
Төсвийг хэтэрхий данхар, алдагдалтай хэмээн шүүмжилдэг ч өргөн барьснаар нь баталдаг жишиг тогтлоо. Энэ жишгээр ₮40.7 их наядын орлоготой, ₮43 их наядын зарлагатай, ₮2.3 их наядын алдагдалтай 2027 оны төсөв батлагдав.
🥴 Алдагдал хэвшил болов
Төсвийн алдагдал нэрлэсэн дүнгээрээ цар тахлын 2020 оны ₮2.2 их наядыг ч давж, 20 жилийн дээд цэгт хүрсэн нь энэ. Ингэснээр Монгол Улс сүүлийн 20 жилийнхээ 15-д нь төсвийн алдагдал хүлээхээр боллоо.
👀 Ногдол ашгийн найдлага
Төсвийн орлогын ₮6.5 их наядын өсөлт бүхэлдээ ногдол ашгаас бүрдэх буюу ТӨК-иудаас ₮3.5, Оюутолгойгоос ₮3 их наяд орохоор тооцсон. Нэмээд орлогын таамагт 110 сая тн нүүрс экспортолж, зэсийн үнийг $12,700 байна гэж тусгажээ. Хэрэв түүхий эдийн үнэ унаж орлого тасарвал төсөвт тусгагдсан хөтөлбөрүүд зогсож, ирэх оны татварыг урьдчилан татах эрсдэлтэй.
🛑 Үндэслэл сул хөрөнгө оруулалт
Төсөвт суусан 318 шинэ төслийн 58 нь хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаагүйг ҮАГ тогтоосон. Мөн Нээлттэй нийгэм форумын судалснаар 202 төсөл хүчин чадлын мэдээлэлгүй, ижил барилгуудын өртөг 2.7 дахин зөрүүтэй атлаа ТЭЗҮ, зураг төсөв нь олдохгүй байгаа аж.
Эцэст нь... Эдийн засаг тэлж буй үед төсөв алдагдалтай байж болох ч зардал, хөрөнгө оруулалт нь оновчгүй,орлого нь баталгаагүй байгаа энэ нөхцөлд маш их эрсдэл дагуулахаар байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.