Бид олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлаар яригдсан зүйлсийг уншигчдадаа ойлгомжтой, дэлгэрэнгүй хүргэх зорилгоор “LP Transcript” буюу хурлын тэмдэглэлийн контент гаргаж байгаа билээ. LP Transcript-н ээлжит дугаараар АПУ ХК (APU)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу!
📅 2024 оны 4 сарын 30
⏲ 14:00 минут
📍 Цахим хурал
Хувьцаа эзэмшигчдийн хурлын эхэнд ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Ч.Ариунсан хурлаар хэлэлцэх 4 гол асуудал болон хурлын дэгийг танилцуулав. Дараагаар нь АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг нээж үг хэллээ.
ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.АРИУНСАН
Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигч нараа. 2024 оны АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг болон хэлэлцэх асуудлуудыг танилцуулъя.
Хурлын дэг
Хэлэлцэх асуудлууд
ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.АРИУНСАН
За ингээд хуралд хүрэлцэн ирж хувьцаа эзэмшигчид та бүхэндээ ажлаа тайлагнах асуултад хариулахаар ирсэн хүмүүсээ танилцуулъя. 1-рт хурлын дарга, АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Цалин урамшууллын хорооны дарга Ё.Гэрэлчулуун, мөн ТУЗ-ийн хараат бус гишүүн, Нэр дэвшүүлэх хорооны дарга О.Одбаяр, за мөн Teams-р онлайн оролцож байгаа манай ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга Ж.Үнэнбат, АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилиг, АПУ ХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүнд нэр дэвшигч Б.Гомбо-Эрдэнэ, КPMG Аудит компанийн төлөөлөл болох Татьяана Яакавлева, Б.Гэрэл, Чо Сон Ён, за мөн Солид Юнит Аудит компанийн захирал Мөнхтогтох нар хүрэлцэн ирээд байна аа.
Хурлыг эхлүүлэхээс өмнө бүртгэлийн ажиллагааны дүнг гаргаж ирцийг танилцуулна уу, хэмээн тооллогын комиссын дарга Б.Онон таныг индэрт урьж байна.
ТООЛЛОГЫН КОМИССЫН ДАРГА Б.ОНОН
Тооллогын комиссын дарга Б.Онон байна. За тооллогын комисс ирцийг баталгаажуулж ирцийг хаасныг мэдэгдье. АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комиссын дүнг үндэслэн тогтоох нь.
Ингээд хурлыг нээж АПУ ХК-ийн 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулна уу хэмээн хурлын дарга, Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг таныг индэрт урьж байна.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГ
Нийт хувьцаа эзэмшигчид та бүгдийнхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье ээ. Өнөөдөр АПУ ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлыг манай Ариунсан дарга маань түрүүнд тодорхой танилцуулсан. Энэ слайд дээр нарийвчилж 4 асуудлыг хэлэлцэхээр оруулсан байгаа. Ингээд АПУ компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг та бүхэндээ танилцуулъя. 2023, 2024 он бол АПУ групп компанийн хувьд түүхэн он. Монгол Улсад шингэн хүнсний үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой мөн тохиож байна. Тийм учраас бид 100 жилийнхээ үүх түүхийг эргэн харж, юун дээр амжилт гаргаж, юун дээр алдсанаа тунгаан, ирээдүйн 100 жилийг хэрхэн тодорхойлж, ямар стратегиар, ямар хөгжлийн бодлогыг баримтлах вэ гэдгээ тодорхойлсон түүхэн хариуцлагатай он жил байлаа гэж үзэж байна.
2023 онд бид томоохон хөрөнгө оруулалтуудыг урьдын адил хийж ашиглалтад орууллаа. Товчхон хэлэх юм бол, манай Спирт Бал Бурам ХХК үйлдвэрт Монголд анх удаа Хонин нуга, Шигүдэри брэндийн урлангийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь амжилттай эхлүүллээ. Бид дараагийн зуунаа тодорхойлох өөрсдийн эрхэм зорилго, үнэт зүйлс, алсын хараа, уриа үгээ шинэчлэн тодорхойлохдоо, зөвхөн бид гэхээс илүүтэйгээр олон улсын нэр хүнд бүхий Publicis компанитай хамтран, жилийн туршид энэ төсөл дээр ажиллаж, төслийнхөө үр дүнг ТУЗ-өөрөө баталж, 2023 оны сүүл, 2024 он буюу АПУ групп компанийн 100 жилийнхээ босгон дээр дараагийнхаа 100 жилийг тодорхойлох ажлыг хэрэгжүүлээд та бүхэндээ хүргэж байгаа юм.
Бидний хувьд хамгийн чухал зүйл бол үнэт зүйлс, зарчим. Та бүхэн маань ч үүнийг мэдэж байгаа. Өмнө нь бид 5 үнэт зүйлс, зарчимтай байсан бол түүнийгээ илүү тодорхой болгож 4 үнэт зүйлсийг тодорхойлсон. АПУ групп компанийн нийт ажилчид, хамтрагчид маань таних эрмэлзэлтэй, үнэн чанартай, бүтээлч чадварлаг, хүнлэг сэтгэлгээ гэсэн 4 үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлаж эрхэм зорилго, алсын хараагаа тодорхойллоо. Түүнчлэн бид уриа үгээ 2 үгтэй болгож “Үргэлж өөдөө” гэдэг уриатайгаар дараагийн 100 жил маань үргэлж өөдөө байж, хүн төвтэй засаглалтай, илүү эрч хүчтэй, илүү таних эрмэлзэлтэй, илүү бүтээлч, инновацлаг байх, бид бизнес, ажлыг хийхдээ хүний мөн чанартай монгол хүний оюун санаа, ур чадварыг, монголчуудын, ААН-ийн тогтвортой хөгжлийг хэрхэн сайжруулах вэ, гэдэг тал дээр бий болгосон үнэт зүйлс байгаа юм аа. Үүнийг та бүгд манай АПУ компанийн Facebook хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай үзэж байгаа болов уу гэж бодож байна.
Өнөөдрийн байдлаар бид 2023 оны эцэст 1,064,181,553 хувьцаатай үйл ажиллагаагаа явуулж байгаа нээлттэй компани. АПУ групп компанийн хувьд 2023 онд АПУ Дэйри ХХК, Спирт Бал Бурам ХХК, АПУ Трейдинг ХХК, М-Би-Си Азиа Пасифик ХХК, за мөн Чингисхаан Интернэшнл Лимитэд, Гранд Ист ХХК, Гранд ХХК, мөн Хятадад бас бидний АПУ Трейдинг ХХК болон хамтран хөрөнгө оруулсан Дижитал Концепт ХХК гэсэн компаниудын үйл ажиллагаагаар компанийн бүтэц тодорхойлогдож байгаа. Түүнчлэн бид 2023 оны 12 сарын 31-ний байдлаар 20,556 хувьцаа эзэмшигчтэй байна.
ТУЗ маань дараах бүрэлдэхүүнтэйгээр ажилласныг та бүгд маань мэдэж байгаа. Мөн гүйцэтгэх удирдлага болон удирдлагын дэд багийг та бүхэндээ товчхон танилцуулж байна. Урьдын адил энэ залуучууд маань эрч хүчтэй ажиллалаа.
2023 оны үйл ажиллагааны хураангуйг товчхон танилцуулбал, бидний цэвэр борлуулалтын орлого 30% өссөн байна. Түүнчлэн ₮1.1 их наядын борлуулалтыг хийж өнгөрсөн оноосоо нэлээдгүй өсөлтийг хийж чадсан амжилттай ажиллалаа гэж бодож байна. Тоо хэмжээний хувьд 171 сая литр бүтээгдэхүүн буюу өнгөрсөн оноосоо 8%-ийн өсөлттэй. Цэвэр ашгийн хувьд өнгөрсөн оноосоо 7% буюу ₮117 тэрбумын цэвэр ашигтай. Монгол Улсын төсөвт ₮438 тэрбумын татвар төлж, энэ нь өмнөх оноосоо 10% өссөн үзүүлэлт юм. Цэвэр ашгийн хувьд үндсэн шингэн хүнсний бизнес, сүүний бизнесийн маань цэвэр ашиг өнгөрсөн онуудаасаа нэлээдгүй өсөлттэй байв. Бид өнгөрсөн онд 513 нэр төрлийн бүтээгдэхүүн буюу өнгөрсөн онтойгоо нь харьцуулахад нийтдээ 15%-ийн шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгч та бүхэндээ хүргэсэн байна. Түүнчлэн албан ёсны ажилчдын тоо маань 2,388-д хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оноос 1,300 гаран шинэ ажлын байрыг бий болгосон үзүүлэлт юм.
2023 онд бид нэлээдгүй олон төслийг хэрэгжүүллээ. Тухайлбал, Шунхлай группийн 30 жилийн ойтой холбоотойгоор Шунхлай группийн маань үүсгэн байгуулагчид нийт Шунхлай группийн 7,000 гаруй ажилчдадаа АПУ ХК-ийн хувьцааг олгосон. Бид ганц гэхээс илүүтэй бүгдээрээ энэ компанийн хувьцаа эзэмшигч эзэн нь байж, компанидаа эзний ёсоор ханддаг, сэтгэлээрээ ханддаг тогтолцоог бий болгохын төлөө нэлээдгүй том түүхэн шийдвэрийг гаргасан гэж үзэж байгаа. Түүнчлэн Монгол бяслаг, Шигүдэри урлах үйлдвэр маань жил гарангын хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал суманд бий болж энэ үйлдвэр маань өнөөдөр Монголын хэрэглэгчдэд органик бүтээгдэхүүнээ хүргээд явж байна. Мөн "Монгол Сарлаг" төсөл маань Архангай аймгийн Чулуут суманд амжилттай хэрэгжиж бид Mont-Yak брэндийг та бүхнийхээ гар дээр хүргэсэн байгаа. Энэ брэнд бол олон зуун мянган хүний хөдөлмөр шингэсэн, хамтын үнэ цэнтэй ийм бүтээгдэхүүн байлаа гэж бид бодож байна. Цаашлаад, Сонгинохайрхан дүүрэгт Баруун бүсийн West HUB буюу агуулах, логистикийн цоо шинэ автомат төвийг ашиглалтад оруулж өнөөдөр Улаанбаатарынхаа түгжрэл, Улаанбаатарт ялгарч байгаа нүүрсхүчлийг багасгах тал дээр бас томоохон хэмжээний нэмэр болсон гэж үзэж байна.
2023 онд бидний нэг чухал зорилт бол экспортынхоо борлуулалтыг илүү сайжруулах асуудал байлаа. Ялангуяа Хятадын зах зээл Ковид-19-ийн дараа өөрчлөгдөж, бараг шинээр зах зээл дээр нэвтэрч байгаа юм шиг ийм ажлуудыг хийж, тодорхой хэмжээний үр дүн гарлаа. Түүнчлэн Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын зах зээл дээр амжилттай гарч бид нэлээдгүй ололт, амжилттай ажилласан. Тухайлбал, анх удаа Казахстан Улсын зах зээлд гарлаа. Түүнчлэн Өмнөд Солонгосын зах зээл дээр 2 брэндээ гаргаад амжилттай явж байна. Өнгөрсөн онтойгоо харьцуулах юм бол нийт борлуулалт маань 58% орчим өсөлтийг үзүүлсэн байна. Дараагийн нэг гол бодлого бол бид хүн төвтэй засаглалыг үйл ажиллагаандаа хэлбэрэлтгүй нэвтрүүлэх талаар томоохон ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Энэ талаараа та бүхэндээ өөрийн вэбсайт болон АПУ групп компанийн тайланд тодорхой тусгаж явсан. Өдрөөс өдөрт Монгол хүний үнэ цэнийг яаж нэмэгдүүлэх вэ, яаж бүтээмжтэй болгох вэ, яаж бид нар гадагшаа урсаж байгаа залуучуудынхаа урсгалыг тогтоож, Монголынхоо үндэсний үйлдвэрт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд болох чинээгээрээ маш олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллав. Залгамж халаагаа бэлдэх тал дээр бид бас сургалтаар, практикаар дамжуулж нэлээд олон залуучуудыг бэлтгэж ажиллалаа.
Түүнчлэн бид олон жил ажилласан ажилчдадаа зориулж хөнгөлөлт урамшууллын BoostiBe хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлж, хамгийн сүүлийн үеийн технологиор өнөөдөр групп компанийнхаа бүтээгдэхүүнийг, мөн бидэнтэй хамтарч ажилладаг компанийнхаа бүтээгдэхүүн, үйлчилгээг ажилчдадаа жилд урамшуулал болгон өгч байна. Үүнийгээ бас үр хүүхдүүддээ, гэр бүлдээ зарцуулдаг ийм тогтолцоог бий болголоо. Энэ нь манай ажилчдын маань хувьд сэтгэл ханамж өндөртэй ийм нэг төсөл болж байна гэж үзэж байгаа юм аа.
Цаашлаад, бидний өрсөлдөх чадварын нэг томоохон зүйл бол шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр онцгойлон анхаарч ажилласан явдал. Ялангуяа бид нэгэнт ирж яваа цаг, нөгөөтээгүүр Монгол Улсын төрийн бодлого жил бүр согтууруулах ундааны буюу алкоголийн хэмжээг багасгах чиглэлд явж байгаа тул бид ч энэ тал руу нэлээд ажиллалаа. Алкоголь багатай бидний хэлж заншсан Ready to Dreank буюу шууд хэрэглэхэд бэлэн коктейлийг хэрэглээний шинэ соёл болгож Монгол Улсын зах зээл дээр анх удаа гаргасан. Бид хуучин үйлдвэрлэдэг шар айраг болон бүх архины хатуулгыг багасгасан. Нөгөөтээгүүр сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ портфолиаг ихэсгэж, илүү амьд, илүү үнэтэй, илүү хүний эрүүл мэндэд хэрэгцээтэй энэ тал руу нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийснийг та бүгд маань мэдэж байгаа.
АПУ групп компанийн дараагийн нэг чухал асуудал бол эрсдэлийн удирдлагыг зөв тодорхойлж үүнийхээ дагуу эрсдэлийг яаж амжилттай даван туулах вэ, гэдэг дээр анхаарлаа онцгойлон хандуулж ажилласан. Өнгөрсөн жил та бүгд маань Улаанбаатар хот ер Монгол Улсад, дэлхийд цаг уурын өөрчлөлт байгалийн давташгүй хүчин зүйл эдийн засагт ямар хохиролтой байдаг, түүнд бид нар ямар бэлтгэлтэй байх вэ, гэдгийг харуулсан ийм он болж өнгөрсөн. Үүний эсрэг бид олон арга хэмжээг авч бас урьдчилан зөв шийдвэрүүдийг гаргасны хүчинд хохирол багатай даван туулж байсан. Бид зөвхөн өнөөдрийнхөө бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаандаа анхаарахаас илүүтэйгээр, илүү тогтвортой хөгжлийг, ногоон хөгжлийг суурь үндсээ болгох стратегийг барьж ажиллаж байгаа. Түүнчлэн бид “Бахархалт Монгол" буюу тогтвортой хөгжлийн стратеги 2030-ыг өнгөрсөн жилээс нарийвчлан боловсруулж, өнөөдөр ТУЗ-өөрөө батлуулахад бэлэн болж байна.
Үүний үндсэн агуулга бол 5 хүрээнд бид үйл ажиллагаагаа ирэх 5, 10 жилээр явуулах юм. Түүний дагуу 20 чухал асуудал дээр онцгой анхаарал хандуулж, энэ 5 ханынхаа хүрээнд цаашдын хөгжлийг харж ажиллана.
Нийт хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа компаниудаасаа 4-р байранд жагсаж байна. Цаашид бид илүү нээлттэй засаглалыг бий болгохын тулд компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн 9 шалгуурыг нарийвчлан авч үзэж, бид илүү нээлттэй болгохын төлөө хамтран ажиллана аа гэж бодож байна. Бид тогтвортой хөгжлийнхөө стратеги, "Бахархалт Монгол 2030" хөтөлбөрийнхөө 5 баганыг та бүхэнд танилцуулсан.
1-рт, Ямагт орших өв соёл: Энэ хүрээндээ бид Монгол Улсад анх удаа олдсон 1,400 жилийн настай Алтан ятгын төслийг хамтран хэрэгжүүлж, өнөөдөр монголчууд ямар их үүх түүхтэй, ямар сайхан уламжлалтай, түүнийгээ бид дахин хөгжүүлж, ирж яваа залуу үедээ яаж хүргэх вэ, гэдэг дээр бид тодорхой хэмжээний нөлөөтэй байсан байх аа гэж бодож байна. Үүний хүрээнд нэлээдгүй олон төсөл, хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлсэн.
2-рт, Ногоон ба цэвэр тунгалаг: Бид яаж ногоон үйлдвэр болох вэ, яаж бид байгальд хаяж байгаа хатуу хаягдлаа багасгах вэ, яаж цахилгаан, уур, ус, дулааныхаа хэрэглээг багасгах вэ, гэдэг дээр хөтөлбөр гарган ажиллаж байна. Бид байгаль орчны менежментийн тогтолцоог, ISO 14001-2015-ыг аудитад оруулж гэрчилгээгээ авсан. Энэ стандартын дагуугаар өнөөдөр АПУ групп компанийн бүхий л үйл ажиллагаа явж байгаа.
Зөвхөн нэг компани ажиллахаасаа илүүтэйгээр бид ажилчдынхаа, хамтрагч нарынхаа, нийт монголчууддаа яаж ногоон дэлхийгээ хайрлах вэ, гэдэг тал дээр хамтран ажиллаж тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг хийх бас үүрэгтэй гэж бодож байгаа юм. Энэ үүднээсээ бид НҮБ болон хувийн бусад хэвшлүүдтэй хамтын ажиллагаагаа бол өндөр түвшинд гаргаж ажиллаж байна. Энэ тал дээр бас та бүхэн маань 2023 оны АПУ групп компанийн тогтвортой хөгжлийн тайланг гаргасан байгаа. Үүнийг бас та бүхэн үзэж сонирхоорой.
3-рт, Хүчирхэгдсэн хамт олны хувьд бид хүн төвтэй засаглалыг өдрөөс өдөрт бий болгож, хүний олон гэхээс илүүтэйгээр ур чадвартай, өндөр үнэлгээтэй, цомхон ийм хүний нөөцийн бүтцийг бий болгохын тулд бид олон улсын туршлагыг хэрэгжүүлж, ялангуяа бидний томоохон хувьцаа эзэмшигч Heineken компанийн туршлагыг эзэмших гэж залуучуудыгаа тухайн компанид, тухайн бүс нутагт удаан хугацаанд ажиллуулан дасгал сургуулилалт, практикийг эзэмшүүлэн, засаглалыг сайжруулах, бүтээмжийг сайжруулах тал дээр үр дүн гаргахад тодорхой өөрчлөлт орж ирж байна гэж бодож байна. Бид хариуцлагатай хэрэглээг онцгойлон харж үзэж байгаа.
Өнгөрсөн онд та бүхэн сонссон байгаа байх. “Гайхамшигтай жолооч уусан бол жолоо барьдаггүй” гэх нөлөөллийн аяныг бид Монгол Улсын хэмжээнд, зөвхөн АПУ компани гэхгүйгээр бусад нэлээд олон төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа. Соёлын яамнаас жил болгон зохион байгуулдаг Мөнгөн мод шагналыг “Гайхамшигтай жолооч” төсөл маань хүртсэн гэдгийг хэлэх нь зөв байх. Цаашлаад, бид согтууруулах ундааныхаа шошго дээр согтууруулах ундааны, ялангуяа зохистой, хариуцлагатай хэрэглээг дэмжсэн анхны дижитал шошготой бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаснаараа туйлын онцлог байлаа. Өнөөдөр АПУ групп компанийн үйлдвэрлэж байгаа шар айргийг та бүхэн гар утсан дээрээсээ шууд сканердаад ямар бүтээгдэхүүн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн юм, яаж зохистой хэрэглэх вэ, хариуцлагатай байх вэ, гэдэг бүхий л мэдээллийг QR кодоос харах боломжтой. Үүнийг бас та бүхнийг туршаад үзээсэй гэж хүсэж байна. За ингээд эцэс нь 2023 оны санхүүгийн үйл ажиллагааны ерөнхий тоймыг та бүгддээ танилцуулъя.
Түрүүн тоон илэрхийллээр гол, гол үзүүлэлтүүдийг та бүхэндээ танилцуулсан байгаа. За өнгөрсөн онд бид хамгийн чухал хөгжлийн үндэс болсон тухайн компани ирээдүйгээ харж ямар хөрөнгө оруулалтыг, ямар зорилготойгоор хийж байна вэ гэдэг асуудал байж байгаа. Бид 2023 онд ₮109.5 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийсэн байна аа. Энэ нь өнгөрсөн оноос харьцуулахад 27%-ийн өсөлтийг авч ирж чадсан байна. Борлуулалтын биет хэмжээгээрээ 8%-ийн өсөлтийг, цэвэр борлуулалтын орлого 30%-ийн өсөлтийг, үйл ажиллагааны ашиг 7%-ийн өсөлттэй. Тайлант үеийн цэвэр ашиг 7% бууралттай буюу түрүүнд би та бүхэнд үндсэн бас шалтгааныг хэлсэн байгаа. Ийм үр дүнтэйгээр санхүүгийн ерөнхий тойм маань гарсан байна. Түүнчлэн татвар төлөлтийн хувьд онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар бусад нийт татвар гээд ₮438 тэрбумын татварыг төлсөн байна. Энэ бол та бүгдийн маань гүйцэтгэх удирдлагын багт итгэл үзүүлж, ажилчид, өнөөдрийн энэ групп компанийн бүхий л хүмүүс ажилдаа сэтгэлээсээ хандан, урдаа тавьсан зорилгоо итгэл үнэмшилтэйгээр биелүүлж байгаагийн томоохон жишээ байх аа гэж бид бодож байна.
За, хувьцааны хувьд та бүхэндээ түрүүнд танилцуулсан. Ер нь өнгөрсөн онд хөрөнгийн бирж дээрх ХК-иудын хувьцааны үнийн хэлбэлзэл нэлээдгүй байлаа. Бид үүнийг нэлээд олон арилжааны банкнууд ХК болж, хөрөнгийн бирж дээр гарсантай холбоотой гэж дүгнэж буй. Ногдол ашгийн хувьд, АПУ групп компанийн хамгийн гол барьж явдаг чухал бодлого бол ногдол ашгийн бодлого байдаг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудаас, тэр дундаа хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иудаас хамгийн анх жилд 2 удаа ногдол ашиг хуваарилдаг стратегитай, бодлоготой түүнийгээ хэрэгжүүлж чадаж байгаа компани гэж бид бодож байгаа.
Өнөөдөр та бүхний маань дансанд манай ногдол ашиг орж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, энэ компани руу ногдол ашгаа шилжүүлсэн байгаа. За ингээд та бүхэн маань АПУ групп компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар товч тайланг хүргэж дууслаа. Та бүхэнд маань асуух асуултууд, шүүх шүүмжүүд бас урам хайрлах урмууд байвал чөлөөтэй хэлээрэй гэж хүсэж байна. Баярлалаа.
Хурлын дарга Эрдэнэбилэг захиралдаа баярлалаа. Ингээд АПУ компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлт, ТУЗ-ийн ажлын тайланг танилцуулна уу хэмээн Ё.Гэрэлчулуун захирлыг индэрт урьж байна.
ЦАЛИН УРАМШУУЛЛЫН ХОРООНЫ ДАРГА Ё.ГЭРЭЛЧУЛУУН
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Тэгэхээр хурлын хэлэлцэх асуудлын дагуу 3 асуудлыг товчхон танилцуулъя.
1-р асуудал нь, ТУЗ-ийн ажлын тайлангийн талаар. Манай ТУЗ 9 хүний бүрэлдэхүүнтэй, 3 хороотой ажилладгийг та бүхэн мэдэх байх. ТУЗ нь өөрийнхөө үйл ажиллагаанд Компанийн тухай хууль, компанийн дүрэм, дотоод журам болон бусад холбогдох дүрэм журмыг мөрдөж ажилладаг. Түүнчлэн компанийн үйл ажиллагаатай холбогдсон санхүү, эдийн засаг, хүний нөөц, үйл ажиллагаатай холбогдсон бүх асуудлуудыг өөрсдийнхөө эрхийн хүрээнд шийдэж ажиллаж ирлээ.
АПУ компанийн ТУЗ нь давхар үүрэг гүйцэтгэдэг буюу өөрийнхөө АПУ групп компанийн охин болон хараат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, шийдвэрүүдийг давхар гүйцэтгэдэг. Энэ бүх асуудлаар өнгөрсөн 2023 онд 14 удаа хуралдаж нийтдээ 55 тогтоол баталсан байна аа. Энэ 55 тогтоолын 21 нь бол АПУ ХК-тай холбоотой тогтоолууд байна. 14 тогтоол нь АПУ Дери ХХК-тай холбоотой тогтоолууд, 3 тогтоол нь АПУ Трейдинг ХХК-тай холбоотой, 4 тогтоол нь М-Би-Си Азиа Пасифик ХХК-тай холбоотой, 3 тогтоол нь СББ Трейд ХХК-тай холбоотой, за 4 тогтоол нь Спирт Бал Бурам ХХК, 2 тогтоол нь Орост үйл ажиллагаа явуулдаг Гранд ХХК-тай холбоотой, 2 тогтоол нь Орос дахь Гранд Ист ХХК-тай холбоотой тогтоолууд байна. Түүнчлэн 2 тогтоол нь Хятадын ӨМӨЗО-ны Эйпиюү трейд ХХК гэсэн компанитай холбоотой буюу эдгээр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, шийдвэрүүдийг гаргаж ажилласан байна. Гаргасан тогтоол, шийдвэрүүд бүгд Монгол Улсын Компанийн тухай хуулиуд болон одоо мөрдөгдөж буй бүх хууль тогтоомжид нийцэж гарсан гэдгийг хэлэхийг хүсэж байна. Өнгөрсөн жилд манай ТУЗ 14 удаа хуралдсан. 14 удаагийн хурлууд бараг бүгд 100%-ийн ирцтэй явж ирсэн гэдгийг бас онцлон хэлмээр байна. Ямар нэг хүндэтгэхгүй шалтгаанаар тасалсан юм уу, оролцоогүй тохиолдол байсангүй.
2-р асуудал нь, ТУЗ-ийн дэргэдэх хороодын үйл ажиллагааны талаар товч дүгнэлт хэлье. Компанийн тухай хуулийн 81.2-т заасны дагуу ТУЗ-ийн дэргэд Аудитын хороо, Нэр дэвшүүлэх хороо, Цалин урамшууллын хороо гэсэн 3 хороо ажилладаг. За энэ хороодын гишүүдийн 3-ны 2-оос доошгүй нь ТУЗ-ийн хараат бус гишүүн байх хууль зүйн зохицуулалттай. Энэ хуулийн дагуу зохион байгуулагдаж ажилладаг. Мөн энэ хороод нь Компанийн тухай хууль, компанийн дүрэм, хороодынхоо дүрэмд заасан эрх үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Өнгөрсөн онд Аудитын хороо 3 удаа, Нэр дэвшүүлэх хороо, Цалин урамшууллын хороо тус бүр 1, 1 удаа хуралдаж, хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд санал, дүгнэлт шийдвэр гаргаж ажилласан байна. Аудитын хорооны дарга нь манай хараат бус гишүүн Ж.Үнэнбат, Нэр дэвшүүлэх хорооны дарга нь хараат бус гишүүн О.Одбаяр, Цалин урамшууллын хорооны даргаар хараат бус гишүүн Ё.Гэрэлчулуун ажиллаж байна.
3-р асуудал нь, АПУ ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг танилцуулъя. За энэ асуудлыг ТУЗ-ийн 2024 оны 2 сарын 16-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцсэн. Улмаар өнгөрсөн оны туршид АПУ компаниас явуулсан үйл ажиллагааг олон талаас нь хэлэлцсэн. Сая үр дүнгийн талаар Эрдэнэбилэг захирал та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулсан учраас би давхардуулах хэрэггүй байх. ТУЗ-ийн хурал дээр бид компанийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулах компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрсдэлийн менежментийг сайжруулах, тогтвортой, эко, ногоон хөгжихийг дэмжих зэрэг чиглэлээр хийж байгаа үйл ажиллагаа дээр онцлон анхаарч үүн дээр ТУЗ-ийн гишүүд холбогдох санал, дүгнэлтүүдээ хэлж саналаа хэлсэн. Ингээд АПУ групп компани 2023 онд тавьсан зорилтуудаа бүрэн амжилттай хэрэгжүүлж ажилласан хэмээн ТУЗ дүгнэсэн болохыг илтгэж байна. Ингээд танилцуулга дууслаа. Анхаарал тавьсанд баярлалаа.
Асуулт, хариулт
ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.АРИУНСАН
За, Гэрэлчулуун захиралдаа баярлалаа. Ингээд дэгийн дагуу бид асуулт хариултын хэсэгтээ орж байна. За, энэ хугацаанд цөөн тооны хэдэн асуулт болон санал ирлээ. Тэгэхээр энэ асуулт, саналуудыг тодорхой сэдвээр, хэрэв ижил байвал би багцлаад танилцуулъя. За тэгэхээр одоогийн байдлаар хувьцаа эзэмшигч Эрдэнэтуяа, Ариунтуул, Оюунсайхан, Нямдаваа гэсэн хүмүүс холбогдсон байна.
Асуулт: Хувьцаа эзэмшигч нар
Эхний 3 хүний асуулт бол үйл ажиллагаа, санхүү, хувьцаатай холбоотой байна. Тэгэхээр хувьцаа эзэмшигч Оюунсайхан асуусан байна. Экспортын борлуулалт нийт борлуулалтын хэдэн хувийг эзэлж байна вэ? 2023 онд хэр их өссөн бэ, 2024 онд хэр өсөх хандлагатай байна вэ? 2023 оны борлуулалт 2024 онтой харьцуулахад 30% өссөн байна. Энэ нь бол дотоод борлуулалтад хамаатай юм шиг байна. Эдгээр өсөлтийн гол хүчин зүйлс нь юу вэ, 2024 онд хэр хэмжээний өсөх боломжтой вэ? 2024 онд ногдол ашиг нэмэгдүүлэх боломж байгаа юу? Хэр их нэмэх боломжтой вэ, гэсэн ийм асуултуудыг тавьжээ.
Хариулт: Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг
За, экспортын хувьд бид анхнаасаа л том зорилго тавьж ажиллаж байгаа. Тэгэхлээр бидний хүссэнээр бүх л асуудал бас явж чадахгүй байна. Өнгөрсөн 2, 3 жилийн хугацаанд урд хөрш маань Ковид-10-өөс шалтгаалж импортоо тэр чигт нь хорьсон. Өнгөрсөн хагас жилээс дахин сэргээгдэж, үйл ажиллагаа маань жигдрэх тал руугаа явж байна. За Орос болон орос хэлээр ярьдаг манайтай соёл, уламжлалын хувьд төстэй олон орнууд байдаг. Энэ зах зээл рүү бид идэвхийлэн явж байгаа. Гэхдээ та бүхэн маань мэдэж байгаа байх Орос, Украины дайнаас болж манай борлуулалтад бас сөргөөр нөлөөлж байгаа, өртөгт нөлөөлж байгаа асуудлууд бий. Өнгөрсөн жилтэйгээ харьцуулах юм бол Орост борлуулалт 50% орчим өссөн байна. За энэ жил ч гэсэн мөн 50% орчим өсөх болов уу гэж бодож байна. Хятад дахь үйл ажиллагаа маань бас Ковид-19-ийн өмнөх үедээ хүрээд явж байна аа. Тэгэхлээр энэ ондоо нийтдээ 2023 онтойгоо харьцуулах юм бол хамгийн багадаа 50%-иас дээш өсөлтийг гаргах болов уу гэж бодож байна. Цаашлаад, дотоодын борлуулалтын өсөлтийг харвал, бид хэд хэдэн гол борлуулалтын өсөлтөд нөлөөлсөн нөлөөлөл бол байгаа гэж үзэж байгаа.
1-рт сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ орлого бол өнгөрсөн жилтэйгээ харьцуулахад 30% гаруй өслөө. Та бүхэн маань мэдэж байгаа. Маш олон шинэ брэндүүдийг, шинэ эрүүл мэндийн суурьтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч та бүхэндээ хүргэсэн. Ус, ундааны бизнес дээр 80% гаруй өсөлтийг авчирч чадсан. Үндсэн гол борлуулалт бол та бүгдийн маань мэддэг Тэрэлж, Сэлэнгэ, Оргилуун брэндүүдийн борлуулалт нэлээдгүй сайн байгаа. За бид согтууруулах ундаа, архины хувьд бол градус багасгасан, шинэ нэлээдгүй олон бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж чадсан. Шар айраг дээр мөн градус багасгасан, шинэ шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн. Нөгөөтээгүүр бид коктейлийн зах зээл рүү орж анх удаа Монгол Улсын зах зээлд бол RTD буюу шууд хэрэглэх боломжтой бэлэн коктейлийг үйлдвэрлэж, үүнээс 30% орчим хувийн өсөлтийг хийж чадлаа.
Асуулт: Хувьцаа эзэмшигч нар
Үйл ажиллагаатай холбоотой дахиад хувьцаа эзэмшигч Эрдэнэ асуусан байна. Үйлдвэрийн хэтийн зорилго юу вэ? Үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой юу?
Хариулт: Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг
Бид та бүхэнд “Бахархалт Монгол 2030” стратегийг товчхон танилцуулсан. Бид эхний хагас жилдээ ТУЗ-өөрөө нарийвчлан батлуулж, нийт хувьцаа эзэмшигчид хэрэглэгчид, олон нийтэд танилцуулна аа гэж бодож байгаа. 2024 онд ихээхэн анхаарал тавих 3, 4 зүйл дээр бол онцгойлон анхаарч ажиллаж, дараагийн зууныгаа бий болгож байгаа. Бид өнгөрсөн зуунд маш олон үйл ажиллагаагаа сайжруулах шинэ процессыг, шинэ дамжлагуудыг нэмсэн байна. Дараагийн зуун маань хамгийн энгийн, симпл байх ийм засаглалын тогтолцоо руу явж байгаа. Тийм учраас бид “Эса” гэж төслийг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Түүнчлэн хүн рүүгээ чиглэсэн, ажилчдыгаа шударга үнэлэх үнэлгээний тогтолцоо мөн цалин хөлс бүтцийн тогтолцоог тэр чигт нь өөрчилж явж байгаа. Ингээд аваад үзэх юм бол өнөөдрийн бидний явуулж буй шинэ бодлого үр дүнгээ ойрын 2, 3 жилд хангалттай өгч чадна аа гэж бодож байгаа. За хөрөнгө оруулалтын хувьд бид сүүнийхээ бизнесийн хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэхээр шийдвэрлээд, төсөл маань хэрэгжээд эхэлсэн. 2026 онд бид сүүнийхээ хүчин чадлыг 2 дахин өсгөх, хийгдэх бүтээгдэхүүн маань дандаа эрүүл мэнд суурьтай хүний эрүүл мэндийг дэмждэг бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргахаар ажиллаж байна аа.
Асуулт: Хувьцаа эзэмшигч нар
Хувьцааны ханшны талаар хэд хэдэн хувьцаа эзэмшигч асуужээ. За Нямдаваа, Хүрэлбаатар, Лхагвасүрэн гэсэн хувьцаа эзэмшигчид энэ асуудлыг тавьсан байна. Тэгэхээр хувьцааны үнэлгээ сүүлийн 2 жилд 30% орчим унасан байна. Үнэлгээ буурсан шалтгаан нь юу вэ, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү гэсэн байна. За мөн ногдол ашиг ашгийн хугацааг тодорхой оруулах гэдэг асуулт, санал тавьжээ.
Хариулт: Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг
Бид ногдол ашгийг жилд 2 удаа хуваарилж байгаа. Цаашид ч ийм маягаар явах байх аа гэж бодож байна. Хувьцааны ханшийн хэлбэлзэл дээр бол бас их амаргүй. Яг энэ хөрөнгийн бирж, энэ зах зээл маань өөрөө тийм сайн тогтвортой, сайхан болчхоогүй байна. Энд оруулж ирж байгаа хөрөнгө оруулалтууд, хөрөнгийн оруулж буй хөрөнгийн хэмжээ бас хязгаартай байна гэж үзэж байгаа. Тэгэхлээр ялангуяа банкнуудын маань одоо хувьцаа гаргаж нэлээдгүй их хэмжээний мөнгийг татсан ийм дүр зураг харагддаг. Бидний хийж чадах зүйл юу вэ гэвэл, үйл ажиллагаагаа илүү сайжруулах. Яаж бид нар борлуулалтаа сайжруулж, ашгаа ихэсгэж, ногдол ашгийгаа цаг хугацаанд нь хуваарилах вэ, гэдэг дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Бид нийт ашгийн 80%-иас дээш хувийг ногдол ашиг болгож хуваарилж байгаа. Энэ нь сүүлийн 5 жилийн хугацаанд уламжлал боллоо. Энэ явсаар байгаад бидний хариуцлага болж хувирч байна гэж бодож байна.
ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.АРИУНСАН
За, баярлалаа. Ингээд ерөнхийдөө асуултууд бол болж байна. За цөөн хэдэн асуулт нь бол хуралтай холбоотой материалыг хаанаас авч болох вэ гэдэгт манай утсаар хариулт өгч байгаа хүмүүс маань хариулчихсан байна. За ингээд асуулт хариултын хэсгийг дуусгая. Дэгийн дагуу дараагийн асуудал бол АПУ ХК-ийн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох, дараагийн хэлэлцэх асуудал ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулах зэргийг Нэр дэвшүүлэх хорооны дарга, хараат бус гишүүн О.Одбаяр таныг танилцуулна уу хэмээн индэрт урья аа.
Нэр дэвшүүлэх хорооны дарга О.Одбаяр
За, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. АПУ ХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороонуудад 2 гишүүн өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан байгаа. АПУ ХК-ийн ТУЗ-д ажиллаж байсан Сергей Громов, Д.Миеэгомбо гэх 2 гишүүн маань чөлөөлөгдөх хүсэлтээ гарган тус 2 гишүүнийг чөлөөлөх шийдвэр гарснаар АПУ ХК-ийн ТУЗ-ийн бүрэн эрх дуусгавар болж байна.
За ингээд та бүхэнд шинэ 2 нэр дэвшигчийг танилцуулъя. Б.Гантиг нь 2009 онд Пепердайн Их Сургуулийг Бизнесийн удирдлага менежментийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Одоо Дижитал Концепт ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ийм залуу банйа. Дараагийн манай нэр дэвшигч бол Б.Гомбо-Эрдэнэ 2011 онд Америкийн Виржиниагийн Их Сургуулийг Хэрэглээний математик эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 2021 оноос одоог хүртэл Шунхлай Холдинг компанийн Бизнес хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байгаа. Ийм хүмүүсийг шинээр бид нэр дэвшүүлсэн байна. Анхаарал тавьсанд баярлалаа.
ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.АРИУНСАН
За, ингээд энэ хугацаанд хэлэлцэх асуудал 2, 3-ын талаар асуулт ирсэнгүй. Тийм болохоор дэгийн дагуу дараагийн хэлэлцэх асуудалдаа оръё. Дараагийн дэд хэлэлцэх асуудал бол АПУ ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах. Энэ асуудлыг СЗХ-ноос 2022 онд шинэчлэн баталсан Компанийн засаглалын кодекст заагдсан 6-р зарчмын дагуу хийгдэж байгаа. Үүний дагуу бид өнгөрсөн оноос эхлээд ТУЗ-ийн гишүүдийн цалингийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж байгаа. Энэ жилийн хувьд бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар ямар саналыг батлуулахаар оруулж байгаа вэ, гэхээр ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшуулалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Хуучин хэвээрээ буюу ТУЗ-ийн даргын цалин ₮10 сая, ТУЗ-ийн гишүүний цалин ₮6.5 сая байхаар үндсэн цалинтай дээр нь гүйцэтгэлийн болон үр дүнтэй холбоотой ямар нэгэн бонус урамшуулал өгөхгүй байх саналыг оруулж байгаа болно.
Ингээд энэ асуудлаар хэрэв асуулт байвал та бүхэн асуултаа өгөөрэй. Бид хариулахад бэлэн байгаа. Гэхдээ одоог хүртэл ямар нэгэн санал, асуулт бол ирээгүй байна. Тэгэхээр энэ хугацаанд бидний хурлаар хэлэлцэх асуудлуудын танилцуулга үүгээр дуусаж байгаа тул хэдэн хормын дараа санал хураалтын ажиллагаа явагдана.
Ингээд хурлыг хаахдаа хурлаас гарах шийдвэрийг танилцуулна уу хэмээн Гүйцэтгэх захирал Эрдэнэбилэгийг индэрт урьж байна.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГ
За, та бүхэндээ дахин гялайлаа. Шинээр сонгогдсон ТУЗ-ийн гишүүддээ бас нийт хувьцаа эзэмшигчдийнхээ нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүсье ээ. Мөн өмнө нь АПУ ХК-ийн ТУЗ-д олон жил ажиллаж өнөөдөр АПУ групп компанийн хөгжлийг энэ хүртэл бас түшилцэж явсан дэмжиж, удирдаж явсан манай Сергей Громм захирал болон Миеэгомбо захирлууддаа бүгдэд нь нийт хамт олныхоо өмнөөс аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. За ингээд та бүгдийн баталсны дагуу өнөөдрийн хэлэлцсэн асуудлыг батлах тухай тогтоолыг уншиж танилцуулъя аа. АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 4 сарын 30-ны өдрийн ээлжит хурлын шийдвэр, Тооллогын комиссын шийдвэрийг үндэслэн тогтоох нь. АПУ ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан доорх дүгнэлтийг баталсугай.
За ингээд нийт хувьцаа эзэмшигчдийнхээ хуралд оролцсон та бүхэндээ чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. АПУ групп компани үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой 2024 онд болж, оны эхнээс бид харилцагчид руугаа, хувьцаа эзэмшигчид рүүгээ, нийгэм рүү, ажилчид руугаа хандсан олон арван төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулж байгаа. Монгол Улсад анх удаа дэлхийн хамгийн том шилдэг брэнд болох Heineken брэндийг анх удаа АПУ компани Монгол Улсад үйлдвэрлэж эхэлж байна аа. Энэ бол 100 жилийн хувьд Монгол Улсад шингэн хүнсний зах зээл, үйлдвэрийн салбар, технологи, тоног төхөөрөмж, стандарт дэлхийн хэмжээнд хүрснийг илэрхийлсэн, баталсан томоохон үйл явдал аа гэж бид бодож байгаа. Тийм учраас та хувьцаа эзэмшигч та бүхэн маань бас биднийг дэмжиж өнөөдөр компанийнхаа ирээдүйн хөгжилд хувийн нэмрээ оруулж, эргэн тойрон бүхий л хүмүүст бидний гаргаж байгаа шинэ брэндүүдийг, бидний үйлдвэрлэж буй бүхий л бүтээгдэхүүнийг санал болгож энэ өрсөлдөөнийг хамтдаа амжилттай даван туулъя аа гэж бодож байна. 2024 онд бид борлуулалтаа өсгөх, процессоо сайжруулах, хүн рүү чиглэсэн гээд олон ажлуудыг хийж ирэх оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар амжилттай, үр дүнтэйгээр аль аль тал нь баясал хөөрөлтэйгөөр уулзацгаая аа. Та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдэд нь аз жаргалыг хүсье.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.