Яг нэг жилийн өмнө төгрөгийн хадгаламж нэмэгдэж, валютын хадгаламж буурч байлаа. Тодруулбал, 2024 оны 2-р сарын байдлаар төгрөгийн хадгаламж жилийн өмнөхөөсөө 35.8% нэмэгдэж байсан бол валютынх 15.6% буурч байв. Гэтэл ганцхан жилийн дотор энэ байдал орвонгоороо эргэв. Шалтгаан нь мэдээж төгрөгийн сулрал!
🔻 Хэдэн зуугаар сулрав
Төгрөг ганц $-ын эсрэг л гэхэд сүүлийн 1 жилийн хугацаанд 5.8% буюу ₮200-өөр, €-гийн эсрэг 14.5% буюу ₮525-өөр суларсан. Нүүрснийх нь үнэ ч сэргэх сураггүй, экспортын орлого нь муудаад, инфляц нь өсөөд ₮ нь ингэж үнэгүйдээд байгаа учир валютын хадгаламжийн хэмжээ нэмэгдэж 2023 оны оргил түвшнийг давж нийт ₮5.3 их наядад хүрээд байна.
📉 Хөдөлбөл хөдөлнө: Угаас валютын хадгаламжийн хэмжээний савлагаа ₮-ийн $-той харьцах харьцааны харьцаатай ан цав таардаг. 2022 онд ₮ суларч эхэлснээс хойш валютын хадгаламж өсөж 2023 онд ₮5.2 их наядад хүрч байсан бол 2024 онд ханш тогтворжих үед ₮4.4 их наяд болтлоо буурсан. Одоо харин жилийн дотор 20.9% өсчхөөд байгаа нь энэ.
🔝 Өссөн тоо: Нөгөө талд бодлогын хүүгээс үүдэн хадгаламжийн дундаж хүү 13% буюу харьцангуй өндөр хэвээр байгаа тул ₮-ийн хадгаламж ч нэмэгдсээр байгаа. Сонирхолтой нь ААНБ-уудын хадгаламжийн хэмжээ 2021 оноос хойш нэлээдгүй буюу 86.7% өсөж ₮2.8 их наяд болжээ.
📌
Чимх баримт: Сонирхуулахад, 1992 оноос хойш хадгаламжтай иргэдийн статистикийг тогтмол, нээлттэй гаргахаа больсон байдаг. Харин Монголбанкны 2022 оны судалгааны үр дүнд нийт иргэдийн 51.3% нь хадгаламжтай буюу 2 хүн тутмын 1 нь хадгаламжтай гэж гарсан
байдаг. Гэхдээ ердөө 13.9% нь хадгаламжаараа гэнэтийн зардлыг дааж чадахаар байгаа юм.
Юутай ч нөхцөл байдал нэг иймэрхүү байна. Валютын эрэлт ингэж өссөөр байвал валютын ханш нэмэгдэж, төгрөг улам сулрах эрсдэлтэй. Төгрөг нь хүчгүй, төр нь замбараагүй үе хэзээ дуусна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.