Зээ, сонгуультай жилийн түүхэн том төсөв батлагдчихлаа. Ер нь сонгуультай жил бүрийн төсвийн зардал талийж өгөх юм даа.
15.1% VS 28.5%
2008 оноос хойших сонгуулийн жилүүдийн төсвийн зардлын дундаж өсөлт 28.5% байгаа нь сонгуулийн бус жилүүдийнхээс даруй 13.4 нэгж хувиар өндөр байгаа юм.
- Өсдөг трэнд: 4 жил тутамд манай төсвийн зардал огцом өсдөг трэндтэй. 2008 онд л гэхэд жилийн өмнөхөөсөө 47.1% өссөн зардалтай төсөв батлагдаж байв. Үргэлжлүүлээд, 2012 онд 20.4% өсөж түүний дараа дараагийн сонгуулийн жилүүдэд ч өссөн.
- Хөөрхөн бууруулчихна аа: Харин сонгуулийн яг дараагийн жил нь төсвийн зардлаа бууруулж орхидог. Тухайлбал, 2009 онд 8% бууруулсан бол 2017 онд 5.1% бууруулсан байгаа юм. Ингээд харахаар төсвийн бодлогод зах зээл, эдийн засгийн нөхцөл байдал биш сонгуулийн шоу л нөлөөлөөд байна уу, гэлтэй.
- Ирэх оны аварга тоонууд: Дүрмийн дагуу ирэх оны төсвийн зардал ч 2023 оны төсвөөс 22.3% их буюу ₮27.4 их наяд байхаар тусгагдсан. Улмаар МАН-ын төр барьсан 8 жилийн хугацаанд төсвийн зардал 3 дахин өсөх нь.
Мэдээж алдагдал өснө өө
Заа тэгээд сонгуулийн жилүүдэд төсвийн зардлыг хөөрөгдүүлснээс үүдэн алдагдал нь тэнгэрт хадна. 2020 оны сонгуулийн жилийн төсвийн алдагдал ₮4.4 их наядад хүрч дээд амжилт тогтоосон. Түүний араас 2016 онд ₮3.7 их наядын алдагдал хүлээж байв. Угаас манай төсөв сонгуулийн бус 2 жилд л буюу 2010, 2018 онд л ашигтай гарч байсан билээ.
- Гамшгийн үр дүн: Мэдээжийн хэрэг зардлыг өсгөж алдагдлыг нэмэгдүүлэх нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, валютын худалдан авах чадварыг бууруулна.
- Муу нэрийг хусавч арилахгүй: Заа тэгээд, хөрөнгө оруулагчид манай өр зээлээ төлөх чадварт санаа зовж эхэлбэл өнөө Moody’s гэх мэт зээлжих зэрэглэлийн агентлагууд зээлжих зэрэглэлийг хайр найргүй бууруулна. Тэгэхээр ЗГ мөнгө зээлэх нь илүү үнэтэй болно л гэсэн үг. Ай даа, хэцүү, хэцүү.
Эцэст нь… Ирэх жилийн төсвийн алдагдал ₮2.1 их наядад хүрэхээр байгаа. Хэзээ энэ сонгуулийн жилүүд төсвийн зардал тэнгэрт хаддаг чөтгөрийн тойрог дуусах юм бол доо?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.