• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер "Тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2025" хэлэлцүүлэгт илтгэл тавьжээ

lemonpress
Lemon Press
6 сарын 6, 2025
6 сарын 6, 2025

Уур амьсгалын өөрчлөлт бол алс ирээдүйн биш аль хэдийн бодит болсон асуудал юм. Бид хэрхэн өнөөдөр хариу үзүүлэхээс шалтгаалж түүхэнд бид хямралыг боломж болгон өөрчилсөн үе гэж дурсагдах уу, эсвэл боломжоо харж зогссоор алдсан үе гэж бичигдэн үлдэх үү гэдэг шийдэгдэнэ.

Эрхэм хүндэт зочид, эрхэмсэг ноёд, хатагтай та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 

Энэ жилийн “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ” арга хэмжээнд оролцож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ индэр бүс нутгийн хөгжлийн луужин болж, зоримог санаачилгууд нь бодит өөрчлөлтөд хөтөлдөг болоод удаж байна.

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, тогтвортой хөгжил, уул уурхайн салбарт мэргэшсэн хүний хувьд зөвхөн үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелүүлэхээс гадна хүрээлэн буй орчин, үйл ажиллагаа явуулж буй орон нутагтаа эерэг нөлөөлөл үзүүлэхийг чухалчилдаг.

Бага байхдаа би уул уурхайн салбарт ажиллах талаар огт бодож байгаагүй юм. Ингээд хэлэхээр та бүхний зарим нь гайхаж магадгүй. Би дэлхийг өөрчлөхийг хүсдэг байсан. Магадгүй бодлого боловсруулж эсвэл боловсролоор дамжуулан тэр зорилгодоо хүрнэ гэж боддог байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам уул уурхай нь дэд бүтэц, ажлын байр, технологи, байгаль орчин гээд хүн бүрийн өдөр тутмын амьдралд эерэг нөлөө авчирч чадах цөөн салбарын нэг гэдгийг ойлгосон.

Өнөөдөр би та бүхэнтэй дараах гурван гол санааг хуваалцахаар ирлээ.

1.     Уур амьсгалын өөрчлөлт тулгамдсан, өргөн хүрээний асуудал болоод байгаа тухай,

2.     Оюу толгой энэ өөрчлөлтийг даван туулах чадвараа хэрхэн сайжруулж байгаа талаар,

3.     Дасан зохицохоос гадна бодит өөрчлөлт хийж байж л энэ сорилтыг хамтдаа даван туулах боломжтой тухай.

Илтгэлийнхээ эхэнд та бүхэнд нэгэн зураг үзүүлье. Энэ зураг танд магадгүй Монголын өвлийг  санагдуулж байгаа байх. 

Үнэн хэрэгтээ энэ зургийг миний төрсөн нутаг Өмнөд Африкт 11-р сард дарсан юм. Өмнөд Африкийн 85 жилийн түүхэнд анх удаа 11-р сард орсон их хэмжээний цас. Угтаа бол дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст орших энэ газар зун эхэлж байдаг цаг л даа 11-р сар гэдэг. Тухайн үед би Монголд байж таарч, найзууд, гэр бүлийнхэн маань, “Манай зуныг булаачихав уу?” гэж над руу бичицгээж байсныг санаж байна.  

Хэдийгээр энэ нь цаг агаарын нэг л үзэгдэл ч эрдэмтэд хэдэн арван жилийн турш сануулсаар ирсэн уур амьсгалын өөрчлөлтийн нэгэн жишээ юм. Огцом, урьдчилан таамаглахын аргагүй цаг агаарын үзэгдлүүд зөвхөн онол биш бодит амьдрал дээр олноор тохиох боллоо. 

Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхий даяар тохиолдсон байгалийн гамшгийн тоо тав дахин нэмэгджээ.

Хаврын сүүл сард цас орох, бороо орох давтамж өөрчлөгдөх, зуд улам хүндрэх зэргээр Монголд ч уур амьсгалын өөрчлөлт мэдрэгдэж байна.

Нэг удаа Өмнөговьд ажиллаж байхад нэлээн ширүүн аадар орсон юм. Тэр үед хэдэн тэмээ нарны зайн хураагуурын дэргэд хоргодож байгааг харсан. Содон харагдсан хэдий ч нэг л сонин мэдрэмж төрсөн.

Тэр мөчид нэг зүйлийг маш сайн ойлгосон. Бидний гаргаж буй шийдвэр, сонголт хамгийн алслагдсан бүсэд ч нөлөөлж байдгийг.

Бид бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг мэдэрч буй анхны үеийнхэн бөгөөд энэ асуудлын эсрэг дорвитой алхам хийх боломжтой сүүлийн үе юм.

Энэ үгийг 2014 онд Америкийн Ерөнхийлөгч Обама хэлж байжээ. Энэ үг 11 жилийн дараа, өнөөдөр, хүн төрөлхтөнд урьд урьдынхаас ч илүү хамаатай болжээ.  

Уур амьсгалын өөрчлөлт гээд ярихаар миний охин санаанд ордог юм. Охин маань багаасаа л намайг уурхайн тухай, уулзалт яриа, стратеги гэж ярихыг сонсож өссөн. Гэхдээ охиноо хамгийн сайн ойлгож аваасай гэж хүсдэг зүйл нь яагаад намайг энэ хийдэг вэ? Би нарийн техникийн мэдлэг шаардсан, ярвигтай ажил хийдэг ч эцсийн зорилго маань ирээдүй хойч үедээ  үнэ цэн үлдээх юм.

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар 2030 он гэхэд 48 цаг тутамд 3 томоохон гамшиг тохиолдох магадлалтайг анхааруулаад байна. Энэ тоо энгийн нэг статистик биш, харин бидний үр хүүхдүүд, ач зээ нарын өдөр тутмын амьдралд нөлөөлөх, сэтгэл сэрдхийлгэм сануулга юм.

Өнөөгийн таамаглалаар, 2020 онд төрсөн хүүхдүүдийн тал орчим нь дэлхийн дундаж хэм 1.5°C-аар нэмэгдсэн нөхцөлд амьдарч, урьд өмнө тохиож байгаагүй халуун өдрүүдийг туулж магадгүй байна. Харин 1960 оноос өмнө төрсөн хүмүүсийн ердөө 16%-д л энэ эрсдэл тулгарна гэхээр асар их ялгаа байгаа биз? Хэт халалтаас гадна усны хомсдол, хүнсний аюулгүй байдлын асуудал, хүн амын шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн тэгш бус байдал зэрэг олон сорилтууд тулгарна.

Тиймээс зөвхөн байгаль орчны мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчдаас гадна хүн төрөлхтөн бүгд хариуцлагатай байх нь чухал болоод байна.

Эдгээр тоо баримт нь бидэнд нэг зүйлийг маш тодорхой харуулж байна. Бид хатуу үнэн, бодит байдал, тулгарч буй том сорилтуудтай цаг алдалгүй нүүр тулж, арга хэмжээ авах цаг болсныг ойлгох ёстой.  

Хол явъя гэвэл хамтдаа яв 

Даван туулах чадавхыг бэхжүүлэх нь хамтын хариуцлага байдаг. Уул уурхайн салбар үүнд маш чухал үүрэгтэй.

Шударгаар хэлэхэд, уурхайн үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиг баримжаатайгаар удирдана гэдэг тийм ч хялбар биш. Бид өдөр бүр олон шийдвэрийн дунд тэнцвэртэй шийдвэр гаргах шаардлагатай болдог.

Уул уурхайн салбарын хувьд дасан зохицох, цаашлаад цаг үеэ даган хөгжих нь маш чухал. Тиймээс энэ талаар бага зэрэг дэлгэрүүлж ярилцъя. Тогтвортой үйл ажиллагаатай уурхайг бүтээн байгуулахад хэдэн арван жил шаардагддаг. Энэ хугацаанд технологийн шинэчлэл, хууль эрх зүйн орчин, олон нийтийн хүлээлт, уур амьсгалын хүчин зүйлс гэх мэт олон өөрчлөлт бидний ур чадвар, систем, үйл ажиллагааны тогтвортой байдлыг сорьж байдаг. 

Газрын гадаргаас 1,300 метрийн гүнд Оюу толгойн гүний уурхайд анх ороод тэнд ажиллаж байгаа инженерүүд, геологичид, ажилтнуудаа хараад уурхай бол хамт олон юм байна гэдэг бодол орж ирж байсан юм. Тэдний аюулгүй байдал, ирээдүй бол бидний үүрэг хариуцлага.

Тиймдээ ч даван туулах чадамжаа сайжруулах манай бодлого хүний хөгжил, байгаль орчин болон дэд бүтцэд төвлөрдөг. Хэдэн жишээ дурдъя.

Оюу толгойн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг идэвхтэй дэмжигч, хувь нэмрээ оруулагч билээ. Бид энэхүү хөтөлбөрийн хүрээнд 100 сая модтой тэнцэх хувь нэмэр оруулах амлалт өгч, зөвхөн мод тарихаас гадна олон төрлийн санаачилга хэрэгжүүлж, үр дүнг нь хараад явж байна. Жишээлбэл, бид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран модны үрийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор мод үржүүлгийн газрууд байгуулах, мэргэжлийн боловсон хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Оюу толгойн хамт олон гар аргаар олборлолт хийснээс үүдэн эвдрэлд орсон 600 га талбайд газрын нөхөн сэргээлт хийсэн. Мөн энэ онд дахин 400 га талбайг нөхөн сэргээхээр төлөвлөж байна. Цаашид, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон бүх талбайд “Оюу толгой” компани ирэх хоёр жилийн хугацаанд нөхөн сэргээлт хийхээр болсныг дуулгахад таатай байна. Сэлэнгэ аймагт хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, орхигдсон талбай үлдэхгүй гэсэн үг.

Эдгээр ажлууд нь бид энэ нутагт урт удаан хугацаанд, хариуцлагатайгаар оршин тогтнох чин хүсэлтэй гэдгээ харуулж буйн бодит илэрхийлэл юм.

Технологийн дэвшлийн ачаар Оюу толгой нь дэлхийн жишигт нийцсэн шилдэг технологи, арвин туршлага хуримтлуулсан уурхай болоод байна. Цаашлаад Монгол Улс блокчлон олборлох технологиор дэлхийд тэргүүлэгчдийн нэг болж байна.

Манай гүний уурхай Өмнийн говьд гадаргаас 1,300 метрийн гүнд байрладаг. Гүний уурхай руу зорчих аялал ердөө 2 минут үргэлжилдэг нь технологийн гайхамшигт шийдэл юм. Гүний уурхайд Улаанбаатараас Дархан хүртэлх замтай тэнцэхүйц буюу нийт 200 гаруй км урт үргэлжлэх туннелийн өнцөг булан бүрд манай олон мянган чадварлаг мэргэжилтнүүд уйгагүй хөдөлмөрлөж байна.

Гүний уурхайн булан тохой бүрд мэдрэгч, камер суурилуулсан бөгөөд энэ нь бидэнд  уурхайг яг адилхан дижитал хувилбараар, газрын доорх орчныг алсаас хянах боломжийг олгож байна. Үүнийгээ бид “digital twin” буюу “уурхайн цахим ихэр” гэж нэрлэдэг. Энэхүү технологийн тусламжтайгаар чулуу бүрийн хөдөлгөөнийг цаг алдалгүй хянах боломжтой бөгөөд энэхүү шууд өгөгдөл нь аюулгүй, тогтвортой үйлдвэрлэлийг шат дараатайгаар нэмэгдүүлэх боломжийг бий болгох чухал түлхүүр юм.

Мөн саяхан ашиглалтад орсон Хөрөнгийн хяналт ажиглалтын төвийнхөө талаар товч дурдъя. Өгөгдөл, параметрүүдийг автоматаар, тасралтгүй цуглуулж хиймэл оюун ухаан болон  машин сургалт зэрэг дэвшилтэт технологиудыг ашиглан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, сул зогсолтыг бууруулан, үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг сайжруулах боломж бүрдсэн. Зүйрлэвэл, Оюу толгойн зүрхний цохилтыг тогтмол хянан, шаардлагатай үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Дасан зохицдог байдлаас бодитой өөрчлөлт рүү шилжих нь

Дасан зохицох нь тэсэж үлдэх арга бол өөрчлөлт хийх нь бидний ирээдүйдээ үлдээх үнэ цэн юм.

Өөрчлөлт та бидний төсөөлж байгаагаас ч хурдан явагдаж байгаа гэдгийг онцолмоор байна.

Та бидний халаасанд байдаг iPhone 12 гар утас хүн төрөлхтийг саран дээр буулгасан сансрын хөлгийг удирдсан компьютероос ч хурдан ажилладаг. Нарны зай хураагуурыг малчин өрхүүд өдөр тутамдаа ашигладаг болсон бол цахилгаан машин уран зөгнөл байхаа болиод аль хэдийн хэрэглээнд нэвтэрчээ.

Манай уурхайн гол бүтээгдэхүүн болох зэс нь эрчим хүчний шилжилтийн гол хөдөлгөгч хүч болж салхин сэнс, цахилгаан машин, эрчим хүчний сүлжээ, айл өрхийг эрчим хүчээр хангахад голлох үүрэг гүйцэтгэж байна.

Оюу толгой дэлхий даяар өрнөж буй эрчим хүчний шилжилтэд хариуцлагатай, зорилготойгоор хувь нэмрээ оруулж байгааг бардам хэлмээр байна. Бид уурхайдаа  14 батарейт  цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилт тавьсан.

Төгсгөлд нь хэлэхэд, бид цаг ууртай тохиролцож чадахгүй. Харин өөр хоорондоо, хамтран зүтгэгч нартайгаа зөвшилцөж, хамтдаа бүтээх ирээдүйгээ өөрчилж чадна. Бид зөвхөн бизнес эрхлэгч, бодлого тодорхойлогч биш, харин хожмын нэгэн өдөр "хамгийн чухал мөчид та юу хийсэн бэ?" гэж асуух үр хойчийнхоо өмнө хариуцлага хүлээх өвөг дээдэс юм.

Эх сурвалж: “Оюу толгой” ХХК

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.