Монголын үнэт цаасны клирингийн төв ХХК (МҮЦКТ)-ийн 8 жилийн ой тохиож буй энэ өдөр бид клирингийн үйлчилгээний талаар мэдээлэл олгох зорилгоор “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Эрдэнэгэрэлтэй ярилцлаа. Хүлээн авна уу.
Өнөөдөр Монголын үнэт цаасны клирингийн төв ХХК (МҮЦКТ)-ийн 8 жилийн ой тохиож байна. Уншигчдад маань Клирингийн төв ямар үйл ажиллагаа явуулдаг талаар товчхон танилцуулна уу?
Монголын Хөрөнгийн Бирж 1991 онд байгуулагдсан. Хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт хүргэхийн тулд тус тусын үүрэг оролцоо бүхий дэд бүтцийн байгууллагуудыг бий болгохыг олон улсын байгууллагуудаас зөвлөсөн байдаг. Энэ дагуу төлбөр тооцоо хадгаламжийн үйл ажиллагааг МХБ-ийн бүтцээс салгаснаар манай төв бие даасан компани болох эхлэл тавигдсан.
Үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөнөөр Монголын үнэт цаасны клирингийн төв ХХК 2016 онд үүсгэн байгуулагдаж өнөөдөр 8 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаа ч Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн 33 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсээр ирсэн гэж хэлж болно. Тодруулбал, одоогийн Клирингийн төв маань Биржийн төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн алба гэсэн нэртэй анх байгуулагдсан юм.
Үнэт цаасны зах зээлийг хүмүүс хөрөнгийн биржээр л төлөөлүүлж ойлгодог учир клирингийн үйлчилгээг тэр бүр мэддэггүй. Энэ нь үнэт цаас худалдан авах төлбөр хийх, худалдан борлуулсны төлбөр хүлээн авахтай холбоотой үйл ажиллагааг хэлдэг.
Клиринг буюу цэвэршүүлнэ гэдэг нь харилцагч тус бүрийнх нь орлого, зарлагын дүнг нэгтгэж тухайн үнэт цаасны компани (ҮЦК)-ийн нийт төлбөрийн дүнг тооцоолж гаргадаг. Ингэснээрээ эрсдэлийг бууруулах боломжтой болно.
Клиринг нь талуудын оролцоог багасгасны үндсэн дээр үнэт цаасны арилжааны төлбөрийн эрсдэлийг бараг 4 дахин бууруулдаг үйлчилгээ юм байна. Тэгэхээр нэн ялангуяа том дүнтэй арилжаа яригдаж байгаа тохиолдолд яагаад заавал Клирингийн төвөөр дамжих ёстой вэ?
Урьд нь хөрөнгө оруулагчид мөнгөө 100% байршуулж байж л арилжаанд орох боломжтой байдаг байсан. Гэхдээ ₮10 дутахад л арилжаанд орох боломжгүй болчихдог байлаа. Харин Клирингийн төв нь 2020 онд дараа төлбөрт тооцоо, DvP2 зарчмыг нэвтрүүлж Т+2 хугацаанд төлбөр гүйцэтгэдэг болсноор клирингийн гишүүн компаниуд маань маржин, барьцаа хөрөнгө байршуулаад арилжаанд орох боломжтой болсон. Үүний үр дүнд клирингийн гишүүн компанийн мөнгө нь хүрэхгүй байсан ч арилжаанд оролцон хувьцаа авах, зарах боломжийг олгож буйгаараа давуу талтай.
Тэгвэл гишүүн компанийн мөнгө хүрэхгүй тохиолдолд арилжаанд яаж оролцох вэ?
Манай компани 19 клирингийн гишүүнтэй. Бидний хувьд клирингийн гишүүддээ 30%, эсвэл 50%-ийн барьцаа байршуулан арилжаанд оролцох боломжийг олгодог. Үүний зэрэгцээ гишүүддээ харилцагчдаа судлан, таньж мэдсэний үндсэн дээр төлбөрөө 100% урьдчилан байршуулахгүйгээр тодорхой хувиар маржин, барьцаа байршуулан арилжаанд орж болох нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Клирингийн гишүүн бүр өөрсдийн харилцагчаа таньж мэдэн (KYC), харилцагчдаа үнэлсэн байх шаардлагатай. Уг үнэлгээнээс шалтгаалаад харилцагч бүрээр маржингийн хувь хэмжээг тогтоодог.
Бидний хувьд клирингийн гишүүний төлбөрийн хэмжээг хувьцаа худалдан авсан, зарсан үнийн зөрүүгээр нэгтгэн цэвэршүүлсэн дүнгээр тооцдог бөгөөд энэ нь төлбөрийн эрсдэлийг бууруулах бас нэгэн арга юм.
Тэгвэл энэ нь клирингийн гишүүн байхын нэг том давуу тал байх нь. Ямар чиглэлийн байгууллагууд клирингийн гишүүн болох боломжтой вэ?
ҮЦК-ууд клирингийн гишүүн болох боломжтой. Дүрмийн сангийн хэмжээ, ажилтан, техник, программ хангамж гэх зэрэг клирингийн журмын 12 шаардлагыг хангаж байвал гишүүн болох зөвшөөрөл өгдөг.
Та яриандаа Клирингийн төв одоогоор 19 гишүүн ҮЦК-тай хамтран ажиллаж буй талаар дурдлаа. Клирингийн гишүүн болсноор өөр ямар боломжууд үүсдэг вэ?
Клирингийн төвийн гишүүн болсноор ҮЦК-ууд клирингийн үйлчилгээний арилжааны шимтгэлийг 2 дахин бага төлөх боломжтой. Клирингийн гишүүд маань 0.12%, клирингийн бус гишүүд 0.24%-ийн шимтгэл төлдөг.
Саяхан Чингис Хаан Хөрөнгийн Бирж ХХК нээлтээ хийж хөрөнгийн зах зээл дээр 3 бирж үйл ажиллагаа явуулж байна. Чингис Хаан Хөрөнгийн Бирж ХХК дээр БИД Ассет ТЗК ХБҮЦ гарган анхны арилжаагаа эхлүүлсэн. Тэгэхээр манай клирингийн гишүүдийн хувьд Чингис Хаан Хөрөнгийн Бирж, Монголын Хөрөнгийн Биржд тус тусад нь клирингийн гишүүний хураамж төлөхгүйгээр үйлчлүүлэх боломжтой.
Манай Клирингийн төв алсдаа CCP (Central Counterparty) буюу дундын зуучлалын төв болох зорилготой. Тэгэхээр хөрөнгийн биржээс гадна ХАА-н бирж, таваарын бирж, 2023 онд байгуулагдсан Уул уурхайн бирж гээд олон биржийн дунд нь үйлчлэх тооцооллын нэгдсэн төв болж, бирж болгонд хураамж төлөхгүйгээр клирингийн үйлчилгээгээ үзүүлээд явах боломж үүсэж байгаа юм. Ингэснээр арилжааны шимтгэл, хураамжийн зардлыг мэдэгдэхүйц хэмнэнэ. Үр дүнд нь гишүүн компаниудынхаа эрсдэлээ удирдах арга аргачлал илүү сайжирч, олон улсын стандартуудын дагуу хийгдэнэ гэсэн үг.
Клирингийн төв гишүүн байгууллагуудынхаа арилжааны төлбөр тооцооны эрсдэлийг бууруулах нь эрхэм зорилгынх нь нэг. Тэгэхээр цаашид эрсдэлийн менежментээ сайжруулна гэхээр шалгууруудыг нь өндөрсгөнө гэсэн үг үү?
Эрсдэлийг удирдах гол шалгуур нь дүрмийн сан байдаг. Хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө удирдаж буй компаниудын хувьд өөрийн гэсэн хөрөнгө, ажилтан, программ хангамжтай байх зэрэг шаардлагыг хангаснаар эрсдэлийг удирдах эх үүсвэр бүрдэж байдаг.
Т+2 хугацааны хувьд гишүүн байгууллага маань төлбөрөө төлөх боломжгүй болсон үед манай төлбөрийн баталгааны сан ажилладаг. Хэрвээ тухайн төлбөр хийгдэхгүй бол Т+2 хугацаанд хэрхэн бүрэн барагдуулах вэ гэдгийг эрсдэлийг удирдах бодлогын баримт бичигт тусгасан зарчмуудын дагуу шат дараатай хэрэгжүүлдэг.
Монгол улсад хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөнөөс хойших 30 гаруй жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл дандаа өсөлттэй байгаагүй. Маш олон эрсдэл бий болж, банкнууд ч дампуурч байсан. Алдааг дахиж давтахгүйн тулд эрсдэлийг удирдах бие даасан байгууллага байгуулагдаад олон улсын стандартын дагуу удирддаг болсон гэж үзэж болно.
Клирингийн төвийн харьяа эрсдэлийн сан болон төлбөрийн баталгааны сан байдаг юм байна. Эдгээр сан хаанаас санхүүждэг вэ?
Клирингийн төв төлбөр тооцоог цэвэршүүлсэн дүнгээр хийх нь эрсдэлийг бууруулах нэг алхам болдог бол системийн эрсдэл үүсч, төлбөрийн саатал болон дефолт болсон үед ашиглах Клирингийн төвийн эрсдэлийн сан болон клирингийн гишүүдийн хуримтлалаас бүрдсэн төлбөрийн баталгааны сантай. Эдгээр сангийн хөрөнгө нь учирч болзошгүй эрсдэлийг хааж байгаа эсэхэд улирал бүр тест хийдэг бөгөөд шаардлагатай гэж үзвэл сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэргээр хяналт тавин ажиллаж байгаа.
Та яриандаа системийн эрсдэлийн талаар дурдлаа. Системийн эрсдэл гэж юуг хэлж байгаа билээ?
Нэг ҮЦК төлбөрөө хийх чадваргүй болчихлоо гэж үзвэл тэр компаниас өөр ҮЦК руу шилжих ёстой төлбөр хийгдэх боломжгүй болдог. Улмаар 2 болон түүнээс дээш ҮЦК дээр төлбөрийн асуудал үүсээд ирэхээр энэ нь системийн чанартай болж системийн эрсдэл бий болдог. Системийн эрсдэл буюу төлбөр төлөгдөхгүй байх асуудал үүсвэл бусад ҮЦК-уудын төлбөр зогсоно.
Клирингийн төвийн 8 жилийн хугацаанд дефолт болж, эрсдэлийн сан руу орох хэмжээний тохиолдол гарч байсан уу?
Одоогоор тийм тохиолдол үүсээгүй байна. Харин төлбөрийн баталгааны сангийн маржин барьцаа хөрөнгө хоцроох тохиолдол их байсан. Бид юун дээр алдаж байна, юу нь болж байна гэдгээ дүгнэж, бизнесээ дахин загварчилсны үр дүнд барьцаа хөрөнгө хоцроох асуудал багасаж байгаа.
Клирингийн төв бие даан үйл ажиллагаа явуулаад 8 жил болжээ. Ирэх жилүүдэд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
Бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, бирж хоорондын дундын зуучлагч болох алсын хараатай ажиллаж байгаа. Өнөө үед техник технологи, системгүйгээр зах зээлийг төсөөлөх аргагүй болсон. Тэгэхээр систем, программынхаа үйл ажиллагааг нэлээд сайжруулж олон улсын стандартад нийцүүлэх, эрсдэлгүй, найдвартай үйл ажиллагаа явуулах нь бидний гол зорилго юм.
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Түүнчлэн 8 жилийн ой нь тохиож буй Клирингийн төвийн хамт олонд баярын мэнд хүргэе.
Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.