МХБ (MSE)-д бүртгэлтэй ХК-иуд энэ сарын турш 2024 оны эхний хагас жилийн тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулж буй. Тэгвэл өнөөдөр Газар Шим Үйлдвэр ХК (GAZR)-ийн үр дүнтэй танилцъя.
📊 Санхүү = Ногоон
Газар Шим Үйлдвэрийн эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлт тун дажгүй. Тэдний цэвэр борлуулалтын орлого жилийн өмнөхөөсөө 20.8% нэмэгдэж ₮20.9 тэрбумд хүрсэн юм. Улмаар цэвэр ашиг нь 35.1% өсөж ₮5 тэрбумын босгыг давжээ.
💭 Юу хийв?
Тус компани энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дээрээ зах зээлд шинээр бүтээгдэхүүн нэвтрүүлэх, хүчин чадлаа нэмэх төлөвлөгөөгөө хуваалцаж байсан. Тэгвэл энэ оны эхний хагаст тэдний бизнесийн чадамжаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа тэлэх ажлын гүйцэтгэл 75%-д хүрчээ. Улмаар нөөшилсөн ногооны үйлдвэрлэл нь 25.3%, Артишок ундаа үйлдвэрлэл нь 41% тус тус өссөн аж. Өөрөөр хэлбэл тэдний борлуулалтын тоо ширхэг 723,760-д хүрч жилийн өмнөхөөсөө 19.4% өсжээ.
Эцэст нь… Компани цаашид ч рэбрэндинг хийх замаар цар хүрээгээ тэлэхээр төлөвлөж буй. Нэмээд нийт ашгийн 30%-иас доошгүй хэсгийг ногдол ашиг болгож тараах бодлого баримталж байгаа тул Газар Шим Үйлдвэр тэлэх тусам хөрөнгө оруулагчдынх нь хүртэх өгөөж нэмэгдэх нь дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.