Finspiration
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хэрхэн гаргадаг вэ?
22.06.08
А.Баттүвшин
Tweet
cover

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) худалдаад авчихдаг юм билүү гэж бодоод үнэт цаасны танилцуулгыг нь унших гэхээр ТЗК, Андеррайтер гээд мэдэхгүй нэршлүүд олон таарч байна уу? Тэгвэл эдгээр нь ямар учиртайг ойлгуулах гээд үзье.

ХБҮЦ гаргах процессыг сануулахад

Жишээ нь “А” компани ХБҮЦ гаргасан гэж бодъё. Тэгвэл уг компанийн хамгийн чанартай гэсэн зээлүүдийг шилж, сонгоод үнэт цаасны эргэн төлөлтийн баталгаа болгодог. Ингээд энэ зээлүүдийн эргэн төлөлтөөр хөрөнгө оруулагчдын анх оруулсан мөнгийг буцаан төлдөг билээ.

ХБҮЦ гаргахад оролцогч талууд

  • Аудит болон хуулийн фирм: PwC, Deloitte, MDS Khanlex гэх мэт аудит болон хуулийн компаниуд ХБҮЦ-ны баталгаа болж буй зээлийн багцыг нэгд нэгэнгүй шалгадаг. Үнэхээр чанартай юм уу, зээлдэгч нь зээлээ төлөхгүй алга болчих эсэх гээд.
  • Тусгай зориулалтын компани (ТЗК): Улмаар зээлийн багцыг ТЗК хэмээх ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй компанийн нэр дээр шилжүүлдэг. Ингэснээр тухайн зээлүүдийн эргэн төлөлт нь зөвхөн ХБҮЦ-ыг авсан хөрөнгө оруулагчдын мөнгийг эргэн төлөхөд л зарцуулагдана.
  • Хөрөнгө итгэмжлэн удирдагч: ТЗК нь үйл ажиллагаа эрхлэхгүй учир ажлыг нь Хөрөнгө итгэмжлэн удирдагч хэмээх компани өмнөөс нь хийж өгөх болдог. Тухайлбал, зээлийн эргэн төлөлтийг цуглуулах, хөрөнгө оруулагчид руу ХБҮЦ-ны эргэн төлөлтийг шилжүүлэх гэх мэт. 
  • Андеррайтер: Дээрх олон оролцогч талуудыг холбох, үнэт цаасны танилцуулгыг нэгтгэн бэлтгэх ажлыг андеррайтер буюу үнэт цаасны компани хариуцдаг. Мөн хөрөнгө оруулагч танд үнэт цаасны нөхцлийг тайлбарлах, холбогдох мэдээллийг түгээдэг учир танд арай ойр санагдах компани нь юм уу даа. 

Ярвигтай эд байгаа биз? Ийм л их оролцогч талууд байдаг учир хувьцаа, компанийн бондоос эрсдэл бага ажээ. Одоо та ХБҮЦ худалдан авахдаа дээрх оролцогчдыг ямар компаниуд төлөөлж байна гэдгийг нэг шалгачихаад шийдвэрээ гаргаж болох л юм.