
Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаа бид Өмгөөллийн Виндекс ХХН-ийн өмгөөлөгч Д.Баттулга, А.Гулим нарын “Виртуал бүсийн дэмжлэг хэзээ бодит болох вэ” нийтлэлийг хүргэж байна. Бид Виндекс ХХН-тэй хамтран татварын асуудлаар цуврал нийтлэл гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд ээлжит дугаарыг тухлан сууж таалан уншина уу!
Виртуал бүсийн дэмжлэг хэзээ бодит болох вэ
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 2024 оны 6-р сард батлагдсан. Тус хуулийн дагуу Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 98 дугаар тогтоолоор “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам” болон “Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам” батлагдсан ч 2025 оны 12-р сараас л нийтийн хүртээл болов. Тодруулбал, хууль тогтоогч виртуал бүсэд бүртгүүлэх, виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх харилцаа хууль батлагдсанаас хойш 15 сарын дараа журамлагдаж, 20-иод сарын дараанаас хэрэгжиж эхлэх нь.
Виртуал бүсийн дэмжлэгийн хууль зүйн орчин товчхондоо
Виртуал бүсэд бүртгүүлэх үйл явц нь цахим хэлбэрээр, харьцангуй шуурхай явагдахаар зохицуулагдсан. Хуулийн этгээд хүсэлтээ e-mongolia системээр дамжуулан хүргүүлэх бөгөөд бүртгэлийн мэдээлэл, ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт, эхлэлтийн баланс эсхүл санхүүгийн тайланг хавсаргана.
Ажлын алба (Мэдээлэл технологийн үндэсний парк) хүсэлтийг ажлын гурван өдрийн дотор хянаж, шаардлага хангасан тохиолдолд бүртгэж, цахимаар гэрээ байгуулах мэдэгдэл хүргэнэ. Үүний дараа хуулийн этгээд ажлын 5 хоногийн дотор бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэл, бизнес төлөвлөгөө, төсвийн тооцоо, байгууллагын бүтэц, хүний нөөцийн мэдээлэл болон эзэмшиж буй оюуны өмчийн баримт бичгийг нэмэлтээр ирүүлэх үүрэгтэй. Энэхүү зохицуулалтаас харахад бүртгэлийн хугацаа богино боловч компани бодит үйл ажиллагаа, хөгжлийн төлөвлөгөөтэй байхыг шаардсан агуулгатай аж.
Дээрхээс гадна зарим дэмжлэгийг авахын тулд, “гарааны компани” статустай байх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэгдсэн байх, тодорхой баримт, тайлан, шалгуурыг хангах зэрэг нэмэлт шаардлагууд тавигдаж байгааг анхаарах шаардлагатай.
Ийнхүү хууль тогтоомжийн хүрээнд виртуал бүсэд бүртгэгдсэн компаниудад дараах үндсэн дэмжлэгийг авах “хууль зүйн” боломжтой.
Хууль бий, боломж бий. Харин хэрэгжилт?
Эдгээр нь онолын хувьд өндөр технологийн салбарын өсөлтийг хурдасгах чухал механизм мөн боловч тус журам, дэмжлэгүүд бодитоор шуурхай хэрэгжихэд дараах асуудлууд тулгарчээ.
Зарим татварын хөнгөлөлт хэрэгжих боломж бүрдээгүй.
Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг хөнгөлөлт эдлэх бөгөөд албан татварын хөнгөлөлтөд хамаарах бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилсан.
Гэвч одоогоор тухайн хөнгөлөлт хамаарах бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт батлагдаагүй байна. Тиймээс борлуулалтын орлогод ногдох татварын хөнгөлөлтийн эдлэх хууль зүйн нөхцөл одоогоор хангагдаагүй гэж үзэхээр байна.
2026 оны улсын төсөвт виртуал бүсийн татварын бус дэмжлэгт зориулсан тусгай санхүүжилт тусгагдаагүй.
Одоогийн байдлаар виртуал бүсийн үндсэн бүртгэл хэвийн явагдаж байгаа бөгөөд хуулийн этгээдүүд бүртгүүлсний дараа жил бүрийн 3 сарын 15-ны дотор татварын бус дэмжлэг авах хүсэлтээ цахимаар ирүүлэх боломжтой нөхцөл бүрдсэн. Энэ нь журмын хэрэгжилт эхэлсэн гэсэн утгаар эерэг мэдээлэл боловч санхүүжилтийн бодит эх үүсвэрийн тухайд нөхцөл байдал өөр байна.
2026 оны улсын төсөвт виртуал бүсийн татварын бус дэмжлэгт зориулсан тусгайлсан санхүүжилт тусгагдаагүй байгаа бөгөөд 2027 оны төсөвт шаардлагатай санхүүжилтийн саналыг тусгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэх мэдээлэлтэй байна. Иймд татварын бус дэмжлэгийн бодит санхүүжилт хамгийн эртдээ 2027 оноос хэрэгжих нь ээ.
Өндөр технологийн салбар нь зах зээлийн хурд, хөрөнгө оруулалтын мөчлөг, бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн цаг хугацаанд мэдрэмтгий байдаг. Ийм салбарт дэмжлэгийн механизм хууль зүйн хувьд бүрдсэн ч бодит санхүүжилт нэгээс хоёр жилийн дараа хэрэгжихээр төлөвлөгдөх нь бизнесийн шийдвэр гаргалтад тодорхойгүй байдал үүсгэж байна.
Мэдээж хэрэг, аливаа дэмжлэг төсвийн боломжтой уялдах нь зүй ёсны шаардлага. Гэвч инновацын бодлогын амжилтыг зөвхөн журам батлагдсанаар бус, бодитоор хэдэн компани дэмжлэг авсан, хэдэн бүтээгдэхүүн экспортод гарсан, ямар хэмжээний нэмүү өртөг бий болсон үзүүлэлтээр хэмжих ёстой учир “пост, мэдээ”-нээс өмнө хууль, журмын бодит хэрэгжилтдээ анхаармаар байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.