
Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаа бид Өмгөөллийн Виндекс ХХН-ийн өмгөөлөгч Д.Баттулгын “Нийслэлийн төсвийн хүү торгуулийн орлогын чиг хандлага”-ын талаарх нийтлэлийг хүргэж байна. Бид Виндекс ХХН-тэй хамтран татварын асуудлаар цуврал нийтлэл гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний дугаарыг тухлан сууж таалан уншина уу!
Нийслэлийн төсөв томрохтой зэрэгцэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн халааснаас гаргах татвараас гадна татварын бус төрөлд хамаарах хүү торгуулийн орлого ч их хэмжээгээр нэмэгдэж байна.

Дээрхээс үзэхэд хотын нийт үндсэн төсвийн орлогод эзлэх хүү, торгуулийн орлогын хувь хэмжээ 2021-2025 оны хооронд 5%-22% хүртэл өсжээ.
Нийслэлийн сүүлийн жилүүдийн төсвийн орлогын бүтцийг харвал хотын санхүү иргэдийн бүтээмж, эдийн засгийн идэвх дээр тогтож байна уу, эсвэл зөрчил, шийтгэл дээр тогтож байна уу гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч байна.
Хэвийн зүйл үү?
Өнгөц харахад орлогын өсөлт харагдаж болох ч олон улсын хотын санхүүгийн жишиг, судалгааны тайлангуудын хүрээнд авч үзвэл энэ тоо огт өөр утга илэрхийлдэг. Олон улсад хотуудын төсвийн орлогод торгуулийн орлого нь ихэвчлэн захын, хязгаарлагдмал эх үүсвэр байдаг бол сүүлийн жилийн байдлаар Улаанбаатар хотод хүү, торгуулийн орлого нийт төсвийн орлогынхоо 20% орчим (торгуулийн орлого дангаар 10%-иас илүү хувь)-ыг эзэлж байгаа нь хотын санхүү хууль сахиулах ажиллагаанаас өндөр хамааралтай болсныг илтгэж байна. Ийм түвшин нь олон улсын жишгээр том хотод бус, харин торгуулиар үндсэн орлогоо бүрдүүлдэг жижиг, шүүмжлэл дагуулдаг захиргааны нэгжүүдэд (хурдны зам дагуух суурин гэх мэт) илүү түгээмэл ажиглагддаг.
Нийтлэг жишиг нь...
Олон улсын жишгийг тоогоор нь харвал, OECD-н орнуудад нийт төсөв дэх торгуулийн орлогын эзлэх хувь дунджаар 1%-3% байдаг бөгөөд 5%-иас дээш гарах тохиолдлыг эрсдэлтэй гэж үнэлдэг. Америкийн хотуудын хувьд дээр дурдсан шүүмжлэл дагуулдаг зарим тусгай тохиолдлуудыг эс тооцвол дийлэнхдээ нийт орлогынхоо 1% орчмыг торгууль, хураамжийн орлогоос цуглуулдаг бол мужийн болон орон нутгийн ерөнхий орлогын хувьд 2022 оны байдлаар торгуулиас олсон орлого ердөө 0.3%-ийг эзэлж сүүлийн 20-иод жилийн хугацааны хамгийн бага түвшиндээ очсон байна.
Хэдийгээр торгуулийн орлого хэдэн хувиас хэтрэхэд хэт их гэж үзэх талаар тогтсон ойлголт үгүй боловч судлаач, ажиглагчдын нийтлэг хандлагаар хотын орлогын 10%-иас дээш нь торгууль, хураамжийн орлогоос бүрдэж байвал тухайн хот торгуулийн механизмыг зөв ашиглаж буйг зайшгүй нягтлах дохио гэж үздэг. Энэ нь хотууд зөвхөн нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор торгуулийг ашиглах ёстой бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих, санхүүгийн хямралаас гарах зэрэг бусад зорилгоор ашиглах ёсгүй гэж үздэгтэй холбоотой юм.
Нью-Йорк, Лондон, Сөүл зэрэг томоохон хотууд ч замын хөдөлгөөн, зогсоол, захиргааны зөрчлөөс тодорхой хэмжээний орлого олдог ч энэ нь хотын нийт орлогын цөөн хувиас хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, дэлхийн хотууд иргэдийнхээ зөрчлөөр бус, татвар, үйлчилгээ, эдийн засгийн өсөлтөөр өөрсдийгөө санхүүжүүлэхийг зорьдог.
Эрсдэл
Учир нь торгууль, шийтгэлийг хэт өргөн хүрээнд ашиглах нь олон нийтийн итгэлийг сулруулж, тухайн засаг захиргааны нэгжийн удирдлага, засаглалд буруу сэдэл бий болгодог талаар ч олон судалгаанд дурдагдсан байна. Энд яригдаж буй “буруу сэдэл” гэдэг нь зөрчлийг бууруулах бодлогоос илүүтэй, илүү олон торгууль ногдуулах сонирхол бодлогын түвшинд үүсэх эрсдэлийг илэрхийлж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, хотын санхүү торгуулиас хамаарах тусам зөрчил багасах бус, харин зөрчил “орлогын эх үүсвэр” мэт харагдаж эхэлдэг. Энэ нь нөгөө талаар төсөв өөрөө тогтвортой бус эх үүсвэрээс хэт хамааралтай болох эрсдэл үүсгэж байгааг ч анхаарууштай.
Асуулт
Улаанбаатарын төсөв дэх хүү, торгуулийн орлогын үзүүлэлтийг олон улсын судалгааны дүгнэлтүүдтэй харьцуулбал, манай хотын хүү торгуулийн орлогын хувь олон улсад шүүмжлэл дагуулж буй зарим хотуудаас ч өндөр хэмжээнд хүрчээ. Энэ нь зүгээр нэг тоон дүнгийн зөрүү биш. Энэ бол хотын санхүүгийн философи хаашаа чиглэж байгааг илтгэх дохио юм. Хот иргэдийнхээ хөдөлмөр, бизнес, үйлчилгээ, инновацаар өсөж байна уу, эсвэл торгууль, шийтгэлээр төсвөө томруулж байна уу гэдэг асуулт эндээс урган гарч ирж байна.
Мэдээж хэрэг торгууль, шийтгэл байх ёстой. Дэг журам, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад торгууль зайлшгүй хэрэгсэл. Гэхдээ олон улсын судалгаануудын нэгэн адил нэг л зарчим давтагдан гарч ирдэг. Торгуулийн зорилго бол орлого биш, сахилга. Харин сахилга орлогоосоо илүү чухал байр суурь эзлэхээ больж, торгууль төсвийн тогтвортой эх үүсвэр мэт төлөвлөгдөж, өсөж эхэлбэл хотын бодлого өөрөө эргэлзээтэй болдог.
Эцэст нь хэлэхэд, Улаанбаатар хотын 2026 оны төсөвт туссан хүү торгуулийн 22%-ийн жин бол зүгээр нэг санхүүгийн үзүүлэлт биш дээр өгүүлсэнчлэн нягтлах ёстой дохио, хотын засаглал, иргэн-төрийн харилцаа, бодлогын чиг баримжаанд хамаарах асуултын тэмдэг. Хот иргэдийнхээ зөрчлөөр бус, боломж, бүтээмж, итгэлцлээр санхүүжих ёстой. Олон улсын судалгаанууд ч үүнийг л сануулсаар байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.