Энэ жил бол түүхий эдийн экспортыг дагаж эдийн засаг сэргэсэн жил байлаа. Харин ирэх жилийн хувьд эдийн засагт ямар хүндрэл, бэрхшээл тулгарах нь асуултын тэмдэг. Бид үүнийг тодруулахаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой ярилцлаа. Тухлан сууж, анхааралтай уншина уу!
Ирэх онд Монголын эдийн засагт ямар хүндрэлүүд учрах вэ?
Гадаад, дотоод эдийн засгийн ирэх оны төлөвт нөлөөлөх тодорхой бус байдал, эрсдэл өндөр хэвээр байна. Энэ удаагийн сэргэлтийн мөчлөгийн гол тулгуур нь нүүрсний экспорт болж байна. Харин ирэх онд нүүрсний үнэ 2023 оны түвшнээс 10% гаруй унах, харин нүүрсний экспортын биет хэмжээний хувьд ирэх оны батлагдсан төсөв, төлбөрийн тэнцлийн төсөөлөлд авч үзэж буй 60 сая тонндоо хүрэхгүй байх эрсдэл бол бий.
Хэрэв энэ эрсдэл бодит байдал болох тохиолдлд эдийн засгийн бараг бүх секторт хүнд цохилт болно. Энэ жилийн зуд болж болзошгүй нөхцөл байдал, махны экспорт нэмэгдэж байгаа дүр зураг нь хаврын мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хүргэх магадлалыг улам бүр нэмэгдүүлж байна. Цахилгаан, дизель түлш бол манай эдийн засгийн хувьд хамгийн чухал үйлдвэрлэлийн орцууд юм.
Эдгээр орцуудын нийлүүлэлтэд саад тотгор үүсэх нь эрдэс бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтээс эхлээд дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний олон салбарт сөргөөр нөлөөлнө. Ийм нөхцөл байдал нь өсөлт, инфляц, төлбөрийн тэнцэлд хүлээгдээгүй том шок болно.
2023 оны төсвийн тодотгол, 2024 оны төсвийн том тэлэлт, ялангуяа, цалин, тэтгэвэрийн өсөлт нь хувийн секторын цалингийн өсөлтийг хэр хүчтэй даллах, импорт, дотоод хэрэглээний өсөлтөөр дамжин эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг дутуу үнэлж байж болзошгүй. Хэрэв энэ нөлөө хүчтэй байвал төлбөрийн тэнцэл, инфляцын дүр зургийг өөрчилнө.
Ялангуяа, эрэлтийн тэлэлттэй үед нийлүүлэлтийн сөрөг шок нь илүү хурдан, хүчтэй нөлөөлдгийг мартаж болохгүй. Эдгээрийн хосломол дүр зураг дээр нэмээд ирэх оны сонгууль, түүний дараах эдийн засгийн нөхцөл байдлын талаар зах зээлийн оролцогчдын хүлээлт хэрхэн өөрчлөгдөх нь ирэх оны төлөвт хүчтэй нөлөөлнө. Эдийн засаг өөрөө динамик, харилцан үйлчлэлтэй “амьд” систем тул энд дурдсан эрэлт, нийлүүлэлтийн өөрчлөлтийн “ерөнхий тэнцвэр”дээрх нөлөөгөөр асуудлыг харж, төсөөлөх шаардлагатай.
Ирэх оны эдийн засгийг сэргээхэд юуг анхаарах ёстой вэ?
Хэрэв ирэх онд 60 сая тонн нүүрс экпортлож, мал аж ахуйн салбарт зуд тохиохгүй тохиолдолд эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 6%-иас багагүй байх төсөөлөл бий. Энэ өсөлтөд уул уурхайн болон уул уурхайн бус салбар бараг тэнцүү хувь нэмэр оруулах боломжтой гэсэн дүр зураг гардаг.
Манай эдийн засгийн хувьд энэ хэмжээний өсөлт бол “хэт халалт”-нд хүргэхгүйгээр нэг хүнд ногдох орлогоо тэлэх боломжит түвшин юм. Энэ өсөлт экспортоос гадна, төсвийн тэлэлтийг дагасан эцсийн хэрэглээ, хөрөнгө оруулалтад эерэгээр нөлөөлөх хүлээлт бий.
Төсвийн тэлэлтээр цалин, тэтгэвэр өсөж, улмаар тэдгээрийн барьцаалдаг хэрэглээний зээлийн өсөлт өндөр түвшинд хүрч, хэрэглээний импортын өсөлтийг хурдасгах чиглэлд нөлөөлж эхлээд байна. Энэ нь төлбөрийн тэнцэл, өсөлтөд сөргөөр нөлөөлөхөд хүрнэ. Эдийн засгийн нийлүүлэлт талдаа төмөр замуудын хилийн холболт, цахилгааны шинэ эх үүсвэрийн станцууд, өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах аялал жуулчлалын үйлчилгээний салбаруудыг дэмжих, хүнсний хувьсалын үр дүнтэй байдлыг сайжруулах зэрэгт анхаарах шаардлага бий.
Дээр дурдсан эрэлт, нийлүүлэлтийн томоохон цохилтууд орж ирж болзошгүй буюу төлбөрийн тэнцэл муудах, инфляц эргэн өсөх дарамттай орчинд мөнгөний бодлогыг хэт яаран сулруулах нь асуудлыг улам хүндрүүлнэ.
Ногдол ашиг тараах, импортын татвар ногдуулах, нэмэгдүүлэх зэрэг гэнэтийн өөрчлөлт нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж болзошгүй. Иймд ирэх оны хувьд нүүрсний экспортын биет хэмжээний зорилтыг хангах, хэрэглээний зээлийн өсөлтийг сааруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авах, инфляц зорилтот түвшиндээ тогтворжих нь баттай болох хүртэл мөнгөний бодлогыг яаран сулруулахгүй байх зэрэгт анхаарах ёстой болов уу.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.