BOOM! Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл 5 жилийн өмнөхөөс 2.5 дахин нугарлаа. Тайлангийн гүн рүү шумбая.
📈 Сүүлийн 2 жилийн нөлөө
2023 оны 3-р сард Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноос хойш улирал бүр л шинэ рекорд тогтож буй. Тэд энэ оны зөвхөн III улиралд л гэхэд 89.3 мянган тн буюу жилийн өмнөхөөсөө 78.5%-иар илүү зэс үйлдвэрлэсэн байна.
💥 9 сарын гүйцэтгэл 1 жилийнхээс давав: Улмаар тэдний энэ оны эхний 9 сард үйлдвэрлэсэн нийт зэсийн хэмжээ 241 мянган тн-д хүрсэн нь 2024 оны нийт дүнгээс давсан дүн болоод байна. Тэгэхээр оны сүүлд илүү том тоо гарах биз ээ.
📌 Алт цойлов: Мөн Оюу толгойн III улиралд үйлдвэрлэсэн алтны хэмжээ жилийн өмнөхөөсөө 2.7 дахин нэмэгдэж 138.2 мянган унцад хүрчээ.
🔍 Нөлөө нь юу байх вэ? Оюу толгойн зэс болон алтны үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь эдийн засагт маш том нөлөөтэй. Учир нь нүүрсний үнэ буурч экспортын орлого багасаж, гадаад худалдааны ашиг буурч байгаа. Үүний эсрэг зэс, алт зэрэг өндөр үнэтэй түүхий эдийн экспортын өсөлт энэ бууралтыг нөхөж, эдийн засгийн орлогыг тогтвортой байлгах гол эх үүсвэр болж байгаа юм.
🫸 ₮40 тэрбумын гэнэтийн зогсолтоос сэргийлэв
Цаашлаад Оюу толгойн III улирлын онцлох үйл явдал руу өнгийе. Тэдний хувьд 2023 оноос хиймэл оюунд суурилсан, тоног төхөөрөмжийн төлөвийг хянаж, эвдрэлээс урьдчилсан сэргийлэх Smart Plant системийг хөгжүүлж эхэлсэн. Уг системийн хөгжүүлэлтийг сүүлийн 2 жилд эрчимжүүлсний үр дүнд энэ оноос үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлснээр $12 сая буюу ₮40 тэрбумаар хэмжигдэх зогсолтоос сэргийлсэн байна. Түүнчлэн,
💰 Өдөр бүр ₮24 тэрбум: Оюу толгойн Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд тайлант улиралд ₮2.2 их наяд, 2010 оноос хойш ₮53.3 их наядад хүрчээ. Өөрөөр хэлбэл, тэд өдөр бүр дунджаар ₮24 тэрбумыг дотооддоо зарцуулж байна гэсэн үг юм.
🇲🇳 Монголоос: Үүнээс гадна III улиралд нийт худалдан авалтынхаа 90%-ийг дотоодын 553 ханган нийлүүлэгчээс хийсэн аж.
0️⃣ Тэглэнэ: 2050 он гэхэд хүлэмжийн хийн цэвэр ялгарлыг тэглэх зорилгынхоо хүрээнд 91 тн-ы даацтай 8 өөрөө буулгагч машин, 800 кВт.цаг хүчин чадал бүхий 13 батарей, автоматажсан батарей солих, цэнэглэх станц энэ төслийн хүрээнд ашиглаж буй.
Эцэст нь… Эдийн засгийн үзүүлэлт, цаг үеийн нөхцөл байдал, улс төр хэцүү байгаа энэ үед амжилттай, урагштай яваа төслийн тайланг тоймлож сэтгэлээ дэвтээлээ. Гэснээс Оюу толгой оргил үедээ өдөрт 17,000 орчим цахилгаан автомашин үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Тэр цагийг л хүлээж сууя даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.