Хуучирсан мэдээ/ 5 сарын 10, 2024

Нийт 23 ХК ₮297.9 тэрбумын ногдол ашгийг тараажээ

СЗХ-ноос ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компаниуд 4 сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа хуваарилж дуусгасан байх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Тэгвэл хэдэн компани, хэр их хэмжээний ногдол ашиг тараав? 

39 ➡️ 23

Энэ оны 2 сарын 21-ний байдлаар 39 ХК нийт ₮535.1 тэрбумын ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Тэгвэл өчигдрийн байдлаар нийт 23 ХК ₮297.9 тэрбумын ногдол ашгийг Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв (ҮЦТХТ)-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэдээ олгоод байна. 

  • Анхаар: Компаниуд ихэвчлэн ҮЦТХТ-өөр жижиг хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг тараадаг бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчдынхыг өөрсдөө олгодог. Богд банк (BOGD) л гэхэд 2023 оны II хагаст ₮170.5 саяын ногдол ашгийг ҮЦТХТ-өөр дамжуулсан бол ₮3.3 тэрбумыг өөрсдөө тараажээ. Энэ нийтлэлд зөвхөн ҮЦТХТ-өөр дамжуулсан ногдол ашгийг дурдсан гэдгийг анхаараарай. 

👑 ХААН бол ХААН

Ногдол ашиг тараах шийдвэр гаргасан 32 ХК-ийн нийт ногдол ашгийн үнийн дүнгийн 50.6%-ийг ХААН Банк (KHAN)-ны ногдол ашиг бүрдүүлж байсан бол ҮЦТХТ-өөр дамжин тараагдсан 23 ХК-ийн ногдол ашгийн 79.6%-ийг мөн л ХААН Банкны ногдол ашиг бүрдүүлэв. Тэдний ₮271 тэрбумын ногдол ашгийг 29 мянган хувьцаа эзэмшигч хүртсэн гэхээр дажгүй шүү. 

  • Хоцрогсод: Уг нь бол СЗХ-ноос гаргасан шийдвэрээр ХК-иуд ногдол ашгаа 4 сарын 30-ны дотор хуваарилж дуусгах ёстой. Гэвч 5 компанийн ҮЦТХТ-өөр дамжуулсан ногдол ашиг 5 сар гарснаас хойш олгогджээ. Зарим нь одоо болтол ногдол ашгаа хуваарилаагүй л явна.

Эцэст нь… Нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээл маань хөгжөөд харьцангуй олон компани ногдол ашиг хуваарилдаг болоод байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад илүү их хувьцаа худалдаж авах эсвэл өөр хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулах боломж олгох замаар зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж буй нь сайшаалтай. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.