Монголын эдийн засаг өнгөрсөн онд 5% өссөн бол энэ оны III улиралд 6.9% өсөөд байгаа. Түүнчлэн сарын дундаж цалин жилийн өмнөхөөс 27.7% нэмэгдэж ₮2 саяд хүрсэн, эхний 11 сарын гадаад худалдааны ашиг $5.4 тэрбум болсон гээд тоон утгаараа нэлээд өссөн жил боллоо. Инфляц ч мөн 12.3% байснаасаа буурч 8.6% болоод байгаа.
2023 он эдийн засгийн хувьд сайн жил байсан уу, үгүй юу, гэдгийг мэдэхийн тулд хэд хэдэн тоо харах хэрэгтэй болно.
Энэ онд бид 162 улстай худалдаа хийжээ. Улмаар эхний 11 сарын экспортын дүн жилийн өмнөхөөс 23.9% өсөж $13.8 тэрбумд хүрснээр гадаад худалдааны ашиг $5.4 тэрбум болсон юм.
Гадаад худалдааны үнийн дүн, ашиг нэмэгдсэн ч нефть, цахилгаан зэрэг гол хэрэгцээгээ бүгдийг нь импортоор авдаг хэвээр. Энэ хараат байдлаа бууруулахгүй бол цахилгааны хязгаарлалтад ороод л, улсаараа шатахуун авах гэж дугаарлаад л байж байна даа.
Өнгөрсөн сард сонгуультай жилийн буюу 2024 оны түүхэн том төсөв батлагдсан билээ. Тодруулбал, Ирэх оны төсвийн орлого 2023 оныхоос 21.6% өндөр буюу ₮25.4 их наядад хүрэх гэнэ. Үүний 92.9%-ийг та бидний татварын орлого бүрдүүлнэ. Харин зардал нь 2023 оны төсвөөс 22.3%, 10 жилийн өмнөхөөс бүр 285.9% их буюу ₮27.4 их наяд байхаар тусгагджээ. Улмаар ирэх оны төсөв ₮2 их наядын алдагдалтай байх нь.
Гол асуудал нь мөнгөний бодлого нь хатуу чиглэлд, бодлогын хүү нь 13%-д хадгалагдаж байгаа ч төсвийн бодлого нь тэлсээр. Өөрөөр бол нэг талд Монголбанк инфляцыг хазаарлахаар үзэж тараад байдаг нөгөө талд төсөв нь айлын эрх хүүхэд шиг улам л өндөрт цовхчоод байдаг. Ийм нөхцөлд Монголбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлэх боломжгүй болж байгаа юм. Тэгэхээр ЗЗ хумигдсан хэвээр, та бидний авах зээл өндөр хүүтэй хэвээр байна л гэсэн үг.
Өрхийн сарын дундаж орлого III улирлын байдлаар 3 жилийн өмнөхөөсөө 48.5% өсөж ₮2.2 сая болсон. Гэхдээ өрхийн худалдан авах чадвар яг ингэж нэмэгдсэн юм уу гэвэл үгүй. Учир нь 2015 оны зэрэгцүүлсэн үнээр буюу инфляцын нөлөөг арилгаад харвал дундаж орлого ердөө 7.8% өсөж ₮1.3 сая л болсон байгаа юм.
Инфляц буурч, ханш тогтворжсон үед л бодит орлогын өсөлт мэдрэгдэнэ. Гэвч тэтгэвэр, тэтгэмж, дундаж цалин өссөн сургаар өчигдөр ₮200 байсан бараа маргааш нь ₮300 болдог нь жам. Тэгэхээр энэ нөхцөл байдал өөрчлөгдөхөд нэлээд хугацаа шаардагдах болов уу.
Хамгийн сүүлийн үеийн статистикаар буюу энэ оны эхний 9 сард улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс 4.5% өсөж $34 тэрбум болжээ. Гадаад өр өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 15.2%, ЗГ-ын өр 3% тус тус өссөн нь нэмэгдсэн юм. Түүнчлэн гадаад өр гээд ярихаар ЗГ-ын бондыг зайлшгүй дурдах хэрэгтэй болно.
ЗГ 2012 оноос хойш нийт 8 бонд гаргасан. Үүнээс Чингис бонд л 1,660 гаруй төслийг санхүүжүүлсэн. Харин 2016-2021 онд гарсан бондуудаар дандаа л өмнөх өрийг төлсөн байдаг. Одоо ч гэсэн энэ тогтолцоо өөрчлөгдөөгүй байна. Үүнийг өөрчилж байж л бондоор босгосон хөрөнгөө үр дүнтэй зарцуулах учиртай.
Монголын 2023 оны эдийн засаг нэг ийм байдаг юм байж. Харин том зургаар бол дэлхийн даяар ихэнх оронд инфляц олон 10 жилийн дээд хэмжээнд хүрч төв банкнуудыг бодлогын хүүгээ өсгөхөд хүргэсэн нь зээл, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн билээ. Улмаар эдийн засгийн сэргэлт бүс нутаг, салбаруудад жигд бусаар тархаж, хөгжингүй орнуудын эдийн засаг илүү хурдтай сэргэсэн бол хөгжиж буй орнууд илүү хурц сорилтуудтай тулгарсан. Түүнчлэн дэлхийн өрийн хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн юм.
Хятад: Дэлхий дундаас хөршөө онцолбол, тэд нэлээд бартаатай жилээ үдэж байна. Хятадын хөрөнгийн зах зээл унаж, гадаадын хөрөнгө оруулагчид тэднээс зугтаж буй. Учир нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтад орсон билээ. ҮХХ-ийн үнэ 5% унах тутамд ҮХХ-ийн салбар нь $2.7 их наядыг алдах эрсдэлтэй болоод байгаа.
Харин Сангийн яам ирэх оны төсвийн төсөлд эдийн засаг 7% өснө гэж тусгаад байгаа. Харин бусад нөлөө бүхий байгууллагуудын Монголын 2024 оны эдийн засгийн төсөөллийн таамаг нэлээд зөрүүтэй байна. Тодруулбал, ЕСБХБ болон ОУВС-ийн таамаг 3 нэгж хувиар зөрүүтэй байгаа юм. Ер нь бол нөлөө бүхий байгууллагууд Монголын ирэх оны эдийн засгийн таамгийг Хятадын эдийн засгийн хямралаас үүдэн бууруулсан.
Тэгвэл бид мэргэжилтний үзэл бодлыг уншигчдадаа хуваалцах зорилгоор Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очироос ирэх оны эдийн засгийн өнгө аясыг тодрууллаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.