Энэ оны бизнес, санхүүгийн салбарын шилдгүүдийг шалгаруулах “Lemon Press Awards” 4 дэх жилдээ зохиогдож байна. Энэ жилийн хувьд манай редакцын зүгээс тодорхой шаардлага тавин 3 төрөлд 4, 4 нэр дэвшигчдийг тодруулаад байна.
“Онцлох компани” номинацид нэр дэвшигчдийг тодруулахдаа МХБ-ийн I болон II ангиллын компаниудаас энэ онд хувьцааны үнэ болон жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нь хамгийн их өссөн болон бизнесийн үйл ажиллагаа, ашиг, орлого нь хэр өссөн гэсэн үндсэн 3 шалгуур тавин шигшлээ. Ингээд дараах 4 компани яагаад “Онцлох компани” номинацид нэр дэвшсэнийг харъя. ЭНД дарж нэр дэвшигчдэд саналаа өгнө үү. Санал асуулга 12 сарын 26 буюу Пүрэв гаргийн 13:00 цаг хүртэл үргэлжилнэ шүү.
Голомт банк ХК: Онцгой өсөлт, онцгой тэргүүлэл
Голомт банк (GLMT)-ны цэвэр ашиг энэ оны III улирлын байдлаар 2.7 дахин өссөн. Ингэснээр тус банкны цэвэр ашиг сүүлийн 5 жилийн хугацаанд 7 дахин нэмэгдээд байна. Одоогоос 5 жилийн өмнө тус банкны цэвэр ашиг хүүгийн орлогынх нь 11.4%-тай тэнцэж байсан бол одоо 37.3%-тай тэнцэж буй. Энэ нь банкны үйл ажиллагааны үр өгөөж сайжирсныг харуулж байна.
ЛэндМН ББСБ ХК: $LEND-н онцгой пуужиндалт
ЛэндМН (LEND) бол жижиг хувьцаа эзэмшигчдийн тооны өсөлтөөрөө тэргүүлсэн 10 компанид багтаж байгаа цорын ганц ТОП-20 индексэд багтдаггүй компани. Бүх жижиг хувьцаа эзэмшигч ТОП-20 индекс рүү хошуурч байгаа ч ЛэндМН ББСБ-ын хувьцаа үнэ, ашигт ажиллагаа жилээс жилд пуужиндаж байгаа тул тэднийг сонирхогчдын тоо улам өссөөр. Энэ онд л гэхэд тэдний жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 1,233-аар өссөн байна.
Премиум Нэксус ХК: Алдагдлаас ашиг руу орсон онцгой жил
Премиум Нэксус (CUMN) бол бидний нүдэн дээр тэлж байгаа компани. Өнгөрсөн оны эхний хагас жилд компани ₮19.4 тэрбумын алдагдалтай ажилласан нь 2022 оны мөн үеэс 2.7 дахин өссөн дүн байв. Улмаар хувьцааны үнэ нь чамгүй унаж байв. Харин энэ онд компани өөрийн санхүүгийн нөхцөл байдлыг 180° өөрчилж чадсан. Тэд энэ оны III улирлын байдлаар ₮26.4 тэрбумын цэвэр ашигтай ажиллаад байна.
Инвескор ББСБ ХК: Онцгой тэлэлт
Инвескор ББСБ (INV) энэ онд Казакстанд салбараа нээсэн. Ингэснээр тэдний үйл ажиллагаа зөвхөн Монгол Улсад биш Төв Ази руу ч тэлж байна. Тэгэхээр $INV энэ оныг Киргизэд 4 салбар, Казакстанд 1 салбартай болсон амжилттайгаар үдэж байгаа хэрэг. Энэ тэлэлт тэдний тэдний үйл ажиллагаа, орлого, ашгийн цар хүрээг тэлж буй. Энэ оны эхний хагаст л гэхэд компанийн цэвэр зээлийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 67% нэмэгдэж ₮590 тэрбумд хүрсэн. Үүнд Киргиз рүү тэлсэн нь ч нөлөөлж байгаа билээ.
Энэ хүрээд Lemon Press Awards-н “Онцлох компани” номинацид нэр дэвшсэн компаниудын танилцуулгыг дуусгая. Тус 4 компанийн хувьд энэ онд өөр өөрийн өнгөөр гялалзсан амжилттай байлаа. Юутай ч 2024 оны “Онцлох компани”-ийг уншигч та тодруулах тул ЭНД дарж бизнес, санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулахад үнэтэй хувь нэмрээ оруулаарай. 🍋
Жич: Бид LP Awards-н 3 номинацид дэвшүүлж буй компаниуд болон хүмүүсийг сонгохдоо тодорхой шалгууруудыг гаргаж, салбартаа ахиц дэвшил гаргаж яваа компани, Гүйцэтгэх захирал, хүмүүсийг шигшсэн юм шүү. Ямар нэгэн гуравдагч талын нөлөөг оруулалгүй 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.