Саяхан бид валютын хаан долларын хүчирхэгжилтийн талаар тоймлож байсан даа. Тэгвэл энэ удаад валютын хаанаас татгалзаж буй орнуудын талаар бичихээр шийдлээ. Юу болоод байна?
Долларыг дижитал валютаар сольё!
Өнгөрсөн зунаас эхлээд BRICS бүлгийн 10 орон хоорондоо худалдаа, наймаа хийхдээ ашиглах нэгдсэн валюттай, дижитал төлбөрийн системтэй болох талаар эрчимтэй ярилцах болов. Тус төлбөрийн систем нь Америкийн хоригт багтсан орнуудад тулгардаг гадаад худалдааны асуудлыг шийдэхэд чиглэх буюу доллароос амь амьдрал хамаардаг байдлыг үгүй болгоход чиглэх юм. Үүний хажуугаар саяхан Венесуэл газрын тосны экспортоо доллароос өөр валютаар хийхээр шийдвэрлэж BRICS-н доллароос ангижрах мөрөөдөл тийм ч хийсвэр мөрөөдөл биш гэдгийг харуулах шиг.
Долларыг нухчин дарах амархан гэж үү?
Дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл валютын хаан доллар дээр тогтож буй энэ эринд долларын давамгайллыг үгүйсгэх нь бараг л боломжгүй. Учир нь өнгөрсөн оны байдлаар л гэхэд доллар дэлхийн валютын нөөцийн 61%-ийг бүрдүүлж буй. Гэсэн ч Хятад болон Саудын Арабын төв банк $7 тэрбумын үнийн дүн бүхий своп хэлцэл хийж газрын тосны бус худалдаандаа долларын хэмжээг багасгахаар тохиролцсон байдаг. Яаж ийж байгаад долларын хамаарлаа багасгана аа л гээд байгаа.
Эцэст нь… Юутай ч BRICS-н бүлэг долларыг хүчгүйдүүлэхийн тулд бүс нутгийн худалдаагаа юань ч бай, рубль ч бай, эсвэл евро шиг өөр төрлийн валютаар хийгээд эхэлбэл тэр үед л жинхэнэ асуудал гарч эхлэх байхдаа. Одоохондоо ч мэдэхгүй л юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.