ЗГ улсын төсвийн зардлыг ₮1.8 их наядаар нэмэхээр боллоо. Энэ нь ойролцоогоор 627 цэцэрлэг барих хэмжээний их мөнгө гэсэн үг.
Яагаад?
Энэ жил ₮20.5 их наядын зардалтай түүхэн том төсөв баталсан. Одоо үүнийгээ улам томсгох нь. Учир нь I улиралд экспорт сэргэснээс үүдэн ЭЗ 7.9% өсөж, 1 хүнд ногдох ДНБ анх удаа $5,000-т хүрсэн билээ. Улмаар улсын төсвийн орлого ч мөн 30 жилийн дараа түүхэд анх удаа давж биелэв. Тиймээс л төсвийн зардлыг 8.8% нэмэгдүүлж байгаа хэрэг.
Юунд зарцуулах вэ?
₮1.8 их наядыг хаашаа шингээх вэ гэвэл,
- 21.9%: Нийт нэмэгдсэн зардлын 21.9%-ийг тэтгэврийн зөрүүг арилгах, нийтээр нь 10% нэмэхэд зарцуулах аж. Түүнчлэн, зорилтод халамжийг нэмэгдүүлэхэд ₮90 тэрбумыг тусгав.
- 54.8%:Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэгдүүлж, цалингийн доод хэмжээг ₮1 сая болгоход ₮986.6 тэрбумыг зарцуулна.
- 9.3%: Төсөв мөнгө хэцүүдлээ гээд хэсэг хүүхдүүдийн хүүхдийн мөнгийг хассан нь саяхан. Харин одоо хүсэлт гаргасан бүх хүүхдэд мөнгө олгоод зогсохгүй өнгөрсөн 6 сарын мөнгийг нь нөхөж олгох гэнэ. Үүнд ₮167.7 тэрбумыг зарцуулах нь ээ.
- 10.4%: Цаашлаад, Улаанбаатарын түгжрэлийн санхүүжилтийг ₮187 тэрбумаар нэмнэ.
Байз даа
Анх удаа төсвийн орлого давж биелсэн гээд бүх тэтгэвэр, тэтгэмжийг нэмж болдог юм байж. Гэхдээ цаашид яах билээ?
- Эрсдэл: Төсвийн тодотголоор зардал нэмэгдсэн тул алдагдалгүй ажиллахын тулд орлого нэмэгдэх ёстой. Тиймээс энэ жил 36 сая тн нүүрс экспортолно гэж тооцсоныг 50 сая тн болгож нэмэгдүүлэхээр тусгаж байгаа. Гэтэл нөгөө талд нүүрсний эрэлт буурч үнэ нь он гарсаар 60% унаад буй. Тэгэхээр төсвийн орлого төлөвлөгөөнд хүрэхгүй, алдагдал хүлээх эрсдэлтэй байна.
- Сөрөг үр дагавар: Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагийн үзэж байгаагаар, ЗГ инфляцыг 1 оронтой тоо руу оруулах зорилготой ч цалин тэтгэврийг нэмж байгаа нь гал дээр тос болно. Тиймээс инфляц өндөр байх үед цалин, тэтгэврийн өсөлтийг тэвчих ёстой.
Эцэст нь… Сонгуулийн өмнө тэтгэмж олгодог, цалин нэмдэг жишиг тогтчихлоо шүү. Туркийн ерөнхийлөгч яг энэ жишгээр олон удаа сонгуульд ялалт байгуулсан. Үүнээс үүдэн одоо лирагийн ханш түүхэн доод түвшинд хүрч, ЭЗ нь хэцүү байдалд байгаа. Уг нь энэ мэт суралцах муу жишээ олон доо.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.