“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” арга хэмжээ Нью-Йорк хотод өчигдөр буюу 4-р сарын 22-нд эхэллээ. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам болон Capital Markets Mongolia компанийн зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монголын банк, санхүүгийн салбарынхан болон Монголыг сонирхож буй гадаадын хөрөнгө оруулагч нар, шинжээчид оролцож буй.
Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног арга хэмжээний хүрээнд Монголоос очсон зочид төлөөлөгчдийг Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн Дэд Ерөнхийлөгч, Олон улс хариуцсан зөвлөх газрын тэргүүн Крис Тэйлор, Олон улсын асуудал эрхэлсэн газрын тэргүүн Уилл Гүдвин нар хүлээн авч уулзжээ.
Монгол талаас зочдын багийн бүрэлдэхүүнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Монголбанкны төлөөллүүд, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Л.Сонор, Хадгаламжийн даатгалын корпорацын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Capital Markets Mongolia компанийн Гүйцэтгэх захирал Э.Золбаяр нар багтсан юм.
Энэхүү уулзалтын үеэр Монголын компаниуд, тэр дундаа банкнуудад Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж дээр гарах боломж байгаа эсэх, цаашлаад тус бирж Монголын зах зээлтэй хэрхэн холбогдох боломжийн талаар харилцан санал солилцож, ярилцлаа.
Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж нь 1972 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй дэлхийн хамгийн том хөрөнгийн бирж. Өдгөө тус бирж дээр 2,272 компани бүртгэлтэй бөгөөд биржийн зах зээлийн үнэлгээ нь $25.5 их наядаар хэмжигдэж, өдөрт дунджаар 1.46 тэрбум ширхэг хувьцаа арилжигдаж байна.
Capital Markets Mongolia компани нь хөрөнгө оруулалтын харилцаа, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй. Тус компани нь энэ жил Америкийн Нью-Йорк хотод “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” арга хэмжээг анх удаа санаачлан Монголбанктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Монголыг сонирхсон гадны хөрөнгө оруулагч нарт чиглэсэн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” арга хэмжээний хүрээнд хоёр дахь өдөр буюу 4 сарын 23-нд “Монголын банкны форум” зохион байгуулагдана. Энэхүү форумд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо болон Голомт банк, Худалдаа Хөгжлийн Банк, Мбанк, Богд банк зэрэг томоохон банкнуудын дээд удирдлагууд оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг явуулах юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.