Амралтын өдрийн мэндээ.
Намрын налгар өдрүүдийг угтан ээлжит тусгай дугаараа хүргэж байна. Энэ удаад бидний нүдэнд тэр болгон ил тод харагддаггүй ч амьдралын салшгүй хэрэгцээ болох тээврийн үйлчилгээг цогцоор нь хүргэх болсон Монложистикс Холдинг компанийн IPO-г тоймлох юм.
Тээвэр ложистиксийн салбарт хөрөнгө оруулах боломж бидэнд тэр болгон олддоггүй байсан бол салбартаа аль хэдийн байр сууриа олсон 18 жилийн туршлагатай Монголын анхны групп компанийн хувьцаа болох “Монложистикс Холдинг” хэмээх хөрөнгө оруулалтын шинэ боломж нэмэгдэж буй ажээ.
Агуулга
Монложистикс Холдинг мэндэлсэн түүх
Ложистикийн салбарын олон жилийн туршлагатай эрхэмүүд 2005 онд анх “Монложистикс Ворлдвайд” компанийг импортын тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилготой үүсгэн байгуулж байсан бол тус компани өргөжин тэлсээр 2018 онд Монложистикс Холдинг хэмээх толгой компанийг байгуулж өнөөдрийн байдлаар зөвхөн импортын тээвэр бус экспорт, транзит, цахим худалдаа, гадаад улс дахь салбар компани гээд тээврийн бүхий л үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг 9 охин компаниас бүрдэх групп компани болсон байна.
Тиймээс Монложистикс хэмээх гэр бүлийн түүхийг 2018 оноос өмнө, хойно хэмээн салгаж харах нь илүү ойлгомжтой болов уу. Мөн цаашид Монложистикс гэвэл толгой компанийн талаар ярьж байна гэж ойлгоорой.
Өнөөдрийн Монложистикс Холдинг
Импортын тээврийн салбартаа аль хэдийн хөлөө олсон тэдний хувьд охин компаниудаараа дамжуулан тээврийн салбарт өндөр жинг эзэлдэг экспортын тээвэрт хүч сорих, түүгээр зогсохгүй цахим худалдааны ложистик, хөдлөх бүтээгдэхүүний менежмент, транзит тээвэр гээд салбар дахь бизнесийн бүхий л боломжийг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Ийнхүү Монложистикс өнөөдрийн байдлаар олон улсын 800 гаруй, дотоодын 1,500 гаруй ААН-н өргөн сүлжээгээр дамжуулан 180 ажилтан дэлхийн өнцөг булан бүрт байрлах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлохоос авхуулаад, хөрш орнуудыг тээврээр холбох, уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортлох хүртэл тээвэр ложистикийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг жилдээ 26 мянган гаруй нэгж тээврийг зохион байгуулдаг тээврийн салбарын хамгийн том тоглогч болжээ.
Тээвэр ложистикийн салбарт амбиц дүүрэн ажиллаж буй группийн толгой компани болох Монложистикс Холдинг компанийн гүйцэтгэх удирдлагын баг 5 захирлаас бүрддэг байна. Эдгээрээс салбартаа олон жил ажилласан дараах 2 захирлыг онцолъё.
Монложистиксийн бизнесийн онцлогийг тайлбарлахаас өмнө тээвэр ложистикийн салбарын талаар тайлбарлах нь зүйтэй болов уу. Маш энгийнээр тайлбарлавал ачаа барааг А цэгээс Б цэгт хүргэх. Ингээд бодохоор маш хялбар бизнес мэт санагдаж болох ч бодит нөхцөл байдал мэдээж ярвигтай.
Тээвэр ложистикийн салбарын үйл ажиллагааг төрлөөр нь экспортын, импортын, транзит, дотоод тээвэр хэмээн 4 ангилдаг. Тэгвэл Монложистиксийн хувьд энэхүү 4 төрөлд бүгдэд нь үйл ажиллагаа явуулдгаараа бусдаас онцлогтой. Үүнийг охин компаниудын үйл ажиллагаанаас тод харах боломжтой. Тодруулбал,
Импортын тээвэр
Монложистикс Ворлдвайд ХХК, Монложистикс Экспресс ХХК нь B2B зах зээлд, Монложистикс Карго ХХК нь B2C зах зээлд импортын тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж.
Монгол Улсын импортын голлох бүтээгдэхүүнд авто машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, химийн бодис зэрэг ордог бөгөөд нефтээс бусад өргөн хэрэглээний бараанууд ихэвчлэн чингэлэгт ачигдан тээвэрлэгддэг байна.
Монложистикс Ворлдвайд ХХК нь гадаад улс орнуудаас импортын тээвэрлэлт хийхээс гадна гаалийн бүрдүүлэлт, терминалын үйлчилгээ, агуулах, хүргэлт гэх мэт импортын тээврийн харилцагчдын барааг хүссэн газарт нь хүргэж өгөхөд шаардлагатай тээвэр ложистикийн цогц үйлчилгээг үзүүлдэг ажээ.
Экспортын тээвэр
Манай улсын хувьд экспортын тээвэр гэвэл уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний тээвэр дийлэнх хувийг эзэлдэг билээ. Энэ ч утгаар Каус Аустралис компани нь уул уурхайн эрдэс бүтээгдэхүүнийг уурхайн амнаас эцсийн хэрэглэгч хүртэл тээвэрлэх цогц үйлчилгээг санал болгодгоороо онцлогтой.
Транзит тээвэр
Транзит тээвэр бол манай улсаар дамжин өнгөрч буй тээврийг хэлнэ. Ингэхдээ БНХАУ-с ОХУ эсвэл Европын орон руу тээвэрлэгдэж буй ачаа бараа, эсвэл эсрэг урсгалд гэх мэтээр дамжин өнгөрч буй тээврийн зохион байгуулах ажлыг гүйцэтгэх юм. Монложистикс Транзитын хувьд одоогоор Замын-Үүд, Сүхбаатар боомтоор дамжуулан транзит тээврийг гүйцэтгэж байгаа бөгөөд ирээдүйд баруун зүгт Арцсуурь-Шивээхүрэн, зүүн зүгт Эрээнцэв-Бичигт чиглэлийн төмөр замууд ашиглалтад орох үед тээврийн үйлчилгээ тус маршрутад мөн өргөжүүлэхээр төлөвлөж буй ажээ.
Бусад
Дээрх 3 бизнестэй уялдаа холбоотой ажиллах боломжтой ачаа тээврийн үйлчилгээг үзүүлдэг Монложистикс Тракинг, Монложистикс Экүйпментс компаниуд мөн бий. Монложистикс Тракингийн хувьд авто тээврийн үйлчилгээг үзүүлдэг ба бүх тээврийн төрлүүдийг холбож энгийн жижиг илгээмжээс хэтрүү овортой буюу хэт хүнд техник, тоног төхөөрөмж, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардах ачааг хаалганаас хаалганд хүргэх тээвэрлэлтийг хийдгээрээ онцлогтой. Монложистикс Экүйпментсийн хувьд бусад охин компаниудын вагоны хэрэгцээг хангах зорилгоор үйл ажиллагаа явуулж буй. Эдгээрээс гадна ОХУ-д байрлаж, ОХУ-с тээврийн үйлчилгээг үзүүлдэг Монложистикс Россия Холдинг гэх компани бас бий ажээ.
Тээврийг авто зам, төмөр зам, агаар, усан замаар хийх боломжтой бол манай улсын хувьд төмөр зам болон агаарын тээвэр хамгийн өндөр орлоготой ажилладаг байна. Тодруулбал, өнгөрсөн онд манай улсын тээврийн салбар нийт ₮2 их наядын орлоготой ажилласан ба үүний 37%-ийг төмөр замын, 25%-ийг агаарын, 39%-ийг авто тээвэр бүрдүүлжээ. Гэхдээ тээвэрлэсэн ачааны хэмжээгээр үзвэл төмөр зам нийт ачааны 46%, авто тээвэр 54%-ийг, агаарын тээвэр маш бага хэмжээг тээвэрлэсэн аж. Энэхүү салбарт Монложистикс хаана явна вэ?
Тээврийн салбар ба түүнд эзлэх Монложистикс /2022 оны байдлаар/
Монложистикс өөрсдийн бизнесийг ₮73 тэрбумаар үнэлж, 15%-ийг олон нийтэд санал болгох юм. Ийнхүү тэд олон нийтээс ₮10.9 тэрбумыг татан төвлөрүүлэх ба энэхүү хөрөнгийн дийлэнх буюу 75%-ийг хөдлөх бүрэлдэхүүн буюу 100 ширхэг тавцант вагон худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ. Тэгвэл тэдний бизнес хэрхэн ₮73 тэрбумын үнэлгээнд хүрсэн, яагаад заавал хөдлөх бүрэлдэхүүн худалдаж авах гэж буй зэргийг дэлгэрүүлж харцгаая.
МХБ дээр тээвэр ложистикийн салбарыг төлөөлөх Монгол Шуудан ХК (MNP) болон Э-Транс Ложистикс ХК (ETR) хэмээх хоёр компани бий. Гэвч эдгээр нь дараах байдлаар Монложистиксоос ялгаатай юм.
Дээрх шалтгаанаар адил төстэй компанитай харьцуулж компанийн үнэлгээг тогтоох нь өрөөсгөл байсан тул ирээдүйд олох орлогыг төсөөлөх байдлаар үнэлгээг тогтоосон байна. Үр дүнд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар толгой компанийн харьяалалд хамаарагдах бизнесийн зах зээлийн үнэлгээ ₮90 тэрбум хэмээн тооцоологджээ. Үүнээс татан буулгалтын хөнгөлөлт 10%, зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж дахин 10% хямдруулснаар ₮73 тэрбум хэмээх үнэлгээ гарчээ.
Аливаа бизнес санхүүгийн нөөцөө ухаалаг удирддаг байх тусам хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж чаддаг. Тэгвэл Монложистикийн хувьд өндөр дүнтэй өр төлбөргүй, өөрийн хөрөнгөөр компаниа өргөжүүлж явсаар өнгөрсөн оны байдлаар ₮41.8 тэрбумын хөрөнгөтэй болжээ. Энэхүү хөрөнгийн 94.3% буюу дийлэнх хувийг эргэлтийн хөрөнгө бүрдүүлдэг бол эх үүсвэр талаас нь харвал 59.4%-ийг өөрийн хөрөнгө үлдсэнийг өр төлбөр бүрдүүлж буй.
Дэлгэрүүлбэл, эргэлтийн хөрөнгийн тал нь дансны авлага, өр төлбөрийн 67% нь дансны өглөг аж. Ийнхүү салбарын онцлогоос хамаарч өндөр дүнтэй дансны авлага болон өглөг үүсдэг байна. Учир нь харилцагчид тээврийн үйлчилгээг авч дууссан буюу ачаа бараагаа хүлээн авсны дараа тээврийн төлбөрийг төлөх учир борлуулалтаа дараа авах нөхцөлтэйгөөр авлага үүсгэдэг. Нөгөө талдаа зайлшгүй гардаг төлбөрүүд дээр өглөг үүсгэх зохицуулалт хийж буй юм. Тиймээс компанийн санхүү талаас хамгийн их анхаарах зүйл бол өглөг, авлагын менежмент. Өглөгөө төлөх болчхоод байхад авлагаа аваагүй байвал асуудал үүсэх юм. Үүнээс өөр толгой гашилгах зүйл тэр бүр байхгүй гэж ойлгож болох нь.
Үргэлжлүүлэн орлого, ашгийг нь сонирхох үүднээс тээврийн тоон түүхэн үзүүлэлтийг харцгаая. Тэд 2017 он хүртэл зөвхөн импортын тээврийн үйл ажиллагаа явуулах хугацаанд жилд 3,000 орчим тээвэр зохион байгуулдаг байсан бол 2017 оноос транзит тээвэр, 2022 онд экспортын тээврийн үйлчилгээг нэвтрүүлснээр тээврийн тоо огцом өссөн байна. Тухайлбал,
Ийнхүү 2022 онд ₮140 тэрбумын борлуулалттай ажиллаж, өмнөх жилээсээ 70% өсжээ. Үүнд голлох бизнесүүдийн оролцоо дараах байдалтай байв.
Хамгийн олон жилийн туршлагыг хуримтлуулсан импортын тээвэр нийт орлогын 75%, үүнийг дараагаар транзит тээвэр 15%, экспортын тээвэр 5%, бусад үйл ажиллагаа 4.6%-ийг тус тус бүрдүүлсэн байна.
Ирээдүйн Монложистикс: Импорт түүн дээр экспорт тээвэр
Монложистикс группийн 18 жилийн түүхийн дийлэнхийг импортын тээврийн он жилүүд бүрдүүлдэг тухай танилцуулсан. Гэтэл тээврийн бизнесийн хувьд импортын тээврээс илүү экспортын тээвэрт нөөц бололцоо илүү өндөр байдаг аж. Жишээлбэл, манай улс өнгөрсөн онд нийт 61 сая тн ачаа тээвэрлэсэн бол үүний 66%-ийг экспортын, 20%-ийг дотоодын, 9%-ийг импортын, 5%-ийг транзит тээвэр бүрдүүлсэн юм. Энэ жилийн эхний 7 сарын байдлаар л гэхэд нүүрсний экспорт өмнөх жилээс 3.2 дахин өсөж, 35 сая тн хүрсэн гэхээр экспортын тээврийн боломж асар их.
Үүнээс бизнесийн цар хүрээг томруулъя гэвэл экспортын тээвэр тэр дундаа нүүрс тээвэрт хүч үзэх гэдэг сонголт бий болж буй юм. Энэ ч утгаар компанийн зүгээс бизнесийн стратегийг экспортын тээвэрт байр сууриа томруулах хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл тэд импортын тээвэр хэмээх нэг тулгуурт бус импорт болон экспортын тээвэр гэсэн хоёр тулгуурт баганатай болох хүсэлтэй буй.
Түүнчлэн голлох бизнесүүдийн үр ашгийг өндөр болгох зорилгоор дэмжих бизнесүүдийг зэргэлдээ компаниудаар дамжуулан өргөжүүлэх юм. Эдгээр нь авто тээвэр болон хөдлөх бүтээгдэхүүний түрээс билээ. Автомашины тээвэр болон вагоны түрээсийн үйлчилгээг групп дотроосоо авъя гэдэг санаа. Энэ ч утгаар IPO-оор босгосон хөрөнгийн дийлэнх хувийг вагон худалдан авахад зарцуулах юм.
9 компаниас хувь хүртэх: Монложистикс Холдингийн хувьд 9 компанийг удирдаж буй толгой компани гэдгээрээ онцлог. Тэд эдгээр 9 компанийн 5 компанийг 100%, үлдсэн 4 компанийн 50-иас дээш хувийг эзэмшдэг билээ. Тиймээс Монложистикс Холдингийн хөрөнгө оруулагч нь эдгээр компаниудыг мөн адил эзэмшиж, ашгаас нь хувиа хүртээд явах гэдэг том давуу талтай болох юм.
Салбарын өсөлт: Олон улсад тээвэр ложистикийн салбар ДНБ-н дунжаар 8-10%-ийг эзэлдэг байна. Харин манай улсын хувьд өнгөрсөн онд тээвэр ложистикийн салбар ДНБ-н 3.7%-ийг, сүүлийн 10 жилийн хугацаанд өндөр үедээ 5%-ийг бүрдүүлж байв. Түүнчлэн ЗГ-с баталсан Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хэд хэдэн төмөр замын корридор, барилга байгууламж баригдаж тээврийн хүчин чадлыг өсгөх төлөвлөгөөтэй буй. Эдгээр нь тээврийн салбарт цаашид өсөлтийн потенциал буйг илтгэнэ. Тиймээс уг салбарт ажиллаж буй компаниудын хувьд өрсөлдөх чадвараа өсгөж хэмжээгээ томруулах боломж бий.
Ханшийн эрсдэл бага: Олон улсын тээврийн үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьд дийлэнх тохиолдолд төлбөр тооцоогоо гадаад валютаар хийдэг байна. Монложистикс Холдингийн хувьд ч мөн адил нийт орлогын 82% нь гадаад валютаар орж ирдэг аж. Энэ нь ханшийн эрсдэлд өртөх магадлал өндөртэй дотоодын бизнесүүдтэй харьцуулахад маш том давуу тал биш гэж үү. Долларын ханш хэрхэн өсөж буйг энд дурдаад байх шаардлага алга болов уу.
Тогтмол ногдол ашиг: Компани ногдол ашиг төлсний дараа төлбөрийн чадвартай байж, өөрийн хөрөнгө нь хувь нийлүүлсэн хөрөнгөөс өндөр байсан тохиолдолд жил бүр цэвэр ашгийн 20-50%-ийг ногдол ашиг хэлбэрээр тараах аж. Тээврийн салбар энэ эрчээрээ эрчимтэй өсөөд байх юм бол ногдол ашиг бол тогтмол хүртээд явах боломж бий бололтой.
Дэд бүтцийн бүтээн байгуулалт удаашрах: Тээвэр, ложистикийн салбарын зардлыг бууруулж, бүтээмжийг өсгөх гол хүчин зүйл бол дэд бүтэц билээ. Манай улсын хувьд авто болон төмөр замыг эдийн засгийн ач холбогдол бүхий бүс нутгуудад хүртээмжтэй барих нь ганц тээврийн салбар бус улсын нийт эдийн засагт нөлөөтэй чухал асуудал. Гэвч энэхүү бүтээн байгуулалт нь төлөвлөсөн хугацаандаа, үр ашиг бүхий бүс нутагт баригдаж чадах нь төрөөс ихээхэн хамаардаг нь тээврийн салбарын өсөлтөд шууд нөлөөлөх эрсдэлтэй.
Шатахууны үнийн өсөлт: Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, бидний өдөр тутмын амьдралд шууд мэдрэгдэх болсон. Энэхүү өсөлтийн голлох шалтгаан нь тээврийн өртөг нэмэгдсэнээс үүдэлтэй байдаг. Гэтэл тээврийн өртгийн өсөлтийн гол шалтгаан нь шатахууны үнийн өсөлт байдаг. Харамсалтай нь манай улсын шатахууны нийлүүлэлт ОХУ-с хамаарч, нийлүүлэлтийн хэмжээ цаашлаад үнийн өсөлтийг удирдах, таамаглахад хүндрэлтэй орчинд бизнес эрхлэхээс өөр гарцгүй билээ. Энэ мөн л таамаглаагүй зардлыг бий болгож, мөнгөн урсгалыг удирдахад хүндрэл учруулах эрсдэлийг бий болгох боломжтой юм.
Өрсөлдөөн: Манай улсад авто зам, төмөр зам, агаарын замын үндсэн 3 төрлийн тээврийн салбарт 2,453 ААН үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр компаниудын гол ялгарал нь амар хялбар аргаар захиалга өгөх болон хурдан хугацаанд бага зардлаар тээврийн үйлчилгээг авах боломжийг харилцагчдадаа санал болгох болов уу. Ингээд бодохоор ойлгомжтой мэт санагдах боломж энэхүү давуу талыг бодит болгохын тулд, захиалгын ухаалаг систем хөгжүүлэх, шаардлагатай нөхцөлд агуулахаар хангах, тээврийн төрөл бүрийн салбарт томоохон хамтрагчтай болохыг шаардана. Цаашлаад онлайн худалдааны салбарын хөгжлийг дагаж, тээврийн шинэлэг үйлчилгээний хэрэгцээ улам бүр нэмэгдэж буй. Тиймээс цаг алдалгүй, ухаалаг шийдлүүдийг санал болгож байж, ширүүн өрсөлдөөнд тунаж үлдэх биз ээ.
Бүхий л төрлийн бизнесийн тасралтгүй үйл ажиллагааны гол цөм болсон тээврийн салбарын компани IPO хийж буй нь тэр болгон ил тод харагдаад байдаггүй уг салбарын бизнесийг олон нийт ойлгодог болоход ихээхэн хувь нэмэр үзүүлэх болов уу. Энэ нь эхний ээлжид тээврийн салбарын хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлж салбарын өсөлтийг хурдасгах бол цаашдаа дэд бүтцийн хэрэгцээг бий болгож, эдийн засгийн идэвхжилд нөлөөлөх боломжтой. Тэгэхээр тээврийн салбарын төлөөлөгч олон нийтэд нээлттэй болох нь асар өргөн цар хүрээтэй ажил хэрэг хэмээн бидний зүгээс харж байна. Харин таны хувьд Монложистикс Холдингийн IPO-г хэрхэн дүгнэж байна вэ?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.