
Дэлхийн банк 2026-2027 оны улс орнуудын орлогын ангиллыг шинэчлэн гаргалаа. Энэ удаагийн шинэчлэлд ангилал буурсан ямар ч орон байхгүй. Харин ч 6 орон ангиллаа ахиуллаа.
Дундын доод 👉🏻 Дундын дээд
Ангилал ахисан 6 орны 5 буюу Филиппин, Шри Ланк, Вьетнам, Иордан, Микронези өмнө нь дундаас доош орлоготой улс байсан бол одоо дундаас дээш орлоготой улс боллоо. Уг ангилалд манай улс ч багтаж буй бөгөөд хэдий бид хаа байсан 2014 онд дундаас дээш орлоготой ангилалд орсон ч өнгөрсөн хугацаанд ангилал буурч, 2024 онд буцаад энэ ангилалд багтах болсон. Харин Того Улс бага орлоготой ангиллаас дундаас доош ангилал руу дэвшсэн байна.
🇻🇳 Хятад, Америкийн хагарлаас хожив
Вьетнамын хувьд 2024, 2025 онуудад экспорт нь тогтмол 15%-иас дээш өссөний нөлөөгөөр эдийн засаг нь тус хугацаанд харгалзан 7%, 8% өссөн байна. Уг өсөлт цэвэр Хятад, Америкийн худалдааны дайны нөлөө байсан буюу Apple (AAPL) үйлдвэрлэлээ Хятадаас гаргаж, Вьетнам руу шилжүүлснээр тус улсын компьютер, электрон барааны эд ангийн экспорт 2025 онд 48% өссөн буюу $100 тэрбумыг давсан байгаа юм. Одоо бол Вьетнам дэлхийн ТОП-10-т орох электрон бараа экспортлогч болсон шүү.
🌠 Том зураг
Дэлхийн банк 1987 оноос хойш уг ангиллыг гаргаж байгаа. Өнгөрсөн 39 жилийн хугацаанд хамгийн их өөрчлөлт орсон ангилал нь бага орлоготой улсын тоо 49-өөс буурсаар өдгөө 25, өндөр орлоготой орны тоо 41-ээс өссөөр 87 болжээ. Цаашлаад, өдгөө дундаас доош орлоготой улс 47, дундаас дээш нь 59 улс байгаа буюу дундаас дээш орлоготой улсуудын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Үүнийг дундаж давхаргын хавхнаас гарах потенциалтай улсууд хэмээж буй. Бид хэзээ, юу хийж гэмээ ангилал ахих бол?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.