Бид олон нийтэд нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлаар яригдсан зүйлсийг уншигчдадаа ойлгомжтой, дэлгэрэнгүй хүргэх зорилгоор “LP Transcript” буюу хурлын тэмдэглэлийн контент гаргаж байгаа билээ. LP Transcript-н ээлжит дугаараар Инвескор ББСБ ХК (INV)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг хүргэж байна. Тухлан сууж, таалан уншина уу!
📅 2024 оны 4 сарын 29
⏲ 14:00 минут
📍 Цахим хурал
Инвескор ББСБ ХК-ийн энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн хурал цахимаар болсноороо онцлог байлаа. Тус хурлыг цахим хэлбэрээр хийснээр 8,400 ширхэг цаас хэмнэж 0.73 тн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлсэн байна. Мөн компани хуралд оролцсон хувьцаа эзэмшигч тус бүрд мод үрсэлгээ бэлэглэснээр 1,200 мод шинээр тарих боломжийг бүрдүүлж 70 тн хүчилтөрөгч үйлдвэрлэгдэх юм.
Ингээд Инвескор ББСБ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Буд эхлүүллээ.
ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БУД
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Инвескор ББСБ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирцийн бүртгэл явагдаж дууслаа. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирцийн бүртгэлийг танилцуулна уу хэмээн Тооллогын комиссын дарга Ж.Азбаяр таныг урьж байна.
ТООЛЛОГЫН КОМИССЫН ДАРГА Ж.АЗБАЯР
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирцийг танилцуулъя. Өнөөдрийн хуралд нийт 70,695,554 ширхэг хувьцааг эзэмшигчид оролцож байгаа нь компанийн нийт саналын эрх бүхий энгийн хувьцааны 93.33%-тай тэнцэж байгаа тул компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын ирц хүчин төгөлдөр бүрдсэн болохыг мэдэгдэж байна.
ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БУД
Баярлалаа. Өнөөдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал 93.33%-ийн ирцтэйгээр эхэлж байна. Хурлыг албан ёсоор нээнэ үү хэмээн 2024 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга бөгөөд Инвескор ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баясгалан таныг урьж байна.
ИНВЕСКОР ББСБ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БАЯСГАЛАН
Та бүхэнд хурлын дэгийг эхлээд танилцуулъя.
Нэмээд гадаад валютын арилжаа эрхлэх тухай, ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийн талаар танилцуулна. Үүний дараа компанийн дүрмийн өөрчлөлтийг батлах, мөн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт хариултын хэсэг 20 минут үргэлжилнэ. Хэлэлцэж байгаа асуудлууд дээр санал хураах процесс 15 минут үргэлжилнэ. Дараа нь санал хураалтын үр дүнг 10 минутын хугацаанд танилцуулж, Тооллогын комиссын тогтоолыг батлуулах үйл ажиллагаа явагдана. Үүний дараа хурлаас гарах шийдвэрийн төсөлд хувьцаа эзэмшигчдийн санал хураалтын дүнг тусган танилцуулаад өнөөдрийн хурал 16:40 минутад хаагдах хурлын дэгтэй байна. Хувьцаа эзэмшигчид та бүхэн хуралд идэвхтэй оролцож, асуухыг хүсэж буй асуултуудаа чөлөөтэй асууж, санал хүсэлтээ илэрхийлээрэй. Ингээд хурлыг эхлүүлье.
ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БУД
Д.Баясгалан захиралд баярлалаа. Өнөөдрийн хуралд оролцож буй компанийн удирдлагууд болон оролцогчдоо танилцуулъя. 2024 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга бөгөөд Инвескор ББСБ-ын Гүйцэтгэх захирал Д.Баясгалан, Тэргүүн дэд захирал Н.Арсланбаатар, Хөрөнгө оруулалт хариуцсан захирал С.Тулга нар оролцож байна. Түүнчлэн Тооллогын Комисс маань 4 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Хурлын үйл явцад хөндлөнгийн аудит хийхээр Ингүүмэл Жаргалант Аудит ХХК-ийн төлөөлөгч, мөн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Буд миний бие гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Одоо компанийн 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулна уу хэмээн Гүйцэтгэх захирал Д.Баясгаланг урьж байна.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БАЯСГАЛАН
Та бүхэнд 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулъя. Хамгийн түрүүнд үйл ажиллагааны гол үр дүнг бүрдүүлдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний үр дүнг ярих шаардлагатай. Компанийн хувьд зээлийн багцыг ₮504 тэрбумд хүргэж, энэ нь 2023 оны бизнес төлөвлөгөөнд тусгагдсанаас 115%-иар биелэгдсэн буюу 15% давж биелсэн үзүүлэлт юм. Мөн бизнестэй холбоотой салбаруудын бүтцийн өөрчлөлтийг бид хийсэн. Энэ бол 2023 онд хийсэн том өөрчлөлтүүдийн нэг. Компани анхнаасаа илүү мэргэжлийн түвшинд зээлийн судалгааг хийж эрсдэлийг нэлээн сайн тооцсон үр дүнгээр зээлийн шийдвэрийг гаргах бодлогыг барьж ажилладаг. Үүнтэй холбоотойгоор компани одоо Бизнес төвүүдийг байгуулах цаг болсон гэж үзээд 5 салбарыг Бизнес төвийн зарчмаар ажиллуулахаар шийдсэн. Ингэснээр Бизнес төв дээрх манай хамт олны мэргэжлийн ур чадвар өсөж, зээлийн судалгааг илүү хурдан сайн хийдэг болсноор бизнесийн зээлийн багцыг нэмэгдүүлэх боломж гарч ирсэн.
Улмаар хөрөнгө оруулалтын зээл, автомашины импортын зээл, үнэт цаас, бонд барьцаалсан зээл зэрэг шинэ бүтээгдэхүүн гаргасан. Үүн дотроо оффисын болон бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор худалдан авч байгаа үл хөдлөх хөрөнгийг барьцаанд нь аваад, үүндээ зориулсан хөрөнгийг санхүүжүүлсэн зээлийг гаргасан. Мөн үнэт цаас, бонд барьцаалсан зээлийг Монголын хамгийн томоохон, найдвартай гэгддэг компаниудын, ялангуяа Инвескор өөрийнхөө хувьцааг авсан хувьцаа эзэмшигчдэдээ бас энэхүү хувьцаа бондоо барьцаалаад зээл авах боломжийг гаргаж байгаагаараа давуу талтай. Компанийн үйл ажиллагааг дүгнэх хамгийн гол үзүүлэлт бол цэвэр ашиг байдаг.
Мөн олон улсын санхүүгийн байгууллагуудаас $26 саяын санхүүжилтийг татсан. Үүн дотор Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банкны эх үүсвэр багтсан. Мөн дотоодын зах зээл дээрээс нээлттэй болон хаалттай бондыг гаргаж ₮66 тэрбумыг татан төвлөрүүлсэн бол дотоодын санхүүгийн байгууллага, арилжааны банкнуудаас ₮54 тэрбумын бизнесийн зээлийн шугамыг нээлгэж ашиглаж байна.
Компанийн засаглалын хувьд бид олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний дотор дотоодын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийлгэж “A тогтвортой” гэх үнэлгээг авсан. Мөн бид 3 дахь удаагаа олон улсын MicroFinanza компаниар үнэлгээгээ хийлгэсэн. Энэ үнэлгээний хариу 5-р сард гарна гэсэн хүлээлттэй байна. Мөн ЕСБХБ-наас санхүүжилт татсантай холбоотойгоор тухайн банкны техникийн туслалцааг авч ажиллаж байгаа. Ингэснээр зээлийн үйл ажиллагаанд үүсэж болох эрсдэлийн үйл ажиллагаанд нэлээн том зөвлөх үйлчилгээ авч хамтран ажиллаж байна. Мөн бизнесийн зээлийн багцад БОНЗ-ын үнэлгээг заавал хийдэг болсон. Мөн ISO9001 чанарын стандарт, ISO27001 мэдээллийн аюулгүй байдлын стандарт гэсэн стандартуудыг дахин хийлгэж баталгаажуулсан.
2023 онд бидний хийсэн 1 том ажил бол Invescore апп-ийг гаргасан явдал байлаа. Энэ апп бидэнд олон давуу талыг авч ирж байгаагаас дурдвал хэрэглэгчид зээлийн хүсэлтийг онлайнаар илгээх боломж нээгдсэн. Мөн авсан зээлийнхээ мэдээллийг хянах боломжтой болсон. Зээл төлөх, хаах процессыг апп дээрээсээ хийх боломжтой болов. Үүн дээр компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор хуримтлал, итгэлцлийг татах боломж байдаг учраас итгэлцэл байршуулах боломжийг нэлээн сайн олгож өгсөн. Тодруулбал, итгэлцлийн хүсэлтээ явуулаад мөнгөн дүнгээ шилжүүлснээр автоматаар гэрээ үүсэх боломж нээгдэж буй. Мөн санхүүгийн түрээс буюу холбоотой компаниудын үйл ажиллагааг ч тусгаж өгсөн апп байгаа. Одоогоор Инвескор ББСБ-ын үйл ажиллагааны олон функцийг оруулж өгсөн байгаагаас харахад цаашдаа Инвескор санхүүгийн группийн дундын апп болно гэж тооцоолж байгаа.
Дараагийн 1 том ажил бол Data Warehouse төслийг эхлүүлж ашиглалтад оруулсан. Үүн дээр олон төрлийн мэдээллийг цэгцтэй өрж, цаашид удирдлагын мэдээллийн системүүд нэлээн боловсронгуй болох талын ажлыг хийж байна. Ингэснээр удирдлагууд хүссэн үедээ хялбар байдлаар дата мэдээллүүдийг авч ашиглаж богино хугацаанд зөв шийдвэр гаргахад түлхэц болно гэж бодож байна.
Тогтвортой байдлын тайлан (ESG): Компани ББСБ-ын түүхэд анх удаа тогтвортой байдлын тайланг гаргалаа. Ингэснээр банк бусын салбар, санхүүгийн салбартаа тогтвортой санхүүжилтийн тал дээр түүчээлэгч болон ажиллаж байна. Манай тайлан МХБ болон өөрсдийн Facebook хуудас дээр гарсан тул та бүхэн үзэх боломжтой. Уг тайланд бид хамтран ажиллагч байгууллагуудаа дурдсан байгаа. ToC хөтөлбөр, НҮБ-ын Global Compact, ЕСБХБ, АХБ зэрэг байгууллагуудтай тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Цаашид компани ESG-г их чухалчилж буй. Ингэснээр өөрсдийн харилцагчдыг энэ чиглэлээр сургаж тэд нартаа мөн тогтвортой санхүүжилтийг бий болгоход анхаарч байна.
Хувьцааны ханш, арилжааны дүн: Бид 2019 онд анх IPO хийж байх үед хувьцаагаа ₮1,650-өөр гаргаж байсан бол 2023 онд ₮7,000 болсон. Өөрөөр хэлбэл, хувьцааны үнэ анх гаргаснаас хойш 4.2 дахин өссөн. Түүнчлэн 2023 онд л гэхэд 40% өссөн байна. 2023 оны хаалтын ханш дээрээс үзэхэд компанийн нийт зах зээлийн үнэлгээ ₮531 тэрбум болсон. Мөн 2023 онд ₮33 тэрбумын арилжаа хийгдсэнээр хамгийн идэвхтэй арилжаалагдсан хувьцаа болсон байна.
Ногдол ашиг: Энэ жилийн хувьд бид ногдол ашиг тараахаар зарласан. ТУЗ-ийн 2 сарын 16-ны өдрийн тогтоолын дагуу нэгж хувьцаанд ₮53 буюу нийт ₮4 тэрбумыг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон тараахаар болсон. Энэ нь 2024 оны цэвэр ашгийн 9.1%-тай тэнцэх үзүүлэлт юм. Ногдол ашиг тараах өдөр 4 сарын 30 буюу өнөөдрийн хурлын дараагийн өдөр байгаа. Үргэлжлүүлээд, бизнесийн гүйцэтгэлийн танилцуулгыг компанийн Тэргүүн дэд захирал Н.Арсланбаатар танилцуулна.
ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРАЛ Н.АРСЛАНБААТАР
Инвескор ББСБ-ын зээлийн бүтцийг та бүхэнд харуулж байна. Нийт зээлийн бүтцийн 59%-ийг бизнесийн зээл, 23%-ийг дижитал зээл, 12%-ийг автомашины зээл, 6%-ийг хэрэглээний зээл эзэлж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд бизнесийн зээл, тэр дундаа ЖДҮ эрхлэгчдийн зээлийг дэмжих зорилгоор энэ чиглэл рүү гол анхаарлаа хандуулж ирсэн. Энэ хүрээнд бид Рио Тинто Монгол компанитай хамтран хөнгөлөлттэй нөхцөлтэй ЖДҮ-ийг дэмжсэн зээлийн хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Мөн USAID-н олон улсын төслийн Best хөтөлбөрөөр дамжуулан нийт бизнес эрхлэгч зээлдэгчдээ сургалтад хамруулсан.
Зээлийн багц: 2023 онд нийт зээлийн багцыг 79% өсгөн ₮504 тэрбумд хүргэж 114%-ийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Нийт зээлдэгчдийн тоог 223,600-д хүргэж мөн оны үеэс 27% өсгөлөө. Мөн зээлийн багцын чанарыг өмнөх оноос илүү чанартай түвшинд хадгалж хугацаа хэтэрсэн зээлийн багцыг 2.3%-тай, чанаргүй зээлийн багцыг нийт зээлийн багцын 3%-тай барьж ажиллалаа. Банк болон ББСБ-ын салбартай Инвескор ББСБ-ын зээлийн багцын чанарыг харьцуулбал банкны салбарт хугацаа хэтэрсэн зээлийн 2023 оны сүүлээр 5.3%-тай, чанаргүй зээл 8.3%-тай байсан бол ББСБ-ын салбарт хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хэмжээ 2.9%-тай, чанаргүй зээл 5.2%-тай байсан.
Энэ нь бид бүхэн үйл ажиллагаандаа финтек шийдлүүдийг түлхүү ашиглаж хүний оролцоог багасгасан, нөгөө талдаа харилцагчдын мэдээллийг цуглуулах ажлыг илүү автоматжуулсантай холбоотой. Зээлийн хэмжээг тогтоохдоо зээлийн онооны үнэлгээг ББСБ дундаа анхлан ашиглаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд бид онооны үнэлгээг илүү чанаржуулж ажилласан нь зээлийн чанарыг энэ түвшинд хүргэхэд нөлөөлсөн. Нөгөө талдаа компанийн зээлийн эрсдэлийн удирдлагын бодлого илүү тогтвортой байж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж байгаа нь томоохон нөлөө үзүүлсэн.
Охин компаниудын гүйцэтгэл: Инвескор хэтэвч ББСБ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг. Та бүхэн Pocket гэдгээр нь сайн мэдэх байх. Бид бүртгэлтэй харилцагчдын тоог 704,200-д хүргэж өмнөх оны мөн үеэс 17% өсгөсөн. Улмаар идэвхтэй зээлдэгчийн тоо 207,300-д хүрч өмнөх оны мөн үеэс 27% өссөн. Нийт зээл олголтын хэмжээ ₮594 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 103% өсжээ. Зээлийн нийт багцын хэмжээ ₮120 тэрбумд хүрч 70% өсөв. Хамтран ажиллагч байгууллагуудын тоо 1,500-д хүрч 50% өссөн. Pocket платформ дээр зөвхөн Инвескор ББСБ зээл олгохоос гадна бусад санхүүгийн байгууллага зээл олгож болдог платформ байгаа. Өмнөх онд бид 4 компанитай хамтарч ажилладаг байсан бол 2023 онд 6 болгосон амжилттай ажиллалаа.
Киргиз Улсад үйл ажиллагаа явуулдаг Инвескор Си Эй МФК зээлийн багцаа ₮34 тэрбумд хүргэж өмнөх оны мөн үеэс 91% өсгөсөн. Зах зээл дээр ажиллах хувиа 5% хүртэл өсгөж нийт компаниудын дунд 7-р байр эзэлж байгаа. Ижил төстэй 90 гаруй ББСБ Киргиз Улсад үйл ажиллагаа явуулдаг. Бид харилцагчдын тоог 1,500-д хүргэсэн бол нийт зээлийн багцад хугацаа хэтэрсэн зээлийн багц 0.8%-ийг, чанаргүй зээл 1.1%-ийг эзэлж буй амжилттайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Борлуулалтын суваг: Бид Монгол Улсад 14 салбартай. Үүнээс Улаанбаатар хотод 13, Эрдэнэт хотод 1 салбартай. Киргиз Улсад 4 салбартай. Казакстан Улсад компаниа байгуулаад үндсэн салбараа байгуулсан байгаа. Одоогоор бид Казакстаны Төв банкнаас зөвшөөрөл авахаар хүлээж байна. Төв Азийн орнуудад ялангуяа үйл ажиллагааны зөвшөөрөл авах тодорхой хугацаа байдгаас шалтгаалж Казакстан Улсад үйл ажиллагаа эхлүүлэх хугацаа хойшилсон. 2024 онд бид Монгол Улсад эдийн засгийн идэвхжил ихтэй бүсэд 2 салбарыг шинээр нээхээр төлөвлөж байна. Киргиз Улсад хүн ам, худалдаа үйлчилгээ төвлөрсөн бүсэд 3 салбарыг шинээр нээхээр төлөвлөсөн. Казакстан Улсад түрүүн хэлснээр салбар компани болон үндсэн төв салбараа байгуулж үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байна.
Борлуулалтын цахим сувгийн хувьд бид Смарт ЛОС буюу зээлийн үйл ажиллагаандаа ашигладаг үндсэн системийг бүрэн шинэчилж нэвтрүүлсэн. Уг системийг 100% шинэчилсэн. 2023 онд бид хэрэглэгчдэдээ зориулсан Инвескор апп-ийг ашиглаж эхэлсэн. Мөн Pocket платформ маань 100% дижитал хэлбэрээр зээл олгож байна. Бид нарын хувьд үндсэн банк бус буюу уламжлалт зээл олгодог үйл ажиллагаандаа финтек шийдлийг илүү хослуулж байгаа. Энэ хүрээнд бид зээлийн үйл ажиллагааны систем болон Инвескор апп-ийг ашиглаж эхэлснээр зээл олголтын 20%-ийг цахимаар хийх, зээл шийдвэрлэх хугацааг 50% бууруулах тал дээр эерэг өөрчлөлт гаргах зорилтыг тавин хэрэгжүүлж байна. Бүрэн хэрэгжүүлж эхэлснээр үүнээс өндөр дүн гарна гэсэн хүлээлттэй байна. Нөгөө талаар бид Монголд дэвшилттэй байгаа финтек шийдлийг Төв Азийн салбар компаниудад, ялангуяа зээлийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна.
Бид Invescore апп дээр хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдад зориулсан хэсгийг шинээр оруулсан. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдад зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд манай компанийн хувьцааг эзэмшдэг хөрөнгө оруулагчдад компанийнхаа зээлийн бүтээгдэхүүн, итгэлцэл, бондын хөрөнгө оруулалтыг зуучлах, бусад хамтын ажиллагааг хамтарч хэрэгжүүлснээр нь хувьцаа эзэмшигчдийг урамшуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. Энэ хөтөлбөр маань тун удахгүй Invescore апп дээр орохоор төлөвлөгдсөн. Нөгөө талаар хувьцаа эзэмшигчид маань тус апп-ийг ашиглаж эхэлснээр компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан мэдээтэй танилцах, хуримтлал, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, мөн өөрийн оруулсан хувьцааны мэдээллийг өдөр тутамдаа хянах боломжууд бүрэн хангагдаж байгаа. Нөгөө талаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, асуудал дээр саналаа өгөх, санал хүсэлтээ илэрхийлэх, зөвлөгөө авах боломжоор хангаж байгаагаараа давуу талтай. Тэгэхээр та бүхнийг апп-аа сайн ашиглаарай гэж хүсэж байна.
БОНЗ-ын бүтэц: Инвескор ББСБ үүсгэн байгуулагдсан цагаасаа БОНЗ-ын нөлөөллийг хэмжиж ирсэн. Энэ хүрээнд БОНЗ-д үзүүлж буй эерэг нөлөөллийг бий болгох, үүнтэй холбоотойгоор засаглалын бүтцэдээ бид өөрчлөлт оруулж ирсэн. ТУЗ-ийн дэргэд Тогтвортой байдлын хороог байгуулсан. Мөн гүйцэтгэх удирдлагын бүтцэд БОН-ийн бүтцийг илүү тодорхой болгох хүрээнд эрсдэлийн удирдлагын нэгжийг хариуцсан менежерийн орон тоог гаргаад буй. Мөн БОНЗ-ын ажлын хэсгийг байгуулсан бөгөөд энэ нь ногоон оффис, ногоон зээл, жендерийн эрх тэгш байдал гэсэн чиглэлүүдэд үйл ажиллагаагаа явуулж байна.
2023 онд хийсэн ажлууд
2023 оны гол үр дүнгүүд
Ингээд Инвескор ББСБ ХК-ийн бизнесийн гүйцэтгэлийг та бүхэнд танилцууллаа. Санхүүгийн үр дүнг Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал С.Тулга танилцуулна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ С.ТУЛГА
Компанийн нийт хөрөнгийн хэмжээ ₮601 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 71% өссөн байна. Цэвэр зээлийн багц ₮484 тэрбумд хүрч 77% өсжээ. Бизнес төлөвлөгөөг 10%-иар давуулан биелүүлсэн. 2023 оны жилийн эцсийн аудитын үйл ажиллагааг БДО аудит ХХК хийж гүйцэтгэсэн. Аудитын дүгнэлтээр олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу үнэн зөв илэрхийлэгдсэн гэсэн дүгнэлт гарсан. Компанийн нийт хөрөнгийн ₮445 тэрбум нь өр төлбөр байгаа бол ₮156 тэрбум нь өөрийн хөрөнгө байна. Өрийн харьцаа 74%. Компанийн нийт хөрөнгийн 81%-ийг хүүгийн орлого олдог актив буюу цэвэр зээл, 13%-ийг мөнгөн хөрөнгө, 2%-ийг санхүүгийн үндсэн хөрөнгө, 1%-ийг биет бус болон бусад хөрөнгө бүрдүүлж байна.
Компанийн өр төлбөрийн 32% нь итгэлцлийн өглөг, 27% нь дотоодын санхүүгийн байгууллагаас авсан зээлүүд, 15% нь бонд, 18% нь гадаадын санхүүгийн байгууллагаас авсан зээл, 8%-ийг бусад өглөг бүрдүүлж байна. 2023 онд олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас зээл авах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд 2022 оны эцэст нийт өр төлбөрийн 5%-ийг гаднын байгууллагуудын зээл бүрдүүлж байсан бол одоо энэ харьцаа үзүүлэлт 15% болж нэмэгдсэн амжилттай байна.
Нийт хүүгийн зардал ₮46.7 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 82% нэмэгдсэн бол үйл ажиллагааны зардал ₮27.2 тэрбумд хүрч 34% өссөн. Үйл ажиллагааны зардлын 15%-ийг хэмнэж ажилласан амжилттай байна. Нийт хүү, шимтгэлийн орлого ₮141.8 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 52% нэмэгджээ. Үүн дотроо 85%-ийг хүүгийн орлого бүрдүүлж байгаа бол 15%-ийг шимтгэлийн орлого эзэлж байна. Цэвэр ашиг нийтдээ ₮45.1 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 54% нэмэгджээ. Бизнес төлөвлөгөөний биелэлт 96%-тай гарсан.
2024 оны хувьд нийт хөрөнгийн хэмжээ 42% өсөж ₮853 тэрбумд хүрнэ гэсэн төлөвлөгөө гаргасан. Үүний дотор ₮721 тэрбум нь цэвэр зээлийн багц байгаа. Нийт хүү, шимтгэлийн орлого ₮242 тэрбумд хүрч 71% нэмэгдэх, цэвэр ашиг ₮72.6 тэрбумд хүрч 61% нэмэгдэх төлөвлөгөөг гаргасан байна.
Гадаад тэлэлт: Компанийн гол стратеги буюу Төв Азийн зах зээлд тэлэх үйл ажиллагаа ажилттай явагдаж байна. 2022 онд бид дотоодын зах зээлд тэргүүлэгч ББСБ болсны дээр Төв Азийн зах зээлд амжилттай нэвтэрч чадсан. Одоогийн байдлаар Төв Азийн зах зээлд №1 болох болон дотоодын зах зээлд эзлэх хувиа 20%-д хүргэх гол зорилтуудыг тавин ажиллаж байна. Казакстан дахь охин компани болон Узбекстан дахь компанийн үйл ажиллагаа энэ жил эхэлж байгаа учраас энэ зорилгуудад хүрэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж хэлж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.
ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БУД
Өнөөдрийн хурлаар 5 асуудлыг хэлэлцэх санал оруулсан байгаа. Хурлын дэгийн дагуу хэлэлцэх 1-р асуудал буюу компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг та бүхэнд танилцуулъя.
Инвескор ББСБ-ын 2023 оны санхүүгийн тайланд БДО аудит ХХК сонгогдож ажилласан. Уг аудитын тайланд Инвескор ББСБ-ын ТУЗ хуралдаж дэмжсэн дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтээр:
Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн жилийн эцсийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах бүрэн эрх нь хувьцаа эзэмшигчдэд байна гэсний дагуу энэхүү дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулах саналыг оруулж байна.
Ингээд та бүхэнд хэлэлцэх 1-р асуудлыг танилцууллаа. Хурлын дэгийн дагуу хэлэлцэх 2-р асуудал маань ТУЗ-ийн 2024 оны төсвийн санал байгаа. ТУЗ-ийн 2024 оны зардлын төсвийг одоо та бүхэнд танилцуулъя.
ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны төсөв: Инвескор ББСБ-ын ТУЗ-ийн 2024 оны төсвийн санал маань ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшуулал, ТУЗ-ийн нарийн бичгийн даргын цалин урамшуулал, ТУЗ-ийн хурал зохион байгуулах зардал, сургалтын зардал, томилолтын зардал болон бусад зардлаас бүрдэж байна. Инвескор ББСБ-ын ТУЗ-ийн 9 гишүүнтэй. 9 гишүүний цалин урамшуулалд 1 жилийн ₮138 саяыг тооцоолсон. ТУЗ-ийн нарийн бичгийн даргын цалин урамшуулалд 1 жилийн ₮12 сая байхаар төсөвлөсөн. ТУЗ-ийн ээлжит хурал улирал тутам болдог. Энэ хуралд 1 удаагийн ₮250,000 буюу жилийн ₮1 саяыг төсөвлөсөн бол ТУЗ-ийн гишүүдийн сургалтын зардалд 1 удаа ₮5 сая, албан томилолтын зардалд 1 удаа ₮45 сая, бусад зардалд ₮3,6 саяыг төсөвлөсөн байна. Ингээд ТУЗ-ийн 2024 оны нийт төсөв ₮204,600,000 байгааг хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулах санал оруулж байна. Үүгээр хэлэлцэх асуудлыг та бүхэнд танилцуулж дууслаа. Хурлын дэгийн дагуу хэлэлцэх 3-р асуудал буюу гадаад валютын арилжаа эрхлэхтэй холбоотой компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал С.Тулга танилцуулна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ С.ТУЛГА
Компанийн шинэ бизнесийн үйл ажиллагааны чиглэл нэмэгдүүлэх төлөвлөгөөний дагуу валют арилжааны үйлчилгээг та бүхэнд танилцуулъя. Гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах шаардлага нь компанийн одоогийн харилцагчдад шинэ үйлчилгээ санал болгох, хүүгийн бус нэмэлт орлого олох, гадаад валютын ханшийн тэгшитгэлийн орлогыг нэмэгдүүлэх, Инвескор ББСБ-ын олон улс дахь үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн групп доторх компаниуд хоорондын борлуулалтыг дэмжих зэрэг болно. Уг үйл ажиллагааг хэрэгжүүлснээр 2024 оны эхний улиралд зөвшөөрөл авах ажил хийгдэж байна. II улирал болон 2024 оны турш нийтдээ ₮500 саяын нэмэлт хүүгийн орлого олох төлөвлөгөөтэй байна. Гадаад валютын үйл ажиллагааны зөвшөөрөл авах ажлын хувьд компани ISO27001 стандартыг нэвтрүүлсэн. Уг үйл ажиллагааг эрхлэх ажилтнууд маань Төв банкны сургалтад хамрагдсан. Мөн компани НӨАТ-ын системд холбогдсон. Гадаад валютын арилжааны журам батлагдсан. Бизнес төлөвлөгөөний хавсралтын дагуу уг үйл ажиллагаа батлагдсан байгаа. Тэгэхээр компанийн үйл ажиллагааны чиглэл компанийн дүрэмд орж батлагддаг учраас хувьцаа эзэмшигчдийн хуралд уг асуудлыг оруулж зөвшөөрөл авч байна. Үүний дараа СЗХ-нд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөн зөвшөөрөл авах, дараа нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулах ажил хийгдэнэ.
Компанийн дүрмийн өөрчлөлтийг та бүхэнд харуулж байна. Тэгэхээр одоогийн зээл факторинг, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах, итгэлцлийн үйлчилгээ, төлбөрийн баталгаа гаргах үйлчилгээнүүд дээр гадаад валютын арилжаа нэмэгдэн орж байгаа юм. Анхаарал хандуулсанд баярлалаа. Өнөөдрийн хурлаар хэлэлцэх дараагийн асуудал бол ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх асуудал байгаа. Энэхүү танилцуулгыг Тэргүүн дэд захирал Н.Арсланбаатар танилцуулна.
ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРАЛ Н.АРСЛАНБААТАР
Сүүлийн 3 жилийн хугацаанд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн хувьд хүний нөөц хамгийн том асуудал байсаар ирсэн. Энэ бүхэн ч бидний хувьд томоохон сорилт болж байна. Үүнтэй холбоотойгоор өндөр ур чадвартай ажилтнуудаа урт хугацаанд тогтвортой ажиллуулах, чадварлаг хүний нөөцийг гадна зах зээлээс илүү татаж авах, нөгөө талаар хувьцаа эзэмшсэн ажилтан компани болон ажилдаа илүү эерэг хандах хандлага бий болно гэсэн зорилгын хүрээнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөтөлбөрийн үе шатууд 5 жилийн хугацаанд хэрэгжинэ. Төсвийн хувьд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд нийт ₮2 тэрбумтай тэнцэх хэмжээний хувьцааг ажилтнуудад эзэмшүүлнэ. Тайлагналын хувьд Гүйцэтгэх захирал дараа жилийн эхний улиралд багтаан хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг ТУЗ-д танилцуулна. Хамрах хүрээний хувьд компанийн үндсэн ажилтнууд тус хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны журмыг компанийн Гүйцэтгэх захирал батална. Хамруулах зорилгоос хамаарч ажилтнуудад тавигдах шалгуурыг ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийн журамд тусгана. Хөтөлбөрийн хүрээнд хувьцаа эзэмшүүлэх нарийвчилсан шалгуур үзүүлэлтүүдийг Balanced Score Card-тай уялдуулан Гүйцэтгэх захирал жил бүр шинэчлэн тогтооно. Хувьцааны эх үүсвэрийг дараах 3 хэлбэрээр бүрдүүлнэ:
Хэрэгжүүлэх арга хэлбэрийг тухай бүрд нь Гүйцэтгэх захирал санал болгосноор ТУЗ шийдвэрлэнэ. Иймээс хувьцаа эзэмшигчид та бүхнээс дараах 2 зөвшөөрлийг хүсэж байна.
ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БУД
Өнөөдрийн хурлаар хэлэлцэх 5-р асуудал болох компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг танилцуулъя.
Үүгээр өнөөдрийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж дууслаа. Одоо асуулт хариултын хэсгээ эхэлье.
АСУУЛТ, ХАРИУЛТ
Асуулт: Хувьцаа эзэмшигч Н.Мөнхбат
2024 онд ББСБ-ын нөхцөл байдал ямар байх вэ? Зээлийн багцын өсөлт, зээлийн чанар гэх мэт.
Хариулт: Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал С.Тулга
2024 онд ББСБ-ын салбарын нөхцөл байдал харьцангуй өөдрөг байж, зах зээлд өрсөлдөөн ширүүн болж байна. Эерэг талуудын хувьд салбарын хэмжээнд зээлийн багцын чанар сайжирч байна. Мөн бодлогын хүү 1 нэгжээр буурсантай холбоотойгоор зах зээлд зээл олголт болон эх үүсвэрийн төлөв байдал эрчимжинэ гэж харж байна. 2024 оны хувьд ерөнхийдөө өөдрөг хүлээлтэй байгаа.
Дэлхийн зах зээл дээр ам.долларын ханшийн чангаралт үргэлжлэх төлөвтэй хэвээр байна. Америкийн Төв банкны бодлогын хүү хүлээлтийн дагуу тийм ч хурдан буурахааргүй байгаа тул бид нарын хувьд төгрөгийн ханшийн чангаралт удаан үргэлжлэхгүй, илүү тогтвортой байх болов уу, гэж харж байна. Дүгнээд хэлэхэд, зээлийн хүү салбарын хэмжээнд буурах боломжийг макро төлөв байдал бүрдүүлж байна гэж бодож байна.
Хариулт: Гүйцэтгэх захирал Д.Баясгалан
Нэмж хэлэхэд 2024 он гэлтгүй цаашид ББСБ-ын салбарын оролцогчдын тоо нэмэгдэж чанар, өрсөлдөх чадвар сайжирч мэргэжлийн түвшний оролцогчид нэлээн нэмэгдэж байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ хэрээр зах зээлд өрсөлдөөн ширүүсэж, үр дүнд нь ББСБ-ын харилцагчдад илүү эерэг үр дүн гарах болов уу.
Асуулт: Хувьцаа эзэмшигч н.Өлзий-Орших
Хэзээнээс апп-аар дамжуулан зээлийн эрхээ тогтоолгох боломжтой вэ?
Хариулт: Тэргүүн дэд захирал Н.Арсланбаатар
Invescore апп 2023 оны 11-р сараас олон нийтэд хүрч эхэлсэн. Хэрэглээний зээлийн хэмжээг тогтоох үйл ажиллагааг энэ оны II улиралд багтаан хийнэ. Гэхдээ зөвхөн зээлийн хэмжээг тогтоох бус, хэрэглээний зээлүүд, тэр дундаа автомашин худалдан авах зээл, бага дүнтэй бизнесийн зээлийг онлайнаар авах боломжууд бас бүрдэхээр байгаа. Одоогоор бид апп-аар дамжуулан бүх төрлийн зээлийн хүсэлтийг авч байгаа. Удахгүй зээлийн материалуудыг апп-аараа дамжуулан авдаг болно. Тэгээд зээлийн хэмжээг тогтоож онлайнаар шууд олгох боломжтой болох юм.
Асуулт: Хувьцаа эзэмшигч н.Нямсүрэн
Танай бизнесийн зээл бусад өрсөлдөгчөөсөө ямар давуу талтай вэ?
Хариулт: Тэргүүн дэд захирал Н.Арсланбаатар
Манай бүтээгдэхүүний онцлог бол бусад өрсөлдөгч компаниудаас хэд хэдэн ялгаатай. Бид сүүлийн 5 жилийн хугацаанд жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлд гол стратеги, бодлогоо төвлөрүүлж ирсэн Энэ хугацаанд бид ялангуяа зээлийн судалгааны процессыг амар байлгах, харилцагчаас олон төрлийн материал шаардахгүй байх, судалгааны хугацааг илүү богинохон байлгах гэсэн чиглэлүүдэд төвлөрч ирсэн. Үүнтэй холбоотойгоор судалгааны аргачлал болон зээлийн үйл ажиллагаанд ашигладаг автомат системүүдийг ашиглаж эхэлсэн нь хэд хэдэн давуу талыг бий болгосон. Богино хугацаанд зээлийг шийдвэрлэх, харилцагч олон төрлийн бичиг баримт бүрдүүлэхгүй байх, салбартаа хамгийн өндөр дүнтэй буюу ₮2 тэрбумын зээлийг олгодог болох зэрэг багтаж буй. Нөгөө талаар бид олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудтай хамтарч ажилладаг. Тэр дундаа нийгмийн тодорхой хэсгүүд рүү чиглэж зээлүүдээ олгодог. Ялангуяа, эмэгтэй бизнес эрхлэгчид, өрх толгойлсон эцэг эхчүүд, дотоодын үйлдвэрлэл гэх мэт.
Асуулт: Хувьцаа эзэмшигч н.Энхгэрэл
ЖДБ эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлээ үргэлжлүүлэх үү?
Хариулт: Гүйцэтгэх захирал Д.Баясгалан
ЖДБ эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл маань 3 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Рио Тинто Монгол компанитай хамтарсан уг төслийн үр дүнд 140 гаруй харилцагчид манайхаас ЖДБ-ийн бичил зээл авч, тэр дундаа зөвхөн дотооддоо худалдааны салбарыг орхиод бусад ЖДБ эрхлэн үйлдвэрлэл бүтээж байгаа хүмүүст илүү чиглэсэн. Тэр дундаа өрх толгойлсон эхчүүд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн сарын 0.4%-ийн, жилийн 4.8%-ийн хүүтэй зээлийн хөтөлбөр маань нэлээн сайн хэрэгжсэн. Үүний араас USAID-н Best хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчид маань олон сургалтад идэвхтэй хамрагдсанаас үзэхэд энэ хөтөлбөрөө үр дүндээ болсон гэж үзэж байгаа. Цаашдаа ч хөтөлбөрөө үргэлжлүүлэх сонирхолтой байгаа тул оролцогч талуудтай зөвшилцлийн шатандаа явж байна.
Асуулт: Хувьцаа эзэмшигч н.Хулан
2024 онд зээлийн багц болон цэвэр ашгийн төлөвлөгөөг хэд гэж харж байгаа вэ?
Хариулт: Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал С.Тулга
2024 оны жилийн эцсийн байдлаар нийт зээлийн багц ₮740.5 тэрбумд, цэвэр ашиг ₮72.6 тэрбумд хүрэх төлөвлөгөөг гаргасан. Энэ төлөвлөгөөний тодорхой хэсэг нь Төв Азийн зах зээлээс орж ирэхээр байгаа.
Асуулт: Хувьцаа эзэмшигч н.Оргилмаа
Төв Азийн тэлэлтийн талаар мэдээлэл өгнө үү.
Хариулт: Гүйцэтгэх захирал Д.Баясгалан
Манай компани нэлээн сайн судалгаа хийсний эцэст Төв Азийн зах зээлд гарсан. Киргизийн салбар 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Төв Азийн тэлэлтийг яагаад Киргиз Улсаар эхлүүлсэн бэ, гэдгийг бид өмнөх хурлууд дээрээ ч ярьж байсан. Соёл, зан заншлын хувьд бидэнтэй харьцангуй ойролцоо хэр нь санхүүгийн хөгжлийн хувьд арай хойно явж байгаа гэдэг утгаараа, мөн чөлөөт өрсөлдөөнт зэх зээлийн хувьд бусад Төв Азийн орнуудаа бодвол нэлээн тогтворжсон байсан тул бид сонгосон. Одоогийн байдлаар Төв Азийн зах зээл дээрх зээлийн багц ₮40 орчим тэрбум бөгөөд нийт 50 орчим ажилтантай ажиллаж байна. Цаашид бид Казакстаны зах зээл рүү илүү чиглэх төлөвлөгөөтэй байна. Одоогоор Казакстан Улсын Алматы хотод компанийнхаа салбар байрыг бий болгоод ажилтнуудаа сонгон шалгаруулж авсан байгаа. Мөн тусгай зөвшөөрөл маань гарч байгаа. Тэгэхээр энэ 5-р сард үйл ажиллагаа маань нэлээн сайн эхэлнэ гэж харж байгаа. Узбекстан Улсад мөн компанийнхаа салбарыг байгуулчихсан тусгай зөвшөөрлөө хөөцөлдөж байна. 2024 оны төлөвлөгөөнд Узбекстаны тэлэлтээ эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Асуулт: Хувьцаа эзэмшигч н.Жавхлан
Хувьцааны үнийг тогтворжуулах тал дээр ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
Хариулт: Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал С.Тулга
Хувьцааны ханшийн хувьд зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтийн хуулиар зохицуулагдаж байгаа. Бид нарын хувьд нэмж хувьцаа гаргасны дараах стратегийн хөрөнгө оруулагчдын тусгаарлалтын хугацаа нь дуусах үед дараагийн шинэ стратегийн хөрөнгө оруулагчидтай холбох, байнга мэдээллээр хангаж ажиллах, компанийн хувьд ажлын үр дүн, санхүүгийн гүйцэтгэлээр хувьцааны ханшид эергээр нөлөөлөх буюу хувьцаа эзэмшигчдээ идэвхжүүлэн ажиллаж байгаа.
Асуулт: Хувьцаа эзэмшигч н.Нямсүрэн
Танай компани хурлаа яагаад биечлэн хийдэггүй юм бэ?
Хариулт: Гүйцэтгэх захирал Д.Баясгалан
2019 онд IPO хийснээс хойш хувьцаа эзэмшигчдийн хурлыг 1-2 удаа биечлэн хийж байсан. Тэрнээс хойш цахим хэлбэрээр хийсэн. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Компани зээл, хуримтлал, итгэлцлийн үйлчилгээндээ ч гэсэн харилцагчдыг аль болох салбар луу явуулахгүй байх, цаас бага хэрэглэх, зардал чирэгдлийг бууруулах зэрэг талаасаа илүү ажилладаг. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлаа ч цахимаар хийвэл харилцагчдадаа харьцангуй төвөг багатай, оролцоо идэвхтэй байх болов уу, гэж боддог. Мөн дээрээс нь IPO хийснээс хойш Ковид-19 гарч цахимаар хийх шаардлагууд гарсан. Энэ нь бидэнд нөлөөллөө өгч цаашид цахимаар хийх нь илүү үр дүнтэй гэж харж байгаа. Гэхдээ биечлэн ирээд оролцох боломжийг ч давхар олгоно гэж бодож байгаа. Дээрээс нь манай хувьцаа эзэмшигчид апп-аа ашиглан илүү хялбар оролцох боломжтой болж байгаа. Энэ нь компанитай байнгын харилцаатай байх, тогтмол мэдээлэл авах боломжийг олгох юм.
Асуулт: Хувьцаа эзэмшигч Энхгэрэл
Ажилтанд хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хувьцааны ханшид нөлөөлөх үү? Энэ хөтөлбөрт хэн хамрагдах вэ?
Хариулт: Тэргүүн дэд захирал Н.Арсланбаатар
Энэ хөтөлбөр маань 5 жилийн хугацаанд хэрэгжинэ. Хөтөлбөрийн төсвийн хувьд ₮2 тэрбум орчим байна. Манай компанийн 2023 оны хувьцааны нийт арилжааны дүн ₮33 тэрбум. Үүнтэй жилийн ногдлыг харьцуулбал маш бага хувийг эзэлж байгаа. Энэ нь арилжаанд хувьцааны ханшийг өсөх, эсвэл буурахад нөлөөлөхгүй гэж бидний зүгээс харж байгаа. Нөгөө талдаа хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр маань шат дараатай хэрэгжих учир ханшид нөлөө үзүүлэхгүй.
Мөн энэ хөтөлбөрт бүх ажилтнууд хамрагдана. Гэхдээ байгууллагадаа илүү бүтээмж, үр дүнтэй ажилладаг, чадварлаг ажилтнууддаа илүү чиглүүлнэ. Ялангуяа гүйцэтгэл өндөртэй ажилтнууд тэр хэрээрээ хөтөлбөрт түлхүү хамрагдаж үр шимийг нь хүртэх боломж бүрдэж байгаа.
Асуулт: Хувьцаа эзэмшигч Пүрэвбаатар
Төв Азийн тэлэлтийг нэмж хувьцаа гаргах замаар хийхээр байгаа юу?
Хариулт: Гүйцэтгэх захирал Д.Баясгалан
Эхлээд байгуулагдахад хөрөнгийн санд шаардагдах хөрөнгийг Инвескор ББСБ ХК-иас санхүүжүүлж байгаа. Цаашид манай Киргизийн салбарын хувьд дотоодын банкнууд болон гаднын байгууллагуудаас эх үүсвэр татаж санхүүжилттэй болж байгаа. Мөн Киргиз дэх охин компани маань Киргизийн хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаж эх үүсвэр татах байдлаар тэлэлт хийж байгаа. Цаашид бусад оронд хийх тэлэлтүүд маань өөрөө бие даан эх үүсвэр татах байдлаар явна. Үүн дээр толгой компани маань гадаад харилцаа тал дээр илүү тусламж дэмжлэг үзүүлнэ.
Асуулт: Хувьцаа эзэмшигч
Танай компани нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажлууд хийж байгаа вэ?
Хариулт: Тэргүүн дэд захирал Н.Арсланбаатар
Бид БОНЗ-ын талаар нэлээд ярьж байгаа. Нийгэмд үзүүлэх нөлөөллийн 1 удаагийн тусламж гэж хүмүүс илүү ойлгох хандлагатай байдаг. Бидний хувьд байгаль орчин, нийгэм, эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлж байгаа вэ, гэдгээ илүү бодитоор хэмжиж бодлого стратеги болгож ажиллахыг зорьдог. Ялангуяа байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хувьд энэ чиглэлийн зээл олгож байгаа зээлдэгч нартаа БОНЗ-ын үнэлгээнүүдийг хийдэг. Энэ хүрээнд гарсан дүгнэлтүүддээ үндэслээд зээлдэгч нартаа эерэг нөлөөллийг бий болгох зөвлөмжүүдийг давхар өгдөг. Нөгөө талаар өнөөдрийн хурлын үйл ажиллагаа апп-аар явж байгаа нь хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэх, мэдээлэл хариултаа илүү хурдан авах зэрэг нь энэ чиглэлд үзүүлж буй эерэг нөлөөлөл гэж үзэж байгаа. Эдийн засгийн нөлөөллийн хувьд ЖДБ эрхлэгчдэд түлхүү зээл олгож байгаа нь улс орны хөгжил үзүүлж буй томоохон нөлөө гэж харж байна.
Хариулт: Гүйцэтгэх захирал Д.Баясгалан
Өнөөдрийн хуралд оролцож байгаа оролцогчдодоо зориулаад бид мод тарих хөтөлбөрт нэгдэж байгаа нь Тэрбум мод хөтөлбөртэй ч уялдаж байгаа. Ер нь бид мод тарих чиглэлээр нийгмийн хариуцлага тал дээр ажлууд хийдэг. Энэ нь биднийг ногоон чиглэл рүү явж буй гэдгийг харуулж байгаа болов уу.
Асуулт: Хувьцаа эзэмшигч н.Мөнх-Эрдэнэ
Цэвэр ашиг яагаад төлөвлөгөөнөөс зөрүүтэй гарсан шалтгаан юу вэ? Мөн бизнес төлөвлөгөөгөө ил тод танилцуулах уу? Ихэвчлэн гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө хүрсэн харагдаж байна.
Хариулт: Гүйцэтгэх захирал Д.Баясгалан
Цэвэр ашгийн үзүүлэлт 2023 онд 96%-тай гарсан байгаа. Энэ нь төлөвлөгөөнөөс бага зэргийн дутуу байгаа ч компанийн зүгээс нэлээн өндөр амбицтай төлөвлөгөө гаргасан байсан. Тэгэхээр төлөвлөгөөнд нэлээн сайн хүрч ажилласан гэж харж байгаа. Цаашид бизнесийн төлөвлөгөөг хураангуйлсан байдлаар олон нийтэд ил тод хүргэдэг байдлаар хүргэнэ гэж бодож байгаа.
Энд хүрээд асуулт хариултын хэсэг өндөрлөж хурлын дэгийн дагуу санал хураалтын хэсэг эхэллээ. Хувьцаа эзэмшигчид хурлын үеэр танилцуулсан нийт 5 саналд 15 минутын хугацаанд саналаа өгч үүнийг нь тооллогын комисс нэгтгэж танилцуулав.
ТООЛЛОГЫН КОМИССЫН ДАРГА Ж.АЗБАЯР
2024 оны хувьцаа эзэмшигчдийн нэгтгэсэн саналын үр дүн дараах байдлаар гарсан байна. Үүнд:
ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БУД
Ингээд өнөөдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон та бүхэнд баярлалаа. Инвескор ББСБ-ын зүгээс хуралд идэвхтэй оролцсон нийт хувьцаа эзэмшигчдэдээ зориулж компанийн тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд БОНЗ-ын зарчмууддаа нийцүүлэн мод үрсэлгээ худалдан авах эрхийн бичгийг та бүхэнд бэлэглэж байгааг дуулгахад таатай байна. Ингээд Инвескор ББСБ-ын 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал албан ёсоор хааж буйг мэдэгдэж байна. Дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар эргэн уулзацгаая.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.