Бидний бараг л хөрш гэгддэг Казахстаны эдийн засаг 2025 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 6.4% өсөөд байна. Тус өсөлтөд аж үйлдвэр, барилга, худалдаа, тээвэр болон харилцаа холбооны салбар урдах ажлаа тултал нь хийсэн нь нөлөөлөв.
📈 Энэ жилийн өнгө
Өмнөх онд Казахстаны ДНБ-ий хэмжээ 2023 оноос 9.7% өсөж $288.1 тэрбумд хүрсэн бол энэ оны ердөө эхний 5 сард $300.5 тэрбумд хүрээд байна. Улсын хэмжээнд нийт 20 мужаас 17 мужийн эдийн засаг ногоорсон бөгөөд өсөлтөөр Жамбыл муж тэргүүлсэн нь хүдрийн олборлолт, бордоо, цемент, элсэн чихрийн үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой аж.
🥇 Бүсийн аварга
Угаас Казахстан Төв Азийн бүс нутагтаа эдийн засгаараа аварга. Учир нь энэ оны байдлаар Төв Азийн бүс нутгийн 5 орны ДНБ хэмжээ $556.8 тэрбумд хүрсэн. Үүний 54%-ийг Казахстан дангаараа бүрдүүлэв. 1990 оноос хойш жил бүр Казахстаны ДНБ-ий хэмжээ дунджаар 8.5% өссөн нь аваргын бүсээ хадгалах гол амжилт нь байлаа. Аваргын араас удаах байранд $132.5 тэрбумын эдийн засагтай Узбекистан жагсах бөгөөд хэдий эдийн засгаар 2-т орох ч хүн амын тоогоор тэргүүлэгч. Бүс нутгийн 82 сая хүн амын 47% нь Узбекстаны иргэд гэж байгаа.
🏔️ Холын хараа
Казахстаны эдийн засаг тэлэхийн хэрээр хөгжлийн зам ч гэрэлтсээр байна. Ганцхан жишээ авахад саяхан тэд Төв Азийн хамгийн хүчирхэг супер компьютертой болсноо зарласан бөгөөд энэ нь эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч болон бусад салбарын дижитал шилжилтийг хурдасгах багана нь болох гэнэ. Мөн төрийн зүгээс Казахстаныг технологийн томчууд болон дата төвийн операторуудын анхаарлыг татах шинэ төв болгон хөгжүүлэхээр бэлтгэж буй. Ингэхдээ 2029 он хүртэл AI хөгжлийн концепцийг хэрэгжүүлэх, орчин үеийн IT дэд бүтцийг байгуулахад түлхэц үзүүлэх ажээ.
Эцэст нь… Бидэнтэй ойр улсуудаас гадаадын хөрөнгө оруулалтын шимийг хамгийн сайн хүртэж буй нь яах аргагүй Казахстан болжээ. Манай бизнес эрхлэгчид ч Казахстан руу тэлсээр байгаа. Төр засаг гадаадаас туршлага судлахаар бол Казахстан руу очиж номын дуу сонссон нь дээр бололтой…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.