
Өмнөд Солонгост суралцах гадаадын иргэдийн тоо анх удаа 500 мянгыг давлаа.
🏄 К-давалгаа
Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр тус улсад суралцахаар ирсэн гадаад оюутны тоо өнгөрсөн жил анх удаа 505,410 болж 2021 оныхоос 6 дахин өсжээ. Задлан харвал, тухайн жил Өмнөд Солонгос нийт 18.9 сая гадаад зочин хүлээн авсны 2.7% нь суралцах, сургалтын зорилгоор тус улс руу зорчсон байна. Харин нийт гадаад оршин суугчдын 18% нь гадаад оюутан гэж байгаа.
🌍 Аль улсын хүүхдүүд вэ?
Тус улсад суралцаж буй гадаад оюутнуудын хувьд Вьетнам Хятадыг гүйцэж 1-рт жагсах болсон буюу нийт оюутны 31.5%-ийг бүрдүүлэх болов. Уг 2 орны араас Узбекистан, Монгол, Непал, Мьянмар оюутнууд жагсаж байгаа бөгөөд нийт гадаад оюутнуудын 87% нь Азиуд. Сонирхуулахад, монгол оюутнууд бол тогтмол ТОП-5-д жагсдаг гэсэн шүү. Энэ оны 4-р сарын байдлаар 17,189 монгол оюутнууд тус улсад суралцаж байгаа аж. Энэ нь нийт гадаад оюутны 5.6% юм.
✔️ Үзэгдлийн цаадах бодлого
K-давалгаа гадаад оюутнуудын сонирхлыг татаж байгаа нь үнэн ч үүнийг бодитоор боломжтой болгож буй хөшүүрэг нь Өмнөд Солонгосын ЗГ-ын 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Study Korea 300K” гэх бодлого. Уг бодлогоор 2027 он гэхэд гаднын 300 мянга гаруй оюутныг татах зорилготой байсан ч зорилтоо 2 жилийн өмнө биелүүлээд байна.
Эцэст нь… Тус улсын хүн амын дээд боловсрол эзэмшилт 74%-д хүрсэн буюу төрөлт буурах хандлага ажиглагдаж буй энэ үед их дээд сургуулиудад томоохон сорилт авчрах төлөвтэй байгаа. Ийм ч болохоор энэхүү сул орон зайг нөхөхийн тулд ирэх жилүүдэд ч гадаад оюутнуудыг татахаар визний хөнгөлөлт, тэтгэлгүүдээ таслахгүй үргэлжлүүлэх төлөвтэй байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.