Lunch hour
Б.Билгүүн: Даатгалын салбар 2025 он хүртэл 6 дахин өсөх боломжтой
21.10.08
Lemon Press
Tweet
cover

Lunch Hour подкастын 14 дэх дугаарт Бодь даатгал ХК-ийн Санхүү эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Билгүүн оролцсон юм. Та подкастыг сонсохыг хүсвэл энд дарна уу.


Б.Дөлгөөнзул: Сайн байцгаана уу? лимончуудаа Lunch Hour подкастад тавтай морил. Өнөөдрийн дугаарт Бодь даатгал компанийн санхүү хариуцсан захирал Б.Билгүүн оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. 

Б.Билгүүн: Сайн байна уу?

Б.Дөлгөөнзул: Манай лимончууд мэдэж байгаа бол энэ онд зохион байгуулагдсан Market Press эвент дээр Б.Билгүүн захирал “Банк болон даатгалын компаниудад хэрхэн хөрөнгө оруулах вэ, юунд анхаарах вэ” гэдэг тухай сургалт орж байсан. Хоёулаа энэ сэдвээр мөн ярина. Гэхдээ юуны өмнө сүүлийн жилүүдэд харвал даатгалын компаниудын хөрөнгийн хэмжээ, тоонууд нэлээн өсөлттэй байгаа. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй байгаа нийтдээ 15 ердийн даатгалын компаниуд байгаа шүү дээ. Тэд нараас “Бодь даатгал” яг юугаараа ялгаатай вэ, ямар давуу талтай вэ гэдгийг хамгийн түрүүнд хэлж өгөөч?

Б.Билгүүн: Даатгалын салбар сүүлийн үед нэлээн хурдтай өсөж байгаа. Манай “Бодь даатгалын орлого мөн сайн өсөж байгаа. Энэ нь анхнаасаа байгуулагдахдаа иргэд, байгууллага, орон нутаг гээд бүгд рүү зэрэг ажиллаж эхэлсэн. Одоо бүх аймагт салбартай. Албан журмын даатгал болон жолоочийн хариуцлагын даатгалын нэлээн том хувийг эзэлдэг. Мөн байгууллагуудад давхар даатгалын үйлчилгээг сайн үзүүлдэг. Иргэд, байгууллага, орон нутаг гурваар жигд сайн ажиллаж байгаа нь манай даатгалын давуу тал байх гэж бодож байна. Яагаад гэвэл заримдаа байгууллагын орлого буурсан үед иргэдийн орлого тогтвортой байж байдаг. Магадгүй иргэдийн орлого багассан үед байгууллага нь нөхдөг ч юм уу, эсвэл давхар даатгалын шимтгэлийн орлого нь сайн байдаг юм уу зэргээр орлого илүү сайн тогтвортой өсдөг. 

Б.Дөлгөөнзул: Даатгалын компаниуд яаж өрсөлддөг вэ? Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ төрөл гэхээсээ илүүтэйгээр үнээрээ илүү өрсөлдөөд байгаа юм шиг санагддаг. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ? 

Б.Билгүүн: Үнээрээ өрсөлдөж байгаа. Гэхдээ жил болгон буурч байгаа. Зах зээлийнхээ хуулиар бүгд үнээ буулгаад ашиг нь багасаад явах ёстой. Зарим жолоочийн хариуцлагын даатгал бол стандарт бүтээгдэхүүн болохоор аль ч даатгалын компани дээр очиж авсан адилхан. Түүн дээр зөвхөн нөхөн төлбөр олгож байгаа, хурд үйлчилгээгээрээ ялгарч байгаа гэсэн үг. Бидний  хувьд энэ бүтээгдэхүүн сүүлийн үед байнга өсөж байгаа. Цахимаар илүү хурдтай болсон. Түүгээрээ өрсөлдөж байгаа. Эрүүл мэндийн даатгал бусад хөрөнгийн даатгал гэвэл үйлчилгээ нэлээн чухал байдаг. Хамгийн гол нь даатгалын компанид итгэх итгэл нь байдаг. Хүмүүс гэрээг нь уншиж үздэггүй, уншлаа ч гэсэн төвөгтэй. Гэрээн дээр янз бүрийн хасалт байхгүйгээр сайн гэрээтэй болохоор хийлгэе гэж сонгож хийлгэдэг.

Б.Дөлгөөнзул: Та түрүүн хэллээ, цахим шилжилт хийж байгаа учраас хурдан шуурхай байдалд хүмүүс их дуртай байдаг гээд. Ер нь зөвхөн даатгал гэхгүй бүх салбарт цахим шилжилт хамгийн чухал бөгөөд зайлшгүй хийх шаардлагатай зүйл болсон. Бодь даатгал компанийн хувьд цахим шилжилт дээр хэр их анхаарч байна вэ? Хүссэн хүсээгүй бүх даатгалын компаниуд, бүх санхүүгийн үйлчилгээнүүд технологи дээр суурилсан болох гээд байгаа. Тэгэхээр түрүүлж хэн орсон нь илүү ашигтай байх болов уу гэж харагдаж байна. Тэгэхээр Бодь даатгал компанийн хувьд ямар шатандаа явж байгаа вэ? 

Б.Билгүүн: Ерөнхийдөө манайх түрүүлж байгаа. Вэб сайт дээрээ ихэвчлэн бүтээгдэхүүнүүдээ онлайнаар болгосон. Жолоочийн хариуцлагын даатгалыг онлайнаар хийж байна. Нөхөн төлбөрийг утсаараа зургийг нь аваад явуулахаар ирж очихгүйгээр шууд шийддэг болоод нэлээн удаж байна. Бараг нэг жил гаруй болчихлоо. Цахим даатгалын хувьд одоохондоо ихээр ашиглаж сураагүй байна. Гэхдээ хүмүүс нэлээн орж байна. Бага дүнтэй болохоор өсөлт нь өндөр байгаа. Анх интернет банк хэрэглэдэг байсан шиг сурчих юм шиг байна. Гэхдээ даатгалыг банкны аппликэйшн шиг тогтмол ашиглаад байдаггүй. Тэгэхээр жилд нэг удаа онлайнаар вэб руу даатгуулахад болно. Бид сүүлийн хоёр жил нэлээн цахимаар ажиллалаа. Бүх компанийнхаа системийг нэгдсэн системтэй болгочихсон болохоор амар байгаа. Гэрээсээ ажиллалаа гээд бүтээмж багассан зүйл байхгүй. Орлого өссөн.

Б.Дөлгөөнзул: Монголд иргэдийн мэдлэг боловсрол гэх юм уу, даатгалын салбарт гарч байгаа өөрчлөлт хэр мэдэгдэж байна вэ? Миний хувьд 2014 оны үед Англид сурдаг байсан. Тэр үедээ бүх төрлийн даатгалтай байсан юм. Хүмүүст маш сайн таниулж өгдөг. Тийм учраас гар утас, компьютер дээрээ даатгалаа байнга хийлгэдэг. Түүнийхээ үйлчилгээг маш сайн авч чаддаг байсан. Монголд ирснээс хойш нэг мэдсэн даатгалгүй болчихсон байна. Яагаад болив, эсвэл хаана хандах ёстой гэдгээ анзаарахаа больчихсон гэдэг юм уу. Тэгэхээр энэ тал дээр иргэдийн боловсрол ямар байна вэ, мөн мэдлэг түгээх даатгалын компаниудын оролцоо хэр байна вэ?

Б.Билгүүн: Нэгдүгээрт даатгал хэрэглэхэд хамгийн чухал нөлөөлдөг зүйл нь орлогын түвшин. Нэг хүнд ноогдох ДНБ нь дор хаяж 5000 доллар, 4800 орчим гэж ярьж байгаа. Тэгж хүрвэл даатгал худалдан авах чадвартай болдог гэж үздэг. Манайх одоогоор 4200, 4300 орчим явж байгаа шүү дээ. Тиймээс яах вэ? Одоохондоо нэвтрэлт нь бага буюу даатгуулж байгаа хүмүүс арай бага байна. Цаашдаа нэг хүнд ноогдох ДНБ тогтмол өсөхөд дагаад эрэлт өснө. Хоёрдугаарт миний ойлгосноор гадаадад хэн нэгэн хүнийг хохироовол маш өндөр торгуульд ордог. Тэр нь заавал очиж хэрэг болж шийдэгдэж дуусдаг. Жишээ нь рестораны гадаа халтираад унахад манайхан зүгээр явуулдаг ч юм уу. Харин гадаадад ямар ч байсан зүгээр өнгөрөхгүй. Хууль шүүх нь хүнд суртал багатай, хурдан шийдээд өгчихдөг болохоор хүмүүс бие биедээ хохирол учруулах магадлал өндөр учраас нэлээн өргөн даатгуулдаг юм шиг байгаа юм. Даатгалаас гадна хууль эрх зүйн боловсролтой холбоотой. Хамгийн нийтлэг даатгал бол албан журмын даатгал. Энэ бол хариуцлагын даатгал. Бусдын эд хөрөнгөд хохирол учруулбал төлнө гэсэн үг. Тэгэхээр боловсролоос гадна ямар нэгэн асуудал гарвал, хариуцлагаа алдвал түүнийгээ заавал буцааж олж авдаг. Нөгөө талд хохирогч ч гэсэн сайн практиктай болвол даатгал улам их авна.

Б.Дөлгөөнзул:  Хууль эрх зүйн орчныг илүү сайжруулах шаардлагатай гэж ойлгож болох уу? 

Б.Билгүүн: Тийм. Жишээ нь хүнийг гэмтээчихсэн байхад зүгээрээ гээд хэдэн төгрөг өгөөд салдаг. Гэтэл шүүх дээр очвол  хоёр жил болно шүү дээ. Ер нь илүү хурдан шуурхай шүүж байж эрэлт нэмэгдэнэ. Тиймэрхүү кэйсүүд  гарч байсан.  Хөрөнгийн хувьд гал бол санамсаргүй зүйл. Тэгэхээр орлого сайжирвал хүмүүс хөрөнгөө даатгуулна  гэсэн үг. 

Б.Дөлгөөнзул: Монголд түгээмэл байж болох даатгалын хэлбэр нь эрүүл мэндийн даатгал юм шиг санагддаг. Сошиалаар хаа сайгүй л хэн нэгнийг авраач, туслаач гэдэг хандивын аян явагдаж байна. Даатгалын мэдлэг илүү өндөр байсан бол иймэрхүү асуудлууд байхгүй байх байсан гэж хувьдаа боддог. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг илүү сайн ойлгуулах, хэзээ, яаж ямар үед буцаагаад нөхөн олговор авах боломжтой гэдэг талаар үнэндээ би өөрөө ч сайн мэдэхгүй. Тэгэхээр энэ тал дээр 15 бүртгэлтэй компаниуд хэр ажиллаж байна вэ? Сүүлийн үед хүмүүс эрүүл мэндийн даатгалыг хэр их сонирхдог болсон юм бол оо?

Б.Билгүүн: Даатгалын холбоо гэж байдаг. Тэнд даатгалын компаниуд нийлээд үйл ажиллагаагаа сурталчилъя гэж ярьж байгаа. Энэ дөрөвдүгээр улиралд болох байх. Өмнө нь багахан ярьдаг байсан. Гэхдээ хүмүүст  хүрэхүйц түвшний ажил хийх хөрөнгө мөнгө муу байсан. Банк чинь аварга том болчихсон. Санхүүгийн боловсрол гээд байнга ярьж байдаг. Даатгал одоохондоо жижигхэн байгаа. Дээрээс нь даатгалын бүтээгдэхүүнийг гэрээг ойлгуулна гэдэг нь банкны хадгаламж, зээлээс дараагийн түвшний хэцүү ажил болчихоод байна. Гэхдээ энэ холбоо руу нийлээд сурталчилгааны таниулах юмнууд  хийе гэж ярьж байгаа. Янз бүрийн хандивын аянууд явсан үетэй чинь зэрэгцээд түүнээс хойш эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний эрэлт нэлээн өсчихсөн. Манайд мөн өссөн байгаа. Жишээ нь томоохон гадны компаниуд болон дотоодын компаниуд ч гэсэн сүүлийн нэг жил хүмүүсээ нэлээн даатгадаг болчихсон. 

Б.Дөлгөөнзул: Түрүүн та хэлж байсан албан журмын, жолоочийн хариуцлагын даатгалаас гадна компаниудын даатгал том хувь нэмэр оруулдаг гээд ярьж байсан. Тэгэхээр Бодь даатгал компанийн хувьд Оюу толгойн ил уурхайн төслийг хариуцаж, даатгаж явдаг. Тэгэхээр Оюу толгой компанийн үйл ажиллагаа зогсох, эсвэл дуусах үе дээр дотоодын даатгалын салбарт донсолгоо, савлагаа гарах эрсдэлтэй юм болов уу гэж харагдаж байна. Энэ тал дээр ямар хүлээлттэй байна вэ, эрсдэлээ яаж тооцоолж байгаа вэ? 

Б.Билгүүн: Оюу толгойн үйл ажиллагаа дуусах үед манай компаниуд хангалттай том болох байх. Оюу толгой олон жил ажиллана шүү дээ. Бараг 2030, 2040 он хүртэл ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Тэр үед эдийн засаг нэлээн том болчихсон байна. Оюу толгойн ганц орлого нөлөө багатай болчихно. Одоо ч гэсэн Оюу толгой том гэрээ хийдэг. Гэхдээ ихэнх нь хариуцлага нь давхар даатгагч руу явж байгаа гэсэн үг. Бид нар дунд нь уучилж гэрээг нь байгуулж өгч байна гэсэн үг. Тэгэхээр нөлөө нь гайгүй дээ.

Б.Дөлгөөнзул: Ер нь олон улсын жишгийг харвал эхэндээ олон өрсөлдөгч, олон даатгалын компаниуд байгаад явц дундаа цөөрөөд чанартай том болоод эхэлдэг. Энэ процесс Монголд хэзээнээс ажиглагдах вэ? Ер нь нэгдэн нийлэх хэлцлүүд явагдаж байгаа болов уу? 

Б.Билгүүн: Нуулгүй хэлэхэд манайх ч гэсэн тиймэрхүү хэлцэл хайж байдаг. Ийм шаардлага нь бий болчихсон. Тэр юунаас үүдэж байна вэ гэхээр олон компани байх тусмаа үйл ажиллагааны зардал харьцаа, орлоготой, эзлэх харьцаа нь нэлээн өндөр байдаг. Хоорондоо нийлчихвэл тэр зардлууд нь багасаад явчихна. Цаг хугацааны хувьд болж байна уу гэвэл даатгалын компаниуд саяхныг хүртэл нэлээн өссөн. Одоо ерөнхийдөө дөхөж байгаа. Банкны нэгдлийн хувьд хоёр ч банк нэгдсэн шүү дээ. Түүнд гол нөлөөлсөн зүйл нь Монгол банкнаас заавал байлгах хөрөнгийн хэмжээг нэлээн өндөр болгосон. Түүн шиг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан төлөвлөгөөгөөр жил болгон нэмнэ гэсэн байгаа. Өндөрсөх тусам нь зарим даатгалын компаниуд дангаараа барьж байснаас нийлүүлээд ажиллуулчихвал хөрөнгө оруулагч нарт нь хамаагүй ашигтай. Яагаад гэвэл их мөнгө оруулж ирж ажиллуулах ёстой болно. Заавал оруулах ёстой хөрөнгө нь мөн нөлөөлнө. Түүний хугацаа 2022, 23, 24, 25 гээд нэмэгдэнэ. Санхүүгийн зохицуулах хорооноос ерөнхийдөө мэдэгдчихээд байгаа. Тэгэхээр дараагийн 3,4 жилд нэлээн явчих байх гэж бодож байна. 

Б.Дөлгөөнзул: Даатгалын зах зээлийг харвал 2017 оноос хойш маш эрчимтэйгээр жил болгон дунджаар 15-20 хувийн өсөлтийг үзүүлээд явсан. Цаашдаа энэ зах зээлийн тэлэх боломжийг яаж харж байгаа вэ? Эдийн засагтай шууд холбогдоод харвал ямар байх вэ? мөн нэгдэх хэлцэл гэдэг чинь нэг ёсондоо илүү том болгох зорилготой байгаа шүү дээ. Тэгэхээр зах зээлийг хэр том байх боломжтой гэж харж байгаа вэ?

Б.Билгүүн: Эдийн засагтай маш өндөр хамааралтай. Сүүлийн 10 жилийнхийг аваад үзэхээр бараг шууд хамааралтай байдаг. Гэхдээ эдийн засгаас хамаагүй илүү өсдөг. Яагаад гэхээр нэвтрэлт нь бага байгаа болохоор тэр. Жишээлбэл нийт даатгалын хураамжийн орлого нь нийт эдийн засагтаа ажиллаж байгаа хувийн 0.5 хувь байгаа. Цаашаа 3 хувь орчим болдог гэж үздэг. Тэгэхээр дараагийн 4,5 жилд дунджаар бодит эдийн засаг 5, 6 хувь өснө. Хөгжлийн агентлагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангийнхан гээд тавьчихсан байгаа. Даатгал түүнээс илүү өсдөг. Бодит өсөлт нь 6 хувь гэж бодъё. Төгрөг дээрх нэрлэсэн дүнгээр инфляц орсон өсөлт нь 14, 15 хувь байгаа. Даатгалынх 20 хувиар өсчихөөд байгаа. Жил бүр 20 хувиар өснө гэдэг нь 5 жилийн дотор 2 дахин томорно гэсэн үг. Ер нь нийт даатгалын хураамж жилийн 250 тэрбум орчим төгрөг байгаа. Миний харахад 2025 он гэхэд 600, 700 тэрбум болох юм байна. Тэрнээс цаашаа их наядад очих байх гэж бодож байна. Одоогоор хүмүүс зөвхөн жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгэсэн байгаа. Цаашаа хөрөнгө, эрүүл мэндээ даатгуулж эхлээгүй байгаа. Даатгуулж байгаа нь маш цөөхөн. Байгууллагууд ч мөн хөрөнгөө бараг л даатгаж эхлээгүй. Нийт зуун компанийн тав нь хийлгэсэн байгаа.

Б.Дөлгөөнзул: Түрүүн таны хэлснээр бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ өрсөлдөх хэрэгтэй. Одоогоор үнийн өрсөлдөөн явагдаад байгаа гэж байсан. Тэгэхээр энэ тал дээр илүү анхаараад, олон сонголттой болоод, магадгүй хүмүүст таниулаад эхлэвэл өсөх тэлэх боломж нь хамгийн багадаа 6 дахин их өсөх боломжтой гээд хэллээ шүү дээ? Үүнээс гадна даатгалын компаниудын  олон улсын жишгийг харвал хөрөнгө оруулалтын сантай байгаад түүнээсээ ашгийн хэмжээ нь нэлээн нөлөөлдөг. Монголд энэ жишиг бүр төдийлөн байхгүй байна. Эхний ээлжинд Мандал даатгал компани 2 хөрөнгө оруулалтын сан гаргачихсан байж байна. Ер нь бусад даатгалын компаниуд энэ талаар хэр их сонирхолтой байгаа вэ? Цаашдаа хөрөнгө оруулалтын сангуудыг хажуудаа байлгах болов уу?

Б.Билгүүн: Манай хувьд яг ярьж хэлэлцсэн зүйл алга. Миний бодлоор ер нь хэрэгтэй санагддаг. Гэхдээ цаанаа зохицуулалтай холбоотой зүйл байдаг юм болов уу? Яагаад гэвэл манай даатгалын харилцагч нар даатгал хийлгэхээс гадна мөнгөн хуримтлалтай байгаа. Түүнийг яаж хийх вэ гэхээр жишээ нь үл хөдлөх хөрөнгө барьцаалсан бонд дээр очихоор даатгалын компаниуд ирээдүйгээ бодоод хүү нь 19 хувь гээд хэлчихдэг. Харин иргэдээс захиалга авахдаа 17 хувь гэдэг. Тэгэхээр бид нар ирээдүйд том харилцагч болох учраас 2 хувийн шимтгэлтэй байна. Тэгэхээр харилцагч нарынхаа мөнгийг мөн шимтгэл ашиглаж адилхан нөхцөлөөр өсгөж өгөх боломжтой тийм сан цуг байх боломжтой. Өөрөөр хэлбэл, ирээдүйд Wealth Management бизнес рүү орох боломжтой юм байна гэж харж байна. Ер нь нийт хөрөнгө оруулалтын сангуудын хувьд  цаашдаа нэмэгдэх байх. Миний сонсож байгаагаар зөвшөөрлөө авсан нь 2, 3 байна. Зөвшөөрлөө аваагүй зах дээр арилжигдахгүй байгаа сангууд гэвэл дахиад 4, 5 байх шиг байна. Хадгаламжийн хүү буурсан болохор энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт тогтмол өснө.

Б.Дөлгөөнзул: Хөрөнгө оруулалт ярьсан дээр асуумаар байна. Даатгалын компаниуд дотоодын хөрөнгийн бирж дээр 3,4 компани байгаа байх. Нэгдүгээр самбар дээр 3 компани байх жишээний. Яг хөрөнгө оруулагч буюу энгийн иргэн явж очоод хөрөнгө оруулъя, даатгалын компаниа сонгоё гэвэл хамгийн түрүүнд тэр компаниудын юуг судлах хэрэгтэй вэ? Компанийн том жижиг хэмжээ, нийт хөрөнгө гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг харахаас илүүтэйгээр даатгалын салбар гэдэг чинь ийм ийм онцлогтой юм. Үүнийг нь харж байж хөрөнгө оруулалт хийх нь хамгийн зөв гэж хэлэх санал юу байгаа вэ?

Б.Билгүүн: Нийт хөрөнгө, нийт хураамж хоёрыг харах хэрэггүй. Яагаад гэвэл том том давхар даатгалын гэрээнүүдээ орохоор хэлбэлзээд байх магадлалтай. Тухайн даатгагчийн өөрөө эрсдэлийг нь хариуцаж байгаа гэрээнүүдийн хураамжийг цэвэр хураамж гэж байгаа. Нийт хураамжаасаа давхар даатгал руу явуулсныг нь үлдээгээд цэвэр хураамж нь хамгийн тогтвортой сайн өсөж байгаа нь хамгийн нэр хүнд, үйлчилгээ, итгэл сайтай байгаа гэж үзэх юм. Яагаад ашгийг шууд харъя гэж хэлэхгүй байна вэ гэхээр, даатгалын компаниуд том болж эхлээгүй байгаа. Жинхэнэ том хэмжээнд бол хүрээгүй байгаа болохоор зах зээлээ эзлэх зориулалтаар ашгаа түр зуур орхих ч юм уу. Маркет шейрээ нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байх боломжтой. Жишээ нь Энэтхэг рүү ороход даатгалын компани эхний 5, 10 жил зүгээр ашиггүй явчихдаг. Зах зээлээ ер нь эзэлж байгаа. Эхний 10 жилдээ ашиг бол бидэнд хамаагүй гэдэг. Тэгээд зах зээлээ эзэлж аваад, тэр чинь асар том зах зээл юм чинь тэрний дараа ашгаа яаж ихсэх вэ гэж ярьдаг. Тэгэхээр манайд дөнгөж шинэ эхэлж байгаа болохоор ашгаас гадна одоо орлогын чанар, цэвэр хураамжийнх нь тогтмол өсөлт. Түүн дотроо цэвэр хураамжийн том гэрээнүүд нь ганц том байгууллагаас юм уу, эсвэл олон жигд байгууллагаас юм уу, хэд хэдэн иргэд, байгууллага, ямар чиглэлээр, ямар бүтээгдэхүүн рүү жигд хуваарилагдаж байна уу, үгүй юу түүнийг нь үзэх хэрэгтэй. 

Б.Дөлгөөнзул: Даатгалын компаниудын зах зээл хамгийн багадаа 6 дахин өсөх боломжтой байна гэсэн. Тэгвэл даатгалын компаниудад яг хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүст хамгийн зөв цаг нь байна гэж та хэлж байна уу? Эсвэл одоохондоо бид нар хөгжөөд явж байна, цааш хөгжих боломжтой том зах зээл. Яг хэзээнээс эхлээд хөрөнгө оруулалт хийгээд эхэлвэл зөв. Гаднын хөрөнгө оруулагчид манайхыг тэр үед нь сонирхож эхлэх байх гэсэн тийм тооцоолол байна уу? 

Б.Билгүүн: Өнөөдрийг хүртэл сүүлийн 2, 3 жилийн дотор хамгийн дажгүй өсөж байгаа хувьцаанд даатгалын хувьцаанууд байгаа шүү дээ. Миний хувьд гэхэд хувьцаанд нэлээн сайн ашиг олсон байна лээ. Салбарууд дотроосоо харахад хамгийн өндөр өсөлттэй жишээ нь уул уурхай энэ жил эдийн засагт нь бараг 30 хувь өсчихсөн юм уу даа. Нөгөө зэсийн үнэ 2 дахин өссөнөөс болж байгаа байх. Мөн алтны үнэ ч гэсэн түүхэн дээд түвшинд 2000 гарсан. Түүний араас гэвэл бараг даатгал байна шүү дээ. Жижиг л болохоос ер нь тийм. Ингэж хурдтай өсөж байгаа салбарууд ховор. Байнга жил бүр хорин хэдэн хувь өсөөд байдаг салбарууд байхгүй. Тэгэхээр цаашаа ч гэсэн нэвтрэлт нь болоогүй болохоор хамгийн зөв хөрөнгө оруулалт болж харагдана. Жишээ нь гаднын хөрөнгө оруулагч орж ирээд нэгдүгээр самбарыг хараад хамгийн өндөр өссөн компаниуд нь юу байна вэ гэхээр мэдээж даатгал  гараад ирчихнэ. Түүний араас “АПУ, Сүү” тийм хувьцаанууд байна шүү дээ. Яалт ч үгүй хөрөнгө оруулалтын нэг сонголт хэрэгсэл болчхоод байна. Яг одоо хийх үү, үгүй юу гэдэг дээр би даатгалын компаниас үнэлж гаргаж байсан. Одоо бол яг бодитой үнэлгээн дээрээ байгаа. Тэгээд цаашаа жил болгон өсөөд л явна гэсэн үг. Миний хувьд авах гэж байгаа хувьцаануудынхаа дор хаяж 30, 40 хувийг даатгалын хувьцаа авчихвал зүгээр гэж хэлэх байна. Энэ жил чинь Монголын хөрөнгийн биржийн хамгийн рекорд өндөр боллоо. Дэлхийд 130%-ийн өсөлттэй. Тэгэхээр тийм хөөсөрсөн юм байж магадгүй. Яагаад гэвэл сая хадгаламжийн хүү буураад, бодлогын хүү нь хэвэндээ үлдчихсэн. Хүмүүс ерөнхийдөө мөнгөө ийш тийш нь гаргаж авч татсан болохоор тэгсэн байгаа. Гэхдээ тийм өндөр бол биш, ирээдүйтэйгээ харьцуулахад гайгүй боломжийн гэж бодож байна. 

Б.Дөлгөөнзул: Энэ сэдвийн хүрээнд өмнө нь сургалт хийж байхдаа банкнууд дээр жишээ болгож ярьж байсан. Одоо удахгүй банкнууд эхнээсээ IPO гаргах гэж байна. Банкнууд дээр судлах зүйлүүд нь юу байх вэ? Банк, даатгал хоёр тусдаа үйлчилгээ, тусдаа тоонууд байгаа, юуг нь илүү их харж байх ёстой вэ? 

Б.Билгүүн: Банкны гол орлого чинь хадгаламж шүү дээ. Даатгалаа бол хураамж гэж байсан бол хадгаламжийнх нь өсөлтийг харах хэрэгтэй. Гол эрсдэл бол чанаргүй зээл гэж үзүүлэлт байгаа. Тэр нь 10 хувь болчихсон явж байгаа. Харин ашигт ажиллагааг нь хадгаламжийн хүүгийн зардал, зээлийн хүүгийн зардал хоёрын зөрүү харуулдаг. Тэгэхээр чанаргүй зээлийн хувийг, хадгаламжийн өсөлтийг, зээл хадгаламжийн хүүгийн зөрүүг харах байх даа. Ганцхан банкны хувьцаа авч болно гэсэн юм байхгүй шүү дээ. Тиймээс арай эрсдэл багатай, томхон бишээс нэгийг, арай жоохон технологийн, сүүлийн үеийн юм хийж байгаа өөр стратегиар явах гэж байгаагаас нэг нэгийг сонгоод хийчихвэл зүгээр байх гэж бодож байна. 

Б.Дөлгөөнзул: Таныг санхүүгийн салбартаа шинжилгээ, судалгаа хийдэг хүн учраас ерөнхийдөө Монголын эдийн засгийн хүлээлт ямар байгаа вэ гэдэг талаас нь асуумаар байна. Цаашдаа  эдийн засаг хэр их хэмжээгээр өсөх вэ, мөн хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт төгрөгийн ханш яах вэ? Тогтворжоод бараг жил болчихлоо гэдэг. Энэ дээр ямархуу судалгаануудыг хийж байгаа вэ? 

Б.Билгүүн: Ханш дээр хэлчихье, манайд долларын нөөц хангалттай сайн байгаа. Яагаад гэхээр зэсийн үнийн өсөлтөөс хамаараад манай экспорт сайн ихэссэн. Экспорт, импортын зөрүү буюу манай улсын ашиг нэлээн алдагдалтай хэдий ч энэ жилийн хувьд багасчихсан байгаа. Доллар олж байгаа нь нэлээн сайн байгаа. Дээрээс нь Америкт ковидыг давахын тулд хүмүүстээ, бизнесдээ нэлээн их мөнгө тараасан. Түүний нөлөөгөөр инфляц өндөр байгаа. Тиймээс тэдний инфляц, манай ифляц хоёр ерөнхийдөө тэнцчихсэн байгаа учраас ханш нэг хэсэгтээ иймэрхүү ойролцоо байна байх. Эдийн засгийн хувьд би судалж бол мэдэхгүй. Нөгөө хөгжлийн агентлагууд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэргүүд бараг сүүлийн 20 жил манай эдийн засгийг судалж байгаа. Тэгээд жил бүр прогноз гаргадаг. Тэр нь энэ жил 4.5-6 хувь байгаа. Дараагийн таван жил ч гэсэн иймэрхүү байгаа. Доллароор гэсэн үг. Ер нь бодит эдийн засгийг тэд нар тэгж төсөөлж байгаа юм. Нэлээн нарийн бараг төслийн түвшинд гаргадаг. Хамгийн сайн кэйс гэвэл жишээлбэл, төмөр замуудаа барьчихвал 10 хувь өсчихнө. Муу кэйс нь вирусээ алдсаар байгаад эдийн засгаа зогсоочихвол муудаад явчихна. Дундаж кэйс нь нэг доллар дээр таван хувь буюу төгрөгөөр бол 14, 15  хувийн өсөлттэй гарахаар байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд эдийн засаг хагас жилээр бодит нь 6.2 билүү 4.8 хувь өссөн. Тэр прогноз нь хүрчихсэн явж байгаа. Дараагийн хагас жилд ч гэсэн ер нь ойролцоо сайн гарах байх гэж бодож байна. Бүр муудаад байх шалтгаан алга. 

Б.Дөлгөөнзул: Бидний ярилцах хугацаа өндөрлөх дөхөж байна. Танаас хамгийн сүүлийн асуултыг асуумаар байна. Lunch Hour подкастын маань уламжлалт болсон асуулт “Та цайныхаа цагаар яг юу хийдэг вэ? Бизнесийн лидерүүд маань цайндаа орж амжиж байна уу? Эсвэл ажил яриад амжихгүй байна уу? Ер нь цайныхаа цагийг хэрхэн үр бүтээлтэй, яаж өнгөрөөж байгаа вэ?

Б.Билгүүн: Цайндаа орж амжиж байгаа. Заримдаа хүмүүстэй цуг орчихно, заримдаа ганцаараа. Ерөнхийдөө уншиж өнгөрдөг. Хүмүүстэй орвол яриад л өнгөрөөчихдөг. Яг тийм үр ашигтай, тэгж өнгөрөөдөг гэсэн арга бол байхгүй. Ихэвчлэн уншиж өнгөрөөдөг.

Б.Дөлгөөнзул: Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. 

Б.Билгүүн: За баярлалаа. 

Б.Дөлгөөнзул: Энэ хүрээд Lunch Hour подкаст маань өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт Бодь даатгал компанийн санхүү хариуцсан захирал Б.Билгүүн оролцсон байгаа. Дараагийнхаа дугаараар уулзацгаая баяртай.

 

Энэхүү бичвэрийг дуу болон дүрс бичлэгийг бичвэр болгон буулгах Чимэгэ бичээч системийн тусламжтайгаар буулгав