
Сүүлийн хэдэн жил олон улсын дипломат тавцанд нам гүмхэн, аажуу тайван хуваарьтай байсан Ши Жиньпин жинтэй эргэн ирэв. Тухайлбал, тэрбээр өнөөдрөөс эхлэн 9 сарын 24-ныг хүртэл ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан Киргизстанд, дараагаар нь Египет, Энэтхэг, Америк гэсэн маршрутаар айлчлал хийх гэж буй.
🐉 Луу сэрлээ!
Ши Жиньпин 2013-2019 онуудад жилд дунджаар 14 улсад гадаад айлчлал хийдэг байв. Гэвч цар тахлаас хойш түүний гадаад айлчлал эрс багасаж, томоохон хурал, чуулганд оролцох гэж аль эсвэл ховорхон тохиолдолд дэглэм нэгт андуудындаа зочлох хандлага ажиглагдах болсон. Энэ оны эхний хагаст оны анхны гадаад айлчлалаар Хойд Солонгосыг зорьсон билээ.
👀 Ши-гийн айлчлалуудын ард…
Барууны медиа түүний энэхүү шахуу хуваарийг Трамптай уулзахаас өмнө Хятад ганцаараа биш гэдгийг харуулах буюу ШХАБ, БРИКС-р дамжуулан байр сууриа бэхжүүлэх оролдлого хэмээн нийтэлж байгаа. Гэвч дэнслээд харвал, энэ оны эхний хагаст гэхэд Трамп тэргүүтэй 20 улсын төрийн тэргүүнд Хятадад айлчилсан. Нөгөө талаас энэ таамаглал үнэн байх магадлалтай ч тус 2 байгууллага бол Орос, Хятадын олон жил барууны ноёрхлын эсрэг сөргүүлэн хөгжүүлж буй платформ.
Эцэст нь… Ши Жиньпин болон Трампийн айлчлал гол анхаарал татсан үйл явдал ч Энэтхэг, Хятад хилийн маргаанаа зөөллөж, өндөр түвшний дипломат хэлцэл хийх хэмжээнд хүрч байгаа нь бүр ч илүү анхаарал татах зүйл юм. Манай улсад ч Ши Жиньпин энэ онд айлчлах тухай хэд хэдэн мэдээлэл гарч байсан. Юутай ч Ши Жиньпин дотоодын асуудлаас илүү гадагш анхаарал хандуулж эхэллээ. Ирэх өдрүүдэд анхаарч, ажиглаж байх л асуудал.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.