Товхимол
АНУ-ын хоригтой нүүр тулсан Huawei цааш яах вэ?
21.10.12
Ө.Түмэндарь
Tweet
cover

Америк, Хятадын худалдааны гол хохирогчдын нэг нь яалт ч үгүй Huawei болж байна даа. Жилийн өмнө л дэлхийн тэргүүлэх гар утас борлуулагч байсан тэд өдгөө топ-5-д ч багтахаа байж борлуулалт нь 85%-аар унажээ. 

Юу болоод байна… 

  • 5G технологи: Америк төдийгүй Европын орнууд ч мөн адил компанийн 5G технологийг ашиглахгүй, нэвтрүүлэхгүй байхаар болжээ. Ингэснээр Huawei-н шинэ дарга Эрик Сю 5G болон гар утасны бизнесээс учирсан хохирлыг нөхөж чадахгүй гэдгээ 9-р сард Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэв.
  • Орлого: Жилийн эхний хагасын байдлаар тэдний орлого 29.4%-аар буурч, $49.5 тэрбумд хүрсэн байна. Гэсэн ч тэд улирал бүр ашигтай ажилласаар байгаа аж. 
  • Гол бизнес: Тэдний гол бизнес нь гар утас биш бөгөөд цахилгаан холбооны хэрэгсэл борлуулах юм. Жишээ нь, танай гэрт байгаа Unitel-ийн цагаан төхөөрөмж. Тэгвэл энэ үйл ажиллагааны орлого нь ч гэсэн эхний хагас жилд 14% буурч $21 тэрбумд хүрчээ. 
  • Итгэлээ алдахгүй шүү: Гэхдээ тэд бууж өгөлгүй, бүтээгдэхүүнээ сайжруулж, шинэ инновацын төлөвлөгөөгөө танилцууллаа. Тухайлбал, дижитал технологийн экосистем болох Kunpeng, Ascend, HMS, HarmonyOS, Huawei Cloud болон MDC (Mobile Data Center)-ийг сайжруулахад онцгой анхаарал хандуулахаа зарлав. Мөн онгоцны буудал, уурхайд 5G болон хиймэл оюун ухаанд суурилсан дэд бүтцийг шинэчлэхээр зорьж байгаа аж.

Эцэст нь…

Жо Байдений ЗГ Huawei-д тавьсан арга хэмжээг цуцлах хүсэлгүй байгаа бөгөөд Америкийн худалдааны нарийн бичгийн дарга “хэрэв шаардлагатай бол компанийн эсрэг нэмэлт арга хэмжээ авна” хэмээн мэдэгджээ. Харин Huawei-ийн удирдлагуудын зүгээс цаашид цахилгаан машин, програм хангамж, нүүрс олборлох технологи руу чиглэнэ хэмээн зарлаад буй нь Америктай, Америкгүй байр сууриа бат болгоно л гэсэн санаа байх даа .