Өнгөрсөн Баасан гарагт урд хөрш маань батлан хамгаалах салбартаа сүүлийн 9 жилд тохиогоогүй бүтцийн өөрчлөлт хийлээ. Тус өөрчлөлтийн хамгийн гол хэсэг нь Хятад шинээр мэдээллийн дэмжлэг үзүүлэх хүчнийг байгуулсан явдал байв.
Мэдээлэл, сансар, кибер аюулгүй байдал
Хятадын Ардыг чөлөөлөх арми өмнө нь хуурай замын, тэнгисийн, агаарын, пуужингийн, стратегийн дэмжлэг үзүүлэх хүчин, үндэсний цэрэг, цагдаагийн хүчин, нөөц хүчин гэсэн 7 ангиас бүрддэг байв. Харин шинэчлэгдсэн бүтцийн өөрчлөлтөөр стратегийн дэмжлэг үзүүлэх хүчинг татан буулгаж дотор нь харьяалагдаж байсан сансар, кибер аюулгүй байдал, логистикийн дэмжлэг үзүүлэх ангиудыг бие даасан салбар хүчин болгож шинээр мэдээллийг дэмжих хүчинтэй болоод буй. Тэд ийм том хэмжээний бүтцийн өөрчлөлтийг 9 жилийн өмнө буюу 2015 онд хийж байсан юм.
Юуны тулд?
Ганц Хятадаар тогтохгүй Америк болон Орос батлан хамгаалах салбарын зардлаа эрс өсгөж 2023 онд дэлхийн батлан хамгаалах салбарын зардал $2.4 их наяд болон ахин шинэ дээд түвшинг тогтоов. Түүгээр ч зогсохгүй өнгөрсөн 7 хоногт Америкийн Израиль, Тайвань, Украинд дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг төлөөлөгчдийн танхим батлаад авсан. Бөмбөрцгийн энд тэнд болж буй дайн санхүүжүүлэгч их гүрнүүд батлан хамгаалах зардлаа нэмээд байдаг, дайн дуусах шинж байна уу?
Эцэст нь… Хятад бол хамгийн олон хөрш оронтой, хамгийн урт хуурай газрын хилтэй, далайн аюулгүй байдлын орчин хамгийн ээдрээтэй орны нэг. Гэхдээ Хятад ихэнх хөрш орнуудтайгаа хил хамгаалах гэрээтэй байдаг тул хуурай газрын армиасаа илүү тэнгисийн болон агаарын армиа томруулахаар шинэчлэл хийх болсон. Энэ ч утгаараа цахим дайн, сансрын өрсөлдөөнд илүүтэй анхаарч жинхэнэ утгаараа цэрэг армийн бүтцээ ч тэр зүгт хандуулж буй нь уг үйл явдлаас харагдах шиг…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.