Юнител групп 2022 оны ОУ-ын GRI удирдамжид нийцүүлсэн тогтвортой байдлын тайлангаа танилцууллаа.
- Тогтвортой байдал буюу БОНЗ: Энэ нь компанийн байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд үзүүлж буй нөлөөг тооцон урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг бий болгоход чиглэсэн тайлан юм.
🏞 БО - Байгаль орчин
Харилцаа холбооны компаниуд бол эрчим хүчний томоохон хэрэглэгчид байдаг. Энэ утгаараа Юнител группийн эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн онд 37,847 МВт.цаг болж өсжээ. Юу болов?
- 4G ба 5G-н нөлөө: Компани 4G болон 5G сүлжээний эрэлтийг дэмжиж нэмэлт бааз станц болон үүрэн сайтуудыг шинээр байгуулснаар эрчим хүчний хэрэглээ нь нэмэгдээд буй.
- Ногоон ХО: Өнгөрөгч онд л гэхэд тэд ₮50 тэрбумын ХО-аар орон нутгийн алслагдсан байршилд нарны эрчим хүчээр ажилладаг 216 үүрэн сайтыг бий болгожээ.
- Ингэснээр, эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 6%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангах болов. Улмаар цаашид нарны эрчим хүчнээс эрчим хүчний хэрэглээгээ хангахаар төлөвлөөд буй.
👨👩👦 Н - Нийгэм
Компани хүний нөөцийн бодлогодоо олон талт онцлог ба ижил тэгш оролцоот байдлыг хангах стратегийг баримталж буй. Түүнчлэн тэгш хүртээмжтэй боловсролд чиглэсэн төвийг ч байгуулаад амжив.
- Unitel HUB: НҮБ-ын хүн амын сан, Women in Tech, ХНХЯ тэргүүтэй байгууллагуудтай хамтран дижитал боловсролыг дэмжихээр Дархан хотод Unitel HUB-г нээсэн юм. Түүнчлэн энэ онд 10 байршилд тус төвийг нээх бөгөөд алсын хараа нь 21 аймгийг бүрэн Unitel HUB-жуулахад чиглэх гэнэ.
🤝 З - Засаглал
Засаглалын хувьд тэд дотооддоо авлигын эсрэг буюу бэлэг, төрийн дэмжлэг болон бусад үйл ажиллагааг бүртгэх Star Compliance системийг нэвтрүүлсэн байна. Харин гадагшаагаа Юнител группийн нийт ханган нийлүүлэгчийнх нь 92%-ийг дотоодын ханган нийлүүлэгчид эзлэх болов. Түүнчлэн,
- Мэдээллийн аюулгүй байдал: Өнгөрсөн жил компани сервер дээрх аюулаас урьдчилан сэргийлэх системийг суулгаж, эцсийн цэгүүдийн 100%-д хамгаалалтын систем шинээр суурилуулжээ.
Эцэст нь… БОНЗ буюу тогтвортой байдлын тайлан нь хөрөнгө оруулагчид болон олон нийт компанийн эрсдэлийн менежмент, өрсөлдөх чадварыг харах цонх болдог тул анхаарч байх хэрэгтэй чухал тайлангийн нэг шүү. Тэдний хэрэгжүүлж буй бусад төсөл хөтөлбөрийг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.