9-р сар иржээ, хөрөнгө оруулагчид аа! Энэ сард хөрөнгийн зах зээл ямар өнгө үзэмжтэй байх бол?
Навч ч унана, зах зээл ч унана
Хөрөнгө оруулагчид Green Day-н “Wake Me Up When September Ends” гэх дуунд их дуртай. Учир нь олон жилийн зах зээлийн хөдөлгөөнийг харвал 9-р сард хамгийн их хэлбэлзэлтэй байдаг. Яагаад?
- Улирлын хүчин зүйл: Зуны амралтаас буцаж ирсэн хөрөнгө оруулагчид өөрсдийн багцаа дахин шинэчилж, арилжааны идэвхээ нэмэгдүүлснээр зах зээлд тогтворгүй байдал үүсдэг аж.
- Ээлжит тайлан: Түүнчлэн 9-р сар бол III улирлын үр дүнтэй танилцах сар. Хэрэв компаниудын тайлан хүлээлтээс доогуур байвал хөрөнгө оруулагчдын мэдрэмж болон хувьцааны үнэд сөргөөр нөлөөлнө.
- Хаалт: Мөн томоохон хөрөнгө оруулалтын сангуудын санхүүгийн жил 9-р сард дуусдаг ба хэрэв алдагдалтай ажиллаж буй арилжаа байвал алдагдалтай байсан ч хаах хандлагатай байдаг гэнэ.
- Сэтгэл зүй: Хэрэв хөрөнгө оруулагчид 9-р сарыг түүхэн мэдээлэлд тулгуурлан эрсдэлтэй сар гэж үзвэл тэд арилжааны шийдвэр гаргахдаа илүү болгоомжтой хандана. Энэ нь зах зээлийн гүйцэтгэлийг бууруулах магадлалтай.
Жинхэнэ нөлөөлөл, жинхэнэ тоо
1945 оноос хойших жил бүрийн 9-р сар S&P 500 (^GSPC)-н хувьд хамгийн сул сар байсан бөгөөд дунджаар -0.7% унажээ. Ер нь бол S&P 500-н түүхэд зөвхөн 2016-2019 оны 9-р сар л өгөөжтэй, бусад 9-р сард улаанаар эргэжээ.
- Зогсохгүй, зогсохгүй: Үүгээр ч зогсохгүй Dow (^DJI) индекс 9-р саруудад дунджаар 1.1%, Nasdaq (^IXIC) 0.9%-иар тус тус буурсан байна. Мөн Америк ч гэлтгүй бусад улсын зах зээл дээр ч мөн адил 9-р сард унах трэнд ажиглагддаг байна.
Харин Монголд
ТОП-20 индексийн сүүлийн 11 жилийн хөдөлгөөнийг харахад 9-р саруудад дунджаар 1.3% өссөн байна. Угаас талаас бага хугацаанд нь буюу 5 жилийн 9-р саруудад унаж 6 жилийнх нь 9-р саруудад өсжээ. Харин энэ жилийн хувьд хэр зэрэг өөрчлөгдөх бол?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.