээс талархлаа илэрхийлье. Ингээд өнөөдрийн хурлын үйл ажиллагааг Газар шим үйлдвэр ХК-ийн Гүйцэтгэх захирал Ганбат удирдан явуулахаар байгаа. Урьдчилсан байдлаар хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд тараасан. Мөн холбогдох материалуудыг тараасан байгаа. Та бүхэн танилцсан байх гэж найдаж байна. Ингээд өнөөдрийн хурлыг нээснийг мэдэгдэж байна. Одоо Гүйцэтгэх захирал Ганбатыг урьж байна.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ГАНБАТ
Баярлалаа. Сайн байцгаана уу? Газар шимийн үйлдвэр ХК-ийн анхны хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр эхэлж байна. Тэгэхээр бид 2023 онд ХК болсноос хойших хугацаанд хийсэн ажлаа та бүхэнд тайлбарлах болно. Одоо Тооллогын комиссын даргаас хурал эхлэхийн өмнө хурлын ирцийн талаарх мэдээллийг өгнө үү хэмээн хүсэж байна.
ТООЛЛОГЫН КОМИССЫН ДАРГА Д.ОНОН
Сайн байцгаана уу? Тооллогын комиссын дарга Д.Онон байна. Тооллогын комисс ирцийн тогтоолыг танилцуулъя. Газар Шим Үйлдвэр ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тооллогын комиссын дүнг үндэслэн тогтоох нь.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ГАНБАТ
Тооллогын комиссын даргад баярлалаа. Одоо хурлынхаа үйл ажиллагааг эхлүүлье. Хурлыг хэлэлцэх асуудлын 1-рт 2023 оны Газар Шим Үйлдвэр ХК-ийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх.
Хурлын хэлэлцэх асуудал:
1. Компанийн 2023 оын үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн аудитлагдсан тайланг хэлэлцэн батлах;
2. Компанийн ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн батлах;
3. Компанийн 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах;
4. Компанийн ТУЗ-ийн 2024 оны төсвийг батлах.
Одоо би та бүхэнд тайланг танилцуулъя. Үүнээсээ өмнө бидний анхны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал учраас компанийнхаа товч замналыг танилцуулсан нь дээр байх гэж бодож байна. Манай компани 1999 онд үүсгэн байгуулагдсан. Би компанийг анх үүсгэн байгуулж байхдаа 60 мкв талбай түрээслээд 2 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Энэ үед шилийг угааж цэвэрлэж дахин хэрэглэдэг байсан тул үйлдвэрлэл улирлын чанартай явдаг байсан.
Цаашлаад жил тутам үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ нэр төрөл тоо хэмжээг нь нэмэгдүүлсэн. Ер нь бол жилийн турш тасралтгүй үйлдвэрлэл явуулах эрэл хайгуул хийж явсны үр дүнд 2007 оноос жилийн турш тасралтгүй жигд үйлдвэрлэл явуулахын хэмжээнд хүрсэн. Анхнаасаа хэрэглэгчдэд эрүүл чанартай хүнс үйлдвэрлэж хүргэх зорилго тавьж ажилласан. Үүний хүрээнд эрэл хайгуул хийж хүний эрүүл мэндийг маш сайн дэмждэг Артишок гэдэг ургамлыг Монголд тарьж ургуулж туршаад 2011 онд Артишок ундааг зах зээлд гаргасан. Үүнээс өмнө ч гэсэн цагаан хоолонд зориулсан төрөл бүрийн цуврал багцуудыг гаргаад явдаг байсан. Артишок ургамлыг эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд амжилттай нэвтрүүлсэн учраас 2013 онд ЗГ-аас инновацын шагналыг хүртсэн. 2013 онд иж бүрэн суурилуулсан өөрийн эзэмшлийн газартай болж шинэ үйлдвэр агуулахын цогцолбороо барьж ашиглалтад оруулсан. Ингээд бид ISO 9001 ISO22000 олон улсын стандартуудыг нэвтрүүлж Монголын хүнсний салбарт хамгийн анх удаа GMP олон улсын стандартыг нэвтрүүлсэн. GMP буюу Good manufacturing practice нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандарт шаардлага юм. Ингэж явсаар бид 2023 онд Монголын бирж дээр хувьцаагаа олон нийтэд нээлттэй гаргаж ХК болж өнөөдөр анхныхаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа хийж байна. Одоогоор манай компанийн 25%-ийг 3 мянга гаруй хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа. Миний бие компанийн хувьцааны 42.6%-ийг эзэмшдэг. Дараагийн том хувьцаа эзэмшигч бол Германы иргэн Мелцер Штеффен 12.52%-ийг эзэмшдэг. Тэрбээр өнөөдрийн ээлжит хуралдаанд биечлэн оролцож байгаа.
Эндээс би маш онцлог нэг зүйлийг та бүхэнд бол дурдъя гэж бодлоо. Манай компани IPO хийснээс хойш нийт хувьцаа эзэмшигчдийн дөнгөж 1.5% нь л хувьцаагаа ямар нэгэн хэлбэрээр зарж арилжсан байна. Энэ нь манай хувьцаа эзэмшигчдийг маш үнэнч хөрөнгө оруулагчид гэдгийг илтгэж байна. Тэд урт хугацаанд үр шимээ үзье гэсэн хандлагатай, Газар Шим Үйлдвэр ХК-ийн үйл ажиллагаанд итгэж хувьцаагаа зарахгүй тогтвортой барьж байгаа нь харагдаж байна. Ийм үнэнч, тууштай хувьцаа эзэмшигчид манай компанийн хувьцааг авсан байна. Тиймээс та бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлье.
Манай компани захиргаа, хүний нөөцийн алба, санхүүгийн алба, маркетингийн алба, борлуулалтын алба, үйлдвэрийн алба, чанар хяналтын алба гэсэн бүтэцтэй ажил байна. Бид ТУЗ-ийн даргаар Ш.Алтанбагана гишүүнийг сонгосон байгаа. Тэрбээр Тера Экспресс ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ба Монголын Маркетингийн холбоо ТББ-ын Ерөнхийлөгчөөр олон жил ажилласан маркетинг, стратегийн чиглэлийн мэргэжлийн эксперт нэгэн. Түүнчлэн бид өнгөрсөн хугацаанд маркетинг борлуулалтын тал дээр тодорхой хэмжээний хоцрогдолтой байсныг арилгах зорилгоор Маркетинг борлуулалтын хороог байгуулсан.
Одоо компанийнхаа 2023 оны үйл ажиллагааг танилцуулъя. Ерөнхийдөө бол бид өнгөрсөн жил зах зээл дээр гарсныхаа дараа компанийнхаа өнөөгийн нөхцөл байдлын үнэлэлт, дүгнэлт хийгээд цаашдын үйл ажиллагааныхаа стратегийг тодорхойлохоор ажиллаж байна. Энэ хүрээнд нэлээн олон мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллаж, тэдний гаргасан тайлан мэдээ судалгаанд үндэслэн дүгнэлт, анализ хийгээд цаашид хэрхэн ажиллах вэ гэдгээ тодруулаад явж байгаа. Та бүхэнд сонирхуулахад, 2023 оны байдлаар Монголын нөөшилсөн бүтээгдэхүүний зах зээл 24.8 сая ширхэг бүтээгдэхүүн байгаа бөгөөд үүний 53%-ийг дотоодын үйлдвэрлэл эзэлж буй. Харин Газар Шим Үйлдвэр ХК нь нөөшилсөн ногооны зах зээлд нийт 54 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байна.
Борлуулалт маркетингийн хүрээнд: Бид маркетинг борлуулалтын үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргахын тулд ямар ажлууд хийж байгаа вэ гэхээр, Маркетинг борлуулалтын хороог ТУЗ дээрээ байгуулсан. Уг хороонд маш нэр хүндтэй идэвхтэй маркетер В.Ганзориг, Д.Гансүх, Д.Сэргэлэн, Ш.Алтанбагана гэх хүмүүс ажиллаж байна. ТУЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу бид Монголдоо нэр хүнд бүхий судалгааны байгууллага болон зөвлөгөөний байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа.
Тэгэхээр 2024 оны компанийн үйл ажиллагааны төсөвт маркетинг борлуулалтын албаны төсвийг нэлээн өндөр хэмжээгээр тусгасан. 2023 оноос үйлдвэрлэлийг шинэ зохион байгуулалтад оруулсан. Үүний үр дүнд бүтээгдэхүүний доголдол буурах, үйл ажиллагаа сайжрах, өртөг буурах нөхцөл бүрдсэн байгаа. Түүнчлэн манай лаборатори мөн батламжлал авсан байгаа. Улмаар өөрийнхөө үйлдвэрийнхээ хэмжээнд лабораторийн шинжилгээ сорил, туршилт, баталгаажуулалтууд хийгээд явж байна. Үйлдвэрлэлийн бүх шатад түүхий эд хүлээж авахаас эхлүүлээд эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх бүх үйл ажиллагааны явцад чанарын хяналтыг маш сайн хийснээр бүтээгдэхүүний доголдол эрс буурсан амжилттай ажиллалаа. Ер нь 2023 онд үйлдвэрийн ослын тохиолдол гараагүй. Аюулгүй ажиллагааг бол хангаж ажиллаж чадсан. Мөн цахилгаан эрчим хүчийг хэмнэх болон байгаль орчинд одоо ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор үйлдвэрлэлд хэрэглэдэг шилний 10% орчмыг хоёрдогч шилийг цуглуулж, ариутгаж үйлдвэрлэлдээ ашиглаж байна.
Хүний нөөцийн бодлого: Цаашлаад ХК-ийн болсны хувьд захиргаа хүний нөөцийн чиглэлээр олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тодруулбал, хүмүүсийнхээ чадамж, ажлын байран дээрх ур чадварыг чадварыг нь тогтоож тэрэнд нь таарсан хариуцлага болон цалинг олгох замаар хүмүүсийн ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллалаа. Үүний хүрээнд ажлын уян хатан цагийн горимыг нэвтрүүлсэн. Эрт ирээд, эрт тардаг ч юм уу эсвэл ажлын цагаа оройтож эхлүүлээд орой тардаг ийм уян хатан цагт шилжсэн. Хүн болгоны амьдралын онцлог, нөхцөл байдлаас хамааруулаад ийм шийдвэр гаргасан нь ажилчдад тааламжтай байгаа. Нийт ажилтнуудын 40% нь энэ уян хатан цагийн нөхцөлд хамрагдан ажиллаж байна. Мөн 2023 онд бид хүний эрхийг дээдлэгч байгууллага өргөмжлөл авсан. Улмаар 1 ажилтанд оногдох бүтээмж харьцангуй өссөн. Нэмж дурдахад, 2023 онд манай ажилтнуудын нийт цалин дунджаар 20%-31% өссөн байгаа. Энэ үзүүлэлт нь хүнсний салбарын дунджаас 38%, улсын дундаж цалин хөлснөөс бол 50% нь өндөр дүн.
Хөрөнгө зарцуулалт: Бид 2023 оны 3-р сард IPO хийж ₮10.5 тэрбумыг татан төвлөрүүлснээс IPO-той холбоотой зардлуудыг хасаад 4 гол чиглэлд уг санхүүжилтийг зарцуулахаар тайлагнасан байсан. Үүнээс хамгийн том ажил нь хүнсний ногооны зоорь барих асуудал. 2022 онд манай компани дээр Монгол Улсын Ерөнхийлөгч ирж танилцсан. Тэр үед уулзалт хийж хүнсний хувьсгалын хөдөлгөөн өрнүүлнэ, дотоодынхоо хүнсний ногооны хэрэгцээг хангах хэмжээнд хүрэх бодлого дэвшүүлнэ гэдгээ мэдэгдэж бидний ногооны зоорь барих асуудал дээр газрын асуудлыг шийдэж өгнө гэсэн боловч төр засгийн хүндрэл янз янзын шалтгаанаар саатсан. Улмаар өнгөрсөн оны 12-р сард газрын асуудал маань шийдэгдсэн. Тиймээс бид энэ жилдээ ногооны зоорио ашиглалтад оруулахыг зорьж байна. Үүнтэй холбоотойгоор бид Голланд, Хятад болон Германы компаниудтай уулзаж тоног төхөөрөмжийн сонголтоо хийж байна. Татан төвлөрүүлсэн хэсгийн үлдсэн хэсгийг эргэлтийн хөрөнгө зарцуулна гэж тусгасны дагуу шинэ бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажилд зарцуулагдаад явж байна.
Бүтээгдэхүүн хөгжүүлэлт: Бид шинээр зах зээлд майонез, кетчуп, хүүхдийн нухаш, халуун ногоотой соус болон паста соус гэх төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилт тавьсан. Энэ чиглэлээр нэлээн эрэл хайгуул хийж гадна дотнын экспертүүдтэй уулзсаны эцэст Германы компанитай уг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмж худалдаж авах гэрээ байгуулаад өнгөрсөн оны 6-р сард урьдчилгаагаа төлсөн. Шинэ тоног төхөөрөмж маань 6-р сарын эхээр Монголд ирэх төлөвлөгөөтэй байгаа. Үүнтэй уялдуулаад бид оны сүүлээр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх үед шаардагдах дэд бүтэц, туслах тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь оны өмнө төлөвлөж, холбогдох компаниудтай гэрээ байгуулаад эхнээсээ хэрэгжээд явж байгаа.
2023 оны үйл ажиллагаа тайлан: Өнгөрсөн онд манай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо 2022 оныхоос 11% буурч 7.5 саяд хүрсэн. Үүний шалтгаан нь 2022 оны эцэст бид харьцангуй их нөөц үйлдвэрлэсэн. Дээрээс нь бид эргэлтийн хөрөнгийг зөв зарцуулах, үйлдвэрлэлийг оновчтой зохион байгуулалт руу шилжсэн тул үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн харьцангуй бага байгаа. Харин манай цэвэр борлуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад 14% өсөж ₮34.3 тэрбумд хүрсэн байгаа. Улмаар ашиг ₮6.5 тэрбумд хүрч 58% өссөн ийм амжилттай ажилласан. Учир нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо буурсан ч борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ 4% орчим өссөн байгаа. Ерөнхийдөө оны эцэст мөнгөн хөрөнгийн үлдэгдэл нэлээн өндөр байгаа шалтгаан нь бид нар хөрөнгийн зах зээл дээрээс татан төвлөрүүлсэн хөрөнгөө бараг зарцуулагдаагүй шахуу байгаа. Дээрээс нь хүнсний хувьсгалын хүрээнд урт хугацаатай бага хүүтэй хөнгөлөлттэй зээлүүд олгогдож байгаагаас ₮8 тэрбумын зээл авсан. Бид ийм хэмжээний төлбөрийн чадамжтай, хөрвөх чадвартай байгаа учраас 2023 онд манай ТУЗ-өөс ногдол ашгийг нэлээн өндөр дүнгээр буюу цэвэр ашгийн 80%-ийг ногдол ашиг болгон хуваарилах шийдвэр гаргасан. Хувьцааны ногдол ашгийг бид 4 сарын 30-ны өдөр хуваарилна.
Санхүүгийн үзүүлэлт: Манай компанийн нийт хөрөнгө 2022 оны эцэст ₮29 тэрбум байсан бол 2023 оны сүүлд ₮50 тэрбум болж өссөн. Энэхүү өсөлт нь компани IPO хийсэн болон урт хугацаатай, бага хүүтэй хөнгөлөлттэй зээл авсны үр дүн юм. Мөн ямар нэгэн өр төлбөрийн дарамтад орсон, эрсдэлтэй асуудал байхгүй. Бидний авсан зээл нь жилийн 6%-ийн хүүтэй, 5 хүртэлх жилийн хугацаатай зээл байгаа. Зээлийн хүү нь инфляцаасаа бага байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш үр ашигтай зээл байгаа. Хувьцааны үнийн хувьд манай компанийн хувьцааны IPO-н үнэ ₮53 байсан. Өнөөдрийн байдлаар ₮50 болсон буюу ойролцоогоор 8%-ийн бууралттай байгаа. Гэхдээ компанийн үйл ажиллагаа сайн, ашиг өндөр олж байгаа. Хөгжсөн орнуудад ийм нөхцөлд компанийн хувьцааны үнэ өсөж байдаг. Харин Монголд үнэхээр онцлогтой байгаа. Ер нь Монголын Хөрөнгийн Бирж дээр гарсан компаниудын ихэнх нь унадаг. Гэхдээ манай компанийн хувьцааны үнэ унасан ч гэсэн хамгийн бага уналттай хувьцаануудын нэг байсан гэдгийг судалгааны байгууллагууд гаргаж олон нийтэд мэдээлж байсан. Та бүхэн анзаарч харсан болов уу. Ингээд та бүхэнд 2023 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
Газар Шим Үйлдвэр ХК-ийн 2023 оны тайлан Гүйцэтгэх захирал Ганбат танилцуулсны дараагаар аудитын компани дүгнэлтээ танилцууллаа. Тус компанийн 2023 оны санхүүгийн тайланд Онч Аудит ХХК хөндлөнгийн аудитын компаниар оролцсон байна. Ингээд Газар Шим Үйлдвэр ХК-ийн санхүү байдлын тайланд хийсэн дүгнэлтийг Онч Аудит ХХК-ийн партнер Б.Анхтайван танилцуулав.
ОНЧ АУДИТ ХХК-ИЙН ПАРТНЕР Б.АНХТАЙВАН
Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Манай Онч Аудитын хувьд үндэсний хэмжээний ТОП-5 аудитын компанийн нэг гэж тооцогддог компани. Бидний хувьд зөвхөн МХБ гэлтгүй гаднын олон улсын биржүүд дээр бүртгэлтэй компаниудын аудитыг гүйцэтгэдэг үндэсний тэргүүлэх аудитын компани юм. Манай компанийн хувьд Газар Шим Үйлдвэр ХК-ийн 2023 оны 12 сарын 31-ний санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэсэн. Бид аудитаа аудитын олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэдэг. Аудитын дүгнэлт өгөхийн тулд бид аудитад дүгнэлт гаргахад шаардлагатай үндэслэлтэй бодитой нотлох баримт авах хэрэгтэй байдаг. Энэ аудитаа олон улсын стандартад заагдсан холбогдох горимуудыг бүгдийг нь гүйцэтгээд дүгнэлтээ гаргасан. Манай гүйцэтгэсэн ажил дээр үндэслээд гарсан аудитын дүгнэлтээр Газар Шим Үйлдвэр ХК-ийн 2023 оны санхүүгийн тайлан нь санхүүгийн тайлагналынхаа олон улсын стандартын дагуу үнэн зөв, бодитой, шударга илэрхийлэгдсэн гэж дүгнэсэн байгаа. Үндсэндээ цэвэр дүгнэлт авсан гэж ойлгож болно. Анхаарал тавьсанд баярлалаа.
ТУЗ-ИЙН ДАРГА Ш.АЛТАНБАГАНА
Та бүхний мэндийг дахин айлтгая. Газар Шим Үйлдвэр ХК-ийн ТУЗ нь 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хуулийн дагуу 3 хараат бус гишүүнээс гадна гишүүд дотор мөн хараат бус хувьцаа эзэмшдэггүй статустай хүмүүс байгаа. Жишээлбэл миний хувьд ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй. Одоо ТУЗ-өөс сонгогдон ТУЗ-ийн даргын үүргийг гүйцэтгэж байна. Манай ТУЗ-ийн хувьд өнгөрсөн онд маш идэвхтэй ажиллалаа. Сүүлийн хагас жил орчмын хугацаанд нийт 6 удаа хуралдсан. ТУЗ-ийн гишүүд байнга 100%-ийн ирцтэй байсан гэж хэлж болно. ТУЗ-ийн гишүүдийн хувьд чадварлаг тэнцвэртэй гишүүдээр бүрдсэн гэж бид болон олон нийт дүгнэлт өгч байгаа.
ТУЗ-ийн өнгөрсөн жил хуулиар хүлээсэн үүргийн дагуу нээлттэй компани болсны хувьд засаглалаа сайжруулах, байгууллагын чадавх, менежментийн чадавх болон ирээдүйн стратегийн чадавхыг сайжруулах чиглэлд төвлөрч ажиллалаа. Энэ хүрээнд холбогдох зохицуулах байгууллагууд болон компанийн сайн засаглалын зарчмуудыг илтгэх нэлээн олон журмуудыг ТУЗ-өөс батлан гаргасан. Бидний 2024 оны төлөвлөгөө бол компанийн ирээдүйн 3-5 жилийн стратегийг батлан гаргах явдал. Зөвхөн журам зохицуулалтын бичиг баримтуудаас гадна бизнесийн цаашдын үйл ажиллагааг сайжруулах, чадавхжуулах, менежментийн багтаа туслах чиглэлд төвлөрч ажиллах төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн жил бид ТУЗ-ийн ээлжит ба ээлжит бус хурлуудаас гадна компанийн зарим чиглэлүүдээр уулзаж ярилцах өөрсдийнхөө саналыг өгөх уулзалтуудыг ч мөн хийсэн. ТУЗ-ийн үндсэн үйл ажиллагааны хувьд товчхон тайлагнахад ийм байна. Үүнээс гадна үйл ажиллагаанд өгсөн дүгнэлтийг танилцуулъя. Бидний хувьд 2023 он бол их өөрчлөлтийн жил байлаа. Зохион байгуулалт, чадавхын хувьд нэмээд үйл ажиллагааны хувьд нэлээн сайжирч ашигт ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүд ч сайжирсан. Гүйцэтгэх удирдлагын зүгээс бас үйл ажиллагаагаа сайжруулах, ТУЗ-тэй хамтран ажиллах, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээн чармайж идэвхтэй ажилласан. Тиймээс ТУЗ-ийн зүгээс 2023 оны үйл ажиллагаанд хангалттай сайн амжилттай ажилласан гэсэн дүгнэлтийг өгч байна. Баярлалаа.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ГАНБАТ
Ингээд компанийн удирдлагууд болон ТУЗ-ийн зүгээс 2023 оны үйл ажиллагааны тайланг та бүхэнд танилцууллаа. Одоо тайлантай холбоотой асуулт байвал хариулъя. Манай компанийн удирдлагууд албадын дарга нар бүгд энэ хуралдаа ирсэн байгаа. Тэгэхээр та бүхэн чөлөөтэй асууж болно.
АСУУЛТ, ХАРИУЛТ
Асуулт: Хувьцаа эзэмшигч
Сайн байна уу? Ажилчдадаа хувьцаа эзэмшүүлнэ гэсэн энийг зах зээл дээрээс худалдаж авч өгөх үү?
Хариулт: Гүйцэтгэх захирал Ц.Ганбат
Бид яг хөрөнгийн бирж дээр IPO хийж байх үедээ компаниас тодорхой хөрөнгө төсөвлөөд компанийн хувьцааг бирж дээр арилжигдаж байх үед нь авч хадгалсан байгаа. Дараа нь тэр хувьцаагаа ажилтан болгонтой гэрээ хийгээд ажилтнуудын ажилласан жил болон ур чадварт нь дүйцүүлсэн тодорхой харьцаагаар хуваарилсан.
Асуулт: Хувьцаа эзэмшигч
Сайн байцгаана уу? Хуралтай холбогдуулаад нэг зүйл асууя. Танай компани бол нээлттэй ХК учир вэбсайт дээрээ хөрөнгө оруулагчдад зориулсан бүлэгтэй байх ёстой. Өнгөрсөн жил хувьцаа эзэмшигчдээ хэрхэн яаж мэдээлэл хүргэж ажилласан бэ? Бодитоор нь хариулахыг хүсэж байна.
Хариулт: Гүйцэтгэх захирал Ц.Ганбат
Манай компани ХК болсныхоо дараа компанийнхаа одоогийн нөхцөл байдлыг үнэлж дүгнээд цаашдын үйл ажиллагааны чиглэлээ гаргахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгааг өмнө нь дурдсан. Энэ хүрээнд бид хуучин компанийн вэбсайтыг сайжруулж өөрчлөх чиглэл дээр ажиллаж байгаа. Тиймээс та бүхэнд цаг тухайд нь хангалттай мэдээллийг өгч чадаагүй доголдсон асуудал гарсныг хүлээн зөвшөөрч ойлгож байна. Гэхдээ энэ оны эхний хагас жилдээ багтаад манай вэбсайт иж бүрнээр ажиллаж эхэлнэ. Вэбсайт бүрэн ажиллахгүй байсан явдалд та бүхнээс хүлцэл өчье.
Асуулт: Хувьцаа эзэмшигч н.Мөнгөнцацрал
Сайн байна уу? Хувьцаа эзэмшигч Мөнгөнцацрал байна. 2023 оны тайлан бол боломжийн сайн гарсан байна. Тэгвэл 2024 онд Газар Шим Үйлдвэр ХК-ийн цэвэр ашиг хэд байх төлөвтэй байгаа вэ?
Хариулт: Гүйцэтгэх захирал Ц.Ганбат
Энэ оны сүүлээр бид 2024 оны урьдчилсан төлөвлөгөөг гаргасан. Тэр үед бид 2023 оныхоо үйл ажиллагаанд дүгнэлт өгөөд 2024 онд ₮8 тэрбумын цэвэр ашигтай ажиллах төлөвлөгөө гаргасан. Гэтэл 2024 оны I улирлын тайлан саяхан гарсан. Уг тайлангийн үзүүлэлтүүд өндөр өсөлттэй байсан буюу цэвэр борлуулалт ₮11.8 тэрбум, ашиг нь ₮2.8 тэрбумд хүрсэн байгаа. Энэ эрч хэвээрээ хадгалагдвал цэвэр ашгийн төсөөлөл маань ₮10 тэрбумд хүрэх болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Нэмээд бид эхний хагас жилдээ багтаад шинэ бүтээгдэхүүнээ гаргана. Үүнийгээ зах зээл байршуулахад манай борлуулалт, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэнэ. Улмаар ашиг ₮10 тэрбумд хүрэх төсөөлөлтэй байна.
Асуулт: Хувьцаа эзэмшигч н.Мөнгөнцацрал
За баярлалаа. Дараагийн асуулт нь 2023 онд нийт цэвэр ашгийнхаа 85%-ийг ногдол ашиг байдлаар тараасан байна. Тэгэхээр 2024 онд цэвэр ашиг ₮10 тэрбум гэж тооцоолж байгаа бол ногдол ашгаа хэд байхаар таамаглаж байгаа вэ?
Хариулт: Гүйцэтгэх захирал Ц.Ганбат
Бид IPO хийхдээ ногдол ашгийн бодлогоо баталсан. Үүнд жил бүр цэвэр ашгийнхаа 30%-иас доошгүй хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хэлбэрээр тараана гэж тусгасан. Тэгэхээр хамгийн доод хэмжээ бол 30% байна. Миний хувьд ногдол ашгийн шийдвэрийг гаргах эрх байхгүй. Тэгэхээр жилийн эцэст ТУЗ-өөс энэ шийдвэрийг гаргана.
Асуулт: Хувьцаа эзэмшигч н.Жавхлан
Сайн байна уу? Хувьцаа эзэмшигч Жавхлан байна. Би хувьцаа цуглуулах дуртай юм. Газар Шим Үйлдвэр ХК-ийн хувьд өнгөрсөн жил IPO хийсэн нь надад их таалагдаж байгаа. Миний хувьд дансны үнийг харж хөрөнгө оруулалт хийх дуртай. Дансны үнэ гэдэг нь 1 ширхэг хувьцааны яг бодит үнийг харуулж байгаа юм. Танай компанийн дансны үнийг тооцохоор ₮30 байгаа ч зах зээл дээр ₮50 байгаа. Тэгэхээр биет үнэлгээг дахин хийлгэж болохгүй юу? Ингэвэл дансны үнэ нь зах зээлийн үнээсээ давна.
Хариулт: Гүйцэтгэх захирал Ц.Ганбат
Өмнө нь хэлж байсанчлан компанийн хувьцааны үнэ 8% буурсан ч ₮100 хүртэл өсөх боломжтой гэж бодож байна. Маркетинг борлуулалтын хороотой болсон нь ч үүнд нөлөөлнө. Угаас бид IPO хийхдээ компанийн үнэлгээ хийлгэсэн. Олон улсын аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр манай компанийг ₮62 тэрбумаар үнэлсэн. Компани шинэ технологи нэвтрүүлж бүтээгдэхүүн гаргана гэж мэдэгдэхэд л компанийн үнэлгээ нэмэгдэж байдаг. Тэгэхээр зах зээлийн үнэлгээ бол яг бодитой байдаггүй. Хүмүүсийн сэтгэл зүй болон тухайн компанийн үйл ажиллагаа, гаргаж байгаа бүтээгдэхүүнтэй холбоотой.
Ингээд асуулт хариултын хэсэг өндөрлөж саналын цаг эхлэв. Хуралд оролцож буй хувьцаа эзэмшигчид 20 минутын хугацаанд хурлаар хэлэлцэж буй асуудлуудад саналаа өгсний дараагаар тооллогын комиссоос саналын үр дүнг танилцуулав.
ТООЛЛОГЫН КОМИССЫН ДАРГА Д.ОНОН
Тооллогын комиссоос хувьцаа эзэмшигчдийн саналыг үндэслэн тооллогын комиссын шийдвэрийг гаргасан байна. Шийдвэрийг танилцуулъя. Газар Шим Үйлдвэр ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бүртгэлийн тооллогын комиссын шийдвэр 2024 оны 4 сарын 27-ны өдрийн тогтоол, Газар Шим Үйлдвэр ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлаар санал өгсөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналыг үндэслэн шийдвэрлэх нь. Хурлаар дараах асуудлыг ердийн аргаар санал хураан шийдвэрлэв.
Улмаар ТУЗ-ийн 2023 оны санхүү, үйл ажиллагааны тайлангийн дүгнэлт болон тогтоолууд батлагдаж хурал 12:56 минутад хаагдав.
ХААЛТЫН ҮГИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ГАНБАТ ХЭЛЛЭЭ.
Өнөөдөр Газар Шим Үйлдвэр ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Ингээд хурал хаасныг мэдэгдье. Хүрэлцэн ирсэн хувьцаа эзэмшигчдэдээ баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.