• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 4 сарын 30, 2025
LP Transcript

Инвескор ББСБ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл

yld
С.Ангирмаа
4 сарын 30, 2025
4 сарын 30, 2025

Бид олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлаар яригдсан зүйлсийг уншигчдадаа ойлгомжтой, дэлгэрэнгүй хүргэх зорилгоор “LP Transcript” буюу хурлын тэмдэглэлийн контент гаргаж байгаа билээ. LP Transcript-н ээлжит дугаараар Инвескор ББСБ ХК (INV)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу! 

📅 2025 оны 4 сарын 28
⏲ 14:00 минут
📍 IC Tower-т танхимаар болон цахимаар хосолсон хэлбэртэй хурал

Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Буд эхлүүллээ. 

ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БУД

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Инвескор ББСБ ХК-ийн 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (ХЭХ)-д хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлье.

Манай хурлын ирц бүртгэл 14:00 минутад хаагдаж, дууссан болохыг мэдэгдэж байна. Ингэснээр 2025 оны ээлжит хурлыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ХЭХ нь хувьцаа эзэмшигчдийн оролцоог бүрэн хангах зорилгоор танхим болон Инвескор апп, Инвескор вэбсайтаар дамжин цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Ингээд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирцийн бүртгэлийг танилцуулна уу хэмээн Тооллогын комиссын дарга Б.Ундрал таныг урьж байна. 

ТООЛЛОГЫН КОМИССЫН ДАРГА Б.УНДРАЛ

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирцийг танилцуулъя. Өнөөдрийн хуралд 75,744,281 ширхэг саналын эрх бүхий энгийн хувьцаанаас 68,016,778 ширхэг хувьцаа эзэмшигчид оролцож 89.8%-ийн ирцтэй байна. Түүнчлэн давуу эрхийн хувьцааны нөхцөлд өөрчлөлт оруулах асуудалд Компанийн тухай хууль болон Компанийн дүрэмд зааснаар давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзсэн тул Давуу эрхийн хувьцаа эзэмшигч саналын эрхтэй оролцож байна. Давуу эрхийн 2,400,000 ширхэг хувьцааг эзэмшигч оролцож байгаа нь нийт энгийн болон давуу эрхийн саналын эрхийн 90.1%-ийг хамарч байна. Ингэснээр нийт 83 хувьцаа эзэмшигч оролцож байгаа тул Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирц хүчин төгөлдөр бүрдсэн болохыг мэдэгдэж байна.

Хурлын оролцогчид:

  • Хурлын дарга: Инвескор ББСБ-ын Гүйцэтгэх захирал Д.Баясгалан
  • Бизнес хариуцсан захирал: Ш.Оюунчимэг
  • Хөрөнгө оруулалт хариуцсан захирал: С.Тулга
  • Цахим хөгжил хариуцсан захирал: О.Төгөлдөр
  • Тооллогын комисс: 3 хүний бүрэлдэхүүнтэй
  • Хөндлөнгийн санхүүгийн аудит гүйцэтгэсэн: Эрнст энд Янг Монголия Аудит ХХК 
  • Хувьцаа эзэмшигчдийн хурлын Хөндлөнгийн аудит: Ингүүмэл Жаргалант Аудит ХХК-ийн төлөөлөгчид оролцож байна.

ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БУД

Баярлалаа. Өнөөдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал энгийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхтэй асуудлын хувьд 89.8%-ийн ирцтэй, давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн саналын эрхтэй асуудлын хувьд 90.1%-ийн ирцтэйгээр эхэлж байна. Хурлыг албан ёсоор нээнэ үү хэмээн 2025 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга бөгөөд Инвескор ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баясгалан таныг урьж байна. 

ИНВЕСКОР ББСБ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БАЯСГАЛАН

Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд Гүйцэтгэх захирлын хувиар жил болгоны ХЭХ-ын нээлтийг хийх болон хурлын дэг хөтөлбөрийг танилцуулах үүргийнхээ хүрээнд танилцуулгаа хийе. 

Хурлын хөтөлбөр нь танилцуулах болон санал хураалт хийх асуудлаас бүрдэнэ. 

  • Танилцуулах асуудлууд:
  1. 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга 
  2. Санхүүгийн тайланд хийж гүйцэтгэсэн Хөндлөнгийн Аудитын байгууллагын дүгнэлтийн танилцуулга 
  3. ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлангийн танилцуулга
  • Санал хураалт хийх асуудлууд:
  1. ТУЗ-ийн дүгнэлттэй хамт 2024 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг батлах
  2. 2025 оны ТУЗ-ийн төсвийн саналыг батлах
  3. ТУЗ-ийн шинэ гишүүдийг сонгох
  4. Давуу эрхийн хувьцаа нэмж гаргах, нөхцөл өөрчлөхтэй холбоотой Компанийн дүрмийн өөрчлөлт батлах

Хурлын дэг:

  • Асуулт, хариултын хэсэгт 15 минут байна.
  • Санал хураалтын дараа завсарлага өгч, саналын дүнг нэгтгэн танилцуулна.

2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга: 

Нэгдүгээрт, компанийн бүтцийг танилцуулъя. 2024 оны ХЭХ-аар  танилцуулж байснаас хойш орсон томоохон өөрчлөлт нь групп компанийн бүтэц дээр гарсан явдал юм. Энэ оны эхээр Инвескор санхүүгийн групп компани Лондоны хөрөнгийн бирж (London Stock Exchange)-д бүртгэгдсэнээр нэг шинэ шат нэмэгдэж, ICFG Ltd./ UK/ бүртгэгдэн орсон. Мөн Сингапурт бүртгэлэй толгой компани болон Монголд бүртгэлтэй SIBJ Capital хэвээр байна.

SIBJ Capital компанийн хувьд өмнөх бүтэцтэйгээ адилхан, Инвескор санхүүгийн байгууллагад эзэмшдэг хувьцааны хэмжээ 80.5% хэвээрээ байгаа бол Инвескор ББСБ-ын  олон нийтэд санал болгосон хувь 19.5% байна. Энэ нь 2019, 2021 онд хийсэн IPO болон FPO-н үр дүнд бий болсон хэмжээ юм.

Охин компаниудын түвшинд хийгдсэн гол өөрчлөлтүүдийн тухайд, Монгол болон Киргиз, Узбекистан дахь компаниудад өөрчлөлт орсон. Түүнчлэн бид Казахстаны Астана Интернэйшнлд бүртгэлтэй InvesCore KZ-ийн дор InvesCore Finance MFO компанийг байгуулсан. Энэ компани нь санхүүгийн Microfinance-н тусгай зөвшөөрөл авсан бөгөөд 2024 оны 9-р сард тусгай зөвшөөрлөө авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

2024 оны онцлох үйл явдлуудыг товч дурдъя.

  • Бид 2024 оны 9-р сард Казахстаны Алматы хотод анхны салбараа байгуулж, Төв Азийн хоёр дахь оронд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 9-р сараас оны эцэс хүртэл тус салбар компани ₮8 тэрбумын зээлийн багц бүрдүүлсэн бол өнөөдрийн байдлаар ₮15 тэрбумын багц бүрдүүлээд байна. Салбар маань нийт 15 ажилтантайгаар амжилттай үйл ажиллагаа явуулж байна.
  • 2021 онд Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны зохицуулалт гарсны дараа бид ₮4 тэрбумын нээлттэй ХБҮЦ-ыг анх удаа арилжаалж байсан. Үүний үргэлжлэл болгон 2024 онд бид ₮50 тэрбумын нээлттэй ХБҮЦ-ыг гаргаж, зах зээл дээр “анхны” хамгийн өндөр дүнтэй бүтээгдэхүүнийг амжилттай гаргалаа. 
  • Бид олон улсын MicroFinanza үнэлгээний байгууллагатай 5 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Анх "A-" үнэлгээ авсан бол дараа нь "A/тогтвортой" үнэлгээг авч үүнийгээ 3 жил дараалан хадгалж чадсан. 2024 онд мөн энэ үнэлгээгээ дахин баталгаажуулсан байна. 
  • Мөн бид олон улсын мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001 болон чанарын удирдлагын ISO 9001 стандартыг 3 дахь жилдээ амжилттай баталгаажуулан хэрэгжүүлж байна.
  • Түүнчлэн бид олон улсад нөлөөллийн үйл ажиллагаагаараа алдар, нэр хүндтэй Швейцарын BlueOrchard компанитай хамтран ажиллаж $10 саяын санхүүжилт татсан. Үүнд зөвхөн хөрөнгө татсан төдийгүй олон улсын нөлөөллийн сангуудтай хамтран ажиллах боломжийг нээж чадсан.
  • Бизнесийн ногоон зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийг баталж, харилцагч нартаа ногоон зээлийн нөхцөл санал тавьж эхэлсэн.
  • 2021 онд Рио Тинто болон Инвескор хамтран байгуулсан бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Энэ хүрээнд 150 орчим харилцагчид ₮30 сая хүртэлх зээлийг жилийн 4%-ийн хүүтэйгээр олгосон бөгөөд уг зээлийн чанаргүй зээлийн түвшнийг 0% байлаа. Үүгээр уг төсөл маш амжилттай хэрэгжсэн нь харагдаж байна.
  • Pocket апп дээр итгэлцлийн үйлчилгээг нэвтрүүлж, апп-аар дамжуулан итгэмжилсэн мөнгөн хөрөнгө байршуулах боломжийг бүрдүүлсэн. 

2024 онд эхэлж, 2025 онд гол үр дүн нь гарсан 2 чухал ажил байна.

  • Инвескор групп компани Лондоны хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн явдал нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх, цаашид олон улсаас эх үүсвэр татах болон зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлсэн. 
  • Мөн бид харилцагчийг хамгаалах зарчмын “Silber” түвшний сертификатыг авсан.

Санхүүгийн голлох үр дүнгийн талаар товч танилцуулъя.

Компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь Монголын Хөрөнгийн Биржийн вэбсайт болон Инвескорын албан ёсны вэбсайтад байрласан байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг тэндээс харах боломжтой.

Голлох үзүүлэлтүүд:

  • Нийт активын хэмжээ ₮926 тэрбум болж 54% өссөн.
  • Зээлийн багцын хэмжээ ₮733 тэрбум болж 51% өссөн.
  • Цэвэр ашиг ₮83.4 тэрбум болж 87% өссөн.

Бизнес төлөвлөгөөтэй харьцуулсан гүйцэтгэл:

  • Нийт активын гүйцэтгэл 107%,
  • Нийт багцын гүйцэтгэл 99%,
  • Цэвэр ашгийн гүйцэтгэл 115% (₮81.7 тэрбум) буюу төлөвлөгөөнөөс 15% давсан үзүүлэлттэй ажилласан.

Эх үүсвэрийн тухайд:

Инвескор ББСБ-ын хамгийн том давуу тал бол эх үүсвэр татах чадвар юм. Олон улсын байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдөх байдал сайжирч, жил ирэх тусам илүү том болон хямд эх үүсвэр татах боломж нэмэгдэж байна. Энэ нь бидний бусад санхүүгийн байгууллагаас ялгарах гол онцлог болж байна. 2023 онд итгэлцлээр татсан хөрөнгийн эзлэх хувь 34% байсан бол 2024 онд 32% болж буурсан. Харин гадаад эх үүсвэрийн эзлэх хувь 19%-иас 22% болж өссөн байна.

Гол эх үүсвэрийн хамтрагчид:

  • Азийн хөгжлийн банк (ADB)
  • Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)
  • BlueOrchard гэх мэт байгууллагууд.

Өнгөрсөн жил ₮44 тэрбумын хаалттай бондыг дотоодын зах зээл дээр амжилттай гаргасан. Мөн 400 гаруй харилцагчаас татсан ₮180 тэрбумын итгэлцлийн хөрөнгийг удирдаж байгаа нь нийт банк бус санхүүгийн зах зээлийн 20%-ийг эзэлж байна.

Зээлийн бүтэц:

  • Уламжлалт зээлийн эзлэх хувь 68%,
  • Цахим зээлийн эзлэх хувь 32% байна.

Инвескор ББСБ-ын гол зорилго бол судалгаанд суурилсан, орлого дээр үндэслэсэн бизнесийн зээлийн үйлчилгээний чанарыг үргэлж сайжруулах явдал юм. Түүнчлэн Инвескор ББСБ-ын чанаргүй зээлийн хэмжээ 5.5%, хугацаа хэтэрсэн зээл 3.5% байгааг салбарын дундажтай харьцуулахад банкнуудынх 3.5% ба 5.1%, банк бус санхүүгийн байгууллагуудынх 3.1% ба 6.1% байна. Иймд Инвескор ББСБ-ын үзүүлэлтүүд ерөнхийдөө салбарын дунджаас гажаагүй гэж дүгнэж болохоор байна.

Pocket апп болон охин компаниудын гол үзүүлэлтүүд:

  • Pocket апп-ийн бүртгэлтэй харилцагчийн тоо 240 мянгад, зээлийн багц ₮266 тэрбумд хүрсэн.
  • Казахстан, Киргизстан Улс дахь салбарын тоо 5 болсон, бүртгэлтэй харилцагчийн тоо 2,500-д хүрсэн.
  • Киргизстан Улс дахь охин компанийн нийт зээлийн багц ₮50 тэрбум болсон.
  • Казахстан улсын охин компанийн зээлийн багц 2023 оны эцэст ₮7.3 тэрбум байсан бол 2024 онд ₮15 тэрбумд хүрсэн. Алматы хотын салбар маш амжилттай ажиллаж байгаа гэж үнэлж байна.

2024 онд дижитал экосистем чиглэлд хийсэн ажлууд:

  • Өгөгдлийн сангаа цэгцэлж, харилцагчдад үйлчилж байгаа CRM системийг нэвтрүүлсэн.
  • Ингэснээр хиймэл оюун ухаанд суурилсан чатбот, урьдчилан таамаглах маркетинг ба компанит ажлын удирдлагын модулийг нэвтрүүлсэн.
  • Ухаалаг борлуулалтын менежментийн системийг нэвтрүүлсэн.
  • Зээлийн шийдвэр гаргах систем болон үндсэн бүртгэлийн Core систем дээр томоохон хөгжүүлэлт хийсэн.

Компанийн хөрөнгийн зах зээл дэх гол үзүүлэлтүүд:

  • Хувьцааны ханш 2019 оны 6-р сард анх олон нийтэд нээлттэй гарахдаа ₮1,650 байсан бол 2024 оны эцэст ₮8,700 болсон.
  • 2024 онд хувьцааны ханш 25%-ийн өсөлттэй, арилжааны нийт дүн ₮36 тэрбум байсан байна.
  • Өөрийн хөрөнгийн хэмжээ ₮247 тэрбумд хүрч, P/E болон P/B харьцаа харгалзан 8.4 болон 2.7 байна.
  • Бид 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮60-ийн ногдол ашиг олгож, нийт ₮4.5 тэрбумын ногдол ашиг хуваарилсан. Ингэснээр 2022 оноос хойш ногдол ашиг тогтмол өсч байна.

Ингээд 2024 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцуулах хэсэг дууссаныг мэдэгдье. 

Үүний дараа компанийн 2024 оны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитыг хийсэн  Эрнст энд Янг Монголия Аудит ХХК-ийн төлөөлөгчийг аудитын дүгнэлтээ танилцуулахыг урив. 

ЭРНСТ ЭНД ЯНГ МОНГОЛИЯ АУДИТ ХХК-ИЙН АХЛАХ МЕНЕЖЕР ХАБИЛ ХАЙРАД

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд аудитын дүгнэлтийг танилцуулъя.

Бид Инвескор ББСБ ХК болон түүний охин компаниудын 2024 оны 12 сарын 31-ний өдрөөрх нэгтгэсэн санхүүгийн тайлангууд, тухайн өдрөөр дуусгавар болсон  санхүүгийн байдал, ашиг алдагдал ба бусад дэлгэрэнгүй орлого, нэгтгэсэн өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, нягтлан бодох бүртгэлийн бодлогын товчоо болон бусад тайлбар тодруулгуудаас бүрдсэн тайлангуудад аудит хийж гүйцэтгэлээ.

Бидний дүгнэлтээр эдгээр нэгтгэсэн тайлангууд нь 2024 оны 12 сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, тухайн онд дуусгавар болсон жилийн үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөлийн баталсан санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу материаллаг алдаагүй, бодитойгоор илэрхийлсэн байна.

Аудитын дүгнэлтийн араас хурлын хөтөлбөрийн дагуу Инвескор ББСБ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав. 

ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН, ТУЗ-ИЙН ДЭРГЭДЭХ АУДИТЫН ХОРООНЫ ГИШҮҮН ХАТАГТАЙ Ч.ӨНӨРЖАРГАЛ

Сайн байцгаана уу? Бүгдэд нь өдрийн мэнд хүргэе. Та бүхэнд ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг товч танилцуулъя. 2024 оны байдлаар ТУЗ дараах бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. Үүнд:

  • Ердийн гишүүд: Б.Анхболд, Д.Баясгалан, Хирохито Намики, Т.Тэлмэн, Р.Пүрэв, 
  • Хараат бус гишүүн: Ч.Хашчулуун, Д.Энхбат, Ч.Өнөржаргал

ТУЗ-ийн дэргэд дараах хороод үйл ажиллагаа явуулсан. Үүнд: 

  1. Аудитын хороо: Даргаар Ч.Хашчулуун ажилласан бол гишүүдэд Р.Пүрэв болон Ч.Өнөржаргал ажиллав.    
  2. Нэр дэвшүүлэх хороо: Даргаар Ч.Хашчулуун, гишүүдэд Д.Энхбат болон Хирохито Намики,  
  3. Цалин урамшууллын хороо: Даргаар Д.Энхбат, гишүүдэд Т.Тэлмэн болон Ч.Өнөржаргал,
  4. Эрсдэлийн удирдлагын хороо: Даргаар Ч.Өнөржаргал, гишүүдэд Б.Анхболд болон Ч.Хашчулуун, 
  5. Тогтвортой байдлын хороо: Даргаар Ч.Хашчулуун, гишүүдэд Д.Баясгалан болон Б.Анхболд нар тус тус ажиллалаа. Тогтвортой байдлын хороог 2024 онд шинээр байгуулж ажиллав.  

ТУЗ 2024 онд нийт 36 удаагийн хурал хийсэн. Үүнд:

  • Эчнээ санал хураалт болон хурлууд - 26 удаа
  • Цахим хурал - 8 удаа
  • Биет хурал - 2 удаа. Бүх хурал 100%-ийн ирцтэй, гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байсан.

Хэлэлцсэн гол асуудлууд:

  • Бизнес төлөвлөгөө, төсөв батлах;
  • Санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан;
  • Үнэт цаас гаргах 
  • Удирдлагын бүтэц болонулирал бүрийн гүйцэтгэл;
  • Гадаад болон олон улсын эх үүсвэрийн үйл ажиллагаа;
  • Сонирхлын зөрчилтэй хэлцлүүдийн хэлэлцүүлэг ба шийдвэр гаргалтыг хийж ажиллав. 

Хороодын хурлын тойм:

Аудитын хороо нийт 16 удаа хуралдсан: эчнээ (5), цахим (10), биет (1)

  • Улирал бүрийн Дотоод аудитын тайлан, төлөвлөгөө,
  • Хөндлөнгийн аудитын байгууллагыгн сонгохлт, явцын хяналт хийх, тайланг хүлээн авах,
  • Сонирхлын зөрчилтэй хэлцлүүдийн хяналт, дүгнэлт гаргах ажлуудыг хийв. 

Эрсдэлийн удирдлагын хороо нийт 8 удаа хуралдсан: эчнээ (2), цахим (6)

  • Эрсдэлийн бодлого, хүлээн зөвшөөрөх дээд хязгаар тогтоох,
  • ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд зээлийн асуудал хэлэлцэх зэргээр ажиллалаа. 

Тогтвортой байдлын хороо (шинээр байгуулсан) нийт 3 удаа хуралдсан: цахим (2), биет (1)

  • ESG буюу Байгаль орчин, Нийгэм, Засаглалын тайланг хэлэлцсэн,
  • Ногоон санхүүжилтийн бодлогыг баталж,
  • Монголын зах зээлд ESG тайлан гаргаж буй манлайлагчдын нэг болж ажиллалаа. 

Цалин урамшууллын хороо: 1 удаа хуралдсан

  • Удирдлагын багийн цалин урамшууллын хэмжээг тодорхойлж, байгууллагын цалингийн бодлого, үндсэн систем матрицыг томьёолж ТУЗ-д танилцуулах ажлыг хийж гүйцэтгэв.

2024 оны онцлог:

  • ТУЗ-ийн дэргэдэх Тогтвортой байдлын хороо шинээр байгуулагдсан.
  • ТУЗ-ийн ажлын алба байгуулагдсан. Энэ нь ажлын цар хүрээ, хуралдааны тоо нэмэгдсэнтэй холбоотой билээ.
  • Түүнчлэн сонирхлын зөрчилтэй хэлцлийн журмыг баталж таниулах сургалтыг зохион байгуулав.
  • Олон улсын байгууллагуудтай хамтран үнэлгээ, хяналт тавих ажлууд нэмэгдсэн.
  • Мөн бид 2024 онд Төв Азийн салбарууд дахь томилолтыг зохион байгуулж салбаруудын санхүү болон өдөр тутмын үйл ажиллагаа, процесстой танилцлаа. 

Энэ мэтээр бид 2024 онд ТУЗ болон хороодоор дамжуулан байгууллагын засаглал, ил тод байдал, сонирхлын зөрчилгүй үйл ажиллагааг хангах, тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхэд анхаарч ажиллалаа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.

Үүгээр хурлаар танилцуулах 3 асуудал дууссанаар ХЭХ-аар хэлэлцэн шийдвэрлэх 4 асуудлыг дараалан танилцуулав. Эхний 3 асуудал буюу ТУЗ-ийн дүгнэлттэй хамт 2024 оны санхүү болон үйл ажиллагааны тайланг батлах, 2025 оны ТУЗ-ийн төсвийн саналыг батлах болон ТУЗ-ийн шинэ гишүүдийг сонгох хэсгийг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга танилцуулсан бол хамгийн сүүлийн Давуу эрхийн хувьцаа нэмж гаргах, нөхцөл өөрчлөхтэй холбоотой Компанийн дүрмийн өөрчлөлт батлах талаарх асуудлыг Хөрөнгө оруулалт хариуцсан захирал танилцуулав. 

ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БУД

Өнөөдрийн хурлаар хэлэлцэх эхний асуудал болох “2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд гаргасан ТУЗ-ийн дүгнэлт”-ийг танилцуулъя. ТУЗ нь 2025 оны 4 сарын 16-ны өдрийн 25/27 дугаартай тогтоолыг баталсныг танилцуулъя.

ТУЗ дараах дүгнэлтийг гаргасан байна. Үүнд:

  1. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хангалттай хэмээн дүгнэсүгэй.
  2. Энэхүү дүгнэлтийг ХЭХ-аар хэлэлцэн батлуулсугай.
  3. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг ТУЗ-ийн нарийн бичгийн даргад даалгасугай.

Мөн Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.9-д заасны дагуу компанийн жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд гаргасан ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах бүрэн эрх нь ХЭХ-ын бүрэн эрхэд хамаарна гэж заасан тул энэхүү дүгнэлтийг ХЭХ-аар батлуулах санал оруулж байна.

Ингээд хурлаар хэлэлцэх эхний асуудлыг танилцуулж дууслаа. 

Хурлын хөтөлбөрийн дагуу дараагийн асуудал бол ТУЗ-ийн 2025 оны үйл ажиллагааны төсвийн санал юм. Инвескор ББСБ-ын 2025 оны ТУЗ-ийн төсөв дараах хэсгүүдээс бүрдэж байна. Үүнд:

  • ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулал: 2025 онд 9 гишүүнтэй байхаар төлөвлөж, нийт ₮138 сая байхаар төсөвлөсөн байна.
  • ТУЗ-ийн нарийн бичгийн даргын цалин: Жилд нийт ₮12 сая.
  • ТУЗ-ийн хурлын зохион байгуулалтын зардал: Жилд 4 удаа, нэг бүр нь ₮250,000, нийт ₮1 сая байна.
  • ТУЗ-ийн гишүүдийн сургалтын зардал: ₮5 сая.
  • Бусад зардал: ₮5.6 сая.

Ингэснээр ТУЗ-ийн 2025 оны нийт төсөв ₮161.6 сая болж байна. Энэ төсвийн саналыг өнөөдөр ХЭХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар оруулж байна.

Хөтөлбөрийн дагуу хэлэлцэх 2 дахь асуудал бол ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулах асуудал юм. 

Компанийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь 2025 оны ХЭХ-аар дуусгавар болох тул Инвескор ББСБ-ын ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь нэр дэвшигчдийг бүртгэж, сонгон шалгаруулалт хийж, ХЭХ-д шууд нэр дэвшүүлэх эрхийн хүрээнд 9 нэр дэвшигчийг санал болгож байна.

ТУЗ-ийн ердийн гишүүнд нэр дэвшиж буй 6 эрхэм, хараат бус гишүүнд нэр дэвшиж буй 3 эрхэм байна. Үүнд: 

  • Ердийн гишүүнд нэр дэвшигчид: Б.Анхболд, Д.Баясгалан, Р.Пүрэв, Хирохито Намики, Б.Энхмарал, Ш.Эрдэнэбат нар тус тус нэр дэвшив.
  • Хараат бус гишүүнд нэр дэвшигчид: Ч.Хашчулуун, Д.Энхбат, Ч.Өнөржаргал нар тус тус нэр дэвшив. 

Ингээд хурлаар хэлэлцэх 3 дахь асуудлыг танилцуулж дууслаа. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ С.ТУЛГА

Эрхэм хүндэт та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Компанийн гаргасан давуу эрхийн хувьцааны нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг танилцуулж байна. Энэхүү саналын үндэслэл нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2025 оны 2 сарын 25-ны өдрийн тогтоолоор батлагдсан "Банк бус санхүүгийн байгууллагын зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тооцох, хяналт тавих журам"-д орсон шинэчлэлүүд юм.

Гол өөрчлөлтүүдийн тойм:

  • Өөрийн хөрөнгийн харьцаа: Компанийн өөрийн хөрөнгийг нийт хөрөнгөд харьцуулсан үзүүлэлт 30% байх шаардлага нэмэгдсэн. Нийт хөрөнгөөс гадаад эх үүсвэрийг хасаж тооцно.
  • Итгэлцлийн хөрөнгө: Татан төвлөрүүлж буй итгэлцлийн хөрөнгийн дээд хэмжээ өмнө 80% байсан бол одоо 60% болж буурсан. Харин компанийн нийт зээлийн багцад эзлэх ногоон зээлийн хувь 5% ба түүнээс дээш байвал энэхүү харьцааг 80% хүртэл нэмэгдүүлэх боломжтой.
  • Бондын хязгаарлалт: Өмнө 50% байсан өөрийн хөрөнгөд харьцуулсан бондын хэмжээ 30% болж буурсан.
  • Шинэ заалт: Нийт хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хэмжээ нь өөрийн хөрөнгийн 60%-иас хэтрэхгүй байх шаардлага шинээр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор компани өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна. 

Үүнтэй холбоотойгоор дараах 3 саналыг дэвшүүлж байна. Үүнд: 

  1. Компани өөрийн хөрөнгөө нэмэх зорилгоор анх зарласан ₮30 тэрбумын давуу эрхийн хувьцааг  ₮100 тэрбумаар нэмэгдүүлэх
  2. ОУНББС-ын дагуу өөрийн хөрөнгийн шинж чанарыг бүрэн хангах зорилгоор анх зарласан давуу эрхийн хувьцааны нөхцөлд өөрчлөлт оруулах 
  3. Үүнтэй холбоотойгоор Компанийн дүрэмд зохих өөрчлөлт оруулах зэрэг болно.  

Давуу эрхийн хувьцааны нөхцөлд орж буй гол өөрчлөлтүүд:

  • Эргэн худалдаж авах нөхцөл: Өмнө нь 5 жилийн дараа компанийн зүгээс буцаан худалдаж авах нөхцөлтэй байсан бол одоо ХЭХ-ын шийдвэрээр энгийн хувьцаанд шилжүүлэх боломжийг нээж сонголттой байхаар өөрчилсөн.
  • Ногдол ашиг: Монголбанкнаас тогтоосон бодлогын хүү дээр нэмэх 5% байсан бол одоо тухайн жилийн ашигт ажиллагаанаас хамааран, компанийн ТУЗ-ийн шийдвэрээр нэмэлт маржин нэмж тооцохоор өөрчилсөн. Ногдол ашиг хуваарилах эсэх асуудал болон хувь хэмжээг жил бүр ТУЗ шийдвэрлэнэ.
  • Хувьцаа эзэмшигчийн эрх, оролцоо: Компанийн дүрэмд тусгасан нөхцөл, заалтуудыг шинэчлэн өөрчилж байна. 
  • Нэрлэсэн үнэ болон нийт хөрөнгө таталт: 👇

-Давуу эрхийн хувьцааны нэгжийн нэрлэсэн үнэ: ₮5,000 хэвээр
-Эхний хувилбараар батлагдсан нийт хөрөнгө: ₮30 тэрбум
-Шинэ санал: Нийт татан төвлөрүүлэх үнийн дүнг ₮100 тэрбумаар нэмэгдүүлж нийт ₮130 тэрбум болгох
-Хувьцааны тоо ширхэг: 6 саяас 26 сая ширхэг болж нэмэгдэнэ.

Эдгээр өөрчлөлтүүд нь Компанийн дүрэм, санхүүгийн зохицуулалтын шаардлага, хөрөнгө таталтын бодлогод нийцүүлэн хийгдэж буй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эрх, сонирхолд нийцсэн байдлаар уян хатан, ил тод зохицуулалтыг бий болгох зорилготой юм. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.

Үүний араас асуулт хариултын хэсэг 15 минут үргэлжлэв. Эхний ээлжид цахимаар ирсэн асуултуудыг нэгтгэж асуусан бөгөөд үүний араас танхимд цугласан хөрөнгө оруулагчид асуулт асуув. Энэ хэсэгт Гүйцэтгэх захирал Д.Баясгалан, Бизнес хариуцсан захирал Ш.Оюунчимэг, Хөрөнгө оруулалт хариуцсан захирал С.Тулга нар оролцож хөрөнгө оруулагчдын асуултад хариулсан юм. 

АСУУЛТ ХАРИУЛТЫН ХЭСЭГ

Асуулт 1. Давуу эрхийн хувьцаа энгийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нөлөөлөх үү?

Давуу эрхийн хувьцаа гаргах нь энгийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөхгүй. Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг нь энгийн хувьцааныхтай холбогдохгүй, тусдаа шийдвэрээр явагдана.

Мөн эдгээр хувьцаа нь 5 жилийн дараа энгийн хувьцаанд шууд хөрвөхгүй, харин тухайн үеийн зах зээлийн үнэлгээ дээр үндэслэн хоёр тал тохиролцож, ХЭХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Тиймээс энгийн хувьцаанд хөрвөх нөхцөл нь яг одоогийн байдлаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, энгийн хувьцаа эзэмшигчид энэ асуудалд өөрсдөө шийдвэр гаргах эрхтэй.

Асуулт 2. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ? Шалгуур тавьдаг уу?

Манай компани 2021 оноос хойш олон улсын нэр хүндтэй, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, EBRD, ADB зэрэг олон улсын хөгжлийн банкнуудаас зээл авч, жижиг дунд бизнесийг дэмжих санхүүжилтэд ашиглаж байна. Бид хөрөнгө оруулагчдыг сонгохдоо дараах үндсэн шалгуур тавьдаг. Үүнд:

  • Хөнгөлөлттэй нөхцөлтэй эх үүсвэр бүхий хөрөнгө оруулалтын сан байх
  • Хууль, дүрэм журмын шаардлага бүрэн хангасан байх (KYC, compliance)
  • Комплайнс, ковенант, санхүүгийн харьцаа үзүүлэлт, зээлийн эрсдэлийн шалгуур хангаж байх
  • Эх үүсвэрийг бодит бизнесийн зээлд ашиглаж, нийгэмд үр өгөөжтэй хувь нэмэр оруулах

Асуулт 3. Орон нутгийн аль бүсэд үйл ажиллагаагаа тэлж байгаа вэ?

Инвескор ББСБ нь өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод салбартайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Энэ онд бид Дорноговь аймагт салбараа нээсэн бол, удахгүй Өмнөговь аймагт нээхээр ажиллаж байна. Цаашид зүүн болон баруун бүсийг хамарсан судалгаан дээр үндэслэн салбаруудыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 

Манай байгууллагын зорилго бол санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн бичил, жижиг дунд бизнесүүдийг дэмжихэд чиглэсэн бодлоготой ажиллах юм. Бид түргэн шийдвэр гаргаж, шаардлагатай санхүүжилтийг шуурхай хүргэх замаар орон нутгийн бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ.

Асуулт 4. Харилцагчийг хамгаалах сертификат авснаар ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ?

"Харилцагчийг хамгаалах" сертификат нь харилцагчтай ил тод, шударга харьцах, бүтээгдэхүүн үйлчилгээг ойлгомжтой, хариуцлагатайгаар санал болгох, харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой. Манай байгууллага эдгээр зарчмыг үйл ажиллагаандаа өмнө нь ч нэвтрүүлэн ажиллаж ирсэн бөгөөд энэ жил Silver ангиллын албан ёсны сертификат авсан. 

Асуулт 5. Одоо мөрдөгдөж эхэлж буй өр орлогын харьцааны шинэ шаардлагын хүрээнд зээлийн хэмжээнд нөлөө үзүүлж, зээл авах боломж буурч байгаа. Энэ тохиолдолд хамтран зээлдэгчийн өр, орлогын харьцааг мөн тооцоолж байгаа юу? Ер нь өрхийн орлогыг хэрхэн тооцож байна вэ?

Санхүүгийн Зохицуулах Хорооноос өр орлогын харьцаанд өндөр шаардлага тавьж байгаауй. Өмнө нь зөвхөн банкнуудад хамаарч байсан зохицуулалт одоо банк бус санхүүгийн байгууллагуудад мөн адил үйлчлэх болж байна. Манай байгууллага энэ зохицуулалтыг өмнө нь ч дотоод журмаараа хэрэгжүүлээд явж байсан учир бидэнд гэнэтийн хүндрэл учраагүй. 

Бид энэ шаардлагын үндсэн зорилго болох харилцагчдыг өрийн дарамтад оруулахгүй байх зарчмыг бүрэн дэмждэг. Хэрэв өр орлогын харьцаа хүрэлцэхгүй бол зээлд хамтран зээлдэгч оруулах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд хамтран зээлдэгчийн ч өр орлогын харьцааг тооцож, эрсдэлийг бууруулах байдлаар хандаж байна.

Асуулт 6. Давуу эрхийн хувьцаа хөрвөх механизмын тухай

Давуу эрхийн хувьцаа анх эзэмшүүлснээс хойш 5 жилийн дараа хаалттай хүрээнд энгийн хувьцаанд хөрвөнөх боломжтой. Гэхдээ энэ үед хамгийн түрүүнд одоогийн энгийн хувьцаа эзэмшигчдэд санал болгоно. Хэрвээ үлдэгдэл гарвал гадаад хөрөнгө оруулагчид авах боломжтой болно.  

Өмнө зарласан ₮30 тэрбумын давуу эрхийн хувьцаанаас одоогийн байдлаар ₮12 тэрбумын хувьцаа борлуулагдаад байна. Үлдсэн ₮18 тэрбумын хувьцаа борлуулагдаагүй. Өнөөдрийн хурлаар нийт давуу эрхийн хувьцааны үнийн дүнг ₮130 тэрбумд хүргэх санал орж ирж байгаа.

Уг асуудалд зохицуулагч байгууллагуудтай хамтран бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой дараагийн алхмуудаа тодорхойлох болно. Гэхдээ давуу эрхийн хувьцаа хөрөнгө оруулагчдад борлуулах тал дээр бидэнд олон сорилт тулгарч байгаа.

Асуулт 7. Хуримтлагдсан ашиг байгаа юу? ТУЗ-ийн зардлын талаар тодруулъя. 

2024 оны жилийн эцсийн байдлаар хуримтлагдсан ашиг ₮181 тэрбум байна. 2023 оны эцэст ₮107 тэрбум байсан бөгөөд нэмэгдсэн үзүүлэлттэй байна. ТУЗ-ийн төсвийн хувьд 2025 оны төсөвт гадаад томилолтын зардал тусгагдаагүй. 2024 онд ₮201 сая төсөвлөгдсөн бол 2025 онд ₮161 сая болж буурсан. Албан томилолт зөвхөн батлагдсан төсвийн дагуу хийгддэг. Энэ жил албан томилолт төлөвлөөгүй. 

Асуулт 8. Санхүүгийн Зохицуулах Хорооноос ББСБ-уудын банкны санхүүжилтийн хязгаарлалтын тухай болон зээлтэй эсэх талаар тодруулъя. 

Бид арилжааны банкнуудтай өмнө нь байгуулсан зээлийн гэрээнүүдийн нөхцөлийг сайжруулсан. Ингэснээр 2023–2024 онд банктай харилцах харилцаа идэвхжиж, хугацааг урт хугацаанд сунгасан. Тиймээс ойрын хугацаанд томоохон хэмжээний зээлийн эргэн төлөлтийн дарамт үүсэхгүй гэж харж байна. 

Асуулт хариултын хэсгийн араас санал хураалтын хэсэг 10 минут үргэлжилж дууслаа. Үүний араас санал хураалтын үе шат эхэлж Тооллогын комисс санал өгөх заавар танилцуулав. Санал хураалтын үеэр Хувьцаа эзэмшигчдэд зориулсан компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, танилцах боломж, coffee break үргэлжилэв. 

ТООЛЛОГЫН КОМИССЫН ДАРГА Б.УНДРАЛ

Энэ удаагийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нийт 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд ТУЗ-ийн гишүүн сонгохоос бусад асуудлыг санал хураалтын энгийн аргаар, ТУЗ-ийн гишүүн сонгох асуудалд санал хураалтын кумулятив аргыг хэрэглэж санал хураан баталлаа. Үүнд: 

1. Компанийн 2024 оны үйл ажиллагаа болон аудитлагдсан санхүүгийн тайланд гаргасан ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах
-Оролцсон: 68,016,778 ширхэг энгийн хувьцаа эзэмшигчид
-Зөвшөөрсөн: 99.98%
-Татгалзсан, түдгэлзсэн, хүчингүй: 0
-Санал өгөөгүй: 0.017%

2. ТУЗ-ийн 2025 оны төсвийг батлах
-Оролцсон: 68,016,778 ширхэг энгийн хувьцаа эзэмшигчид
-Зөвшөөрсөн: 99.98%
-Татгалзсан, түдгэлзсэн, хүчингүй: 0
-Санал өгөөгүй: 0.017%

3. Давуу эрхийн хувьцааны нөхцөлд өөрчлөлт оруулж, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах – Уг асуудалд Компанийн тухай хууль болон Компанийн дүрэмд зааснаар давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзсэн тул Давуу эрхийн хувьцаа эзэмшигч саналын эрхтэй оролцож байна.
-Оролцсон: 70,416,778 ширхэг хувьцаа энгийн болон давуу эрхийн хувьцаа эзэмшигчид
-Зөвшөөрсөн: 99.98%
-Татгалзсан: 0.001%
-Түдгэлзсэн: 0.005%
-Хүчингүй: 0
-Санал өгөөгүй: 0.016%

4. ТУЗ-ийн гишүүдийг сонгох тухай асуудлыг кумулятив аргаар санал хураан шийдвэрлэв.
-Оролцсон хувьцааны тоо: 68,005,369 ширхэг

ТУЗ-ийн хараат бус гишүүнээр дараах хүмүүс сонгогдов:
Ч.Өнөржаргал — нийт саналын 9.97%
Ч.Хашчулуун — нийт саналын 9.97%
Д.Энхбат — нийт саналын 9.97%

Ердийн гишүүдээр дараах хүмүүс сонгогдов:
Б.Анхболд — 13.57%
Д.Баясгалан — 10.87%
А.Пүрэв — 10.36%
Хирохида Намаки (Япон Улсын иргэн) — 14.86%
Б.Энхмарал — 10.36%
Ш.Эрдэнэбат — 10.07%

Хурлаар хэлэлцсэн 4 асуудлыг бүгдийг баталсан болохыг мэдэгдэж байна.

Талархал ба бэлэг: Танхимаар болон цахимаар идэвхтэй оролцсон нийт хувьцаа эзэмшигчдэдээ талархал илэрхийлснээр Инвескор ББСБ ХК-ийн ээлжит ХЭХ үүгээр өндөрлөв. 

Компани тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд жил бүрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар модны үрсэлгээ бэлэглэдэг уламжлалтай. Танхимаар оролцсон хувьцаа эзэмшигчид маань зааланд бэлдсэн модны үрсэлгээнээс авах, цахимаар оролцож буй хувьцаа эзэмшигчид маань Инвескор апп, вэбсайтын Хэрэглэгч цэсний Урамшуулал хэсгээс модны үрсэлгээ авах эрхээ идэвхжүүлэх боломжтой. 

Баярлалаа. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.