Товхимол
Удахгүй гарах 3 том IPO
21.10.08
Lemon Press
Tweet
cover

Цаана чинь “одоо болтол IPO гаргаагүй байсан юм уу” гэж гайхмаар том компаниуд IPO гаргахаар болжээ. 

Gitlab Inc (GTLB): $9 тэрбум өөд

Nasdaq-ын жагсаалтад "GTLB" гэсэн тикер гэнэт гараад ирвэл битгий гайхаарай. ICONIQ Capital, Khosla Ventures (KVSB) зэрэг хүчтэй дэмжлэгтэй болсон код платформ Gitlab 8.42 сая хувьцаагаа олон нийтэд санал болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Төлөвлөгөөний дагуу $624 саяыг босговол тэдний үнэлгээ $9 тэрбумд амархаан гэгч нь хүрнэ. Gitlab бол програм хөгжүүлэлтийн явцыг хялбарчилж, багийн ажиллагаа сайжруулах онлайн хэрэгслүүд бүтээдэг компани юм. Тэдний үйлчилгээнд хамрагдвал Nvidia Corp (NVDA), Siemens AG (SIEGn.DE)  бас Goldman Sachs (GS.N) зэрэг томчуудтай нэг ширээнд сууна аа л гэсэн үг. 

Rent the Runway: Долоо дордсон ч найм сэхнэ

Онлайн худалдааны тэсрэлттэй зэрэгцэн хөлөө олсон компаниудын нэг бол хувцас түрээсийн онлайн платформ Rent the Runway билээ. 2009 онд нээлтээ хийснээс хойш зах зээлээ тогтвортой тэлсэн ч цар тахлын үед хэрэглэгчдийнхээ талаас илүү хувийг алдсан. Компанийн орлого 2020 онд өмнөх оны мөн үеэс 38% буурч, $157.5 саяд хүрчээ. Гэхдээ тэд эргэн ирж, бүр улам томорно гэнэ. Тиймээс IPO хийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэхэд Poshmark (POSH), Thredup (TDUP) зэрэг компаниудтай хамтрах аж.

Udemy: Цар тахлаас хожигсдын дараагийн нүүдэл IPO

Цар тахлын үеэр хохирсон бизнесүүд байхад хожсон бизнесүүд гэж бас байна. Одоо 75 хэл дээрх 183 мянга гаруй цахим хичээлийн сантай Udemy компанийн орлого 2019-2020 онд 55.6%-аар өссөн гээд л бод. Гэхдээ цар тахлын үе дуусахтай зэрэгцээд тэдний энэ айхтар өсөлт буурах хандлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. АНУ-ын Fortune 100 компанийн 42% нь хэрэглэдэг уг платформд 44 сая суралцагч бүртгүүлжээ. Нийт $200 тэрбумын буй зах зээлд $3.3 тэрбумаар үнэлэгдээд байна. Авах эсэхээ эргэцүүлнэ буй за.