Товхимол
Саудын Арабын хунтайжийн "Шинэ цайз"
21.10.11
А.Баттүвшин
Tweet
cover

Өнгөрсөн 7 хоногоос хойш Английн Premier лигийн Newcastle United клубын эргэн тойронд дуулиантай мэдээнүүд хөвөрсөөр байна. Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сан (PIF) клубыг £300 саяар худалдаж авснаар Newcastle United дэлхийн хамгийн баян баг болжээ. Тэгвэл Premier лигийн бусад 19 багийн удирдлага үүнийг эсэргүүцэж, яаралтай хурал хийхийг шаардлаа

Яагаад болохгүй гэж?

Энэ наймаа 4 жил хойшилсон. Учир нь, Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сангийн удирдагч, угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн гэх ярианд холбогдсон юм. Харин Premier лигийн удирдлагаас Newcastle-ыг хунтайж шууд удирдахгүй гэсэн баталгаа авсан нь худалдан авалтыг зөвшөөрөхөд түлхэц болжээ. Бусад багийн удирдлагууд наймааны үнийн дүн огцом өсөх, цалингийн хэмжээ эрс нэмэгдэж магадгүй зэрэгт санаа зовж байгаа гэнэ.

Шидтэй сан

Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сан нь $430 тэрбумын хөрөнгөтэй дэлхийн хамгийн чинээлэг баялгийн сангуудын нэг юм. 1971 онд эзэн хааны тушаалаар байгуулагдаж, одоогоор Саудын Арабын стратегийн 13 салбарын 35 компанид хөрөнгө оруулжээ. Энэхүү сангийн орлогын эх үүсвэр мэдээж газрын тосны компаниудын орлого билээ. Газрын тосоо үүрд зарж чадахгүйгээс хойш урт хугацаанд тасралтгүй орлоготой байхын тулд шинэ арга замууд эрэлхийлж байгаа нэг жишээ нь дээр дурдсан худалдан авалт болно. 

Newcastle-ийг нэгтгэсэн шалтгаан

Сангийн хувьд энэ гадагшаа чиглэсэн анхны алхам биш бөгөөд өмнө нь Disney (DIS), Uber (UBER), Facebook (FB), Starbucks (SBUX) ба Pfizer (PFE) зэрэг томчуудад хөрөнгө оруулж байв. Newcastle-ыг худалдаж авсан нь ч бас бодлоготой алхам. Тэд Английн хойд хэсэгт сэргээгдэх эрчим хүчний чиглэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хандлагатай байгаа ба клубын худалдан авалтад хамтарсан Рубены ахан дүүс энэ чиглэлд ажилладаг юм.

Эцэст нь… 

Эдийн засаг нь нэг салбараас хамааралтай байдлаас гарахын тулд улс орнууд ингэж ажилладаг ажээ. Манайхан суралцах хэрэгтэй шүү дээ. Уул уурхайгаас орж ирэх орлого хайчсан нь мэдэгдэхгүй байх биш баялгийн сандаа оруулаад түүгээрээ эргээд бодит хөрөнгө оруулалт хийх нь өөрөө дэлхийд тогтсон жишиг билээ.