
BTS-н фэнүүд байна уу? Тэдний “Arirang” цомог 4.7 сая ширхэг борлуулагдаж цойлсон байна. Улмаар K-pop цомгийн энэ оны эхний хагас жилийн экспорт түүхэн дээд амжилтаа шинэчилсэн гэнэ дээ.
🤯 50 сая цомог
Өмнөд Солонгосын K-pop цомгийн экспорт 2026 оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө 125% өсөж $257.5 саяд хүрч тэсэрсэн нь салбарын түүхэн дэх хамгийн өндөр амжилт болов. Тус хугацаанд дэлхий даяар нийт 50 гаруй сая физик цомог борлуулагдсан хэрэг.
🇺🇸 Америк №1
Борлуулалтыг задлан харвал, K-pop-н түүхэнд Америк анх удаа физик цомгийн хамгийн том импортлогч орон болсон аж. Америкийн импорт $72.1 саяд хүрсэн бол Хятадынх $61.2 сая, Японых $45.6 саяыг давжээ. CD тоглуулагчгүй ч тусгай фотокарт, ховор дизайн бүхий цомгийг цуглуулах өрнөдийн залуусын шинэ зан төлөв энэ өсөлтийн гол хөдөлгүүр болж байна.
🎤 ✨ BTS-н эргэн ирэлт ба шинэ үеийн супер рекордууд
Цаашлаад, 3 жил гаруйн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа эргэн ирсэн BTS хамтлагийн ARIRANG цомог хагас жилийн дотор 4.7 сая гаруй хувь борлогдож, жагсаалтыг өнгөлөв. Харин дебүтээ хийгээд удаагүй CORTIS хамтлаг 2.8 сая хувь цомог борлуулан шинэ залуу хамтлагуудын бүх цаг үеийн рекордыг шинэчилсэн нь энэ хагасын хамгийн том шуугиан байв.
🤖 😮 Виртуал айдол ба ирээдүйн төлөв
Сонирхолтой нь бодит бус виртуал гишүүдээс бүрдсэн PLAVE хамтлаг 1.2 саяас дээш цомог борлуулж, технологи ба хөгжмийн шинэ эрин үеийг зарлалаа. Том зургаараа энэ жилийн II хагаст BIGBANG-н 20 жилийн ойн тоглолт, Stray Kids-н шинэ цомгууд төлөвлөгдөж буй тул 2026 оны жилийн эцсийн экспорт анх удаа $500 сая давах өндөр хүлээлттэй байгаа гэнэ дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.