Улс төрийн намууд өнгөрсөн онд нийт ₮19.6 тэрбумын орлого олсны 91.1%-ийг МАН, Ардчилсан нам, ХҮН нам гэсэн том 3 намын орлого бүрдүүлжээ. Орлогоо яаж бүрдүүлэв, юунд зарцуулав?
📌 Төрөөс авсан дэмжлэг ₮2 тэрбум
Мэдээж МАН хамгийн их буюу ₮8.6 тэрбумын орлого олсон аж. Тэдний орлогын 54%-ийг намын өөрийн хөрөнгө түүнээс олсон орлого бүрдүүлсэн бол 27%-ийг гишүүдийн татвар, 18%-ийг төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, үлдсэн ердөө 1%-ийг нь хандив бүрдүүлжээ гэж. Харин Ардчилсан намын орлогын дийлэнх буюу 89%-ийг гишүүдийн татвар, ХҮН намын орлогын бүхэл бүтэн 98%-ийг хандив эзэлсэн. Харж байгаачлан 3 намын орлогын бүтэц газар, тэнгэр шиг ялгаатайн дээр төрөөс нийт ₮2 тэрбумын дэмжлэг авчээ хө.
🧐 Хэд юм бэ?
Цаашлаад 314.9 мянган гишүүнтэй МАН хамгийн их буюу ₮32.8 тэрбумын өөрийн хөрөнгөтэй. Энэ тоонд ямар ч нам бараадахгүй буюу 2-т эрэмбэлэгдэж байгаа Ардчилсан намын өөрийнх хөрөнгө тус дүнгээс 31.2 дахин бага. Ер нь намууд орлогоо юунд үрээд байдаг вэ гэхээр, ажиллагсдын зардал болон урсгал зардалдаа байдгаа бардаг аж. МАН л гэхэд ажиллагсдадаа нийт зардлынхаа 61.8%-ийг зарцуулжээ.
Эцэст нь… Хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгө оруулсан болон сонирхож байгаа ХК-иудынхаа тайлантай сайтар танилцвал зохилтой байдаг шиг бидний эрх ашгийг төлөөлж эрх барьж байгаа улс төрийн намуудын тайланг ч ухаад үзэхэд гэмгүй. Маш сонирхолтой тоо баримтууд их байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.