Одоогоос 7 жилийн өмнө $1 тэрбумаар газрын тосны боловсруулах үйлдвэр барихаар болж байв. Гэтэл бид энэ оны эхний 7 сард л гэхэд $1.1 тэрбумыг импортын газрын тосонд зарцуулжээ. Өнөө үйлдвэр юу боллоо?
Үүх, түүх
2016 онд ЗГ Энэтхэгийн Эксим банкнаас газрын тос боловсруулах үйлдвэр барих $1 тэрбумын зээл авсан юм.
- Аварга хүчин чадал: Уг үйлдвэр нь тооцооллоор жилд 1.5 сая тн газрын тос боловсруулж, Евро стандартын 560 мянган тн шатахуун, 670 мянган тн дизель түлш, 107 мянган тн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж.
- Гялтганасан төсөөлөл: Үйлдвэр ашиглалтад орсноор ДНБ 10%, боловсруулах аж үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэх боломжтой. Түүнчлэн уг бүтээн байгуулалт хийгдсэнээр валютын гарах урсгал 20%, долларын ханш 18%-25% тус тус буурах учиртай.
Хөрсөн дээр буувал
Харин яг одоогийн гүйцэтгэлийг харвал ямартай ч Сайншандаас үйлдвэрийн байршил хүрэх 17.5 км хүнд даацын авто зам, 27 км төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажлууд дууссан. Гэхдээ өнгөрсөн оны 3-р сарын байдлаар төслийн ерөнхий гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт дуусаагүй л байв. Юу ч болсон бай уг үйлдвэр 2025 онд ашиглалтад орох юм гэсэн.
- Ингэснээр: Бид хэрэгцээнийхээ 70%-ийг дотоодоосоо хангах юм. Өөрөөр бол бид 2022 онд $1.7 тэрбумын газрын тос импортолсон бол энэ тоо $0.5 тэрбум болтлоо буурах боломжтой гэсэн үг.
- Бонус: Түүнчлэн газрын тосны бүтээн байгуулалтад Энэтхэгтэй хамтарч байгаа тул уул уурхайн салбарт тэдний ХО-ыг татаж, 2024 он гэхэд Энэтхэг рүү коксжих нүүрс тээвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.
- Шинэ мэдээ - Хойшлолт: Харин өнгөрсөн 7 хоногт Эксим банктай байгуулсан $1 тэрбумын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, 2 багц ажлын гэрээний үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг дахин 7 жилээр сунгахаар болоод буй.
Эцэст нь… Газрын тосны үйлдвэр ашиглалтад орж байгаа нь олон эерэг өөрчлөлтийг авч ирэх ч маш хурдтайгаар ажиллахгүй бол 2025 онд багтаж ашиглалтад орохгүй байх, зээлийн төлөлтийг дахин дахин хойшлуулах асуудал үүсэж болзошгүй нь. Мэдээж энэ хооронд бид газрын тосоо импортолсоор байна шүү дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.