
Нэг. Зорилго
Санхүүгийн салбар дахь инновацыг дэмжих, салбарт тулгамдаж буй асуудлыг технологи ашиглан ухаалгаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх үндсэн зорилготой бөгөөд уралдаан нь хариуцлагатай зээлийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгч санхүүгийн ухаалаг шийдвэр гаргаж, өр төлбөрөө ухаалгаар зохицуулах технологид суурилсан инновац шийдлийг хөгжүүлэх улмаар санхүүгийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэнэ.
Хоёр. Уралдааны сэдэв, үндэслэл
Санхүүгийн системд технологийн хөгжил эрчимжихийн хэрээр санхүүгийн үйлчилгээний хүртээмж улам бүр нэмэгдэж байна. Хэдийгээр технологийн дэвшлийн санхүүгийн салбарт авчирч буй үр өгөөж өндөр ч, хэрэглэгчид санхүүгийн үйлчилгээ тэр дундаа зээлийн үйлчилгээг хариуцлагагүйгээр хэрэглэн, өрийн дарамтад орох, санхүүгийн эрүүл мэндэд нь эрсдэл учрах тохиолдол их байна. Монгол Улсын санхүүгийн салбар, тэр дундаа зээлийн үйлчилгээний салбарт технологийн дэвшил хурдтай нэвтрэн, хэрэглэгчид интернет банк, финтек апп ашиглан цаг хугацааны хязгаарлалтгүйгээр, цахимаар зээл авах боломж нээгдсэн. Финтек зээлүүд нь хэрэглэгчдийн санхүүгийн хэрэгцээг түргэн шуурхай шийдэж буй хэдий ч эргээд хэрэглэгчид өөрсдийн төлбөрийн чадвараас давсан дүнгээр, олон тооны эх үүсвэрээс зээл авах зэрэг эрсдэлүүд тулгарч байна.
Зээлийн мэдээллийн сангийн 2025 оны III улирлын мэдээллээр нийт санхүүгийн салбарын иргэдийн зээлийн үлдэгдэл ₮36.9 их наядад хүрсэн бөгөөд үүний 68.8%-ийг банкны салбарын зээл, 16.9%-ийг банк бус санхүүгийн байгууллагын зээл, 13.5%- орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд олгосон ипотекийн зээл, 0.8%-ийг хадгаламж, зээлийн хоршооны зээл тус тус бүрдүүлж байна. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад давхар зээлтэй нийт 540 мянган зээлдэгч байна. Эдгээр зээлдэгчдийн банкны салбараас авсан зээлийн үлдэгдэл ₮12.8 их наяд, бусад санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл ₮5.1 их наядад хүрсэн байна.
Санхүүгийн салбарт үүсэж болзошгүй эрсдэл, хэрэглэгчдэд учрах өрийн дарамтыг бууруулах бодлогын арга хэмжээг санхүүгийн зохицуулагч байгууллагуудын зүгээс хэрэгжүүлэн ажиллаж буй хэдий ч иргэд санхүүгийн сахилга бат, санхүүгийн мэдлэгтэй байх, санхүүгийн байгууллагууд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, эрсдэлд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, хариуцлагатай үйл ажиллагааг явуулах зэрэг санхүүгийн салбарын бүхий л оролцогчдын үр дүнтэй хамтын ажиллагаа шаардлагатай юм.
Энэ удаагийн “Санхүүгийн Инновац ТекСпринт – 2026” уралдаан нь хариуцлагатай зээлийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгч санхүүгийн ухаалаг шийдвэр гаргаж, өр төлбөрөө ухаалгаар зохицуулах технологид суурилсан инновац шийдлийг хөгжүүлэх улмаар санхүүгийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэнэ.
Уралдаан нь хэрэглэгчдийг өрийн дарамтад орохоос сэргийлэхэд чиглэсэн технологийн шийдлүүдийг хөгжүүлэх, санхүүгийн салбарт тулгамдаж буй дараах нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэх бөгөөд дараахаар мөн хязгаарлагдахгүй болно.
1. Хэрэглэгчийн зээлийн эрсдэлийн үнэлгээг хэрхэн үнэн зөв, ялгаатай байдлаар үнэлж, хэрэглэгч тус бүрийн хэрэгцээ, шаардлага, санхүүгийн боломж, өр төлбөрөө буцаан төлөх чадамжид суурилсан зээлийг олгох вэ? /дийлэнх санхүүгийн байгууллага нь хязгаарлагдмал өгөгдөлд суурилан хэрэглэгч тус бүрд бус зах зээлийн ерөнхий нөхцөл байдалд суурилсан зээлийн үйлчилгээг хүргэж байна/;
2. Хэрэглэгч хэрхэн өөр, өөр санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийн үйлчилгээг нэгтгэн үр дүнтэй удирдаж, өр төлбөр, хэрэглээгээ ухаалгаар удирдах боломжтой вэ? /хэрэглэгч өөрт үүсэж буй нийт өр төлбөр, зээлийн нөхцөл, төлбөрийн хуваарь, төлөх боломжтой орлого болон нийт үүсэж болзошгүй өрийн дарамтыг тооцоолж чадаагүйн улмаас олон тооны санхүүгийн байгууллагаас зээл авах эрсдэлтэй/;
3. Хэрэглэгчдийн санхүүгийн боловсролыг хэрхэн үр дүнтэйгээр нэмэгдүүлж, санхүүгийн ухаалаг шийдвэр гаргахад хэрхэн тусалж болох вэ? /санхүүгийн боловсрол бага буйгаас шалтгаалан хэрэглэгчид ихэвчлэн буруу шийдвэр гарган, хэт их хэмжээний өрийн харилцаанд ордог/;
4. Санхүүгийн байгууллагууд хэрхэн зээлийн зориулалт, эргэн төлөлтдөө үр дүнтэй хяналт тавих замаар, зээлдэгчийг өрийн дарамтад орохоос урьдчилан сэргийлж, хэрэглэгчийн санхүүгийн шийдвэр гаргалтад тусламж үзүүлж чадах вэ? /хэрэглэгчид олон тооны газраас зээл аван мөрийтэй тоглоом, санхүүгийн луйвар зэрэгт зарцуулах, эсхүл тухайн хэрэглэгчийн санхүүгийн байдалд гэнэтийн эрсдэлт хүчин зүйл тохиосноор өрийн дарамтад орох эрсдэл үүсдэг/.
Гурав. Хүрэх үр дүн
Энэхүү ТекСпринт уралдаан нь санхүүгийн байгууллагуудад хариуцлагатай зээлийн үйл ажиллагааг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, хэрэглэгчдэд өөрийн өр төлбөр, санхүүгээ оновчтой удирдахад туслах технологид суурилсан ухаалаг шийдлийг эрэлхийлж байна. Түүнчлэн уралдаанаас гарсан оновчтой шинэлэг санааг санхүүгийн салбарт нэвтрүүлснээр зээлийн зах зээлийн тогтвортой хөгжлийг дэмжих, зээлийн эргэн төлөлтөд учрах төлбөрийн чадварын эрсдэлийг бууруулах, улмаар иргэдийн санхүүгийн эрүүл мэнд, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангуулахад чухал хувь нэмэртэй юм. Энэхүү уралдаан нь санхүүгийн салбарын бүхий л талын оролцогчид, шинийг санаачлагчид, технологи хөгжүүлэгчдийг нэгтгэн санхүүгийн салбар, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах боломжийг олгож буй юм.
Дөрөв. Зохион байгуулалт
Багийн гишүүд нь программ хөгжүүлэгч, график дизайнер, бизнес хөгжүүлэгч, судлаач, өгөгдлийн шинжээч, санхүү, технологийн салбарын мэргэжилтэн, оюутнууд, сонирхогчид байж болох бөгөөд уралдаан салбар бүрийн хэн бүхэнд нээлттэй. Оролцогчдыг уралдаанд оролцох хугацаанд салбарын туршлагатай мэргэжилтнүүд зөвлөн ажиллах болно.
Уралдаан нь дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэйгээр зохион байгуулагдана:
Тав. Бүтээлд тавигдах ерөнхий шаардлага
Уралдаанд өрсөлдөх шийдлүүд нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:
Уралдааны эцсийн шатанд шалгарсан 10 багаас нийт 3 багийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.
Өмнөх уралдаанаас гарсан үр дүн
Санхүүгийн зохицуулах хороо нь салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цахим технологид суурилсан ухаалаг, тогтвортой, хүртээмжтэй санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд технологийн дэвшлийг ухаалгаар ашиглах шинэ санаа, инновац шийдлийг тодруулах зорилгоор “Санхүүгийн Инновац Текспринт” уралдааныг 2023 оноос эхлэн жил бүр зохион байгуулахаар ажиллаж байна.
Өнгөрсөн жилийн ТекСпринт уралдаанд нийт 22 баг, 15 хувь хүн, нийт 100 гаруй оролцогчид бүртгүүлэн оролцож сүүлийн шатны шалгаруулалтад 9 багийн 34 оролцогч оролцон санхүүгийн луйвар, зохицуулалтгүй үйл ажиллагааг илрүүлэх, санхүүгийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах, хэрэглэгчийн санхүүгийн эрүүл мэндийг дэмжих, санхүүгийн ухаалаг шийдвэр гаргалтад туслах зорилготой технологийн шийдлүүдийг хөгжүүлэн өрсөлдсөн юм. Өмнөх жилийн уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.
📞 Уралдаантай холбоотой асууж тодруулах зүйл гарвал (976) 51-261106, (976) 9538-9050 утсаар болон [email protected] цахим шуудангийн хаягаар холбогдоно уу.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.