Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг батлаад байгаа. Ямар нөхцөлтэй үнэт цаас байх, ямар зорилгоор гаргах гэж байгаа талаар тоймлоё.
₮500 тэрбум
Нийслэл хот дотоодын зах зээлээс ₮500 тэрбумын бонд босгохоор урьдчилан тооцоолжээ. Уг бондын жилийн хүү нь 15%-16.5% байхаар санал гаргасан аж. Гэхдээ өнгөрсөн онд “Улаанбаатар бонд”-ыг гаргахаар ажиллаж байсан ч ажил хэрэг болоогүй.
Жил дамналт: Өнгөрсөн онд гаргахаар төлөвлөж байсан Улаанбаатар бондын хувьд 5 жилийн хугацаанд 3 транчаар дамжуулж нийт ₮500 тэрбумыг татан төвлөрүүлэх хөтөлбөр байсан. Эхний транч болох ₮277.8 тэрбумыг жилийн 17.2%-ийн хүүтэй босгохоор төлөвлөж байсан юм.
Одоо: Харин одоо мөн адил ₮500 тэрбумыг татан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн ч нарийн төлөвлөгөөний мэдээлэл ил биш байгаа. Юутай ч зарцуулалтын хувьд Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
₮300 тэрбум ➡️ Бөөрөлжүүтийн цахилгаан станц
Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 11.3% өссөн бөгөөд эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа тул эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 300 мВт-н хүчин чадалтай станцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулахын тулд бондоор татан төвлөрүүлэх санхүүжилтийнхээ 60% буюу ₮300 тэрбумыг зарцуулах гэнэ.
Түүнчлэн: Авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд 73.1 км урттай зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалтыг ₮150 тэрбумаар хийхээр төлөвлөсөн байна.
Өөрчлөлт: Харин өнгөрсөн онд төлөвлөж байсан Улаанбаатар бондын санхүүжилтийн зарцуулалт нь Сэлбэ сэргэлт төсөл, сургууль, цэцэрлэг, дэд бүтцэд зориулагдахаар байв. Огцом өөрчлөгдсөн байгаа биз.
Ажил хэрэг болох уу?
Нийслэл бонд гаргах талаар 20-иод жилийн өмнөөс л бодож, тооцоолдог байсан. Уг нь бол ЗГ, хот, компани бонд гаргах замаар хөрөнгө босгож санхүүжилтийн асуудлаа шийдэх боломжтой. Гэхдээ удаа дараа хойшилж ажил хэрэг болохгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлд ч нөлөөлж байх шиг. 🤔
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.