“Эрдэнэс Тавантолгой” ХК баяжуулсан нүүрсний тээвэрлэлтээ эхлүүлж, Монгол Улс 2025 онд 83.3 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн энэ үед нүүрсний үнэ 2022 оны оргил үеэс 4 дахин унаад байна.
👀 Дэлхийд буурч, Монголд өснө тэр юу вэ?
Дэлхийн банкны судалгаанаас харахад дэлхийн нийт нүүрсний хэрэглээ 2024 оны эхний 6 сард өмнөх оныхоос бага зэрэг буюу 1% өссөн ч 2025 онд буурч, 2026 онд улам хумигдахаар байгаа. Энэ нь мэдээж сэргээгдэх эрчим хүчний шилжилттэй холбоотой. Түүнчлэн Хятадын нүүрсний эрэлт ч ирэх 2 жилд буурах нь. Иймээс нүүрсний үнэ 2025, 2026 онд ойролцоогоор 12% буурах төлөвтэй байна.
📈 Биржийн нүүрсний хамаарал
Цаашлаад, уул уурхайн бүтээгдэхүүний бирж зөвшөөрлөө авснаас хойш 1.5 жил өнгөрчээ. Биржээр 4 төрлийн түүхий эд арилжигдаж байгаа ч нүүрсний давамгайлал их байна. Тодруулбал, энэ оны хагас жилийн байдлаар нийт арилжааны 55%-ийг нүүрсний арилжаа эзэлж байсан бол 11-р сар гэхэд 93.3%-д хүрч ноёрхсон байгаа юм. Тэгэхээр ганц Монгол Улсын эдийн засаг биш бирж нь ч нүүрснээс хамааралтай байгаа хэрэг.
🌌 Цаашид яах вэ?
Манай нүүрсний экспорт сүүлийн 10 жилд 5 дахин өссөн. Нэг талаас, дэлхий дахинд нүүрснээс татгалзах хөдөлгөөн улам эрчимжихээс өмнө баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь оновчтой шийдэл байж болно. Гэвч зөвхөн олборлолт, экспортод анхаарахаас гадна боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх, энэ салбарт түшиглэсэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих нь чухал. Даан ч манайд энэ тал дээр дэвшил алга даа, ухаж л зөөж л…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.