Хуучирсан мэдээ/ 4 сарын 1, 2024

LendMN-н хувьцаа эзэмшигчдийн хурлын тойм

ЛэндМН ББСБ ХК (LEND) 7.5 мянган хувьцаа эзэмшигч анхаараарай! Тэд өнгөрсөн Бямба гарагт 7 дахь жилдээ хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг хийлээ. Хурлаар 6 асуудлыг ярьжээ. Ер нь энэ компани юу болоод байгааг, хурлаараа юу ярьсныг нэг сайхан тоймлоодохъё. 

Асуудал  Шийдэл

Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 81.7% нь оролцжээ. Тэдний хэлэлцсэн сэдвүүдийг харвал, 

  • Аудитлагдсан тайлан: Компани хамгийн түрүүнд аудитлагдсан тайланг танилцуулж, 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүнгийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг батлав. Тодруулбал, тэдний гэрээт харилцагчдын тоо өмнөх жилээс 4.1%, олгосон зээлийн тоо 25.2%, олгосон зээлийн дүн 77.4%, зээлийн багц 76.4% тус тус өсжээ.
  • Төсөв хэд вэ? Цаашлаад компани ТУЗ-ийн гишүүдийг сонгож, ТУЗ-ийн 2024 оны төсвийг ₮196,030,000-өөр батлав. Мөн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан аж.

 Хурлын гэнэтийн бэлэг

Хурлын үеэр зах зээлд шинээр нэвтрүүлж буй уян хатан, онцгой нөхцөлтэй “FLEXI BUSINESS” финтек зээлийн бүтээгдэхүүнийг танилцуулав. Компани уг шинэ бүтээгдэхүүнийг өрхийн болон ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор зах зээл рүү үе шаттайгаар гаргах аж.  

  • “FLEXI BUSINESS”: Энэ нь AI-н тусламжтайгаар ямар нэгэн барьцаа хөрөнгө, нэмэлт материал бүрдүүлэлт шаардахгүйгээр 100% дижиталаар олгогдох зээл юм.  

Ер нь тэдний үйл ажиллагаа чинь… 

ЛэндМН ББСБ бол МХБ (MSE)-д бүртгэлтэй компаниуд дундаасаа хамгийн өндөр өсөлттэй яваа цөөхөн хэдэн компанийн нэг. Тэдний өнгөрсөн оны цэвэр ашиг 260% өсөж ₮19.8 тэрбум болсны дээр тус хугацаанд хувьцааны үнэ нь ч 78.7% өсөөд амжсан. Одоо бол хувьцааны үнэ нь он гарснаас хойш дахин 23.1% нэмэгдэн ₮69.9 болоод байна.

  • Тодорхой, өсөлттэй: Түүнчлэн тэд ногдол ашиг ч сайн тарааж байгаа. 2023 оны цэвэр ашгаас л гэхэд ₮5.9 тэрбумын ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн. Улмаар тэдний ногдол ашгийн өгөөж дажгүй өндөр буюу 14.6%-д хүрсэн. Мөн тэд бидний санаачилсан уриалгад нэгдэж ногдол ашиг тараах өдрөө тодорхой буюу 4 сарын 5-нд олгоно гэж зарласан юм.  

Эцэст нь, уг нь бол манайд ХК гэх тодотголыг яг ХК шиг нь авч явж байгаа хэд хэдэн компани байна. Одоо бусад нь үлгэр дуурайлал аваад бөөндөө сайн жишигт хүрчихвэл сайн байна даа.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.