
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Контемпорари Балетын Хөтөлбөр, Үндэсний Дуурь Бүжгийн Эрдмийн Театр хамтран хүүхдийн сайн сайхны төлөөх Балетын үдшийг толилуулах гэж байна.
Энэ үдэш Монголын сонгодог болон модерн бүжгэн жүжгийг анх удаа нэг тайзнаас үзэх боломж нээгдэхийн сацуу хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл хэрэгт хувь нэмэр оруулах боломжтой болно.
Балетын үдшийн тасалбарын нийт орлогыг хөдөө орон нутгийн гэр цэцэрлэгүүдийн нүүрсээр галладаг зуухыг халж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн CHIP багц суурилуулах ажилд хандивлаж, 1,000 гаруй хүүхдэд эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих боломж олгох юм.

ЧИП буюу CHIP гэж юу вэ?
2019 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгээр монгол гэрийн Cooking, Heating, Insulation Products - CHIP буюу Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцыг зохион бүтээж, Баянхонгор аймагт нэвтрүүлснээр энэхүү төсөл эхэлсэн юм. Уг төсөл нь байгаль орчинд ээлтэй, цэвэр технологи шингэсэн бүтээгдэхүүнээр уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн оролцоотой, ногоон тогтвортой хөгжлийг дэмжиж, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх зорилготой.
ЧИП багц нь монгол гэрийн бүтэц, хэлбэрийг өөрчлөлгүйгээр дулаан их алддаг хэсгүүдийг битүүмжлэн сайжруулж, нүүрсээр галладаг уламжлалт зуухны хэрэглээг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаалтын системээр солиход зориулагдсан. Монгол гэрийн халаах талбай нь 25-32 м.кв бөгөөд энэ талбайг халаахад жил бүр 4 тн түүхий нүүрс болон шахмал түлш эсвэл 1.0-2.5 метр куб түлээ шаардана. Монгол Улсын хувьд 342,000 гаруй айл өрх монгол гэрт амьдардгийн ихэнх нь уламжлалт зуухаа галлаж өвлийг давдаг. Нүүрсний дутуу шаталт, стандарт бус зуухны хэрэглээ нь агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлын гол шалтгаан бөгөөд агаарын бохирдлын 80% орчмыг бий болгодог гэсэн судалгаа бий. Мөн гэрийн дотор орчны агаарын бохирдлын эх үүсвэр болж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийн сацуу угаартах эрсдэлийг дагуулдаг. Эдгээр асуудлууд нь ЧИП багцыг зохион бүтээх шалтгаан болсон.
Одоогоор ЧИП багцыг Улаанбаатар хотын 2,000 орчим өрх, 24 гэр цэцэрлэгт суурилуулаад байна. Мөн ялангуяа эмэгтэйчүүд өдөр тутмын галлагааны ажлаас чөлөөлөгдөж, өдөрт дунджаар 48 минутыг үр хүүхэд, ажил, амьдралдаа зарцуулах боломжтой болсон. Мөн 5 хүртэлх насны 1,000 гаруй хүүхэд ил гал, зууханд түлэгдэх эрсдэлгүй, аюулгүй орчинд өсөн торниж байна.
Агаарын бохирдлыг бууруулахад оруулсан хувь нэмэр
Нүүрсийг шатаах явцад их хэмжээний тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл ялгардаг бөгөөд энэ нь дотор болон гадна орчны бохирдол, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн гол эх үүсвэр болдог. Гэр болон гэр цэцэрлэгүүдэд ЧИП багцыг суурилуулснаар хүүхэд, жирэмсэн эх, ахмад настан илүү аюулгүй, цэвэр, эрүүл орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэж байна.
Нийт 86 өрхийн 126 хүүхдийн дунд (0-5 насны) ЧИП суурилуулахаас өмнөх болон дараах өөрчлөлтийг харьцуулж үзэхэд тэдгээр хүүхдүүдийн эрүүл мэндэд эерэг нөлөө гарч ханиад томуу тусах нь багасаж, уушгины хатгалгааны тохиолдол буурсан байна. ЧИП багц нь уламжлалт зуухтай харьцуулахад нярай болон бага насны хүүхдэд илүү ээлтэй. Түүнчлэн, хүүхэд, насанд хүрэгчид халуун зуухнаас үүдэлтэй түлэгдэлт, гэмтэл бэртэлд өртөхгүй, тогтмол дулаан хэмд, тухтай, аюулгүй, цэвэрхэн амьдарч байна.

Балетын үдэш
Өнөөдөр Улаанбаатар хотод цэцэрлэгийн гэр бүлэгт зуух галлахыг хориглосонтой холбоотой нүүрс түлдэг цэцэрлэг байхгүй болсон. Харин 21 аймгийн тодорхой сумдын 60 гаруй цэцэрлэгт гэр бүлэг ажиллаж, зуух галладаг хэвээр байна. Үүнийг өөрчилж, хүүхдүүдийг түлэгдэх, гэмтэж бэртэх эрсдэлээс хамгаалахын тулд НҮБ-ын Хүүхдийн Сангаас эдгээр гэр цэцэрлэгт ЧИП багц суурилуулах ажлыг хийхээр төлөвлөж байна.
Нэг ЧИП багцын үнэ ₮5 сая бөгөөд аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг энэ үйлсэд нэгдэж, балетын тоглолтын тасалбар худалдан авахыг урьж байна.
Эх сурвалж: Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.