Премиум Нэксус ХК (CUMN) буюу CU-н I улирлын алдагдал жилийн өмнөхөөсөө ₮9.3 тэрбумаар буурчээ. Юу болсныг шинжье.
2024 оны онцлог
Премиум Нэксус ХК нь 2023 оны 12-р сард хувьцаа гаргах замаар Чингис Шар Айраг Клуб ХХК, Сэнтрал Коммерс ХХК болон Сэнтрал Кофе Роүстинг ХХК-ийг 100% эзэмшдэг болж нэлээд том бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэхүү бүтцийн өөрчлөлт нь энэ оны 1-р сард албан ёсоор бүртгэгдсэн аж.
Зургааг нээж, тавыг хасав
CU-н дэлгүүрийн тооны хувьд өнгөрсөн улиралд 5 дэлгүүрийг хаасан бол 6 дэлгүүрийг шинээр нээсэн байна. Улмаар нийт дэлгүүрийн тоо нь 375 болсон аж. Дэлгүүрүүдийн гүйцэтгэлийг харвал, өдрийн дундаж борлуулалт нь жилийн өмнөхөөсөө 19%, өдрийн дундаж үйлчлүүлэгчдийн тоо нь 6%-иар тус тус нэмэгджээ.
Борлуулалт 🆙, Алдагдал 🔽 Одоо хамгийн сэтгэл татам хэсэг болох компанийн санхүүгийн үзүүлэлтийг харъя. Тэдний цэвэр борлуулалтын орлого жилийн өмнөхөөсөө 56% өсөж ₮110.9 тэрбумд хүрсэн байна. Улмаар цэвэр алдагдал нь ₮9.3 тэрбумаар буурч ₮0.8 тэрбум болсон аж. Алдагдал буурсан тул цэвэр ашгийн маржин нь 13.3 нэгж хувиар сайжирч -0.8% болжээ.
Зах зээл дээр юу болов?
CUMN-н зах зээлийн үнэлгээ I улиралд 2.8% өсөж ₮164.9 тэрбум болсон. Сонирхуулахад, тус хугацаанд тэдний зах зээлийн үнэлгээ хамгийн ихдээ ₮171.6 тэрбумд хүрсэн бол хамгийн багадаа ₮129.3 тэрбум болж байв. Харин өчигдрийн байдлаар хувьцааны үнэ нь I улирлын хаалтын үнээс 5.4% унаж ₮140 болоод байна. Эцэст нь… CUMN-н I улирлын үр дүн нэг иймэрхүү байна даа. Дараагийн улирлаас алдагдлаас ашиг руу орох болов уу?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.