
Элсэн манхан, улаан шаргал хаднууд сүлэлдсэн Галбын говь бол цаг хугацаа зогсож, өнгөрсөн түүх өөрийн биеэр үзүүлэх мэт гайхамшигт нутаг. Нарны гэрэлд туяарах Ханбогдын боржин чулуун уулс нь тэртээ 300 сая жилийн өмнөх эх дэлхийн үүсэл, хувьслын нууцыг хэвлийдээ хадгалж, салхины исгэрээнд эртний галавын туульсыг хүүрнэх мэт. Тэртээ 290 сая жилийн өмнөх Түрүү Пермийн галавын үеийн шүлтлэг боржингийн тогтоц, 150 сая жилийн өмнөх Юрийн галавын үеийн чулуужсан ой, 99 сая жилийн тэртээх Хожуу Цэрдийн галавын үеийн 13,600 гаруй үлэг гүрвэлийн мөр, мөн 30 гаруй сая жилийн өмнөх Палеогенийн галавын эртний хөхтөн амьтдын үлдэгдэл гээд энэ газар шороо тэр чигтээ байгалийн гайхамшигт музей юм. Зөвхөн геологи, палеонтологийн өлгий төдийгүй говийн нүүдэлчдийн оюун санаа, сүсэг бишрэлийн амьд гэрч болсон энэ нутагт XIX зуунд говийн Догшин хутагт Данзанравжаа Дэмчогийн хийд, Эрээтийн хийд, Цагаантолгойн хийд болон Өлийн хийд хэмээн дөрвөн гайхамшигт хийдийг бүтээсэн нь өдгөө дэлхийн энерги эрчмийг хадгалан зон олноо тэтгэж байна. Гайхамшгаар бүтсэн энэ ууланд галав юүлэхэд хүн зоноо авч үлдэх авшиг энергитэй нутаг хэмээн хутагт өөрөө айлдаж байсан гэдэг. Чулуу бүр нь өөрийн дурсамжийг агуулсан, эх дэлхийн түүх, соёл, шинжлэх ухаан, байгалийг нэгэн дор цогцлоосон энэ л ховор тогтоц бүхий газрыг дэлхий нийтэд шинэ өнгө төрхөөр таниулах онцгой үйл явдал Өмнөговь аймгийн Ханбогд суманд 7-р сарын 1-ний өдөр боллоо.

Ханбогд Шар цав хэмээх Монгол Улсын анхны геопаркийн албан ёсны нээлтийн энэхүү арга хэмжээнд Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, НҮБ, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, холбогдох яамд, ШУА-ийн Геологи, Палеонтологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний геологийн алба, орон нутгийн удирдлага, иргэд, “Рио Тинто Монгол”, “Оюу Толгой” компанийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцов.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах зэрэг дөрвөн сумын өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан тус геопаркийг бүтээн байгуулах, цаашид хамгаалах харилцан ойлголцлын санамж бичигт орон нутгийн удирдлагууд мөн гарын үсэг зурж, баталгаажуулсан юм.
Дэлхийн геологичид, палеонтологичид, түүхчдийн хувьд Монголын говь бол мөрөөдлийнх нь орон байсаар ирсэн. Үлэг гүрвэлийн яс ганцхан цул бүхлээрээ олддог, тэр үеийн аж амьдралыг гайхамшигтайгаар авч үлдсэн энэ нутагт геопарк байгуулах нь асар өндөр шалгууртай ажээ. Үүнд төр засаг, орон нутгийн удирдлага, иргэдийн идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа, тасралтгүй санхүүжилт шаардагдах хэдий ч өнөөдөр тэрхүү нүсэр ажлын бат бөх суурь тавигдаж байгааг оролцогчид онцлов.

Энэхүү төслийн цар хүрээ, ач холбогдлын талаар Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг "Монгол Улс болон ЮНЕСКО хоорондын 2022-2029 оны санамж бичигт анхны геопарк байгуулах зорилт тусгагдсан нь өнөөдөр бодитоор хэрэгжиж эхэллээ. Галбын говьд Дэмчогийн хийд гэдэг ариун дагшин, авшигтай газар, дэлхийн энергийн төв гэдэг энэ гайхамшигтай газарт босгосон энэ хийд судалгаанд хамрагдаад тойрсон газрууд бүгдээрээ геопаркийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болно гэж үзсэн. Энэ нь цаашид хэдэн мянга, хэдэн сая жил үлдэх өвийг бий болгож байна. Ханбогд-Шар цавын нутаг нь хүн төрөлхтний нийтлэг өвийн сан хөмрөгт хүндтэй байр суурь эзлэх бөгөөд геопарк болсноор зөвхөн онцгой газар нутгийг хамгаалаад зогсохгүй орон нутгийн тогтвортой хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулна" хэмээн тэмдэглэв. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд "Рио Тинто Монгол" компанийн зүгээс 2024-2026 онд хэрэгжүүлэх тогтвортой аялал жуулчлалын төсөл томоохон түлхэц болж, эрдэм шинжилгээний байгууллагууд болон бусад яамдын хамтын хүч шаардагдаж буйг тэрээр цохон тэмдэглэсэн юм.

Үүнийг батлан НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Яап Ван Хиердэн "Энэ бол алсын хараа, түншлэлийн оргил юм. Геопарк нь алслагдсан бүс нутгийг инновац, боловсролын төв болгон хувиргаж, тогтвортой аялал жуулчлал, амьжиргааны шинэ эх үүсвэрийг бий болгоно. Байгаль хамгаалал болон хөгжил цэцэглэлт хэрхэн зэрэгцэн оршиж болдгийн тод жишээг бид эндээс харж байна" гэлээ.

Энэ өдөр хүрэлцэн ирсэн онцгой зочдын нэг нь ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал, доктор Шахбаз Хан байв. Тэрбээр Ханбогд Шар цавын геопаркийг ЮНЕСКО-гийн Дэлхийн геопарк хэмээн бүртгүүлэх ажилд гар бие оролцож байгаа ажээ. Говийн гайхамшгийг шинжлэх ухааны үүднээс гүн тайлбарлахдаа тэрбээр "Адуун сүрэг, тэмээн жингийн туурайн дор чулуунд сийлэгдсэн сая сая жилийн баялаг түүх говьд байна. Дэлхийн хамгийн том шүлтлэг армстронгит хэмээх эрдэс баялаг зөвхөн энэ нутгаас олддог бөгөөд үүнийг илүү их судалж, таньж мэдэх нь чухал. Өнөөдрийн энэхүү үйл явдалд палеонтологич, геологичдын 100 гаруй жилийн нөр их хөдөлмөр үндэс нь болсон гэж болно. Энэхүү геопарк нь залуу судлаачдын уламжлан судлах, суралцах амьд архив болж үлдэх ёстой" гээд ЮНЕСКО ч боловсролын хувьд энэ чиглэлээр залуусыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг төлөөлөн "Рио Тинто Монгол" компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал мөн үг хэлсэн. Тус компани энэхүү санаачилгын анхдагч төдийгүй санхүүжилтийг гарган, Монгол Улс анх удаа геопарктай болох томоохон ажлыг бодит үйл хэрэг болгосон билээ. "Бид газар орныг зүгээр нэг хамгаалалтад авах бус, Монгол орны геологийн гайхалтай өвөрмөц тогтоц, баялаг соёлыг хадгалах замаар тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах шинэ боломжуудыг бий болгож байна. Ханбогд-Шар цав геопаркийн маань дэлхийн сүлжээнд нэгдэх зам ойрхон байгаа гэж найдаж байна. Энэ бол бидний үр хойчдоо үлдээх маш том өв” хэмээн онцолсон.
Хоёр аймгийн дөрвөн сумын өргөн уудам газар нутгийг хамарч байгаагаараа Ханбогд Шар цавын геопарк онцлог. Тэр тусмаа орон нутгийн удирдлагуудын хамтын ажиллагаа, иргэдийн санаачилга чухал болохыг оролцогчид чухалчилж байлаа.

Геопаркийн Үндэсний хорооны дарга Х.Санчигдорж "Энэ нь байгаль өөрийгөө бичиж үлдээсэн амьд түүхийн хуудас бөгөөд хүн, байгаль хоёрын олон зуун жилийн хамтын оршихуйн соёл, амьд уламжлалыг олон улсад таниулж байгаагаараа нэн онцгой. Ханбогд Шар цавын геопарк ЮНЕСКО-ийн Геопаркийн нийтлэг зарчим болох геологийн өв, боловсрол, тогтвортой хөгжлийн нэгдлийг хангахаас гадна хүн ба байгаль хоёрын олон зуун жилийн хамтын оршихуйн соёл, амьд уламлалыг таниулж байгаагаараа онцлог гэж үзэж байна.
Энэ бүс нутагт үлэг гүрвэлийн мөр, чулуужсан мод зэрэг дэлхийн геологийн шинжлэх ухааны салбарт үнэтэй нотолгоонууд төдийгүй нүүдэлчдийн олон зуун жилийн ахуй соёл, уламжлалаас үүдэлтэй биет бус өв, нэн ховор амьтдын орших амьд эко систем зэрэг олон үнэт зүйлс нэг дор цогцлон оршиж байна. Эдгээр нь өнөөдөр бидний нүдэнд ил харагдаж буй бодит байдал боловч говь нутаг нь үүнээс илүү гүнзгий геологийн нууц, шинжлэх ухааны шинэ нээлтүүдийн боломжийг өөртөө хадгалсаар байгаа. Иймээс энэ бүс нутаг нь эрдэмтэн судлаачдын тасралтгүй судалгаа, шинэ эх сурвалж болох чухал ач холбогдолтой” гэдгийг тэмдэглэн хэлсэн.

Орон нутгийн удирдлагуудын зүгээс энэхүү том хэмжээний санаачилгыг бүрэн дүүрэн дэмжиж, хамтран ажиллахаа мөн илэрхийлж байлаа. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар 13,600 гаруй үлэг гүрвэлийн мөр болон эрчим хүчний төв гэгдэх Дэмчогийн хийдийн үнэ цэнийг дурдаад, палеонтологийн аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох зорилттойгоо геопаркийн бүтээн байгуулалтыг нягт уялдуулан хөгжүүлэх бодлогоор орон нутаг ажиллаж байгааг ярьсан юм.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал мөн дэмжих ажиллахаа илэрхийлж, өнгөрсөн онд Дорноговь аймагт болсон Бүсчилсэн хөгжлийн чуулганы үеэр энэ талаар тогтоол гаргаж, говийн бүсийг археологи, палеонтологийн тусгай бүс болгон хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг хэллээ.
Манай гарагийн түүхийг өөртөө гүнзгий хадгалсан ийм онцгой газар нутгуудын геологийн болон соёлын өвийг нь хамгаалж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк хэмээн цогцлоон хөгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 51 улсад нийт 241 ийм геопарк бий. Харин эдгээр паркууд нэгдэн Дэлхийн геопаркийн сүлжээг бүрдүүлдэг бөгөөд энэхүү сүлжээ нь тусдаа паркууд хоорондоо харилцан туршлага солилцож, менежмент, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажилладаг бие даасан бүтэц ажээ. Энэхүү дэлхийн сүлжээнд багтсанаар тухайн бүс нутгийн үнэ цэн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, дэлхий дахинд өргөнөөр сурталчлагдах маш өргөн боломж нээгддэгийг зочид, төлөөлөгчид онцолсон юм.

Монголын Өмнийн говьд дэлхийн хэмжээний үнэ цэнтэй өв ийнхүү чимээгүйхэн оршиж байна. Олон сая жилийн өмнөх дэлхийн түүхийг өгүүлэх хосгүй тогтоц, үлэг гүрвэлийн мөр, зуун зуунаар өвлөгдөн ирсэн нүүдэлчдийн ахуй соёл, Цагаантолгойн хийд, Эрээтийн хийдээс эхлээд ингэ хөөслөх зан үйл зэрэг биет бус өвүүд нь говь нутгийн давтагдашгүй дархлаа ажээ. Ханбогд Шар цав геопарк байгуулагдаж, ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркт нэр дэвших эрхээ баталгаажуулж байгаа нь өнгөрсөн үеийн түүхийг, цаашлаад Монгол Улсын байгаль, соёлын үнэт өвийг дэлхийд таниулах, ирээдүйд чиглэсэн хөгжлийн цоо шинэ хаалгыг нээж буй түүхэн үйл явдал билээ. Галав юүлсэн ч тэсэж үлдэх говийн гайхамшигт энерги, түүхийн жим өнөөдөр шинэ цагийн босгон дээр дэлхий нийтийн хүртээл болох замдаа ийнхүү орлоо.









Эх сурвалж: "Оюу толгой" ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.