Ц.Эрдэнэбат: Гэрэгэ Системс ХХК-ийн ирэх 5 жилийн алсын хараа олон улсын зах зээл рүү чиглэнэ
Lemon Press Interviews ээлжит дугаараараа Гэрэгэ Системс ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ц.Эрдэнэбатын ярилцлагыг хүргэж байна. Бид энэ удаад Гэрэгэ Системс ХХК Цахиурын хөндийд гарсан талаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Тухлан уншина уу!
Гэрэгэ Системс ХХК Цахиурын хөндийд оффистой болж буй Монголын 8 технологийн компанийн нэг болсон. Цахиурын хөндийд гарснаар Гэрэгэ Системс-д ямар боломж нээгдэж байгаа вэ?
Цахиурын хөндийд 2,000 гаруй компани бүртгэлтэй байдаг. Гэхдээ эндээс 1,000 компани тутмын ердөө 5, 6 нь л амжилтад хүрдэг гэхээр асар өрсөлдөөнтэй зах зээл гэдэг нь ойлгомжтой байх. Монгол компаниуд Цахиурын хөндийд гарч буй нь тэр өрсөлдөөнтэй зах зээлд орж, суралцсанаар өөрсдийнх нь дүрмээр тоглож байж л ямар нэгэн юманд хүрвэл хүрнэ. Хэдийгээр магадлал багатай ч оролдоод үзэх ёстой. Магадгүй Монголд хийгдэж байгаа инновац тэнд очоод үнэлэгдэхийг үгүйсгэхгүй. Дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан хүмүүс дунд чинь бөөн шийдэл, санаа буцална шүү дээ. Түүнээс гадна Цахиурын хөндийн хөрөнгө оруулалтын сангуудтай ойртох, хурдасгуур хөтөлбөр хамрагдах гээд олон боломж бий болж байгаа юм.
ЦХХХЯ байгуулагдаж анхны сайдаар нь Ч.Учрал гишүүн томилогдсоноос хойш манай салбарт эерэг өөрчлөлтүүд гарч байгаа. Урьд нь инновацыг дэмжих, “Цахим Монгол” гэхчлэн гоё, сайхан сонсогдох санаачилгууд дэвшүүлсэн ч яг яам, агентлагийн түвшинд хэрэгжилт нь маш дутмаг байсан. Цахиурын хөндийн тухайд бол өмнө ч яригдаж байсан ажил. Гэнэт л “Өө тийшээ явъя, Цахиурын хөндийд гаръя” гээд хийчихдэг амар зүйл биш гэсэн үг. Бэлтгэл ажлаа хийж явсаар үр дүнд нь 2024 онд ингээд Монголын 8 технологийн компани тэнд бүртгэлтэй болоод оффистой болж байна.
Цахиурын хөндийгөөс маш олон дэлхийн хэмжээний компаниуд төрөн гарсан. Тиймдээ ч технологийн компаниудын орох гэж мөрөөсдөг газар. Гэхдээ Монголын технологи дэлхийн хэмжээнд өрсөлдөхөд бэлэн үү?
Өмнө нь дурдсанчлан Цахиурын хөндий бол маш өрсөлдөөнтэй зах зээл учраас тэнд өрсөлдөх бүтээгдэхүүн маш өвөрмөц байх ёстой нь мэдээж. Манай Гэрэгэ Киоск гэхэд яг л Монголдоо таарсан технологи. Ингэж хэлсний учир нь Монголд лавлагаа, гэрчилгээ гээд ямар нэгэн ажил бичиг баримтгүйгээр урагшилдаггүй. Эстонид бол Гэрэгэ Киоск шиг киоск байдаггүй. Шалтгаан нь их энгийн. Иргэд нь нийгмийн даатгал, улсын бүртгэл гээд бүхий л үйлчилгээгээ гар утсаараа авдаг. Түүнийг нь төрийн байгууллагууд нь X-Road гэх системээрээ шууд нэвтрээд харчихдаг. Тэгэхээр киоск шиг бүтээгдэхүүн Эстони, Америк зэрэг улсуудад бол тийм ч сонин биш болчхож байгаа биз.
Гэрэгэ Системс ХХК-ийн хувьд эхний 5 жилд дотоодын зах зээлд төвлөрч Монголд амьдарч буй 3.4 сая иргэний амьдралыг технологийн тусламжтай хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгоход анхааран ажиллалаа. Бидний технологи өдгөө төрийн төлбөр тооцооны 60%-70%-ийг гүйцэтгэж байна. Компанийн хувьд одоо дотоодын зах зээлд хийх зүйлээ хийсэн гэж харж байгаа болохоор ирэх 5 жил буюу дараагийн үе шат руугаа орох цаг нь хэдийнээ болсон. Тиймээс ч дараагийн үе шатанд Гэрэгэ-гийн технологиудыг олон улсын зах зээл рүү тэр дундаа Төв Азийн зах зээл рүү гаргахаар сонирхож байгаа юм. Төв Азийн “Торгоны зам Инновацын Төв-д” элсэн орсон нь ч энэ алсын харааны маань нэг хэсэг. Яагаад заавал Төв Азийн “Торгоны зам Инновацын Төв” юм бэ, гэхээр,
- 1-рт: Төв Азийн орнууд нийлээд Цахиурын хөндийд “Төв Азийн Хаб”-ыг үүсгэн тэндээсээ Төв Азийн орнууд хамтраад хөрөнгө оруулагчдад бизнесээ танилцуулах, хамтраад олон улсын зах зээл дээр гарах боломжийг бүрдүүлж буй.
- 2-рт: Цахиурын хөндийд бүртгэлтэй боллоо гэдэг нь заавал Америкийн зах зээл дээр өрсөлдөх гээд байгаа хэрэг ерөөсөө биш. Үүнээс илүү бид тэнд байгаа олон улсын хөрөнгө оруулалтад ойртох, тэдгээр хөрөнгө оруулагчдад 3.4 сая хүнтэй “Mongolia House” гэж танилцуулахын оронд 100 сая хүнтэй “Төв Азийн Хаб” гээд танилцуулбал арай өөрөөр харна аа даа.
Түүнчлэн Америкт жил бүр старт-ап-ууд чиглэсэн $670 тэрбумын үнийн дүн бүхий хөрөнгө оруулалт эргэлдэж байдгийн $105 тэрбум нь Цахиурын хөндийд эргэлддэг. Тэгэхлээр бид нар энэ том санхүүгийн боломж руу ойртъё, ингэхдээ Төв Азийн орнуудтай хамтран хөрөнгө оруулагчдыг татахын сацуу Төв Азийн 8 орнуудтай синержи үүсгэх, цаашлаад өөрсдийн технологийг тэдгээр орнууд руу гаргахыг зорьж байгаа.
Таны хэлсэнчлэн Монгол компаниуд Төв Азийн орнууд руу технологио экспортлох бүрэн боломжтой юм байна. Гэхдээ яагаад заавал Төв Ази гэж? Түүнчлэн Гэрэгэ Системс ХХК-д одоо байгаа ямар технологийг Төв Азийн орнууд руу экспортлох боломжтой гэж харж байгаа вэ?
Төв Азийн зарим орнууд хөгжлийн хувьд Монголоос хамаагүй хоцорсон. Жишээ нь, Тажикстанд 10 хүн тутмын 1 нь л банкны карттай. Узбекстанд 10 хүний 5 нь карттай байх жишээтэй. Гэтэл Монголд бол бараг 1 хүнд банк болгоны 2, 3 карт байх нь энүүхэнд. Ганц банкны карт гэлтгүй банкны интернэт апп гэхчлэн технологийн хувьд хол тасарчихсан зүйлс зөндөө. Төлбөр тооцооны тал дээр монголчууд аль ч банкны апп-аар QR код уншуулаад төлбөр тооцоог хийж байгаа нь бидэнд байгаа давуу талуудыг Монголоос технологийн хувьд арай сул хөгжилтэй байгаа тэдгээр орнууд руу экспортлох боломж харагдаж байгаа юм.
Цаашлаад Гэрэгэ Системс ХХК-ийн тухайд тэдгээр орнууд руу дата анализ, хиймэл оюун ухаан (AI), Гэрэгэ Ухаалаг Пос гэсэн 3 технологио нэвтрүүлэхээр зорьж буй. Учир нь бид хөгжлийнхөө дараагийн 5-10 жилд гарцаагүй дата анализ, хиймэл оюун ухаан (AI)-руу орж таарна. Дата анализын тал дээр л гэхэд манай компанид хангалттай туршлага болон боломж бий.
Үр дүн нь юу байх вэ гэвэл, иргэдийн зээлийн зан төлөвийн дата дээр ажиллалаа гэхэд эргээд тэр боловсруулсан датадаа тулгуурлан орлого багатай иргэдэд зээл авах боломжийг нэмэгдүүлэх боломжтой юм. Учир нь орлого багатай иргэд банкаар зээлийн эрхээ тогтоолгох гэхээр зээлийн дүн буурах гээд байдаг сул талтай. Бүр цаашлаад зээл авч чадахгүй байх нь ч элбэг тохиолддог учраас бид тэдгээр хүмүүст зориулсан алтернатив зээлийн үнэлгээ дээр ажиллаж эхэлж байгаа. Түүнчлэн бидэнд байгаа боломжид тулгуурлаад нэвтрүүлж буй технологиудыг Киргизстан, Узбекстанд амьдарч буй малчид, тогтмол орлогогүй зэрэг зээлийн шалгуур хангадаггүй иргэдэд хүргэх бүрэн боломжтой.
Тэгэхээр Монголын технологийн компаниудад олон улсын зах зээлд гарах хаалга бол нээлттэй байгаа гэж хэлж болохоор юм байна. Тэгвэл ямар саад бэрхшээл тулгарах бол?
Технологийн компанийг гаднаас нь харахад хэдэн компьютертой нөхдүүд үйлдвэртэй харьцуулахад бага зардлаар бизнес хийгээд байгаа шиг харагдаж магадгүй. Гэтэл бодит байдал дээр тухайн технологийг бүтээх, хөгжүүлэх, нэвтрүүлэх гээд асар их хөрөнгө оруулалт шаардагдах нь наад захын асуудал.
За одоо Гэрэгэ Системс ХХК-ийн дотоод үйл ажиллагааны талаар сонирхоцгооё. Анх финтек компани гэж гарч ирж байсан Гэрэгэ Системс ХХК хэрхэн Ковид-19-ийн бүртгэл хийсэн, төрийн олон үйлчилгээг нэвтрүүлсэн компани болсон түүхээсээ хуваалцвал?
Анх бид төлбөр тооцооны финтек компани гэж үүссэн ч явцдаа Ковид-19-ийн үеэр төрийн үйлчилгээ рүү халтираад орчихсон. Тухайн үед ЗГ-ийн Ковид-19-ийн бүртгэлийн 119 систем ачааллаа дийлэхгүй нурж, өөр сонголтгүй байсан тул бид финтек компани гээд хойш суулгүй төлбөр тооцоонд хэрэглэдэг банкны пос-г шинээр программчилж, PCR шинжилгээний хариу болон иргэний мэдээллийг шивдэг систем болгон хөгжүүлж байв. Тухайн үед финтек суурьтай системтэйгээ уялдуулаад халдварт өвчний тохиолдлуудыг бүртгэдэг нэгдсэн системийг бий болгосон нь бидний томоохон инновацуудын нэг байсан юм. Үүнээс улбаалаад Гэрэгэ Медтек ХХК үүсэж өдгөө бид 10 гаруй охин компанитай болоод байна.
Гуравхан жилийн дотор буюу 2022 оноос эхлэн Гэрэгэ Системс ХХК групп компанийн зохион байгуулалтад орж өдгөө 10 охин компанитай болтлоо өргөжсөн байна. Өнгөрсөн 2 жилд эдгээр компаниуд ямар төслүүд дээр ажиллав? Бас цаашид юу хийхээр төлөвлөж байна?
Одоо Гэрэгэ Системс иргэний үнэмлэхийг бол бүх төрлийн төхөөрөмж дээр уншиж чадаж байна. Цахим гарын үсгийг бүх төрлийн төхөөрөмж дээр унших зорилго тавин одоо зорьсондоо ч хүрч байна. Ер нь бол одоогоор Монголд хараахан байхгүй шийдлүүдийг бий болгож зах зээлд нэвтрүүлэх хэмжээнд хөгжүүлсэн байгаа. Удахгүй олон нийт, аж ахуйн нэгжүүдэд танилцуулна.
Түүнчлэн хилийн нэвтрэх системийг Гэрэгэ Системс ХХК 2 жилийн турш үнэгүй хөгжүүлэн, түүнтэйгээ уялдсан төрийн томоохон шийдлүүд дээр одоо ажиллаж байна. Гэрэгэ Проперти ХХК гэхэд үл хөдлөх хөрөнгө зарах, худалдан авах асуудалд иргэдийг заавал улсын бүртгэл рүү гүйлгээд байхгүйгээр төрийн системүүдтэй холболтоо хийсэн платформыг энэ жилдээ багтааж бэлэн болгоно. Цаашлаад, цахим гарын үсгийг 1 сая гаруй хүнд тараасан гэх ч хэрэглэж байгаа хүн алга. Гэрэгэ Киоскоор бол цахим гарын үсгийг олгодог болсон. Одоо бараг гар утсаар цахим гарын үсэг авах хэмжээнд хүртэл хөгжүүлсэн байгаа. Энэ мэтчилэн охин компаниуд маань салбар бүрд төлөвлөсөн ажлаа амжилттай урагшлуулаад явж байна даа.
Ер нь Монголд технологийн компани байгуулаад, хөгжүүлээд явахад ямархуу байдаг вэ?
Маш хэцүү л гэж хэлмээр байна. Туулсан замаасаа харахад Монголд шударга өрсөлдөөний тал дээр сайжрах хэрэгтэй зүйлс маш их байгаа. Тухайлбал, хэчнээн гоё санаатай старт-ап гарч ирсэн ч түүнийг дэмжих экосистем бүрэн хөгжөөгүй. Дээрээс нь оюуны өмчийн баталгаа алга. Гэрэгэ Системс ХХК-иас ч маш олон сайхан төсөл, санаанууд алдагдсан даа.
Гэрэгэ Системс ХХК энэ онд олон нийтэд чамгүй олон технологио танилцуулахаар төлөж байгаа юм байна. Хүлээлт ч үүсэх нь дээ. Цаг гарган сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.