Lemonade цувралын ээлжит дугаарт YouTube-н Red Burger сувгийн хөтлөгч George оролцлоо.
Мөрөөдөл биелсэн түүх
Гадаадын YouTuber-үүдийг үзэж англи хэл сурсан түүний анхны мөрөөдөл нь Diamond play button авах байжээ. Тэр одоо хийж буй контентоосоо өмнө хоол идэж, илбэ зааж буй бичлэг хийдэг байв. Харин Red Burger YouTube сувгийг өмнө нь сургуулийн радиод мэдээ уншдаг байсан туршлага, өвөрмөц хоолой, зохиол бичих сонирхол, киноны хоббигоо ашиглан 2020 оны 1 сараас хөгжүүлж эхэлсэн гэдэг.
Хүмүүсийн түүнээс хамгийн их асуудаг асуулт нь, YouTube-ээс хэдийг олдог вэ? Хамгийн сүүлд орсон орлого нь $148 ба 1 жил гаруйн хугацаанд нийт $1,499-ыг олжээ. (Эдгээр нь 2021 оны 7 сард хийсэн бичлэгийн үеэрх дүн юм) Сонирхуулахад, тэрбээр мөнгө олох гэж бичлэг бүтээдэггүй учраас бичлэгүүдээ хийх гэж яардаггүй байна. Харин ивээн тэтгэгчдээсээ тодорхой хэмжээний орлого олдог тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Түүний YouTube-ын хамгийн анхны орлого нь $1 байсан бөгөөд дараа нь $100 болж, цаашлаад мөнгөө дансандаа аваад итгэж чадаагүй тухай түүхээ бидэнд ярьсан юм.
Санхүүгээ хэрхэн удирддаг вэ
Тэр хувийн санхүүгийн тухайд мөнгөө гамнахыг хичээдэг бөгөөд илүү зардал гаргахгүй байхыг чухалчилж, хэрэгтэй зүйлдээ л зарцуулдаг байна. Анх сургуулийн хоолны мөнгөө өөрөө олдог болъё гэж зорьж эхлүүлсэн ч одоо зорьсноосоо илүү орлого олдог болсон тэрбээр YouTube-д контент нийтэлж эхэлснээсээ хойш аав, ээжээсээ мөнгө аваагүй гэнэ. Мөн орлогоороо дараагийн контентдоо хөрөнгө оруулахаас гадна өөрийн оюун санаа, боловсролд ч хөрөнгө оруулалт хийхээ орхигдуулаагүй тухай өгүүллээ.
Ажиллах арга барил
Red Burger сонирхолтой, аймшгийн кинонуудын талаарх видеоныхоо зохиолыг IPad дээрээ бичиж, бичлэгээ Kindmaster Diamond программ ашиглан гар утсаараа эвлүүлдэг гэнэ. Нэг бичлэгийнхээ ердөө зохиолыг бичихэд л олон өдрийг зарцуулах нь элбэг бөгөөд хоолойгоо бичин эвлүүлсэн бичлэгтэйгээ нэгтгэн контентоо эцсийн байдлаар бүтээхэд нэлээд хугацаа, мөн хөдөлмөр шаарддаг аж.
Тэрбээр цаашдаа зөвхөн YouTube гэхээс илүүтэй өөрийн чадвараа сайжруулан дуртай зүйлээрээ илүү үнэ цэнтэй зүйлсийг бүтээсэн контент бүтээгч болох зорилготой байгаа гэнэ шүү.
🔗 Хэрэв та Lemonade цувралын энэхүү дугаарын бичлэгийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл энд дараарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.