
Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаа бид Өмгөөллийн Виндекс ХХН-ийн өмгөөлөгч Б.Анирмаагийн төсвийн үр ашигтай холбоотой нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!
Иргэд, аж ахуйн нэгж (ААН)-үүд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт их, нөгөө талд төр үрэлгэн, төсвийн зардал хэт өндөр байгааг шүүмжлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ онд гэхэд ХХОАТ-ыг 1% болгох хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд уг төслийн хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд ХХОАТ-ыг 1% болговол татварын орлого ₮2.7 их наядаар буурах бөгөөд ХХОАТ нь орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэр тул дутагдлыг улсын төсвөөс нөхөх шаардлага үүснэ гэсэн үндэслэл хэлж байв.
Өнгөрсөн хаврын чуулганаар татварын багц хууль болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд батлагдсан боловч анх өргөн мэдүүлсэн үзэл санаа, зарим санал өөрчлөгдөн батлагдсан. Тэгвэл татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг төсвийн орлого буурна гэсэн үндэслэлээр хязгаарладаг шиг үр ашиггүй төсвийн зарлагад ижил хатуу шалгуур үйлчилж байна уу?
Энэ нийтлэлийн гол зорилго нь татвар, шимтгэлийг бууруулах тухай биш. Харин төсвийн сахилга орлого төвлөрүүлэх талдаа хатуу байхын зэрэгцээ зарлагын зайлшгүй шаардлага, үр ашиг, хэмнэлт, хариуцлагын талдаа ч мөн адил хэмжигдэхүйц, ил тод байх ёстойг хөндөх юм. Тодруулбал, төсөвт хэдий хэмжээний орлого төвлөрүүлж, хэдийг зарцуулахаас гадна төсвийн хөрөнгөөр ямар хэмжигдэхүйц үр дүнд хүрч байгааг төсвийн шийдвэрийн гол шалгуурын нэг болгох тухай билээ.
Төсвийн зарчим цаасан дээр үлдэж байна уу?
Төсвийн тухай хуульд төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, иж бүрэн, үнэн зөв, зохистой удирдах, ил тод, хариуцлагатай байх зарчмуудыг хуульчилсан. Дээрх зарчмуудыг эрх бүхий байгууллага, төсвийн захирагч төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэйг хуулийн 6-р зүйлд онцолсон. Тодруулбал,
Гэтэл бодит байдал дээр Засгийн газар хэмнэлттэй байх, зарлагыг бууруулах байтугай 2026 оны батлагдсан улсын төсвийн зарлагын хэмжээг ₮1 их наядаар нэмэгдүүлж ₮23.978 их наяд болгох, нэгдсэн төсвийн нийт зарлагыг ₮998 тэрбумаар өсгөсөн хуулийн төслийг өргөн барьсан. Үүгээр зогсохгүй, 2027 онд төсвийн зарлагыг 32.2% нэмэгдүүлэх төсөл өргөн барив.
Дээрхээс Засгийн газар өөрийн өмнө тогтоосон зарлагын дээд хэмжээ, төсвийн хязгаарыг төсөвт тодотгол хийх замаар өсгөж байгаа нь төсвийн хязгаар зарлагыг бодитоор хязгаарлах механизм болж чадахгүй байгааг харуулна. Мөн төсвийн хөтөлбөр, арга хэмжээний зардлыг зайлшгүй хэрэгцээ, хүрэх үр дүнтэй нь уялдуулан төлөвлөхөөс илүү өмнөх жилийн төсвийг суурь болгон дараа жилийн төсвийг нэмж төлөвлөж байгааг харж болохоор байна.
Төсвийн тогтвортой байдлыг хангах, зарлагыг хязгаарлах зорилготой хууль тогтоомжийг тухайн үеийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх, өмнө тогтоосон төсвийн хүрээ, зарлагын хязгаарыг тогтмол нэмэгдүүлдэг байдал хэвшвэл хууль ач холбогдлоо алдагдана. Манай улс төсвийн тогтвортой байдал, үр ашиг, хэмнэлт, хариуцлагыг хуульчилсан ч эдгээр зарчмыг төсвийн төлөвлөлт, зарцуулалт, тайлагналтай бодитоор уялдуулахын тулд төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн байгууллага болон бусад оролцогч талын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах эрх зүйн орчныг цаашид бэхжүүлэх шаардлагатай.
Төсвийн сахилга бол тунхаглал биш, хариуцлага
Төсвийн тухай хуульд заасан хариуцлагатай байх зарчмын дагуу төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсвэл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээх ёстой. Төсвийн захирагч нь өөрийн эрх, үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Төсвийн тухай хуулийн 70-р зүйлд хууль зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс гадна удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг ажлаас халах, зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулалт бусаар ашигласан, төсвийн төслийг үндэслэлгүй тоо мэдээнд тулгуурлан батлуулсан нь төсвийн гүйцэтгэлээр тогтоогдсон, эсвэл батлагдсан төсвийг зохистой удирдаагүйн улмаас авлага, өр төлбөр үүсгэсэн тохиолдолд төсвийн захирагчийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэлийг тусгайлан хуульчилсан.
Төсвийн мөнгөөр ямар үр дүн бий болгож байна вэ?
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) төсвийн үр дүнгийн мэдээллийг зөвхөн тайлагнаад орхихгүй, төсөв боловсруулах, зарлагыг эрэмбэлэх, санхүүжилтийг дахин үнэлэх болон дахин хуваарилах шийдвэрт системтэй ашиглахыг онцолдог. Гэвч OECD-н гишүүн орнуудад ч гүйцэтгэл, үр дүнгийн мэдээлэл бэлэн боловч түүнийг төсвийн хөрөнгийн хуваарилалтад бодитоор ашиглах нь хязгаарлагдмал, өмнөх жилүүдийн зарлагын хэв маяг төсвийн шийдвэрт давамгайлсан хэвээр байх асуудал тулгардаг байна.
Монгол Улсад ч төсвийн хөтөлбөр, арга хэмжээний төсвийг хүрэх үр дүнтэй нь уялдуулан төлөвлөхөөс илүү өмнөх жилийн төсвийг суурь болгон дараа жилийн төсвийг өсгөн төлөвлөдөг уламжлалт төсөвлөлт хэвээр байгааг аудитын байгууллага дүгнэсэн.
Иймээс төсвийн зарлага хууль ёсны байсан эсэхээс гадна төлөвлөсөн үр дүндээ хүрсэн эсэх, ижил үр дүнд бага зардлаар хүрэх боломж байсан эсэхийг үнэлж, үр дүнгийн мэдээллийг дараагийн төсвийн шийдвэрт бодитоор ашиглах нь илүү чухал юм. Өөрөөр хэлбэл, төсвийн үр ашигтай, хэмнэлтэй байх зарчмыг хангахын тулд төсөвт хэдий хэмжээний орлого төвлөрүүлэх вэ гэдгээс илүүтэй “төсвийн мөнгөөр ямар хэмжигдэхүйц үр дүн бий болгож байна бэ” гэдэгт анхаарах хэрэгтэй.
Тэгвэл төсвийн үр ашиггүй зардлын өртгийг хэн үүрэх вэ?
Төсвийн орлого татварын болон татварын бус орлогоос бүрддэг бөгөөд төсвийн эх үүсвэр хязгаартай. Үр ашиггүй зарлага төсвийн хязгаарлагдмал орон зайг эзэлсээр байвал тухайн эх үүсвэрийг илүү үр ашигтай зарлагад дахин хуваарилах, цаашлаад иргэд, ААН-ийн татвар, шимтгэлийн ачааллыг бууруулах бодлогын боломжийг хязгаарлаж болно. Өөрөөр хэлбэл, үр ашиггүй зарлагын өртгийг татвар төлөгч шууд төлөхгүй ч өөр илүү үр өгөөжтэй зарцуулалт, татварын хөнгөлөлтөд ашиглаж болох төсвийн боломж хумигдах хэлбэрээр түүний өртөг илэрнэ.
Иймээс төсвийн орлого төвлөрүүлэх, зарлага гаргах аль аль нь төсвийн хариуцлагын асуудал юм.
Төр татвар төлөгчөөс орлого төвлөрүүлэхдээ татварын төрөл, хувь хэмжээ, төлөх хугацаа, тайлагнал, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хуулиар нарийвчлан тогтоодог. Тэгвэл татвар төлөгчдөөс төвлөрүүлсэн орлогыг зарцуулахдаа ч зайлшгүй шаардлага, үр ашиг, хэмнэлт, зарцуулсан хөрөнгийн үнэ цэнд нийцсэн үр өгөөж, хэмжигдэхүйц үр дүнг шаардах учиртай.
Төр орлогоо хамгаалдаг шигээ зарлагаа хянаж чаддаг байх ёстой. Татвар төлөгчөөс ₮1 авахдаа тавьдаг хяналтаа тэр ₮1-ийг зарцуулахдаа ч тавьж чадвал Төсвийн тухай хуульд заасан “үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчим тунхаглал бус, бодитоор хэрэгжих төсвийн зарчим болно.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.