Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал улам л даамжирч цаашлаад бид бүхний өдөр тутмын амьдралд хэрхэн яаж сөргөөр нөлөөлөх нь үл мэдэгдэх ярвигтай өдрүүд өнгөрсөөр. Гэхдээ бидний хувьд энэхүү хүнд асуудлыг шийдэж нэгэнт л чадахгүйгээс хойш урдах ажлаа л бүх хүч чадлаа дайчилж хийх нь хамгийн зөв шийдвэр болов уу.
Манай хөрөнгийн зах зээлийн хувьд ирэх оны 6 сарын 30 гэхэд системийн том банкнуудыг бүртгэж авах чухал ажилтай буй. Энэхүү ажил Төрийн банкны IPO-оор эхэлж байна. Ирэх 7 хоногийн Пүрэв гарагийг дуустал IPO-ийн захиалга авч буй тэдний хувьцааг авах эсэхдээ эргэлзэж сууна уу? Хэрэв тийм бол товхимлоо дуустал нь уншаад үзээрэй.
Агуулга
БЯЦХАН ТҮҮХ
Үүсэл
Төрийн банк нь 2009 оны 11 сарын 24-ны өдрөөс Зоос банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 100% төрийн өмчит банк болон үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тухайн үед 270 гаруй ажиллагсад, 28 салбар нэгжээр дамжуулан 110 мянга гаруй харилцагчдад банкны үйлчилгээг үзүүлдэг байв.
Төр болсон хойно банк удирдана гэж юу байх вэ гэх хардалт, сэрдэлтийг дагуулж байсан ч үйл ажиллагаагаа ₮138 тэрбумын хөрөнгөтэй эхлүүлсэн тэд 13 жилийн дараа ₮3.9 их наядын хөрөнгөтэй болж өргөжжээ. Бусад том банкнуудтай харьцуулахад залуу банкны тоонд орох тэдний ололт амжилтыг түүхийг тоймлон хүргэе.
Түүхэн товчоо
Менежментийн баг
Аливаа бизнест хөрөнгө оруулахдаа тухайн компанийн удирдлагын багийг судалж үзэх нь таны нэн тэргүүнд хийх ёстой ажил байдаг шүү. Төрийн банкны боловсон хүчнийг судлаад нэг харвал төрийн гэх тодотголтой газар ажлын туршлагыг бий болгосон залуучуудаар дүүрэн ажээ.
Банкны төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) 8 гишүүнээс бүрддэг ба үүний 2 нь хараат бус гишүүн юм. Эдгээр гишүүд нь Монголбанк, Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк зэрэг газруудад ажилласнаас гадна, дор хаяж 10 жил, удаандаа гэвэл 30 гаруй жилийн туршлагатай эрхмүүд байна. Харин удирдлагын баг нь нийт 17 гишүүн багтаж, гүйцэтгэх захирлын дор харьяалагдах 16 газар тус бүрийн захирлуудаас бүрдэж буй юм. ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын багийн гол хоёр төлөөллийг танилцуулбал,
Өдгөө
Эдийн засгийг хөдөлгөгч хамгийн том хүч болох дундаж давхаргыг бүтээхээр зорьж буй тэдний хувьд өнөөдөр Монгол орны өнцөг булан бүрд санхүүгийн үйлчилгээг хүргэх дэд бүтцийг амжилттай бий болгож, системийн 4 дэх том банк болсон байна. Төрийн банкны гол үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар харцгаая,
БИЗНЕС НӨҮ-ХАУ
Төрийн банкны бизнес моделийг товчоор илэрхийлбэл, төрийн санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүргэх хэмээн тодорхойлж болох юм. Мэдээж зөвхөн төрийн үйлчилгээгээр хязгаарлагдалгүй банкнаас хүргэж болох бусад үйлчилгээг орон даяар хүргэдгээрээ онцлогтой билээ.
Төрийн үйлчилгээг дамжуулагч
Та хүүхдийн мөнгө, жирэмсэн эхийн тэтгэмж хөөцөлдөх гээд Төрийн банкаар нэг ороод гарсан удаатай л байлгүй. Төрийн зүгээс ямар л төрлийн тэтгэмж, халамж, нийгмийн асуудлыг шийдэх зорилготой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, санаачилсан тэр ажлыг гүйцэтгэхэд банкны зүгээс шаардлагатай ажлыг Төрийн банк гүйцэтгэсээр ирсэн. Жишээлбэл, өнгөрсөн оны ЗГ-ын шийдвэрээр эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг хамгаалах ₮10 их наядын төлөвлөгөөний хүрээнд Төрийн банк 19 мянга гаруй иргэн, ААН-д ₮770 тэрбумыг зээлийг олгосон байна.
Үүнээс гадна Төрийн банк нь тэтгэврийн 40%, халамжийн 70%, хүүхдийн мөнгөний 45%-ийг тус тус дамжуулан олгодог юм. Өнгөрсөн оны хувьд бодоод үзвэл нийт ₮1.8 их наядын төрийн үйлчилгээг дамжуулжээ.
Төрийн банк = Иргэдийн банк
Төрийн банкны харилцагчдын 99% нь иргэд байдаг байна. Тиймээс банкны зүгээс иргэдэд төрийн үйлчилгээг дамжуулаад зогсох бус банкны бусад үйлчилгээг зэрэгцүүлэн санал болгосноор иргэдийн банкны зах зээлд эзлэх байр сууриа томруулж чаджээ. Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар нийт зээлийн 61%-ийг хэрэглээ, ХАА, орон сууцны хэмээх иргэдэд зориулсан зээлүүд эзэлж буй юм. Түүнчлэн банкны татан төвлөрүүлсэн харилцах болон хадгаламжийн 82%-ийг иргэдийн хөрөнгө бүрдүүлжээ.
Тиймээс ч банкны зүгээс иргэдийн өдөр тутмын амьдралыг нь илүү хялбар болгох шинэлэг үйлчилгээнүүдийг ар араас нь нэвтрүүлсээр 110 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх болсон байна.
Тэдгээрээс хамгийн шинэлгүүдийг нь зах зухаас нь дурдвал,
IPO ЭРГЭН ТОЙРОНД
Төрийн банк IPO
Төрийн банкны хувьд нэгдүгээрт системийн нөлөө бүхий банкны хувьд, хоёрдугаарт төрийн өмчит компани гэдэг утгаараа нэг сумаар хоёр туулай буудаж, олон нийтэд нээлттэй банк болох үйл ажиллагаагаа эхлүүллээ.
IPO-н ерөнхий дүр зураг
Банкны хувьд өөрсдийн бизнесийг ₮442.2 тэрбумаар үнэлж, 5%-иа олон нийтэд санал болгохоор болжээ. Ийнхүү ирэх 7 хоногийн Пүрэв гараг хүртэл анхдагч зах зээлийн арилжааг явуулж, олон нийтээс ₮22.1 тэрбумыг татан төвлөрүүлэх юм. Үүний 70%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад үлдсэн хувийг жижиг хөрөнгө оруулагчдад санал болгох ажээ.
Харин ирэх жил гэхэд 20 хүртэлх хувиа олон нийтэд санал болгосон байхаар төлөвлөсөн байна. Дэлхийн зах зээлд нийгэм, эдийн засгийн байдал ороо бусгаа байгаа учир дээрх байдлаар үе шаттайгаар олон нийтийн банк болохоор шийджээ.
IPO талаар мэдэх хэрэгтэй зүйлс
Төрийн банкны хувьд 2021 оны жилийн эцсийн байдлаар өөрийн хөрөнгийн хэмжээ ₮388.5 тэрбум байсан ба тухайн тайлант үеийн мэдээлэл дээр үндэслэн бизнесийн үнэлгээг ₮442.2 тэрбум хэмээн тогтоожээ. Гэдэг нь танд өөрсдийн хувьцааг балансын үнээс ч хямд үнээр санал болгож буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл хямд гэсэн үг. Энэ нь мөн хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд ханшийн хэт өндөр савлагаа үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой юм.
Хэрэв та Гялс банк апп-ыг ашигладаг бол хөдөө орон нутаг, хилийн чанад гээд хаанаас ч Төрийн банкны IPO-д оролцох боломжтой байгаа юм байна. IPO-д ороод бүр сурсан хүмүүсийн хувьд өөрийн үйлчлүүлэх дуртай ҮЦК-иараа дамжуулаад орох нь таны сонголт. Ямар ч байсан нэг үеэ бодвол хувьцаа худалдаж авах улам л хялбар болоод байгаа мэт.
IPO танилцуулга харах
Банкны салбарт эзлэх байр суурь
Төрийн банкны хувьд энэ оны эхний хагас жилийн байдлаар цэвэр зээлийн хэмжээ ₮2.3 их наядад хүрч, зах зээлийн 10%-ийг эзэлж байгаа билээ. Ийнхүү нийт хөрөнгө, зээл, хүүгийн орлого, цэвэр ашиг гэх мэт санхүүгийн гол үзүүлэлтээр салбартаа 4-р байрыг эзлээд байна.
Харин 2 жилийн дараа буюу 2024 онд тэдний төсөөлснөөр дараах үр дүнд хүрэх юм. Тодруулбал,
Ашиг, орлого: Өнгөрсөн, одоо, ирээдүй
Төрийн банк 2021 онд ₮385.5 тэрбумын хүүгийн орлого олж, ₮46 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар ₮69.8 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, IPO-гийн үнэлгээг гаргахад энэ оны бүтэн жилээр ₮32.4 тэрбумын ашиг олно гэж төсөөлж байснаас даруй 2.2 дахин өндөр гүйцэтгэлийг үзүүлсэн нь онцлох үр дүн байв. Ийнхүү 2022 оны эхний хагас жилийн өөрийн хөрөнгийн өгөөж 15.6% болж, 2018 онд 0.7% байсныг суга дээш нь татсан юм.
Банкны хувьд өөрсдийн зорилгыг дундаж давхаргыг бий болгох, тэднийг дэмжих хэмээн тодорхойлсны хүрээнд зорилтот хэрэглэгчдийнхээ амьдралын чанар, бизнесийн хөгжлийг нь дэмжсэнээр дээрх үр дүнд хүрнэ хэмээн харж буй юм.
Хөрөнгө оруулах 3 шалтгаан
Төрийн өмчит банкны хувьцааг худалдаж авах хэрэгтэй эсэх нь таны эргэлзээг төрүүлж буй гол асуулт байх. Гэхдээ энэ нь өөрөө сул тал мэт харагдаж болох ч давуу талыг ч бас үүсгэж болохыг үгүйсгэх аргагүй биз ээ. Бидний зүгээс Төрийн банканд хөрөнгө оруулах дараах 3 шалтгаан байгаа хэмээн харж байна.
ЭРСДЭЛ
Хөрөнгө оруулагч хүний хувьд эрсдэлээ тооцож үзэхгүйгээр шийдвэр гаргах нь асаж буй түүдэг рүү нүдээ аниастай гүйж орохтой адил мэт.
Эдийн засгийн удаашрал, бодлогын өөрчлөлт
Азийн хөгжлийн банкнаас энэ сард гаргасан эдийн засгийн төлөвийн судалгаагаар манай улсын эдийн засгийг энэ онд 1.7% өснө хэмээн төсөөлжээ. Өнгөрсөн 4-р сард 2.3% өснө хэмээн үзэж байсан бол дахиад л бууруулах нь тэр. Ер нь эдийн засгийн нөхцөл байдал ямар ярвигтай байгааг та ч сайн мэдэж байгаа. Эдийн засгийн өсөлтийн удаашрал нь банкны бизнест нөлөө үзүүлэхгүй байна гэж бараг л үгүй байх.
Салбарын өрсөлдөөн
Төрийн банкны хувьд сүүлийн 3 жилийн хугацаанд чамлахааргүй сайн ажиллажээ. Гэхдээ ирээдүйд тэднийг ямар даваа бэрхшээл хүлээж буйг би ч, та ч хэлэхэд бэрх. Тэдгээрийн нэг нь яахын аргагүй салбарын өрсөлдөөн байх болов уу. Сарын өмнөөс л 100% онлайнаар үйлчилгээгээ үзүүлэх зорилготой МБанк гэх шинэхэн өрсөлдөгч харилцагчдынхаа дансыг нээгээд эхэлсэн шүү дээ. Үүнээс гадна системийн нөлөө бүхий бусад банкнууд, тэдний араас гарч ирж буй дунд болон жижиг хэмжээтэй банкнууд гээд хүчтэй өрсөлдөгчид бий.
Улс төрийн эрсдэл
Манай улсын хувьд нам солигдохоор төрийн албаны албан хаагчид дагаад солигддог заншилтай. Ингээд бодохоор улс төрийн тогтворгүй байдал нь Төрийн банкны удирдлагын баг болон бусад албан хаагчдыг удаан хугацаанд тогтвортой ажиллана гэсэн баталгааг өгөхгүй байгаа юм. Түүнчлэн гол хувьцаа эзэмшигч болох Сангийн яамны хувьд ч мөн дээрх эрсдэл хамаарах боломжтой.
ЭЦЭСТ НЬ
Системийн нөлөө бүхий банкнуудын IPO-г эхлүүлж, олон нийтэд нээлттэй болох гэж буй Төрийн банкны хамт олонд баяр хүргэе. Харин үүнийг уншиж буй хөрөнгө оруулагч таны хувьд банкнуудын хувьцааны багцаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдгээ нухацтай бодож эхлэх цаг ирснийг хэлмээр байна. Төрийн банкны араас Голомт банк, Хаан банк, ХасБанк, ХХБанк гээд томчууд ар араасаа нээлттэй банк болно. Тиймээс танд шийдвэрээ гаргах цаг улам л хомс болж байгаа байх шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.