Товхимол
Монголд ажил эрхлэгчдийн 6% нь ₮3 саяас дээш цалин авч байна
21.12.15
Lemon Press
Tweet
cover

МУ-ын III улирлын цалингийн тайлан гарчээ. Хэрэв та хуулийн дагуу хөдөлмөрөө үнэлүүлээд ₮3 саяас дээш цалин авдаг бол та цалингаараа Монголд ажил эрхлэгчдийн топ 6%-д багтаж байна шүү. Үүнд мэдээж таны хувиараа татваргүй лангуу ажиллуулаад олсон орлого багтахгүйг анхаараарай. 😜

Хоёр идэхгүй, хоосон хонохгүй

Монголд нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг 713 мянган ажилчин буйгаас 50% нь ₮993 мянгаас доогуур цалингаар амьдарч байгаа юм. 2020 онтой харьцуулахад ₮1.1 сая хүртэлх цалин авдаг хүмүүсийн эзлэх хувь 3%-иар буурсан. Гэхдээ дундаж цалин хангалттай өсөөгүй байна. Улаанбаатарын төвийн бүсэд 1 өрөө байрны түрээсийн дундаж үнэ болох ₮1.02 саяыг ажил эрхлэгчдийн талаас дээш хувь нь цалингаараа төлөх боломжгүй нөхцөл байдалтай байна шүү дээ.

₮3+ сая цалин авдаг та уул уурхайн ажилтан юм уу?

Монголын уул уурхайн салбарын дундаж цалин ₮3.1 сая байгаа нь хамгийн өндөр цалинтай салбараар тодорчээ. Харин зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний ажилчдын дундаж цалин ₮890 мянга болж, цалингийн хамгийн доогуур үнэлгээтэй салбараар нэрлэгдэв.

Эцэст нь

Хэдийгээр бидний III улирлын дундаж цалин өмнөх жилээс 5.2%-иар өссөн ч инфляц 10.5% байгааг бид санах хэрэгтэй. Иймд бид үнэндээ цалингийн бодит өсөлт бус харин бууралтыг л харж байна даа.