
Монголын 3 барагдашгүй их тэмцэл. Тэмцээд, тэмцээд үр дүнгүй авлига 1 тэмцэл, тэмцээд, тэмцээд буурдаггүй утаа 1 тэмцэл, тэгш, сондгойгоор нь ангилаад ч шингэрдэггүй түгжрэл 1 тэмцэл юм даа. Энэ дундаас ЗГ утааны тэмцлээ эрчимжүүлж, 5 жилд ₮14.9 их наядыг зарцуулах төлөвлөгөө боловсруулсан байна.
🙄 Зүгээр салхинд найдвал яадаг юм!
Өнгөрсөн 10 гаруй жилд утаатай тэмцэхэд улсын төсвөөс ₮1.9 их наядыг зарцуулав. Үр дүнд нь утаа буурах бус зарцуулсан мөнгө нь утаараад дууссан. Гэтэл энэ удаа Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороо 2026-2030 онд 7 чиглэлийн нийт 53 төсөл, хөтөлбөрт ₮14.9 их наядыг зарцуулах нүсэр төлөвлөгөөгөө танилцууллаа.
🦹🏻♂️ Өнгөрсөн ба одоо
2017-2025 онд хэрэгжсэн Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр бол Монголын агаарын бохирдолтой тэмцэх хамгийн том цогц бодлого байв. 2 үе шаттай хэрэгжсэн уг хөтөлбөрт нийт ₮9.9 их наядыг зарцуулна хэмээн баталж байв. Үр дүнд нь 2025 он гэхэд утаа 2016 оныхоос 80% буурах учиртай байв. Утаа буурсан эсэх дээр цэлмэг ухаант уншигч та өөрийн дүгнэлтээ гаргана биз ээ. Аудитын шалгат нь өнгөрсөн 8-р сард эхэлсэн байна лээ.
Эцэст нь… “Яндаад яндаад барагддаггүй, яасан сайхан далай вэ” гэдэг шиг төсвөөр тэтгүүлсэн төсөл, хөтөлбөрийн дүн жил ирэх тусам л нэмэгдэж, хэрэгжилт мартагдсаар. Ирэх 5 жилд, жил бүр утаанд ₮3 их наядыг зарцуулах төлөвтэй боллоо. 2030 он гэхэд энэ их хэмжээний мөнгө амласан үр дүнгээ авчрахгүй бол тэр үед яана аа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.