
МХБ (MSE)-д бүртгэлтэй санхүүгийн болон хүнсний салбар хамгийн халуухан байдаг билээ. Өмнө нь бид ТОП-5 банкны эхний хагас жилийн тайланг тоймлосон бол одоо хүнсний ТОП-уудын сонин сайханд дурлая.
❤️🩹 7-гоос 4 шарх
Бид өдөр бүр Сүү ХК (SUU)-ийн сүүг авч, Түмэн Шувуут (TUM)-ын өндгийг сагсандаа хийж, баярын ширээгээ АПУ (APU)-гийн бүтээгдэхүүнээр чимдэг. Энэ тэргүүтэй 7 хүнс үйлдвэрлэгчийн тайланг харвал нийт хөрөнгө нь дунджаар 11.6% тэлж нийтдээ ₮2.2 их наядын хөрөнгийг удирдаж ажилласан байна. Сайн ухвал хүнсний ТОП компаниудын санхүүгийн байдал хөрөнгө оруулагчдад нэгийг бодуулж, хоёрыг сануулсан дүр зурагтай байна. Учир нь уг 7 компанийн 4-ийнх нь цэвэр ашиг буураадахжээ.
👑 Ноёрхол VS Өсөлтийн золиос
Хүнсний салбарыг $APU үнэмлэхүй тэргүүлсэн хэвээр. Тэдний нийт хөрөнгө ₮1.1 их наядыг давж, цэвэр ашиг нь 7.3% өсөв. Нөгөө талд бизнесийн тэлэлт үргэлж шууд ашиг дагуулдаггүйг Премиум Нэксус (CUMN)-ийн түүх бэлхнээ харууллаа. Тэдний нийт хөрөнгө 28.9% буюу огцом өссөн ч, цэвэр ашиг нь эсрэгээрээ 57.4% навс унажээ. Хурдтай тэлэлт, шинэ хөрөнгө оруулалтын ард ихээхэн хэмжээний үйл ажиллагааны зардал нуугдаж байдгийн тод жишээ энэ биз ээ.
🍳🍼 Өндөг, сүүний алтан өгөөж
Харин өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болсон суурь бүтээгдэхүүн үйлдвэрлэгч $SUU болон $TUM-н нөхцөл харьцангуй дээр. Сүү ХК-ийн хувьд нийт хөрөнгөө 24% өсгөхийн сацуу цэвэр ашгаа 37% нэмэгдүүлж ₮9.4 тэрбумд хүргэжээ.
Эцэст нь… Хүнсний салбарын эрэлт харьцангуй тогтмол ч өрсөлдөөн ширүүн, зардлын менежмент асар чухал болох нь харагдаж байна. Дээрх 7 компанид хэдийн 117.4 мянган жижиг хөрөнгө оруулагч итгэж хөрөнгө оруулжээ. Хэрэв та ч бас тэдний нэг болох гэж байгаа бол сайтар судлахад илүүдэхгүй шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.